| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413000000355 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ж.М-д холбогдох эрүүгийн 2413000000355 дугаартай, 2 хавтастай хэргийг яллагдагчийн өмгөөлөгч А.С-жаны давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагчийн өмгөөлөгч А.С-жан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч Г.М-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хэлмэрч, орчуулагч М.Нурасыл шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ******, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ******** хамт ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Ж.М- /РД:***************/.
2. Холбогдсон хэргийн талаар:
2.1. Яллагдагч Ж.М- нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баян- Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар /Хонгор өлөн/ багийн нутаг дэвсгэр Хонгор өлөн гэх газарт **-**УАЕ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Х.Е-ийн амь насыг хохироосон, мөн иргэн Х.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Ж.М-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг удирдлага болгож, Ж.М-д холбогдох эрүүгийн 2413000000355 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:
4.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийг эрүүгийн хэрэгт (1) иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, (2) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах, (3) мөн 2024 оны “Монгол Улсын Хүн амын дундаж наслалт”-ын тухай холбогдох нотлох баримтыг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулж эрүүгийн хэрэгт хавсаргах нь шаардлагатай.
4.2. Иргэний нэхэмжлэгч Г.М-ээс шүүхийн шатанд мөнгөн дүнгээр иргэний нэхэмжлэл гаргасан тул дахин мэдүүлэг авах, түүнээс шүүхийн шатанд хор уршигтай холбоотой гаргаж өгсөн гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтуудыг орчуулахаар орчуулагч, хэлмэрч томилж, эрх үүргийг нь тайлбарлаж, хууль сануулж орчуулга хийх.
4.3. Яллагдагч Ж.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул хохирогч Х.Т-ээс дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг нь хэрэгт хавсаргах.
4.4. Яллагдагч Ж.М-гийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг мөрдөгчөөс дутуу бүрдүүлсэн тул улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох иргэний бичиг баримтуудыг гаргуулах, үүний дотор жолоочийн үнэмлэхийн лавлагаа, мэдээллийг хэрэгт хавсаргах,
5. Яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаартай шүүгчийн захирамжийн зарим хэсгийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
5.2. Захирамжийн 8-д: “Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийг эрүүгийн хэрэгт (1) иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, 10-т: “...хохирогч Х.Т-ээс дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг нь хэрэгт хавсаргах”... гэжээ. Хууль ёсны төлөөлөгч О.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахыг даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасанд нийцээгүй гэж үзэж байна.
5.3. Хохирогч Х.Т- мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогчдын хэн алинаас санал хүсэлт гаргаагүй байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар буюу хохирогч Х.Т-ээс дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг нь хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг зөрчсөн явдал болсон гэж үзэж байна.
5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаартай шүүгчийн захирамжаа холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг тус хэрэгт хяналт тавьж байгаа прокурор эс зөвшөөрч, эсэргүүцэл бичээгүй. Энэ захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Миний хувьд ч гэсэн хэдийгээр томилолтоор оролцож байгаа боловч шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь шаардлагатай байна, шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
6.2. Яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны хувьд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон асуудлыг ярьж байна. Иргэний нэхэмжлэгчээр О.С-ийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоосноор хэн нэгний эрх ашиг нь зөрчигдөхгүй гэж үзэж байна. Мөн О.С-ийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож, шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Энэ талаар Улсын Дээд шүүхээс энэ асуудлыг дүгнэлтээр шийдвэрлэнэ гэсэн тогтоол хүртэл гарсан.
6.3. Г.М-ын хувьд зам тээрийн улмаас үүссэн хохирол, хор уршгийн асуудал тэр дариу илрэхгүй ч гэсэн дараа нь илрэх аюултай байдаг. Иргэний нэхэмжлэгчийн хувьд буруу оношлогдсон, дараа нь хор уршиг илэрсэн нөхцөл байдлууд байгаатай холбогдуулж түүнтэй холбоотой баримт, нэхэмжлэх зүйлийг шүүхэд гаргасан өгсөн. Энэтэй холбогдуулж түүнийг ч гэсэн мөн ялгаагүй иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гээж үзэж байна.
6.4. Иймд анхан шатны шүүхийн шүүчгийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд бичгээр гаргасан тайлбарт:
7.1. Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг миний бие Ж.М-д холбогдох эрүүгийн 2413000000355 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
7.2. Эрүүгийн 2413000000355 хэрэг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан хэлэлцүүлэг явуулж, шүүгчийн 2025/ШЗ/320 дугаартай захирамжаар 2413000000355 дугаартай Ж.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн үндэслэл 1. мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, 2. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах, 3. 2024 оны "Монгол Улсын Хүм амын дундаж наслалт"-ын тухай холбогдох баримтыг холбогдох байгууллагаас нотлох баримтын шаардлага хангуулж эрүүгийн хэрэгт хавсаргах, 4. иргэний нэхэмжлэгч Г.М-ээс шүүхийн шатанд мөнгөн дүнгээр иргэний нэхэмжлэл гаргасан тул дахин мэдүүлэг авах, түүнээс шүүхийн шатанд хор уршигтай холбоотой гаргаж өгсөн гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтуудыг орчуулахаар орчуулагч, хэлмэрч томилж, эрх үүргийг нь тайлбарлаж, хууль сануулж орчуулга хийлгэх зэрэг ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн
7.3. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гомдолтой өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг би танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахыг даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасанд нийцээгүй гэж үзэж байна” гэжээ.
7.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д хохирогч нас барсан эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилжээ.
7.5. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно "гэж хуульчилжээ.
7.6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул захирамжийг хэвээр үлдээнэ үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан яллагдагч Ж.М-гийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 6-12 дахь заалтад мөрдөн шалгах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-, иргэний нэхэмжлэгч Г.М-, хохирогч Х.Т- нар “яллагдагч Ж.М-гаас нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн боловч шүүхийн шатанд О.С- болон түүний өмгөөлөгч “О.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах” хүсэлт гаргасан, мөн Г.М- эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардал нэхэмжилж, баримтаа ирүүлсэн нөхцөл байдлын талаар тэмдэглэж, О.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчээр тогтоолгох, хууль хэрэглэх урьдчилсан нөхцөлд хамааралтай тул тухайн бүс нутгийн хүн амын дундаж наслалтын талаарх баримтыг хэрэгт хавсаргах, Г.М-ийн гаргасан нэхэмжлэлийг дахин мэдүүлэг авч баталгаажуулах, гадаад хэл дээрх зарим нотлох баримтыг орчуулах, Х.Т-ээс дахин мэдүүлэг авч хавсаргах, яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлох баримт (иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэхийн лавлагаа)-ыг бүрдүүлэх, түүнчлэн яллагдагчийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж прокурор дүгнэсэн ч, хэрэг учрал болох үед тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж зорчихтой холбоотой заалтыг хэрхэн мөрдсөн эсэхийг эргэлзээгүй тогтоохоор мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзжээ.
Шүүгчийн уг захирамжийн талаар яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжанаас (1) хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авах ажиллагааг даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад, (2) хохирогч Х.Т-ээс дахин мэдүүлэг авч, мэдүүлгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн нь мөн хуульд нийцээгүй гэж давж заалдах гомдол гаргасан, харин прокурор болон хэргийн бусад оролцогч нараас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн талаар эсэргүүцэл бичээгүй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаар “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан, захирамжийн Тодорхойлох хэсгийн 6-12 дугаар цогцолборт тусгасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаануудыг шүүхийн шатанд буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, тухайн ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чиглэгдсэн байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн хоёр үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор амь хохирогч Х.Е-ийн эцэг О.С-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, түүнээс мэдүүлэг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогч буюу хохирогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцдог. Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С- нь хохирогчийн энэхүү эрхийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Гэвч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гэмт хэргийн хохирогчийн эрхийг эдлэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өөртөө тухайлан хамаатуулж “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих” эрхтэй учраас тухайн хүнийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосноос үл хамаарч хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоож, түүнээс мэдүүлэг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай шүүгчийн захирамжийн заалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэгэнт хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд зарим оролцогчоос хохирол төлбөртэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлснээс өөрөөр мэдүүлсэн зэргийг тэмдэглэж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан хугацаанд түргэн шуурхай явуулах зарчмын үүднээс хохирогч Х.Т-ээс /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцоогүй/ хохирол, төлбөрийн талаар дахин тодруулах тухай шүүгчийн захирамжийн заалтыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 788 дугаар дүгнэлт гарч, түүний биед баруун талын түнхний үеийн мултралттай, духны зүүн хэсэгт зулгарсан хөх ягаан туяатай цус хуралттай, ар нурууны хэсэг, зүүн өгзөгний хэсгийг бүхэлдээ хамаарсан зулгарсан хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдож, энэ нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн талаар баримтат мэдээлэл хэрэгт авагджээ. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол, төлбөр нэхэмжлээгүй боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчаас 66,033,343 төгрөгийн хохирол шаардаж, жагсаалт үйлдэн, холбогдох баримт, тодорхойлолт, бусад бичмэл баримтуудыг эх хувиар нь, зарим орчуулгын баримтуудын хамт гаргаж өгсөн бөгөөд өөрт учирсан хохирлын талаар, шинжээчийн дүгнэлтэд “хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэж тусгасантай санал нийлэхгүй байгаа тухайгаа тайлбарлаж давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцжээ.
Шүүх яллагдагч Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул иргэний нэхэмжлэгч Г.М- нь тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг өөрөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргах эрхтэйг давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/320 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ м.нямбаяр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК