Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

           Шүүгдэгч Г.Т өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805035830680 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Т, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, АОДЕ ХХК-д нярав ажилтай, ам бүл4, эхнэр, хүүхдүүдийн хамт .....оршин суух бүртгэлтэй боловч ......түр оршин суух,  урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааран дотор Л.М маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Л.М мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23 цагийн үед ганцаараа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла бааранд орж 2 шил пиво уугаад бүжиглэсэн. 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу миний урдаас дунд хуруугаа гозойлгоод толгойгоороо цээж рүү мөргөөд байхаар нь би цаашаа бай гээд түлхтэл хамгаалагч нар нь намайг аваад гарах гээд үүд рүү явж байтал үүдний шатан дээр миний түлхсэн залуу араас гүйж ирээд баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Шинжээчийн 7968 тоот дүгнэлтэд: “..Л.М биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Яллагдагчаар Г.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Л.М биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Л.М баруун талын нүдний орчимд гараараа нэг л удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 21-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-28/, хохирогчийн хүсэлт /хх-н 29, 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааран дотор Л.М маргалдан түүний нүд рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.М: “...02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу миний урдаас дунд хуруугаа гозойлгоод толгойгоороо цээж рүү мөргөөд байхаар нь би цаашаа бай гээд түлхтэл хамгаалагч нар нь намайг аваад гарах гээд үүд рүү явж байтал үүдний шатан дээр миний түлхсэн залуу араас гүйж ирээд баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, шинжээчийн 7968 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Т үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ хохирогч Л.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс 130.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 29, 41/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Т-д шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР