Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: Б.Батнасан /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч: О.М,

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805008140299 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.О, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, 2 настай хүүгийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин их” дэлгүүрийн “Гоёл Кашмер” ХХК-ний ноолууран эдлэлийн тасгийн худалдагч хийж байх хугацаандаа тус байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж 3.705.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийн хохирлын бүрэн төлж барагдуулсан” гэв.

Хохирогчийн төлөөлөгч О.Мшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Нийт хохирол болох 3.705.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс бүрэн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Дмөрдөн байцаалтад өгсөн: “...Д.О нь одоогийн тооллогын байдлаар 3.273.000 төгрөгийн ноолууран дотуур өмд 16 ширхэг тус бүр нь 139.000 төгрөг, ноолууран малгай 1 ширхэг тус бүр нь 59.000 төгрөг, ноолууран ороолт 2 ширхэг тус бүр 56.000 төгрөг, ноолууран цамц 1 ширхэг тус бүр нь 226.000 төгрөг, хүүхдийн цамц 1 ширхэг тус бүр нь 82.000 төгрөг, судалтай малгай 1 ширхэг тус бүр нь 42.000 төгрөг, ноолууран пальто 1 ширхэг тус бүр нь 528.000 төгрөг, ноолууран эмэгтэй цамц 1 ширхэг тус бүр нь 169.000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдийг дутаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Хохирогчийн төлөөлөгч О.М мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг 2017 оны 9 дүгээр сард ажил дээрээ байхад Д.О гэх эмэгтэй миний ажилладаг Улаанбаатар их дэлгүүрийн “Гоёл” ноолууран эдлэлийн тасагт худалдааны зөвлөхөөр орж ирсэн. Тэгээд Д.Оийг би тухайн салбарт ирсэн өдрөөс нь эхэлж зааж сургаж байсан. Д.О нь 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүл орчим хүртэл ажиллах хугацаандаа нийт 652.000 төгрөгийн алдагдал гаргаад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн тасаг руу шилжээд явчихсан. Тэгээд уг салбарт учруулсан 652.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуул гэж шаардахад надад төлнө гэж худлаа ярсаар байгаад би 2018 оны 01 дүгээр сард БНХАУ-д зохиогдсон Олон Улсын үзэсгэлэн худалдаанд явахаар болоод тус салбар дээр Д.Оийн гаргасан 652.000 төгрөгийн төлбөрийг бараа хэлбэрээр Д.Оийн ажиллаж байсан салбарт шилжүүлэхээр болсон. Тэгээд Д.Оийг “Улаанбаатар” их дэлгүүрт байрлах манай тасаг дээр ирэхээр нь 652.000 төгрөгийн үнэ бүхий барааг тооцож Д.Од хүлээлгэж өгснөөр гарын үсэг зуруулж, тооцооны цахим системээр Д.Оийн ажиллаж байсан салбар руу шилжүүлсэн. Тухайн үед Д.О би ямар нэгэн асуудал гаргалгүйгээр төлж барагдуулчихна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Б.Умөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Оргил” худалдааны төвд байрлах салбараас Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн ноолууран эдлэлийн тасагт шилжиж ирсэн бөгөөд миний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн салбараас Д.О гэх эмэгтэй шилжиж ирсэн. Тэгээд О бид хоёр хамтран ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай салбар дээр төв компаниас нягтлан ирээд тооллого хийхэд ямар нэгэн дутагдал гаргаагүй бөгөөд түүнээс хойш би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаад Мишээл экспо дээр 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ ирэхэд тооллого явагдаж байсан. Тухайн үед тооллогоноос ноолууран өмд 16 ширхэг, бусад 11 ширхэг ноолууран жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүн дутсан. Тэр үед би Д.Оээс “яагаад ийм их зүйл дутчихваа” гэж асуухад “чи эндээс нуруувч, малгай, ороолт, бээлийг зэрэг авч явна гэж байсан юу болсон бэ” гэхэд нь “би аваагүй энэ талаар огт мэдэхгүй байна” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Яллагдагчаар Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл “Гоёл Кашмер” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилласан. Уг хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” Их дэлгүүрийн салбарт ажиллаж байх үедээ нийт 3.400.000 төгрөгийн үнэ бүхий эд бараа болох ноолууран өмд 16 ширхэг, пальто 1 ширхэг, цамц 2 ширхэг, хүүхдийн цамц 1 ширхэг, ороолт 2 ширхэг, малгай 1 ширхэг зэргийг хувьдаа авсан. Үүнээс би Улаанбаатар Их дэлгүүрийн салбарт ажиллаж байхдаа хамт ажилладаг Барсбаатараас 600.000 төгрөг зээлж авсан байсан бөгөөд Барсбаатар тухайн салбараас 600.000 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлийг бодож тухайн салбараас авч над руу сүлжээгээр шилжүүлсэн. Тэгээд тухайн салбараас авсан бараагаа би хувьдаа зарцуулчихсан....Би учруулсан хохирлоос 2.931.500 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Үлдэгдэл 773.800 төгрөг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 32, 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 5, 42-48, 62/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 6/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг шошго, 1 ширхэг сидий /хх-н 7-8/, Гоёл Кашмер ХХК-ний Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууц хадгалах гэрээ /хх-н 49-52, 53-55/, Цалингийн хүснэгт /хх-н 56-58/, Гоёл Кашмер ХХК-ний итгэмжлэл /хх-н 59/, хохирол төлсөн баримт /хх-н 60-61/ зэрэг 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин их” дэлгүүрийн “Гоёл Кашмер” ХХК-ний ноолууран эдлэлийн тасгийн худалдагч хийж байх хугацаандаа тус байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж 3.705.300 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Д: “...Д.О нь одоогийн тооллогын байдлаар 3.273.000 төгрөгний ноолууран дотуур өмд 16 ширхэг тус бүр нь 139.000 төгрөг, ноолууран малгай 1 ширхэг тус бүр нь 59.000 төгрөг, ноолууран ороолт 2 ширхэг тус бүр 56.000 төгрөг, ноолууран цамц 1 ширхэг тус бүр нь 226.000 төгрөг, хүүхдийн цамц 1 ширхэг тус бүр нь 82.000 төгрөг, судалтай малгай 1 ширхэг тус бүр нь 42.000 төгрөг, ноолууран пальто 1 ширхэг тус бүр нь 528.000 төгрөг, ноолууран эмэгтэй цамц 1 ширхэг тус бүр нь 169.000 төгрөгний үнэтэй баруу бүтээгдэхүүнүүдийг дутаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрчээр  О.М мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.О нь 2017 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын сүүл орчим хүртэл ажиллах хугацаандаа нийт 652.000 төгрөгийн алдагдал гаргаад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн тасаг руу шилжээд явчихсан. Тэгээд уг салбарт учруулсан 652.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуул гэж шаардахад надад төлнө гэж худлаа ярсаар байгаад би 2018 оны 01 дүгээр сард БНХАУ-д зохиогдсон Олон Улсын үзэсгэлэн худалдаанд явахаар болоод тус салбар дээр Д.Оийн гаргасан 652.000 төгрөгийн үлдэгдлийг бараа хэлбэрээр Д.Оийн ажиллаж байсан салбарт шилжүүлэхээр болсон. Тэгээд Д.Оийг “Улаанбаатар” их дэлгүүрт байрлах манай тасаг дээр ирэхээр нь 652.000 төгрөгний үнэ бүхий барааг тооцож Д.Од хүлээлгэж өгсөнөөр гарын үсэг зуруулж тооцооны цахим системээр Д.Оийн ажиллаж байсан салбар руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Б.Умөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед тооллогоноос ноолууран өмд 16 ширхэг, бусад 11 ширхэг ноолууран жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүн дутсан. Тэр үед би Д.Оээс “яагаад ийм их зүйл дутчихваа” гэж асуухад “чи эндээс нуруувч, малгай, ороолт, бээлийг зэрэг авч явна гэж байсан юу болсон бэ” гэхэд нь “би аваагүй энэ талаар огт мэдэхгүй байна” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, эд зүйлийн тооллого хийсэн бүртгэл, хохирлын тооцоо, тооцоо нийлсэн акт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.О нь Гоёл Кашмер ХХК-ний эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу худалдааны зөвлөх, борлуулагчаар ажиллаж байсан нь тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, захирлын тушаал зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь Гоёл Кашмер ХХК-ний ноолууран эдлэлийн тасагт худалдагч хийж байх хугацаандаа тус байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж 3.705.300 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримтаар /хх-н 60-61/ тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Оийг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 02 настай хүүхдийн хамт амьдардаг, түүний эх нь хүнд өвчтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Од ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг шошго, 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Д.О нь 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Оийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 3 ширхэг шошгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Д.Оийг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР