| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 317/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
2025 9 10 2025/ДШМ/56
П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э,
Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Мөнхтайван
Шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б,
Б.Г
Шүүгдэгч Б.Б, Х.Г нарын өмгөөлөгч С.Гангантөгс,
Н.Жамъян
Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч С.Чулуунбаатар /цахимаар/
Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Б.Халиунаа,
Шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч П.Ганбаатар,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э, П.Б, Б.Б, Х.Г, Б.Г, шүүгдэгч Х.Г, Б.Б нарын өмгөөлөгч С.Гангантөгс, Н.Жамъян нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2334005070500 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Биеийн байцаалт:
1.1. Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б Г,
1.2. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 12-нд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тун Гуан Майнз” констракшн Монгол компанид жолооч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Х Г,
1.3. Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,
Урьд: Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д Д,
1.4. Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 13-нд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 761 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох,
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт Б Б,
1.5. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ... тоотод оршин түр суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 895 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ц Э,
1.6. Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шонхор тас” хамгаалалтын газарт албаны дарга ажилтай, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух хаягтай, ...тоотод оршин түр оршин суудаг гэх,
Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 755 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Д Н,
1.7. Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 22-нд Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух,
Урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 07 сар хорих,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 6 сар хорих,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 7 жил, 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт П Б,
1.8. Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, ... тоотод түр оршин суух,
Урьд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 жил 2 сар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Д Б,
2. П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нар нь бүлэглэн 23-95 УНВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Наймган” гэх нэртэй газар “Cinars-4500” гэх бичиглэлтэй улаан өнгийн бензин мотор, цохилттой өрөм зэрэг эд зүйлс ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 1 тонн 199 килограмм, 300 грамм ашигт малтмалын шороо олборлож байгаль орчинд 13.016.487,85 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Гнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч СБ Г, А Х Г, Б ДД, ЦБ Б, Б Ц Э, Х Д Н, Б П Б, Б Д Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Г, Б.Б, Ц.Э, П.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Х.Г, Б.Б, Ц.Э, П.Б нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарын тус бүрийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, тэдгээрт албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Г, Б.Б, Ц.Э, П.Б нараас тус бүрээс байгаль орчинд учруулсан хохирол болох 1.627.060 төгрөг, шүүгдэгч Б.Гоос 777.060 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.750.000 төгрөгийн үнэ бүхий 2395 УНВ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигч ... тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч ...-д буцааж олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1.750.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Г, Х.Г, Б.Б, Ц.Э, П.Б нараас 218.750 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэвэр жин нь 72.95 гр алтыг хурааж Монгол банк руу шилжүүлж, “Cinars-4500” гэх бичиглэлтэй улаан өнгийн мотор 1 ширхэг, цохилттой өрөм 1 ширхэг, хошуу 2 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, зарж борлуулсан орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 10 метр олсыг устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч Б.Г, Х.Г, Б.Б, Ц.Э, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьдралынхаа төлөө хувиараа ажил хөдөлмөр эрхэлж явсан хэдий ч байгаль эх дэлхийдээ хор хөнөөл учруулж явсандаа харамсаж байна. Та бүхэн боломж олговол байгаль эх дэлхийдээ хор хөнөөл учруулахгүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгэмдээ ажил хөдөлмөр эрхэлж амьдрах чинь хүсэл эрмэлзэлтэй байгааг минь бодож үзнэ үү. Миний хувьд өндөр настай ээж, эхнэр хүүхдийн хамт ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг мөн хохирлоо төлж барагдуулсан учир эдлэх ялаас бага ч болов хасаж, хөнгөрүүлж өгнө үү гэв.
6. Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу миний бие хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, нотлох баримт болох ажлын газрын гэрээ байгуулсан тамгатай баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх хүлээн аваагүй.
Миний бие хуулийн мэдлэггүйгээсээ болж анхан шатны шүүх хуралд орохын өмнө хохирлоо барагдуулаагүйдээ туйлын харамсаж байна. Мөн манай гэр бүл миний улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул давж заалдах шатны шүүх ар гэрийн байдал, хохирлоо нөхөн төлж барагдуулсан, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх гэсэн байр суурийг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
7. Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр, хоёр хүүхдээ тэжээх, амьжиргаагаа залгуулах зорилготой ажил хийх гэж очоод хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан сүүлийн удаа итгэл өгч хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье гэв.
8. Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр, хоёр хүүхдээ тэжээх, амьжиргаагаа залгах зорилготой ажил хийх гэж очоод хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, тэднийгээ тэжээн тэтгэдэг, ажил хийхээр ирсэн өдрөө гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, сүүлийн удаа итгэл өгч хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье гэв.
9. Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй тул хуулийн мэдлэггүйгээс болж анхан шатны шүүх хуралд орохын өмнө хохирлоо гүйцэд барагдуулаагүй орсондоо харамсаж байна. Мөн гэр бүлийн хувьд эхнэр, 4 хүүхэдтэй, тэтгэврийн өндөр настай ээжийн хамт амьдардаг. Би 2022, 2024 онуудад уушгины сүрьеэ өвчнөөр өвчилж, одоо эмчийн хяналтад байдаг тул та бүхэн гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон биеийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шүүхээс тогтоосон хохирлыг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан гэв.
10. Шүүгдэгч Х.Г, Б.Б нарын өмгөөлөгч С.Гангантөгс, Н.Жамъян нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х.Г Дорнод аймгийн Баяндун суманд гэртээ байхад 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б "Төв аймгийн Заамар суманд алт гарч байна, нэг хүн дагуулж ирээд шороо гаргах ажилд туслаад өгөөч, гаргасан алтнаасаа хуваагаад цалинг чинь өгнө” гэсний дагуу тогтмол ажилгүйн улмаас эхнэр, хүүхдээ тэжээх, амьжиргаагаа залгуулах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж, улмаар Төв аймагт Б.Б-ийн байгаа газар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 02 цагт очиж, замд маш олон цаг явсны улмаас ядарч машиндаа унтаж байгаад мөн өдөр тэнд ажиллаж байсан хүмүүсийн шуудайлсан шороог “Портер” машины ачаан дээр ачихад тусалж зөөж өгсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.
Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч өөрөө болон хамт очсон Д.Д, П.Б нар мэдүүлдэг. /1хх 134-135, 3xx 30-31, 3xx 65-66, 101-102, 161-162, 182-183/
Ажил хийхээр очсон өдрөө шороо зөөж, тэр өдрөө цагдаагийн байгууллагад хүргэгдсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд ажил хийхээр очсон, очсон өдрөө шуудайтай шороо зөөсөн гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд эхний мэдүүлгээсээ эхлэн удаа дараа өгсөн байдаг. Өмгөөлөгчгүй байсны улмаас өөрийн эрх ашгийг хамгаалж оролцож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, тухайн газарт очсон өдрөө 1 тонн шороо олборлох боломжгүй бөгөөд шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг бүгдийг нь 24 шуудай, 1 тонн 199кг, 300гр шороо ,чулуу олборлосон гэж дүгнэн экологи, эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд учирсан 13.016.487,85 төгрөгийн хохирлыг /1хх-44/ хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэн учруулсныг нарийвчлан тогтоож чадаагүй бөгөөд бөөнд нь бүх хүнд хамаатуулан гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нарын хувьд өөрт ноогдох 1.845.810 төгрөгийг сайн дураар 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус тус төлж барагдуулсан.
Шүүгдэгч нар мөрдөн шалгах болон шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон байдаг, шүүх хуралдааны дараа ар гэрээс нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүгдэгч нарын эрх ашиг, сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г, Б.Б нарыг бүлэглэн “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан гэрч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байж байгаад 9 дүгээр сарын 25-ны өдөр Заамар сумын “Наймган” гэх газарт Нэргүй, Тулгаа нарын хамт очиход цөөхөн хүн алт олборлож байсан, тэнд байсан танихгүй хүнээс “алт гарч байна уу” гэж асуухад өмнөх өдөр нь 9 дүгээр сарын 24-ний орой Экологийн цагдаагийн албанаас цагдаа нар ирээд хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг бариад аваад явсан, бөөн асуудал үүссэн гэж /1xx 101-102/ мэдүүлсэн байдаг. Ажил хийх гэж очсон өдрөө цагдаагийн алба хаагчаас зугтсан гэсэн субъектив байдлаар эдгээр шүүгдэгч нарт хорих ял шийтгэсэн гэж дүгнэхээр байна.
Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгох болон хорих ял оногдуулах боломжтой бөгөөд шүүх шүүгдэгч Х.Г, Б.Б нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэснийг хангаагүй гэж үзэж байна.
Мөн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангаагүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Х.Гын эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг, тэднийгээ тэжээн тэтгэдэг, ажил хийхээр ирсэн өдрөө гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нар шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч Х.Г, Б.Б нар хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлыг нөхөн төлнө гэж байгаа боловч ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй, орлогын эх үүсвэр, ногдох эд хөрөнгө тодорхойгүй зэргээс хохирлыг нөхөн төлнө гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв” гэж дүгнэсэн, шүүгдэгч нар хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс хохирлыг нөхөн төлөх, төлөхөө илэрхийлэх нь ямар үр дагавартайг ойлгоогүй, түүнчлэн 1.627.060 төгрөгийн хохирлыг төлөхөд тэд орлогын эх үүсвэр, өөрт ногдох эд хөрөнгөө тодорхойлох баримтыг гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд гэмт хэргийг үйлдэхэд ухсан нүх рүү орсон, шороо ухсан, урьд ял шийтгэгдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн атлаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шуудайлсан шороог зөөсөн хүнд хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Г, Б.Б нар хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангаж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.
11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол төлсөн байдал нь шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Дийлэнх шүүгдэгч нар хохирлоо төлчихсөн тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүгдэгч нарын зүгээс хүссэн боловч анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёс, гэм буруугийн зарчимд нийцсэн байна” гэв.
12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар/цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Манай үйлчлүүлэгч хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд өөрөө гомдол гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ирээдүйд ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно гэдгээ илэрхийлж байгаа. Иймд Б.Г-ын эрх зүйн байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах буюу тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б өмгөөлөгч Б.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...П.Б болон бусад нэр бүхий холбогдогч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлсөн байдлыг улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хэлбэр гэж үзэж байна. П.Б-н хувьд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд үлдсэн ялын хугацаанд хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэх хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шалгуурыг манай үйлчлүүлэгч бүрэн хангаж байна гэж үзэж байна. Ар гэрийн нөхцөл байдлын тухайд 1-9 насны буюу бага насны гурван хүүхэдтэй. Гэр бүлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. П.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.
14. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э-ийн өмгөөлөгч П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх хурлаас хойш хохирлоо бүрэн төлж, баримтыг хэрэгт өгсөн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэл болгон ашиглах боломжтой гэж өмгөөлөгч үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу өөрчлөлт оруулж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Ц.Э, П.Б, Х.Г, Б.Г, шүүгдэгч Х.Г, Б.Б нарын өмгөөлөгч С.Гангантөгс, Н.Жамъян нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Гнарт холбогдох хэргийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих” зарим нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох”-ыг хуульчилсан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлон заасан.
Гэмт этгээдүүд үүргээ хуваарилах болон хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдлийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж үздэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй зөв тодорхойлох нь хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад шүүхээс ял ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.
Мөн гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг, энэ тохиолдолд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог учир уг нөхцөл байдлыг зайлшгүй нотлон тогтоох ёстой.
Гэтэл мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Г нарын хэн нь тухайн хэрэгт ямар үүрэг оролцоотой оролцсон гэдгийг нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр нийтэд нь уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг буруу гэж үзнэ.
3. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 144 дүгээр талд авагдсан Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко Инженеринг” ХХК-ийн 2023 оны 14 тоот шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын олборлон, тээвэрлэж явсан гэх 24 шуудай, 1199,3кг ашигт малтмал агуулсан гэх чулуулгийг баяжуулахад 72,095гр, Монгол Банкны 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ханшаар бодит үнэ нь нийт 13.016.487,85 төгрөгийн үнэ бүхий 84.25 хувийн алтны агууламжтай металл илэрсэн нь тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг үнэн зөв тогтоож чадаагүй байна.
3.1. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан.
3.2. Мөн хууль тогтоогчоос “Хүрээлэн байгаа орны эсрэг гэмт хэрэг”-ийг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орны тэнцэлтэй уялдуулах, өнөөгийн болон ирээдүйн ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, байгалийн хэвлий болон гадаргууд анхны тогтцоороо байгаа баялаг болон ан амьтан, мод, ургамал, хөрс, усны нөөц, газрын хэвлий зэргийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт хуульчилсан.
Дээрх дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тогтоож, нөхөн төлүүлдэг учиртайг анхаарвал зохино.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд авагдсан байдаг.
Үүнээс үзвэл шүүгдэгч Д.Д Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 450.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Б Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгөөр торгох,
мөн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгөөр, мөн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7.000.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Ц.Э Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5.400.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Д.Н Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, уг шийтгэх тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Мөрдөгчөөс дээрх шүүгдэгч нарын шийтгүүлсэн торгох ял бүрэн биелэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор холбогдох байгууллагуудаас лавлагаа авсан байх боловч тухайн баримтын зарим нь уншигдах боломжгүй, зарим нь хуулбар хувиараа хэрэгт авагдсан байгаа нь нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
5. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3. гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг “Нотолбол зохих байдал”-д хамаарах ба үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй юм.
6. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөх шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
7. Түүнчлэн анхан шатны шүүх дээр дурдсанчлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үнэн, зөв тогтоож чадаагүй байхад шүүгдэгч Д.Б Д.Н, Д.Д нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэн тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,
Улсын яллагчаас анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Б.Бт Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7.000.000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэх талаар санал гаргасан байхад шийтгэх тогтоолдоо энэ талаар огт дүгнэлт өгөлгүй, цаашид уг ялыг хэрхэх нь тодорхойгүйгээр орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 болон 7.1 дүгээр зүйлүүдийг буруу хэрэглэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
8. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б, Ц.Э, П.Б, Х.Г, Б.Г, шүүгдэгч Х.Г, Б.Б нарын өмгөөлөгч С.Гангантөгс, Н.Жамъян нарын гаргасан “...шүүгдэгч Б.Б, Ц.Э, П.Б, Х.Г, Б.Г нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
9. Хэргийг прокурорт очтол анхан шатны шүүхээс Д.Б Д.Н, Д.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Э, Б.Б, П.Б, Х.Г, Б.Гнарт хэрэглэсэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Б, Х.Г, Д.Б, Ц.Э, Б.Б, Д.Н, Д.Д, Б.Гнарт холбогдох эрүүгийн 2334005070500 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д тус тус зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Б, Д.Н, Д.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч П.Б, Х.Г, Ц.Э, Б.Б, Б.Г нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА