Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 


Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Хохирогч Л.Д,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б-д холбогдох эрүүгийн 2416001950298 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: Б овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл **, аав, эхнэр хүүхдүүдийн хамт ********* аймгийн ********* сумын ********** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж эдлүүлж байсан, ** *********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******** аймгийн ******** сумын ******** багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 8 хонь, 2 ямааг, И.Б-ийн 3 хонь, Б.Д-ын 1 хонь, нийт 14 бог буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Л.Д-д 2,750,000 төгрөг, И.Б-д 750,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Шүүгдэгч Б овгийн Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 2,750,000 (Хоёр сая долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багт оршин суух РД: ** ******* Х овогт Л.Д-д, 750,000 (долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багийн ** - ** тоотод оршин суух РД: ** *********, Т овогт И.Б-д тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Б-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь өөрийн малтай нийлсэн бусдын малыг завшсан болох үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх  яллах талын байр сууриас хандаж, эрх зүйн байдлыг дордуулж хүндрүүлэн зүйлчилсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Б-ийг гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хуульд зааснаар үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн гэв.
                                                  
                                                                                                    ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Үйл баримтын тухайд: Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 8 хонь, 2 ямааг, И.Б-ийн 3 хонь, Б.Д-ын 1 хонь, нийт 14 бог буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Л.Д-д 2,750,000 төгрөг, И.Б-д 750,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.

3. Хэргийн үйл баримтын нотлогдсон байдал:
3.1 Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Ж.Д нар нь дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар маргасангүй.
3.2. Уг байдал нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9-р хуудас), 
3.3. Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “2024 оны 07 дугаар сарын 11-ний орой ямаагаа саагаад ишгээ нийлүүлэх үед манай малд өөр имтэй хоёр ишиг байсан юм.         
Манай нөхөр, хүү хоёр 10 цагийн үед буцаж ирээд хогийн толгойн доогуур хойд талд байх Б гэх айлын малтай манай мал нийлсэн байна. Малаа ялгаад авах гэсэн чинь: Малаа хээрээр ялгаж ав. Манайх урагшаа малаа туугаад гаръя. Танайх урдаас малаа туугаад гараад ир гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Ц нь мал нийлсэн айлын хүн их сэжиг бүхий байна. Гайгүй байгаа даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яав л гэж дээ гэж хэлсэн. Нөгөө айлын малыг хүүхэд нь туучихсан гараад ирсэн. Би сүлжээн дээр гарч охинтойгоо утсаар ярья гэж бодоод хойд талынхаа овоотой толгой дээр гарсан. Тэр овоотой толгой дээр машинтайгаа гараад ирсэн чинь доод талын судагт малын толгой хөдлөх шиг болсон. Хүү Н-ыг айлын мал руу очоод малаа ялгаж бай. Аав, ээж хоёр нь доошоо очиж үзчихээд араас чинь яваад очьё гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа яваад очсон чинь хамгийн түрүүнд манай харлаг хонийг хүлчихсэн байсан, түүний хажуу талд улаан толгойтой хонийг хүлчихсэн байсан. Тэр газрынхаа хойд талын дэнж дээр гараад ирэхэд арын судагт нь дахиад шар халзан хонийг бас хүлчихсэн байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Харлаг хонь нь манай өөрийн хонь бөгөөд хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай, зөв талын чихэн дээрээ шоргоолжин имтэй эр хонь байгаа юм. Харин улаан толгойтой хонь нь айлын тавиул мал бөгөөд хоёр чих нь чихний үзүүр хэсгээсээ цуулбар имтэй, зүүн чихэндээ цэнхэр даавуу сүвлэсэн улаан толгойтой, сэрвээ болон хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай эр хонь байсан. Шар халзан, зөв талын чих нь цуулбар имтэй, сүүлийн уг хэсэгт улаан будагтай хонь байсан. Дээрх гурван хонийг хээр бариад хүлчихсэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас),

3.4. Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд манай мал байдаг айлын хүн болох Д нь утсаар яриад: Жалганд 3 мал хүлчихсэн байна. Нэг мал нь танай мал байна. Танайх ирж малаа бүртгэмээр байна гэж хэлсэн. Би хүүхдүүдийнхээ хамт мал байдаг айл дээрээ очиж малаа бүртгэсэн юм. Тэгээд малаа бүртгээд үзэхэд манай ямаа бүрэн байсан. Харин нийт 63 хонь байхаас 2 хонь дутсан юм. Мухар харлаг эр нийлсэн бүдүүн хонь, эвэртэй цанхир эр соёолон хонь нийт хоёр хонь дутсан. 2024 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манайх хонио ноосолж, хониндоо тэмдэг тавьсан юм. Манайх хониндоо сүүлний гол хэсэгт улаан будгаар тэмдэг тавьсан, мөн зөв талын чихэндээ ганзага имтэй. Харин ямааныхаа эврэнд дээд талыг нь улаан будгаар, доод талыг нь ногоон будгаар будаж тэмдэг тавьсан. Ямааны зөв талын чихэнд ганзага им болон хойноосоо сам им байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-р хуудас),

3.5. Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “2024 оны 07 дугаар сарын 11-ний орой аймгийн баяр наадмаас гэртээ ирээд ямаагаа саахад манай малд айлын танихгүй хоёр ишиг ирсэн байсан. Манай мал айлын хоньтой нийлсэн юм байлгүй гэж бодоод хоносон. Маргааш өглөө нь эрт босоод хойд талын Б гэх айлын малд очиход манай мал байхгүй байсан, тэр айлаасаа шууд хогийн толгойн хойд талд байх айлд очсон. Тэгэхэд тэр айлын малд манай өөрийн мал нийлчихсэн байсан. Би малаа ялгаж авна гэж хэлэхэд Б гэх хүн хээрээр малаа ялгаад авчихъя. Танайх малаа туугаад ир гэж хэлсэн. Би гэртээ очоод эхнэр хүүхдүүдээ аваад буцаад явсан. Би нэг хүүхдээ мал дээрээ буулгаад, ******** ар дээр малаа туугаад оч гэж хэлсэн. Тэгээд ******** ар талд дээр яваад очиход Б гэх хүн нь өөрөө байхгүй. Хүүхдээрээ малаа туулгаад ирчихсэн байсан. Бид гурав утсаар ярих гээд арын өндөр дээр гарахад зүүн талын хонхорт хоёр хонь байсан. Хамт явсан хүүхдээ хонио ялгаж бай гэж хэлчихээд нөгөө хонь дээр яваад очиход манай 3 хонийг хүлчихсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Харлаг хонь нь манай өөрийн хонь бөгөөд хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай, зөв талын чихэндээ шоргоолжин имтэй эр хонь. Харин улаан толгойтой хонь нь айлын тавиул мал бөгөөд хоёр чих нь чихний үзүүр хэсгээсээ цуулбар имтэй, зүүн чихэндээ цэнхэр даавуу сүвлэсэн улаан толгойтой, сэрвээ болон хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай эр хонь байсан. Нөгөө хонь шар халзан, зөв талын чих нь цуулбар имтэй, сүүлийн уг хэсэгт улаан будагтай хонь байсан. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өглөө би малаа усалж, наадмын талбайгаар урагшаа малаа гаргаад гэрийнхээ хойд өөд өгсүүлсэн юм. Би тэр өдөр Б гэх хүнтэй таараад манай мал үзэгдэнэ үү гэхэд танай мал гэрийнхээ дээд ********* тэнд байна лээ гэж хэлсэн. Мөн хэд хоногийн өмнө намайг малд явж байхад явган бугуйл цээжиндээ хийчихсэн манай малыг үзсэн үү гээд ирсэн. Би тухайн үед мотоциклтой явж байсан учраас малыг нь хайхаар хамт явсан. Тэгэхэд мал нь гэрийнх нь урд байж байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),

3.6. Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай мал нь Ц-д 2023 оны 09 сараас хойш одоог хүртэл байгаа юм. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09-10 цагийн хооронд Ц нь манай эхнэр рүү залгаад хонь нийлсэн байна, малаа ирж бүртгээрэй гэж хэлсэн. Очоод малаа бүртгэсэн чинь Ц, хээр 3 хонь хүлчихсэн байна. Тэр гурван хонины нэг нь танай хонь гэж хэлсэн. Би тэгээд малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан. Харин Ц-ийн 7 хонь, 2 ямаа, Б ахын 2 хонь дутаж байна гэж хэлсэн. Манай мал хоёр чих нь цуулбар имтэй, зөв талын чихэндээ цэнхэр даавуутай байдаг ба хонь нь хондлой дээгүүрээ болон сэрвээн дээгүүрээ хөндлөн улаан будагтай, ямаа нь хоёр эврийн дотор талдаа улаан будагтай байдаг юм. Ц-ийн хонь, ямаа нийлсэн 70 орчим бог мал байдаг юм. Манайх 2024 оны 07 дугаар сарын эхээр хонио ноосолж, тэмдэг тавихдаа малаа бүртгэсэн юм. Тэгэхэд манай мал бүрэн байсан. Сүүлд нь мөн тоолоход бүрэн байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-р хуудас),

3.7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...хонь 7, ямаа 2 нийт 9 тооны бог малын нийт бодит үнэ цэнийг 2,750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/180 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-48-р хуудас),

3.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “А” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...2 тооны хонины нийт бодит үнэ цэнийг 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/181 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-57-р хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

4. Хууль зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг юм.
4.3.  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд  “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, “Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.  
4.4. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдуул мал” гэх ойлголтод  тухайн мал өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээс тасарч, нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байршсан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг хэлдэг. Бэлчээрийн задгай маллагаатай уламжлалт мал аж ахуйн хувьд айлын малтай нийлсэн саахалт буюу нутаг, ус нэгтэй малчдын мал ахуй нь им тамга, тэмдэгээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхойлогдох  тул  шүүгдэгч Д.Б-ийг  бусдын алдуул малыг завшсан гэж үзэх боломжгүй байна. 
4.5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна

5. Давж заалдах гомдлын талаар:
5.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д: Д.Б нь өөрийн сүрэгт  бэлчээрээр нийлсэн малыг завшсан, хулгайлах идэвхтэй үйлдэл хийгээгүй гэж маргаж буй боловч, нутаг усныхаа, айл хөрш, малын бэлчээр ус нэгтэй, саахалт айлын малыг өмчлөгчөөс нь нууц далд аргаар шунахайн сэдэлтээр хууль бусаар өөрийн болгож /хүлж/, бусдад худалдаж буй идэвхитэй үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчилсэн, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

5.2. Шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон хоногийн тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тус шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул уг шийдвэр гарсаны дагуу нийт ял эдлэх хоногийг үргэлжлүүлэн тооцох нь зүйтэй ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд цагдан хоригдсон хоногийг тусад нь тоочин заах шаардлагагүй гэж үзлээ. Шүүх Эрүүгийн хуульд зааснаар ялтны эдлэх ялын хугацааг тогтоодог ба ялтны ялаа эдлэн суллагдах хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоох шаардлагагүйтэй адил гэж үзэв.

5.3. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б-ийн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоос хойш цагдан хоригдсон хоногийг, түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧИД                             З.ТҮВШИНТӨГС

                                                           Ш.БАТТОГТОХ