Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 


Ц.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Ж (цахимаар), 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ц.Б-т холбогдох эрүүгийн 2416003160127  дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Х овогт Ц.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр ******** аймгийн ********* суманд төрсөн, ** настай, ********, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **,  эхнэр, *** хүүхдийн хамт ********** хотын ********* дүүргийн ***-р хороо, ************ ******* дүгээр гудамжны ****** тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, *********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б нь ********** аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэр ************ гэх газар 20** оны ** дүгээр  сарын **-ны өдөр ** ** *** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ** ** *** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг мөргөж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/ гэмтэл бүхий хүнд хохирол, хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч Х ургийн овогт Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Ц.Б-т мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б-оос хохирогч Э.Б-ын эмчилгээ болон эд хөрөнгөд учирсан хохиролд 33,410,951 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 17,424,000 төгрөг нийт 50,834,951 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-т олгож, 33,679,720 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Э.Б-ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 29,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 9,891,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Б-т 10,000,000 төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Б болон өмгөөлөгч Ж.Д нараас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 49 (дөчин ес) хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 9 (ес) хуудас баримтыг хэрэгт хавсаргаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Шүүгдэгч Ц.Б миний бие гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хуралд оролцсон.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 3 жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон. 
Мөн хохирогч Э.Б нь “**********” компанид ажиллаж байсан сарын цалин 2,000,000 төгрөг буюу нийт 08 сар ажилласан 16,000,000 төгрөг нэхэмжилсэнийг гаргуулсныг эс зөвшөөрч байна. Дээрх компанид ажиллаж байсан гэх ямар ч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан ямар ч баримт байхгүй. 
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын гэм хорын хохирлоос 16,000,000 төгрөг хасаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий тул хэвээр үлдээх саналтай байна гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Үйл баримтын дүгнэлт:
2.1  Шүүгдэгч Ц.Б нь ********** аймгийн ********** сумын ********** багийн нутаг дэвсгэр *********** гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ** ** *** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ** ** *** улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслийг мөргөж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/ гэмтэл бүхий хүнд хохирол, хохирогч Т.Т-ийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины няцрал гэмтэл бүхий хүнд хохирол тус тус  учруулсан байна.  

3. Хэргийн үйл баримтын нотлогдсон байдал:
3.1  Хохирогч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг өнгөрөөгөөд ********** аймгаас *********** хот руу ** - ** УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд би машины арын суудал дээр ***** охинтойгоо суугаад манай нөхөр Ц.Б машин жолоодоод урд суудалд хүү Х сууж байсан юм. Говь-Алтай аймгаас гараад 20-иод км явж байхад ******** дээр ирэхэд өмнөөс их хурдтай машин гарч ирсэн. Би тэгээд хүүе гэхийн завдалгүй тухайн машинтай мөргөлдсөн. Миний дух яс цөмөрсөн, зүүн нүдний доод талын яс хугарсан, зүүн хацар яс хугарсан, хамрын яс хугарсан, тархины гэмтэлтэй гэсэн оноштой байсан... Би сүүлд нөхрийнхөө гар утаснаас осол болсон үеийн зургийг харсан юм. Тэгэхэд өмнөөс ирж мөргөсөн машин нь хажуугаараа унасан байсан. Тухайн үед өмнөөс ирсэн машин их хурдтай ирж мөргөснөөс болж хажуугаараа унасан гэж бодож байна. Харин манай машин хурд багатай явж байсан учраас унаагүй эргээд зогссон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 63-64-р тал),

3.2  Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цаг 50 минутын орчим Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд ** - ** ГАА улсын дугаартай приус ** маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Баянхонгор аймгийн Бууцагаанаас нэлээн наана явж байгаад зогсож ах нь шөнөжин машин барьсан чинь нойр хүрээд байна ахын дүү машин бариад яваадах гэхээр нь би болох юм уу гэж асуухад парода барьдаг юм бол приус барьчихна гэхээр нь би жолоодсон юм. ******** сумын зогсоол дээр ирж зогсож ахыг сэрээж та жолоодох уу гэхэд ахын дүү бариад явж бай гэсэн. Тэгээд би аймгийн төв рүү жолоодож явж байтал ********** хаалга руу орох гэтэл урдаас цагаан приус хурдтай гарч ирээд цагаан зураас давж орж ирээд манай машиныг мөргөхөд машин унаж байгаа нь мэдэгдсэн. Миний талаар машин унаж би урд талын цонхоор мөлхөж гарсан. Тэгээд Б-ын эсрэг талын машины жолооч бид 2 татаж  гарсан. Тэгээд замын машин зогсож 103 руу дуудлага өгөөд эмнэлэг рүү авч ирсэн. Би 60-70 км цагийн хурдтай явж байсан. Би удаан явж байсан ямар торомз гишгэх завдал болоогүй, цагаан зураас давж орж ирээд л мөргөсөн. Б гэх жолоочийн машин байх. Улаанбаатар хотод Сүлд авто сургуулийг 20** онд төгссөн. Эсрэг урсгал сөрж орж ирсэн жолоочийн 100 хувь буруу гэж бодож байна. Би хөлдөө гэмтэл авсан гомдолтой байна. Би бүс зүүсэн байсан. Б зүүгээгүй байсан. Эсрэг талын жолооч хүнд хүмүүсээ аваад явж байхдаа миний 100 хувийн буруу би өөрөө бүх хариуцлагаа хүлээнэ гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-84-р тал),

3.3 Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “...энэ хэрэгт холбогдуулан Э.Б, Т.Т нарын эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 33.649.720 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-р тал),

3.4  Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 24 дугаартай “...1. Б.Х-ийн биед зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 87-88-р тал),

3.5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 21 дугаартай “...Ц.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 94-р тал),

3.6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 20 дугаартай “...Б.Ц-ийн биед баруун гарын сарвуу, дух, зүүн өвдөг, эрүүнд зулгаралт, баруун шилбэний дотор шагайнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 100-101-р тал), 

3.7. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 24 дугаартай “1. 2. Т.Т-ийн биед мэс засал хийлгэсний дараах байдал, дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, тархины няцрал, дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн шанаа ясны сул сэлтэрхийтэй цөмөрсөн хугарал, зүүн хацар, зүүн ухархайн хананы цөмөрсөн хугарал, хамар, дух, зүүн хацарт шарх, 2 нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, толгойд мэс засал хийлгэсний дараах шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс дух ясны цөмөрсөн хугарал, дух хэсгийн хатуу хальсны урагдал, дух хэсгийн хатуу хальсан доорх цус хураа, тархины няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт, (хх-ийн 107-109-р тал), 

3.8. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 23 дугаартай “...Б.С-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 115-р тал), 

3.9. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 22 дугаартай “ 1. 2. Б.Ц-ийн биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 121-122-р тал), 

3.10. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 18 дугаартай “ 1. 2. Б.У-ийн биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 128-129-р тал), 

3.11. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Д-ийн 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 25 дугаартай “1. 2. Э.Б-ын биед мэс засал хийлгэсний дараах байдал, чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /1,2 литр/, гэмтлийн болон цус алдалтын шок, зүүн түнхний чөмгөний сэлтэрсэн хугарал, дунд чөмгөний толгойн мултрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс гэмтлийн болон цус алдалтын шок, чацархай урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралт /1,2 литр/ гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,15, 4.3.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 135-137-р тал), 

 3.12. Говь-Алтай аймгийн Автотээврийн төвийн 2024 оны12 дугаар сарын 09-ний өдрийн 55, 56 дугаартай албан бичиг (хх-ийн 143-144-р тал),

 3.13. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “*************” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, шинжээч Т.Т-ын “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota prius маркийн ** - ** ГАА улсын дугаартай автомашины жолооч Б.Ц-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota prius маркийн ** - ** УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota prius маркийн ** - ** УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийг осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 148-150-р тал),

3.14. “А” ХХК-ын мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ы 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1074 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-ийн 160-166-р тал),

3.15. “А” ХХК-ын мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж-ы 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1080 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт (хх-ийн 172-176-р тал),

3.16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 411 дугаартай С.Д, М.С, Г.М нарын “...Осол үйлдсэн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол энэ осолд нөлөөлсөн эсэх гэх 1-3 асуултад эрх зүйн дээд боловсролгүй, авто инженер мэргэжилтэй шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тодорхойгүй, тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол”; 19.1.8-д “шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй бол” гэсэн заалтуудын дагуу хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ослын газарт хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зураг зэрэг нь шинжилгээд тэнцэнэ...” гэх дүгнэлт (хх-ийн 183-188-р тал),

3.17. Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Б, Г.Х нарын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ХОВ0825/071 дугаартай “...энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 192-194-р тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

4.  Хууль зүйн дүгнэлт: 

4.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ял шийтгэл ногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, хэргийг шийдвэрлэжээ.

4.3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

5. Давж заалдах гомдлын талаар:

5.1. Шүүгдэгч Ц.Б “...Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын гэм хорын хохирлоос 16,000,000 төгрөг хасаж өгнө үү...” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

5.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тус шүүхээс хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн хэмжээ, үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байна. 

5.3. Гэм хорын хохирол “**********” компаниас авч байсан цалин 16.000.000 төгрөгний хувьд тус аж ахуйн нэгжид хохирогч Э.Б ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс тус аж ахуйн нэгжид ажил эрхэлсэн талаархи Нийгмийн даатгалын лавлагааг ирүүлснийг шүүгдэгч шинжлэн судалуулж, танилцсан тул энэ талаархи гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

5.4. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧИД                             З.ТҮВШИНТӨГС 

                                                          Ш.БАТТОГТОХ