Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

И.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000920167 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч нар, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч И.Х-, Х.Б-, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нургайып, С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ****ны ** дүгээр сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, *********** ажилтай, ам бүл ** хүнтэй, ********* хамт **************** багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И.Х-, /РД:*************/.

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, ******* мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл ** хүнтэй, *********** хамт ************** багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С.Б- /РД:************/.

 

3. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны чиг үүргийнхээ эсрэг, урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Г-ын мод тээвэрлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

 

4. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн 319 дүгээр яллах дүгнэлтээр И.Х-, С.Б- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн  2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор:         

5.1. Шүүгдэгч И.Х-, С.Б- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун уянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч нар, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1. Өмгөөлөгч С.Нургайып би шүүгдэгч И.Х-, С.Б- нарын хамт Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, 1.7 дугаар зүйлийн 1.-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2.-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, З.-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 2.-т "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан юм.

5.3. Шүүгдэгч И.Х-, С.Б- нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон бодит нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.4. Гэрч С.С-, цагдаагийн ажилтан П.Б-, сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-, Б.Й-, А.М-, Х.П-, Ж.Ж- нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, фото зургууд зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч нарыг Ц сумын төвд байгаагүй гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон. Дээд шатны прокурорт хүртэл тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарыг хөдөө томилолтоор ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч хариу өгсөн. Нэг хүн нэг л цаг хугацаанд хоёр өөр газар байх ямар ч боломжгүй. Шүүх нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон тэдний мэдүүлгүүдийг нотлох хөндлөнгийн баримтуудыг огт няцааж чадаагүй мөртлөө, үнэлж дүгнэхээс үндэслэлгүйгээр татгалзсан.

5.5. Гэрч Ш.А-, Б.Ц-, Ч.Г-, Б.Э- нарын мэдүүлгүүд нэг нэгнээсээ зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байгаа нь илтэд илэрхий байхад шүүхээс тэдний мэдүүлгийг агуулгын хувьд зөрүүгүй гэх байдлаар үнэлж, тэдний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. /Давж заалдах шатны шүүхэд мэдүүлгүүдийн зөрүүгийн талаар нэмэлт тайлбараа гаргах болно/.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Гол маргаж байгаа асуудлын хувьд  хоёр  шүүгдэгч  хоёулаа гэмт хэрэг үйлдсэн үед Ц сумын төвд байгаагүй, өөр газар нутагт явсан гэдгийг хэлсэн. Уг хэрэг шүүхээс нэг удаа буцаасан. Эхний удаа шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад уг үйл баримтын талаар ярьдаггүй, ийм нөхцөл байдлыг 2 дахь шатны шүүх хуралдааны үед  шинээр гаргаж ирсэн. Тухайн өдөрт Д-ын гэрт хоносон, Ц сумын төвөөс 40 км зайтай байсан гэсэн. Мөн уг гэмт хэрэгт Г- нь бид нарыг гүтгэсэн гэж тайлбарладаг. Гэхдээ уг үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцээгүй гэж үзсэн. Г-ын шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн 4-5 удаагийн мэдүүлэг, гэрч А-ын мэдүүлэг, гэрч Ц-ийн мэдүүлэг байна. Дээрх 3 хүн мод бэлтгэхээр явсан, Ц сумын төвд орж ирэхдээ байгаль орчны байцаагч, хяналтын улсын байцаагч И.Х-, С.Б- нартай тааралдаж, И.Х-, С.Б- нар нь  тухайн 3 хүний тээврийн хэрэгслийг зогсоогоод, 50,000 төгрөг авсан үйл баримтын талаар анх өгсөн мэдүүлгээсээ болон удаа дараагийн өгсөн мэдүүлгээсээ буцаж эсхүл нөхцөл байдлыг үгүйсгэж мэдүүлэг өгсөн үйл баримт байхгүй. Тухайн 3 хүний мэдүүлгээр тогтоогдсон. Дээрх дурдсан нотлох баримтууд гол нотлох баримтууд байна. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан. А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Г-ын гарын үсэгтэй баримт, Э-ийн дансны хуулга, уг хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг тэмдэглэсэн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хэргийн болсон үйл баримт хангалттай тогтоогдсон.

6.2. Шүүх хуралдааны тэмдэглэлийг яагаад тусгайлан судлуулж байгаа гэхээр  давж заалдах гомдол дурдаж байгаа нэг үндэслэл байна. Эхлээд Г- хоёулаа мод бэлдсэн гэж ярьж байгаад 3 хүн болсон гэж тайлбарлаж байгаа. Гэвч эхлээд Г-аас гэрчийн мэдүүлэг авсан, мөн А-аас мэдүүлэг авсан. Бид нар хоёулаа мод бэлтгэх ажиллагаанд оролцсон гэж мэдүүлсэн. Гэвч гурвуулаа байсан. Дараагийн мэдүүлэг авахдаа “та нар яагаад хоёулаа явсан” гэж мэдүүлэг өгсөн гэж асуухад “Ц- Баян-Өлгий аймагт байдаггүй, өөр орон нутгаар ажил хөдөлмөр эрхэлж явдаг учраас түүнд ямар нэгэн байдлаар төвөг удах байх гэсэндээ хоёулаа явсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн.  Ц- гэдэг хүнийг олж, түүнээс мэдүүлэг авахад Ц- “гурвуулаа явсан” гэж мэдүүлсэн. Мөн уг мэдүүлэгтэй холбогдуулаад А-, Г- нараас дахин мэдүүлэг авсан. Үүнд “гурвуулаа явсан, 50,000 төгрөгийг нэхэж авсан,  сумын төв руу алхаж очоод, өөрийн эгчээс 50,000 төгрөгийг авчирч өгсөн талаар хангалттай мэдүүлсэн учраас хэргийн үйл баримт тогтоогдсон.

6.3. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б- нь Г-ыг ятгаж, “уг гэмт хэрэг үйлдээгүй, бид хоёртой тараалдаагүй талаар гарын баримт үйлдэж өгвөл уг хэрэг хаагдах гээд байна” гэж ятгасан.  Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгаж, А-ын мэдүүлгийг газар дээр шалгасан. Эдгээр нотлох баримтаар миний бие уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэдэгт хангалттай дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа гүтгэсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6.4. Эдгээр үйл баримтуудын хүрээнд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон,  шүүгдэгч нар, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг зөв дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, торгох ялаар шийтгүүлсэн. 

6.5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй. Анхан шатны шүүх хуралдааны явцад Ц-ийг яагаад хажууд хүн оролцуулж мэдүүлэг авсан гэдэг асуудал яригдаж байна. Уг хүний хувьд  монгол хэл мэддэг боловч дохио зангаагаар ярьдаг учраас эгчийг нь оролцуулсан.  Дансны хуулгаар уг гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн үйл баримт тогтоогдсон.                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.Х-, С.Б- тэдний өмгөөлөгч С.Нургайып нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаныхаа чиг үүргийн эсрэг, урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Г-ын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

10. Анхан шатны шүүх шүүгдэгч И.Х-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”  гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж тэднийг мөн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

11. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь:

- Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 3-11 дэх тал/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 онд манай суманд мод бэлтгэх зөвшөөрөл ирсний дагуу миний бие хэрэгцээний модны эрхийн бичгийг сумын байгаль орчны улсын байцаагч С-гаас авч 5 м.куб мод бэлтгэсэн. Би тухайн модоо “Эрэг харгай” гэх газраас бэлтгэсэн бөгөөд хүргэн ах А-ын 3ил-130 маркийн авто машинаар 1 удаа тээвэрлэж сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаанд буулгасан. Тухайн үед буюу 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр байгаль хамгаалагч И.Х- намайг зогсоож шалгаад чиний модны м.куб нь хэтэрсэн байна торгоно гэсэн. Тэгээд надаас 50,000 төгрөг аваад ир гэхэд нь би дансаар чинь шилжүүлье гэхэд дансаар авахгүй, чи бэлнээр авч ирж өг гэхээр нь би машинаа гудамжны эхэнд үлдээгээд гэр хүртлээ алхаад гэрээс очиж эхнэр Э-ээс 50,000 төгрөг бэлнээр аваад И.Х-тай цуг явж байсан байгаль хамгаалагч С.Б-д өгөөд машинаа аваад явсан. Ингээд би хашаандаа модоо аваачиж буулгасан. Надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй, би ямар ч баримт бичигт гарын үсэг зураагүй. Надаас 50,000 төгрөг бэлнээр аваад одоо явж бай гээд явуулсан. И.Х- нь тухайн үед гудамжинд явж байсан, С.Б- нь өөрийнхөө бор ногоон өнгийн УАЗ-469 авто машинтай явж байсан. Тэгээд тэр хоёр надаас мөнгөө бэлнээр машиндаа аваад үлдсэн, тэр хоёр хүнээс өөр хүн байгаагүй..., ...Би тухайн үед торгуулж байна гэж ойлгоод л өгсөн. Анхнаасаа И.Х- надаас торгуулийн мөнгө гэж хэлж авсан. Би өөрөө модны хэмжээг сайн мэдэхгүй баримжаагаар ачсан болохоор хэтрэлттэй юм байна, тэгээд торгож байна гэж ойлгож л 50,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/, /2 дахь хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

- Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай нөхөр мод оруулж ирнэ гэж явсан. Тэгтэл гэртээ явган хүрээд ирсэн, ингээд надаас чамд 50,000 төгрөг бэлнээр байна уу, би мод оруулаад ирж байтал байгаль хамгаалагч Х-, Б- нар тааралдаад мод хэтрүүлэн ачсан байна гээд 50,000 төгрөгөөр торгоно мөнгөө бэлэн аваад ир гээд байна гэж хэлсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, харин дансанд 35,000 төгрөг байсан бөгөөд бид хоёр 15,000 төгрөг хайж манай нөхрийн хамаатан О- гэдэг эгчид очоод мөнгө байвал 15,000 төгрөг зээлээч гээд 15,000 төгрөгийг бид хоёр зээлж миний дансанд 50,000 төгрөг болгоод сумын төвийн дэлгүүр орж пос машинд нь уншуулж 50,000 төгрөгийг 2 ширхэг 20,000-тын дэвсгэрт, 1 ширхэг 10,000-тын дэвсгэртээр аваад Г- Х-д өгнө гээд яваад өгсөн. Ингээд удалгүй машинтай модоо аваад хашаандаа ирж буулгасан..., ...Би өөрийнхөө Хаан банкны 5056150965 дугаарын данснаас 2022 оны намар гаргаж байсан. Тухайн данс руу О- эгчээс 15,000 төгрөг ороод удалгүй 50,000 төгрөг гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/,

- Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

- Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5180/155 дугаартай албан бичиг, хавсралт харилцагч Б.Э-ийн 5056150965 дугаартай диспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128-131 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Байгаль орчны албаны даргын 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай тушаалуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 133-134 дэх тал/,

- Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны хэмжээнд Баян-Өлгий аймгийн Ц суманд мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/-т заасан хэмжээнээс хэтэрсэн мод тээвэрлэсэн гэх зөрчил бүртгэгдэж шалгагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А/218 дугаартай захирамж, захирамжийн үндэслэл болсон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 213-215, 233-235 дахь тал/,

- Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А/218 дугаартай захирамжаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон..., ...2022 онд Ч.Г-т мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй, харин түүний ээж Т.О гэж хүн өргөдөл гаргаж түүнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон. Т.О- гэж хүн настай хүн байдаг бөгөөд түүний зөвшөөрлөөр түүний хүү Ч.Г- нь мод бэлтгэсэн байх...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

- Гэрч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 9, 10 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Ц сумын нутагт байгаль хамгаалагч нартай цуг эргүүл, шалгалт хийхээр удирдамж төлөвлөгөө боловсруулж цуг эргүүл шалгалт хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,

- Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Эрэг харгай” гэх газраас хадам дүү Я.Г-т Ц сумын төв хүртэл мод тээвэрлэн оруулж өгсөн. Ч.Г- мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй байсан. Тухайн үед Ч.Г- бид хоёр хадам ээжийн нэр дээрх зөвшөөрлийн бичгээр мод бэлтгэсэн. Манай хадам ээж Т.О- настай хүн болохоор мод бэлтгэж чадахгүй, тийм учраас түүний хүү Ч.Г- болон хүргэн миний бие бид нар модыг нь бэлтгэж өгсөн. Мод бэлтгээд ачаад Ц сумын төв рүү орж ирэхэд байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нар биднийг зогсоож шалгасан. Ингээд Г- очиж уулзсан, би машиндаа сууж байсан. Тэгтэл Г- надад ирээд торгоно гэж байна 50,000 төгрөг байна уу гэхэд надад мөнгө байхгүй гэсэн, тэгээд Г- би гэр лүү гүйгээд ирье та хөдлөхгүй наана байж байгаарай гэхээр нь би машиндаа суугаад хүлээж байсан. Г- 40 орчим минут яваад буцаад ирсэн. Ирэхдээ миний машин руу орохгүйгээр Б-, Х- нарын машинд суугаад 5-10 минут болоод гарч ирээд энэ хоёрт 50,000 төгрөгөөр торгуулчихлаа, одоо явъя гээд бид хоёр хөдөлж явсан..., ...И.Х-, С.Б- нар торгоно, торгуулахгүй бол явуулахгүй гэхээр нь Г- явж мөнгө олж ирсэн..., ...Тухайн үед Б- бор ногоон өнгийн Уаз-469 машинтай явж байгаад зогсоосон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,

- Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,

- Гэрч Х.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...И.Х- тэгвэл хоёулаа ийш нь оръё гээд 2 давхар байшинд ороод юм бичсэн. Би бичиг, үсэг мэдэхгүй болохоор юу бичиж байгааг нь мэдэхгүй гарын үсэг зураад өг гэхээр нь зураад өгчихсөн ...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/,

- Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/,

- шатахууны талоны хуулбар /3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

- Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х- ах өөрөө 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан гэж хэлсэн, тэгээд тодорхойлолт дээр 10 дугаар сарын 11-ний өдөр гэж бичсэн. Миний машиныг аваад хөдөө явсан нь үнэн, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,

-Гэрч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нар нь намайг Өлгий сумаас хайгаад манай гэрийг олоод гэрт хүрч ирсэн. Ирээд надад хэлэхдээ бид нар урд өмнө нь байнга хамтран ажиллаж, төлөвлөгөөт хяналт шалгалтаар Засаг даргын удирдамжийн дагуу явж байсан байна, нэг удаагийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар явсан талаар бид нар АТГ-т шалгуулаад байна, явсан талаараа чи бичиг хийгээд өгөөч гэхээр нь тэгье гээд бичсэн. Гэхдээ 2022 оны 10 дугаар сарын 11-13-ны өдөр гэдгийг нь санахгүй байгаа, өөрсдөө надад хэлэхдээ энэ өдөр бид нар хяналт шалгалтаар явсан, энэ талаар бид 2 тайлан бичсэн байна. Тэгэхээр өдөр нь зөрөөгүй гээд байхаар нь би 2022 оны 10 дугаар сарын 11-13-ны өдөр хамт хяналт шалгалтын ажил хийсэн үнэн болно гэж бичиж өгсөн. Би өөрөө сайн дураараа бичиж өгсөн зүйл байхгүй, өөрсдөө гуйгаад байхаар нь би бичиж өгөөд нотариатаар батлуулсан юм....” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

-Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Биднийг модоо ачаад сумын төв рүү орж ирж байхад Ц сумын байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нар ирж зогсоогоод Ч.Г-ыг машинаас буулгаад машины гадна уулзаад байсан. Удалгүй Г- сумын төв рүү явганаар яваад нэлээд удаж байгаад буцаад алхаад хүрч ирснээ байгаль хамгаалагч нарын машин руу орсон юм, удалгүй Г- буугаад машин руу ирж суугаад явъя гэж сумын төв рүү орсон. Харин байгаль хамгаалагч нар тэндээ машиндаа суугаад үлдсэн. ...И.Х-, С.Б- нар УАЗ-469 маркийн машинтай явж байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.

 

12. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулах замаар шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн Ц сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан И.Х-, С.Б- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгох зорилгоор иргэн Ч.Г-ын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө гэж 50.000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогджээ. Шүүх шүүгдэгч И.Х-, С.Б- нарын үйлдэл холбогдолд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

13. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжилж эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж сэргээн тогтоох учиртай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар И.Х-, С.Б- нар бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тодруулбал тэдгээр шүүгдэгчид байгаль хамгаалагчийн ажлын чиг үүрэг, албан тушаалын байдлыг ашиглаж, бусдад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шаардлага тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн Ч.Г-аас мод хэтрүүлэн тээвэрлэсэн тул 50,000 төгрөгөөр торгуулна гэж мөнгийг бэлнээр авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдөө хууль бусаар орлого олж, ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон учраас тэдгээрийн үйлдэл холбогдлыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хууль ёсны зарчмыг хангасан гэж үзэв. Иргэн Ч.Г- нь мод хэтрүүлэн бэлтгэсэн, тээвэрлэсэн тул торгууль төлж байна гэж ойлгож, мөнгийг бэлнээр шүүгдэгч нарт өгсөн учраас түүний үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж тогтоогдоогүй байна.

 

14. Нийтийн албан тушаалтан буюу байгаль хамгаалагч ажилтай шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь тухайн эрхэлж байгаа ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй.

            Мод бэлтгэх зөвшөөрлөөс илүү мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх иргэн Ч.Г-ыг “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч бусдад зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү мод авах нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна албан тушаалын эрх мэдлээ ашиглаж 50,000 төгрөгийг завшсан, ажил үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргээр зөвхөн өөрт нь тухайлан олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд төрийн үйл ажиллагааг эрхлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль хамгаалагч нь байгаль хамгаалах албаны үүргээ гүйцэтгэх явцад илрүүлсэн зөрчлийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх, эсхүл холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй байхад шүүгдэгч нар албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн  эсрэг урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

   15. Шүүгдэгч  И.Х-, С.Б- нар 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Г-ын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтаар зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч И.Х-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-, С.Б- нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн нөхцөл байдалд тус тус тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.   

 

16. Шүүгдэгч И.Х-, С.Б-, тэдний өмгөөлөгч С.Нургайып нар...Шүүгдэгч И.Х-, С.Б- нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон бодит нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэрч С.С-, цагдаагийн ажилтан П.Б-, сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А-. Б.Й- А.М-. Х.П-, Ж.Ж- нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, фото зургууд зэрэг нотлох баримтуудаар нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаандаа шүүгдэгч нарыг Ц сумын төвд байгаагүй гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон. Дээд шатны прокурорт хүртэл тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарыг хөдөө томилолтоор ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч хариу өгсөн. Нэг хүн нэг л цаг хугацаандаа хоёр өөр газар байх ямар ч боломжгүй. Шүүх нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон тэдний мэдүүлгүүдийг нотлох хөндлөнгийн баримтуудыг огт няцааж чадаагүй мөртлөө, үнэлж дүгнэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Гэрч Ш.А-, Б.Ц-, Ч.Г-, Б.Э- нарын мэдүүлгүүд нэг нэгнээсээ зөрүүтэй, худал мэдүүлэг өгч байгаа нь илтэд илэрхий байхад шүүхээс тэдний мэдүүлгийг агуулгын хувьд зөрүүгүй гэх байдлаар үнэлж, тэдний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах үндэслэлгүй байна.

 

17. Шүүгдэгч И.Х-, С.Б- нарыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 21-22 цагийн орчимд Ц сумын төвд байгаагүй гэж үзэх үндэслэлгүй ба шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаль хамгаалагч И.Х-, С.Б- нарын 2022 оны ажлын тайлан, үнэлгээний хуудас, үр дүн, ажлын төлөвлөгөөний биелэлтийн хуудас, иргэн П.Б-, Б.Й-, А.М-, Х.П-, Ж.Ж-, Т.А- нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэгтэй баримтууд нь Ч.Г-, Б.Ц-, Б.Э-, Т.О-, Ш.А-, С.С- нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Гэрч П.Б-, Б.Й-, А.М-, Х.П-, Ж.Ж-, Т.А- нарын  мэдүүлгүүд нь цаг хугацааны хувьд яг тодорхой зааж чадаагүй эргэлзээтэй байх тул шүүгдэгч нар тухайн үед Ц сумын төвд байгаагүй гэх давж заалдах гомдол бодит үндэслэлд нийцээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

18. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийг журамлаж, тусгай ангид заасан санкцыг оновчтой сонгож хэрэглэсэн, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Х-, С.Б- нарын тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сая таван зуун мянга төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч И.Х-, С.Б-, тэдний өмгөөлөгч С.Нургайып нарын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч И.Х-, С.Б-, тэдний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                               М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ