Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00374

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/00374

 

 

Р.О - ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.О - ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.О -д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 4 354 368 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн Р.О - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 10 дугаар сард Т.О -ын гуйсны дагуу өөрийн танилаасаа Айпонэ экс эс макс /IPhone XS Max/ маркийн 256GВ-тай 2 ширхэг гар утсыг, тус бүрийг 3 800 000 төгрөгөөр тооцож нийт 7 600 000 төгрөг, 2 ширхэг утасны гэр 40 000 төгрөгөөр зээлээр авч, Т.О -д худалдаж тухайн өдрөө гар утас, утасны гэрийг өгсөн. Тэрээр төлбөрийг 7 хоногийн дотор төлнө гэж хэлээд төлөөгүй 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг өгсөн боловч үлдэгдэл 2 640 000 төгрөгийг өгөөгүй алга болсон. Т.О - нь миний хувьд танил хүний хүүхэд байсан тул итгээд дээрхи гар утсуудыг зээлээр өгч явуулсан боловч утсаа авахаа больсон. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Т.О -ыг хаягандаа байхгүй гэж буцаасан учир эрэн сурвалжлуулсан. Би 2 ширхэг гар утасны үнийг ломбарднаас зээл авч төлсөн бөгөөд энэ тухайгаа Т.О -д хэлэхэд би ломбардны хүүг чинь өгнө удахгүй төлбөрөө төлж дуусгана гэдэг байсан. Ингээд хариуцагч хэлсэндээ хүрээгүй учир миний бие 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны ломбардны хүүнд нийтдээ 1 644 168 төгрөг төлсөн.

Иймд Т.О -аас гэрээний үүрэгт 2 640 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 1 644 168 төгрөг, эрэн сурвалжлуулах зардалд 70 200 төгрөг нийт 4 354 368 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сард миний танил Ц.Тэлмүүн нь утас худалдан авах талаар надад хэлсэн. Би нэхэмжлэгчийг утас худалддагийг мэдэх учир Ц.Тэлмүүнийг дагуулан Р.О - эгч дээр очсон. Ингээд Ц.Тэлмүүн нь 2 утсыг 7 640 000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцож, мөнгийг дараа төлөхөөр ярилцсан. Гэтэл хэд хоногийн дараа Р.О - над руу утасдаж утас худалдан авсан найз чинь мөнгөө одоо болтол төлөөгүй байна, мөнгөө төлөхгүй бол миний эцэг эхэд хэлнэ, тэр мөнгийг чамаар төлүүлнэ гэх мэтээр ярьж эхэлсэн. Ингээд би Ц.Тэлмүүнтэй холбогдож мөнгийг нь төлүүлэх талаар ярилцсан боловч мөнгөө өгөхгүй байсаар 2018 оны 12 дугаар сар хүргэсэн. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц.Тэлмүүн нь надад 5 000 000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг нь би өөрийн эзэмшлийн Апекс кредит ХХК-ийн данснаас Ц.Тэлмүүнээс утасны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар мөнгийг нэхэмжлэгч Р.О - ийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг төлсөн эсэхийг миний зүгээс мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан утсыг Ц.Тэлмүүн авсан бөгөөд 5 000 000 төгрөгийг мөн Ц.Тэлмүүн төлсөн.

Иймд миний хувьд утсыг худалдан аваагүй учраас нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүсэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.О -аас 2 640 000 /хоёр сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж Р.О - т олгож, нэхэмжлэлээс 1 714 368 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О - ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О -аас 57 190 /тавин долоон мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О - т олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийн 2 640 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж буй хөрөнгийн өмчлөгч, эсхүл өмчлөгчөөс тухайн хөрөнгийг бусдад худалдах эрхийг авсан байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч О.Оюунчимэгийн хувьд тухайн худалдан борлуулсан хөрөнгийн өмчлөгч биш байсан, үүнийгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээний үүргээс зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулах шаардлагаа нотолсон бичгийн нотлох баримтдаа ч тодорхой дурдсан байгаа. Мөн өмчлөгчөөс эрх шилжүүлэн авсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

Нөгөө талаас худалдан авагчийн тухайд Т.О - нь тухайн хөрөнгийг худалдан авсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдоогүй байхад өөрийн эзэмшлийн компанийн данснаас мөнгө шилжүүлсэн, таньдаг байсан гэсэн үндэслэлээр худалдан авагч мөн гэж тодорхойлсон нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч Т.О -ын хувьд худалдагч, худалдан авагч нарыг аль алийг нь таньдаг болохын хувьд уг 2 талыг хооронд нь уулзуулсан байдаг.

Зохигчид дээрхийн аль ч тохиолдолд эрх зүйн харилцаанд ороогүй байтал шүүхээс шаардах эрхийг тодорхойлж, үүгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж байгаа үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд зарчмыг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Р.О - нь хариуцагч Т.О -д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 640 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 714 365 төгрөг, нийт 4 354 368 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Зохигчдын тайлбараар Т.О - нь Р.О - ээс 2018 оны 10 дугаар сард Айпонэ экс эс макс /IPhone XS Max/ маркийн 2 ширхэг гар утсыг нэг бүрийн үнийг 3 800 000 төгрөгөөр, утасны гэрийг 40 000 төгрөгөөр тус тус худалдан авах, эд зүйлийн үнийг 7 хоногийн дотор худалдагчид төлөхөөр тохиролцон, улмаар тухайн эд зүйлийг авсан болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Т.О - нь танил Ц.Тэлмүүнд зуучилсан, гар утсыг тэр авсан учир үнийг би төлөх үүрэггүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргах боловч үүнийгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээ байгуулах хэлбэрийг тусгайлан зааж өгөөгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхээр заажээ. Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Мөн шүүх хэрэгт цугларсан нэхэмжлэгч Р.О - ийн ХААН банкны дансны хуулга, Апекс кредит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харьцуулан үнэлээд хариуцагч Т.О -ыг худалдах-худалдан авах гэрээний үүргээс 5 000 000 төгрөгийг биелүүлж, үлдэх 2 640 000 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн гэж үзэн түүнээс 2 640 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 1 714 368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба уг шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 57 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД