Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2020/00100

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-т холбогдох,

*******-ийн ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний нөхөр *******-ийн Засвар механикийн заводад 15 жил тасралтгүй ажиллаж байгаад 2016 онд зүрхний өвчнөөр нас барж 3 хүүхдийн хамт өнчирч хоцорсон. Нөхрийн маань ажиллаж байсан байгууллага бага насны 3 хүүхэдтэй хоцорсон намайг өөрийн цехдээ аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр авснаар өнчин үлдсэн 3 хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэх боломж олгосон билээ. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очоод мастер Б.Мөнхтуяагаас 1 өдрийн чөлөө олгохыг хүсэж өргөдлөө бичгээр гаргаж мастер зөвшөөрөв гэсэн цохолт хийсэн учир би гэр рүүгээ буцаж явах гэтэл унаа машин байгаагүй тул 8 цаг 15 минутын автобус ирэхийг хүлээгээд гадаа маш хүйтэн байсан тул дулаацахаар цай уудаг өрөөндөө түр ороод байж байтал цехийн эмч Л.Түмэнжаргал орж ирээд дээрээс чамайг архи уусан гэсэн мэдээлэл ирсэн тул үлээлгэнэ гээд өөрийнхөө өрөө рүү авч явсан. Би эмчийг дагаж яваад өрөөнд нь үлээдэг зүйлийг үлээхэд согтолт 0.19 хувь гарсан. Тэр өглөө ажилдаа явах гээд өглөө сэртэл зүрх дэлсээд байхаар нь долоогоны хандыг нилээн өндөр доозоор уусан ер нь миний зүрх үе үе дэлсэж хэм алддаг, бөөр шохойжсон учир бөөрнөөс үүдэлтэй цусны даралт ихсэж үүнээс үүдэлтэй зүрх өвддөг тул цехийн эмчийн хяналтанд үзүүлж даралтны эм, зүрхний эм байнга уудаг. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мастер Б.Мөнхтуяа дуудаж цехийн даргын өрөөнд дарга нарын зөвлөлийн хурлаар чамайг хэлэлцэнэ гээд ороход дарга нар байсан би 6-ны өдөр ямар нэг согтууруулах зүйл хэрэглээгүй харин 5-ны өдөр ажил тараад найзтайгаа хамт пиво уусан, харин өглөө нь зүрх өвдөөд байхаар нь долоогоны ханд уусан гэж үнэнээ хэлж уучлалт гуйсан. Дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж надад Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын хугацаанд цалингаас 20 хувиар суутгуулах арга хэмжээ авсан болохыг мастер Б.Мөнхтуяа мэдэгдсэн, дахин ийм байдал гаргахгүй үр хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой шүү гэж өөрөө өөртэй амлаж байлаа. Харин миний бөөр өвдөж, бөөрнөөс үүдэлтэй даралт ихсэж зүрх өвдөөд байсан тул 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж бие маань гайгүй болж ажилдаа ороод хэд хонож байтал 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр чамайг ажлаас чинь чөлөөлсөн гэж хүний нөөцийн ажилтан дуудаж тушаал гардуулсан. Цехийн дарга болон удирдлагуудын зөвлөгөөнөөр надад 3 сарын хугацаанд цалингийн 20 хувийг суутгах арга хэмжээ авсаныг баталгаажуулж цехийн даргын тушаал гарсан эсэхийг мэдэхгүй боловч гэнэт ажлаас чөлөөлөх тушаал гаргасанд гомдолтой байна, хүүхэд хуурч байгаа юм шиг хүний амьдралаар ингэж тоглож болохгүй байх гэж бодож байна. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би наряд авч ажил хийгээгүй, ажлын хувцасаа ч өмсөөгүй, өргөдөл бичиж ажлаасаа чөлөө авчихаад автобус хүлээгээд үйлдвэр дотор сууж байснаараа ажлаасаа халагдлаа, хэрэв би хувийн машинтай ч юм уу эсвэл үйлдвэрээс алхаад явчихсан бол өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд орохгүй, үр хүүхдүүдээ талхны мөнгөөр дутаахгүй байсан байх даа гэж харамсаж байна. Иймээс*******-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ******* намайг Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4.488.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******-ын Засвар, механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгч *******тэй 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 21/19/590 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байсан ба тус хөдөлмөрийн гэрээний 6 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцлүүдийг харилцан тохиролцож баталгаажуулсан. Мөн тус гэрээний ажилтны хүлээх үүрэгтэй холбоотой 2.4 дэх заалтын 2.4.4-т Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох журам, тушаал, шийдвэр, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх гэж заасан заалтыг дагаж мөрдөх үүргийг хүлээн ажиллаж байсан болно. Гэтэл ******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Ажил олгогч буюу ******* нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40, 131 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь заалт. *******тэй 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримг бичгээр олгогдсон эрх хэмжээний хүрээндээ *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар цуцалж шийдвэрлэсэн.Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******г *******-ын Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6.305.507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 186.038 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

*******-ын Засвар, механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан *******гээс гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан... бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцлахаар заасан. *******-ын хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь бүлэг заалтаар сахилгын зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд түүний 8.12-т Ажилдаа ирэхийн өмнө ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа хэрэглэж, эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажын үзүүлэлтээр амьсгалд 0.01-0.19 хувь илэрсэн зөрчил гаргасан тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах зохицуулалттай. ******* нь *******-тай 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 21/19/590 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.4.4-т Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам, бусад холбогдох журам, тушаал, шийдвэр, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүргээ зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 дахь заалтыг зөрчин ажлын нэг өдөр ажил тасалсан, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь цагийн бүртгэл, согтолтын зэргийг тогтоох багажын хэвлэсэн тест, сорилын акт, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон болно. *******-ын статус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байх үед буюу Ерөнхий захирлын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/737 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам-ын 4.1-д ...ажиллагсадын согтолтын зэргийг тогтоох зорилгоор Гэрээт цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 816-р салбарын алба хаагчид, эмнэлэг сувилалын ажилтнууд согтолтын зэрэг тогтоох сорил хиинэ гэсэн заалт нь цагдаа, дотоодын цэрэг, эмнэлэг сувилалын ажилтнуудын аль нь ч согтолтын зэрэг тогтоох сорил хийж болохоор заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээт цагдаагиин тасаг, дотоодын цэргиин алба хаагч нарыг оролцохоор дурдсан нь үндэслэлгүй байна. Мөн тус журамд сорил хийх үед хөндлөнгийн гэрч, тухайн ажилтныг хариуцсан удирдлагыг заавал оролцуулах талаар тусгасан зохицуулалт байхгүй байхад хөндлөнгийн гэрч, ээлжийн мастер, даргыг оролцуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаартай шийдвэр нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1. дэх заалт, *******-ын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журам зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд нийцээгүй гэж үзэж байх тул бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу *******гээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь *******-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.488.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр татгалзаж маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь *******-т Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрэгчийн ажилд цэвэрлэгчээр 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр орж ажиллаж байгаад *******-ийн ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/346 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалтууд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.16 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.20. дахь заалт, *******-ын ажилтан, ажилчинд согтолтын зэрэг тогтоож сорилт хийсэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаар акт, Зэсвар механикийн заводын даргын 2020 оны 02 дугар сарын 19-ний өдрийн 12/130 дугаар албан бичиг зэргийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж эмчийн үзлэгээр согтолтын хэмжээ зөвшөөрөгдсөн багажийн үзүүлэлтээр амьсгалд 0.19% илрэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа очиж мастер Б.Мөнхтуяагаас 1 өдрийн чөлөө авахаар өргөдлөө бичиж, цохуулаад гэр рүүгээ буцахаар автобус хүлээгээд байж байтал цехийн эмч Л.Түмэнжаргал орж ирээд дээрээс чамайг архи уусан гэсэн мэдээлэл ирсэн, үлээлгэнэ гэж өрөө рүүгээ дагуулж очин багажаар үлээлгэж, 0.19% гарсан. Миний зүрх өвддөг тул өглөө ажил руугаа явахдаа долоогоны ханд ахиухан хэмжээгээр уусан. Эмчийн хяналтад байдаг байнга даралтны эм, зүрхний эм хэрэглэдэг гэсэн тайлбар гарган тодорхойлсон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ******* 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.2. дахь заалтыг зөрчиж 1 өдрийн ажил тасалсан, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.12 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн тайлбар гарган маргаж мэтгэлцжээ.

Хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ажлаасаа чөлөө авахаар цехийнхээ мастер Б.Мөнхтуяад мэдэгдэж, өргөдлөө бичиж цохуулсан, ажилчдын автобусаар буцахаар ажлын байрандаа бус цайны газрын өрөөнд сууж байхад нь цехийн эмч Л.Түмэнжаргал түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухай мэдээлэл ирсэн гэж өрөө рүүгээ дагуулж очин 6810 гэх багажаар амьсгалд нь сорил хийж №1 дугаартай акт үйлдсэн байх бөгөөд 0.19%-ийн согтолттой гарсан гэсэн үндэслэлээр сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 128 дугаар зүйлд нийцээгүй байна.

Хариуцагч байгууллагын согтолтын зэрэг тогтоохоор хийсэн сорилын аппарат нь тухайн үед цагаа буруу зааж байсан тул стандартын шаардлага хангасан багаж хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн ажилтнуудын согтолтын зэргийг тодорхойлох журмын 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар хэвийн хэмжээ 0.0-0.19% гэж заасан байх ба *******гийн амьсгалд 0.19% илэрсэн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул ажилдаа согтуу ирсэн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, дээрх байдал нь нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2020/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ