Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батнасан,

           Шүүгдэгч А.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805036180699 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д, 1993 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, Соногинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дүүргийн автобусны буудлын орчим дугуй засварын газар ажиллуулдаг, ам бүл 2, дүүгийн хамт .... хаягтай боловч .... түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Днь 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Очир нэртэй компьютер тоглоомын газарт иргэн Э.Хтой хүйтнээр үлээгч сэнсийг өөр лүүгээ харуулж тавьлаа гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Дшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд би компьютер тоглоомын газар тоглож байсан. Тухайн үед маш халуун бүгчим хохирогчтой зэргэлдээ ширээнд сууж байсан. Хохирогч сэнс ганцаараа авч хэрэглэхээр нь миний уур бухимдал хүрсэн. Хүний биед халдсандаа маш их гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан” гэв.

Хохирогч Э.Хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чам шиг хийрхсэн юмнууд байдаг юм аа, би чам шиг банди нарыг мэднэ гэж хэлсэн чинь чимээгүй болоод тоглоомоо тоглосон. Би мөн адил тоглоод сууж байтал гэнэт баруун гар талаас ирээд баруун гараараа хамар руу нэг удаа цохьсон. Тэгээд би нойл ороод өөрийгөө харсан, хамар мурийсан байсан, би шууд цагдаа дуудсан. Кондейшин авч хэрэглэсэн гэж би уурласан, тэгээд харилцан маргалдаж зодоон болсон. А.Д гэх хүн маргааны улмаас миний хамар руу баруун гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

Гэрч Д.А мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Д ах “наадхаа нааш нь харуулчих” гэж хэлсэн чинь Хатанзориг гэх хүн “чи өөрөө харуулахгүй юу” гэж мөн хэл амаар доромжилсон, тэгэхээр нь А.Д ах очоод нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон, би очиж салгасан. Кондейшин булаацалдан маргалдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Шинжээчийн 8245 тоот дүгнэлтэд: “...Э.Хийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн КТГ-ийн шинжилгээ ирээгүй тул энэ асуултанд хариулах боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 17-18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-32, 48, 55-57/, хохирогчийн хүсэлт /хх-н 59-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Днь 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Очир нэртэй компьютер тоглоомын газарт иргэн Э.Хтой сэрүүцүүлэгч сэнсийг ганцаараа хэрэглэлээ  гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Хийн: “...Чам шиг хийрхсэн юмнууд байдаг юм аа, би чам шиг банди нарыг мэднээ гэж хэлсэн чинь чимээгүй болоод тоглоомоо тоглосон. Би мөн адил тоглоод сууж байтал гэнэт баруун гар талаас ирээд баруун гараараа хамар руу нэг удаа цохьсон... А.Д гэх хүн маргааны улмаас миний хамар руу баруун гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/, гэрч Д.Аийн: “... А.Д ах “наадхаа нааш нь харуулчих” гэж хэлсэн чинь Х гэх хүн “чи өөрөө харуулахгүй юу” гэж мөн хэл амаар доромжилсон, тэгэхээр нь А.Д ах очоод нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон, би очиж салгасан... Кондейшин булаацалдан маргалдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, шинжээчийн 8245 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Д үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Днь компьютер тоглоомын газар хохирогчтой маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 1.800.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 60/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч А.Доржсэмбийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч А.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Д ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч .А.Д шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР