Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Марал /томилолтоор/,

           Шүүгдэгч: Ц.Дөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805028790642 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Д, 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Абсолют” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, эх, 4-2 насны 2 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Д нь Г.Нын “Хаан” банкны виза картыг хулгайлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төв доторх АТМ-д уншуулж 500.000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирлыг данс руу нь шилжүүлсэн.” гэв.

Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг руу хамт ажилладаг О, Д, , О- гийн нөхөр Г нарын хамт явсан. 23 цагийн орчимд Г-н найз гэх эрэгтэй хүнд Хаан банкны виза картаа өгөөд нууц код 0202 гэж хэлж юм захиж авахуулсан. Тэгээд маргааш нь гар утасны мобайл банкаар дансаа шалгахад 50.000 төгрөгнөөс өөр гүйлгээ гараагүй байсан. Тэр гүйлгээг би хүлээн зөвшөөрч хүнээр хийлгэсэн гүйлгээ юм. Орой 22 цагийн орчимд бид нар хотод тусдаа унаатай ирсэн. Би 22-ын товчооноос өөрийн унаагаар ирсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчимд Хаан банкны виза картаа алга болсныг мэдээд нууц дугаарыг нь мэдэх хүн байхгүй гэж бодоод тоохгүй орхисон юм. Тэгсэн 16 цагийн орчимд миний 5007205686 дугаартай данснаас 500.000 төгрөг гарсан байсан. ...би Хаан банкны виза картаа хаана хаяснаа мэдэхгүй байна. Хулгайд алдахаар гадуур яваагүй хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт явж байсан. ...миний данснаас 500.000 төгрөг Москва гудамж 20-р хорооны өөр банкны АТМ-с гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Сэжигтнээр, яллагдагчаар Ц.Д мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н- ын “Хаан” банкны виза картыг ширээн дээр байхад нь аваад Улаанбаатар хотод орж ирээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төв доторх АТМ-с 500.000 төгрөг авсан. Тэр мөнгөө аваад хүнд зээлүүлсэн. ...ямар учраас Н-ын картнаас мөнгө авснаа хэлж мэдэхгүй байна. Би Н- ын Хаан банкны виза картыг хулгайлж аваад 500.000 төгрөг уншуулж өөрт ашигласнаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Н-ын Хаан банкны 5007205686 дугаартай дансанд 500.000 төгрөг хийж хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 4/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 12-16/, хохирлын мөнгө төлсөн баримт /хх-н 27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Днь Г.Нын “Хаан” банкны виза картыг хулгайлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хархорин” худалдааны төв доторх АТМ-д уншуулж 500.000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Нын: “...16 цагийн орчимд миний 5007205686 дугаартай данснаас 500.000 төгрөг гарсан байсан. ...би Хаан банкны виза картаа хаана хаяснаа мэдэхгүй байна. Хулгайд алдахаар гадуур яваагүй хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт явж байсан. ...миний данснаас 500.000 төгрөг Москва гудамж 20-р хорооны өөр банкны АТМ-с гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 4/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Д үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Днь хохирогч Г.Нын эзэмшлийн виза картыг нууцаар хулгайлан авч түүний данснаас 500.000 төгрөгийг уншуулан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулж, түүний данс руу шилжүүлсэн /хх-н 27/ баримт хавтаст хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Д үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Д холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал 2-4 насны хоёр хүүхэдтэй, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Д-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Днь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Дг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Днь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР