Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 115/2018/0002/З |
Дугаар | 221/MA2018/0356 |
Огноо | 2018-06-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/MA2018/0356
2018 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2018/0356 | Улаанбаатар хот |
|
|
|
Д.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэртэй, Д.Г-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулий 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Д.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Засаг драгын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцасан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх” шаардлага бүхий Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “ ... Гэтэл уг байдлыг гуйвуулж албан хаагч, албан тушаалтан хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж харьцаж байсан, хувьдаа ашиг сонирхол агуулж ялгаварлаж хандсан гэх мэт үндэслэлгүй зүйлийг шийдвэрийн үндэслэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Төрийн албаны үйл ажиллагаанд хувийн сонирхлоор нэг удаа ч боловч хэнтэй ч хандаж байгаагүй.
Шүүхийн шийдвэрт Д.Гийг ажлаас халах тухай 2017.07.27 -ны өдрийн Б/33 дугаартай тушаал нь агуулга болон бусад хуульд тавигдах шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл агуулга зөрчилтэй хуулийн шаардлага хангаагүй тушаал боловч тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий - д тооцох нөхцөл байх тул гэж шийдвэрт тусгасан нь шүүхийн шийдвэр ямар нөхцөлд ямар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь тодорхой бус гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тушаалын хууль зүйн үндэслэл, агуулга хэлбэрт болсон үйл явдлын шалтгаан холбооны хүрээнд шийдвэрлэх ёстой байтал хэт нэг талыг барьж уг хэрэгт хандаж үүнийгээ шийдвэрийнхээ үндэслэлд тусгаж өгсөн нь харагдаж байна.
Мөн түүнчлэн шинээр хэрэгжиж буй захиргааны ерөнхий хуулийн 5.4 -дэх зохицуулалтад " Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага" гэж үзнэ гэж заасан нь уг хуулийн хүрээнд шийдвэр үйл ажиллагаагаа явуулахдаа баримтлах ёстой хэм хэмжээг тусгасан гэсэн үг билээ.
Иймээс захиргааны ерөнхий хуулийн 37 -р зүйл, 37.5 -д зааснаар Д.Г миний нэхэмжлэлд холбогдох захиргааны акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул мөн хуулийн 4 -р зүйлийн 4.2.6 -д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг тусгайлан хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ хуулийн зохицуулалтын хүрээнд сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны ерөнхий хуулийн 15 -р зүйлд заасан оролцогч миний эрхийг хангаж бодит боломж олгоогүй, шалтгаан нөхцлийн талаарх миний тайлбарыг ч аваагүй байдал нь уг захиргааны ерөнхий хуулийн хүрээгээр миний эрхийг шууд хохироосон актыг гаргасан юм.
Тэр байтугай тушаал болон холбогдох зарим шийдвэрээ авах гэхэд өгөхгүй үүнийгээ шүүхийн журмаар хүртэл гаргуулж байсан нь сонсох ажиллагааг явуулсан гэж узэх боломжгүй байна.
Мөн одоогийн хучин төгөлдөр мөрдөгдөж буй төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай 1995 оны засгийн газрын 97 тогтоолоор батлагдсан журмын "хүрээнд ажлаас халах тухай актаа төлөвлөж, хянаж гаргаагүй илэрхий хууль бөгөөд журмыг зөрчсөн хандлагатайгаар намайг ажлаас халах асуудалд хандсан.
Миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг захиргааны байгууллага илтэд зөрчсөн дээр нь шүүх хэт захиргааны байгууллагын давуу эрх мэдлийн талд асуудлыг өнгөц харж нэг талыг барьж шийдсэнд туйлын их гомдож байна.
Намайг ажлаас халах шалтгаан үндэслэл нь захиргааны байгууллагын хувьд нам улс төрийн шинжтэй үйлдэл бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалтан миний хувьд улс төрөөс ангид, аль нэгэн намын гишүүний харъяалалгүй. Гэтэл ардчилсан намын үед ажилд томилогдон ажиллаж байсан байдал маань өнөөдөр захиргааны байгууллагад намайг ажлаас халах шалтгаан болж байна гэж үзэж сэтгэл зүрх, оюун бодлоороо туйлын их харамсан гомдож байгаагаа илэрхийлж байна. Цөхөрч байна. Төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан би.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит болж өнгөрсөн үйл явдалд үндэслэл бүхий дүгнэлт хийн Д.Г намайг ажлаас халсан 2017.07.27. өдрийн Б/33 дугаартай тушаалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаас нь нэхэмжлэгч миний захиргааны ерөнхий хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөж ажлаас халах шийдвэр гаргасан тушаалыг бүхэлд нь дахин хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн хүчингүй болгож хохирсон эрх ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Г-ийн “Д.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувиар төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон шалтгаанаа “... Д.Г нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэдэгт Д.Г нь Засгийн газарт хүргүүлдэг аймгийн эхний хагас жилийн тайланг хугацаанд хүргүүлээгүй, мөн 7 хоногийн ажлын төлөвлөгөө гаргаж, эцэст нь тайлангаа танилцуулах талаар гарсан журмыг хэрэгжүүлдэггүй” гэж буруутгасан, нэхэмжлэгч нь “бусад ажилчид өөрсдийн хариуцсан тайлангаа хугацаанд нь надад өгөөгүйгээс би нэгтгэж хүргүүлэх үүрэгтэй учир хугацаандаа амжаагүй. 7 хоногийн төлөвлөгөө, тайлан гаргах ажлыг бүх ажилтнууд бүрэн хийж амждаггүй, ихэнх үед гарж өгдөг байсан” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулж дээрх Засгийн газарт хүргүүлдэг тайланг заасан хугацаанд хүргүүлээгүй нь бусдын үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх, мөн 7 хоног бүр хийх ажлаа төлөвлөж, тайлагнах цаг хугацаа бодитой байдаг эсэх, уг журам бүрэн хэрэгждэг эсэх, мөн үүнийг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй шалтгаан зэргийг тодруулах холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.
Мөн хариуцагч нь маргаан бүхий актад “... захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлалгүй удирдлагуудтай зөрсөн, хурал орхиж гарсан, хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлгүй харьцсан зөрчил гаргасан” гэж дурдан, 2 ажилтны гомдол, хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн, нэхэмжлэгч нь энэ талаар “... бусад мэргэжилтэн, албан хаагчдад шаардлага тавихад биелүүлэхгүй байх, аймгийн ажил үүрэгт сөргөөр нөлөөлх байдал үүссэнээс үл ойлголцох явдал гарч байсныг ёс зүйн зөрчил гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй, 2 хүний гомдлыг огт танилцуулаагүй, хэнийх нь зөв болох, юунаас болсон зэргийг тодруулж шалгаагүй, миний ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажлыг хийхийг шаардаж байсан ...” гэж маргажээ.
Энэ талаар Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах” журамд зааснаар төрийн захиргааны албан хаагчийн сахилгын зөрчлийг шалган тогтоох ёстой гэж нэхэмжлэгч маргасан боловч анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулиар сонсох ажиллагаа явуулсан, нэхэмжлэгчээс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрт гомдол гаргасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс сахилгын зөрчил ногдуулах үндэслэлийг шалган тогтоосон, өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг тогтоохтой холбоотой ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариуцагч байгууллагаас хийж гүйцэтгэсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Учир нь дээрх журам одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн сахилгын зөрчилтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль, уг хуульд заасны дагуу баталсан Засгийн газрын дээрх журмаар нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга уг хууль, журмын дагуу сахилгын зөрчлийг шалган тогтоох ажиллагааг явуулах үүрэгтэй. Харин уг хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг Захиргааны ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэнэ.
Мөн Д.Г-ийн сахилгын зөрчилд арга хэмжээ авсны дараа уг шийдвэрийн талаар гаргасан гомдлыг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга болохынхоо хувьд хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг “сахилгын зөрчлийг шалган тогтоох” ажиллагаа явуулсан гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Иймд нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулж, “төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр халах” арга хэмжээ авсан нь зөрчлийн шинж байдалд нь тохирсон эсэх, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх зэрэгт хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 115/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ