Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 31

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С.Тогоонтөмөрийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад хариуцагдах

2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дүгээр захирамжинд өөрчлөлт оруулахыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Тогоонтөмөр, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч С.Тогоонтөмөр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний том охин Ө.Алтанзаяа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ө.Номин-Эрдэнийг төрүүлсэн. Төрсний дараа миний бие, нөхрийн хамт том охиныхоо охин Ө.Номин-Эрдэнийг үрчилж авахаар шийдсэн. Тэгээд хүүгээ 8 жил өсгөж, одоо тус аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурч байна. Тухайн үед үрчилж авахдаа холбогдох бүх материалуудыг бүгдийг цуглуулаад Улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн Д.Амартүвшин гэх хүнд өгөөд Засаг даргын хүүхэд үрчилж авсан гэсэн захирамж гарсан.

2008 оны 11 дүгээр сард үрчилж авсан охин Номин-Эрдэнийг 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бидэнд үрчлүүлсэн мэтээр захирамж гаргасан нь миний гэр бүлийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний өргөдлийг хүлээн аваад 20 хоногийн дараа шийдэх ёстой байтал 4 жилийн дараа шийдээд шийдсэн талаарх захирамжаа ч бичиж өгөөгүй. Энэ захирамж алдаатай гэдгийг би саяхан мэдсэн. Энэ захирамж нь 2008 онд Номин-Эрдэнийг үрчилж авсан гэж гарах ёстой байхад 2012 онд гэж гарсан хууль бус юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 3 хүүхэд төрүүлсэн. 50 нас хүрсэн, 4 хүүхэдтэй бол ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоолгож болно гэж хуулинд заасан. Тэр утгаараа тэтгэвэрт орох гэтэл буруу гарсан захирамжийг мэдсэн.

Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дүгээр захирамжинд Номин-Эрдэнийг 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үрчлэн авсан гэж өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Миний зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн ар гэрийн хүн Б.Өсөхбаяр нарын өгсөн мэдүүлэгтэй танилцсан. Энэ хүний ярьж байгаа зүйлд итгэж байгаа ч гэсэн үрчлүүлж авсан захирамж нь 2012 онд гарсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн Д.Амартүвшинд өгсөн гэж байна. Тэр хүний ажлын шалгахад энэ хэргээс гадна нэлээдгүй хэдэн, хэдэн бичиг цаасны зөрчлүүд гарч ирээд байгаа. Түүнээс таныг ачийгаа 2012 онд үрчилж авчихаад Засаг даргын захирамжийг 2008 онд гаргуулах гээд байна гэж бодохгүй байна.

Хэрвээ шүүхээс 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дугаартай захирамжийг өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэр гарвал түүний дагуу захирамжийг солиход надад татгалзах зүйл байхгүй. Гол нь урд Засаг дарга тухайн захирамжийг өөрчилж болохгүй гэж байхад нь өөрөө мэдээд болно гэж хийж болохгүй учраас шийдэж чадахгүй яваад байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү тухайн үеийн Улсын бүртгэлийн ажилтны хариуцлагагүй байдлаас тус 2012 оны 01 дүгээр сарын 31-ний  өдрийн а/41 дүгээр захирамж хуулийн хугацаа хэтрүүлэн гарч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх боломжтой. Д.Амартүвшин гэж хүн иргэн хүнийг хохироосон асуудал байж болзошгүй гэж бодож байна. Засаг даргын захирамжгүй гэрчилгээ олгохгүй. 2008 онд захирамж гарсан байж гэрчилгээ бичигдэх ёстой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Тогоонтөмөр нь өөрийн том охин болох Ө.Алтанзаяагийн төрүүлсэн охин Номин-Эрдэнийг 2008 оноос хойш өөр дээр өсгөж, хүн амын тооллого болон өрхийн бүртгэлт бүртгүүлжээ. /х.х 34-35, 40-43, 106-108/

 

Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт зааснаар Б.Өсөхбаяр, С.Тогоонтөмөр нар нь ач охин Номин-Эрдэнийг үрчилж авахаар хүсэлтээ гаргасны дагуу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэгч Д.Амартүвшин нь Регситрын дугаар АЮ08310604 Боржигон овогтой Өсөрбаярын Номин-Эрдэнэийг өөрсдийн нэр дээр үрчилж авч, нэхэмжлэгч С.Тогоонтөмөр, түүний нөхөр Б.Өсөхбаяр нарын нэрээр Номин-Эрдэнийг овоглож төрсний Г-473/02 дугаартай гэрчилгээ авчээ. Шүүхээс үрчилж авсан төрсний гэрчилгээнд холбогдуулан нотлох баримтуудад үзлэг хийхэд уг гэрчилгээний /Г-473/02 дугаартай/ талаар хүчингүй болгох болон ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй байна. /х.х 3, 36-37/

 

Түүнчлэн Архангай аймгийн Эрдэнэбулан сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн 2008 онд төрсөн Номин-Эрдэнийг... гэж тусгасан нь алдаатай захиргааны акт гэж үзэхээр байна.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Номин-Эрдэнэ нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1445 минутанд төрснийг гэрчлэх төрөлтийн түүх, нярайн түүх болон гэрчүүдийн мэдүүлэгээр тус аймгийн Эрдэнэбулган сумын иргэн болж төрсөн нь  тогтоогдож байна.  /х.х 38-39, 58-71/,

 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “...дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор...” шагнах заалтын дагуу нэхэмжлэгч С.Тогоонтөмөрийн төрүүлсэн 3 хүүхэд /Ө.Амарзаяа, Ө.Мөнхзаяа, Ө.Алтанбаяр/, үрчилж авсан  Ө.Номин-Эрдэнэ нь түүний 4 дэх охин гэж үзэж  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Алдарт эх одонгоор шагнуулахаар уламжлах тухай” 15 дугаар тогтоолын хавсралтын шагнагдах эхчүүдийн жагсаалтын 32-т Самбуугийн Тогоонтөмөр АЭ65072304, 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах эхчүүдийн материалуудыг хүргүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар зарлигаар “Алдарт эх”  2 дугаар одонгоор нэхэмжлэгч С.Тогоонтөмөр шагнагджээ. /х.х 50, 95-105/

 

Хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “.. хэрвээ шүүхээс 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дугаартай захирамжийг өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэр гарвал түүний дагуу захирамжийг солиход надад татгалзах зүйл байхгүй...Шүүхээс гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө... Гагцхүү тухайн үеийн Улсын бүртгэлийн ажилтны хариуцлагагүй байдлаас тус 2012 оны 01 дүгээр сарын 31-ний  өдрийн а/41 дүгээр захирамж хуулийн хугацаа хэтрүүлэн гарч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх боломжтой” гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын а/41 дүгээр захирамжийн 1 дэх хэсгийг /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн 2008 онд төрсөн Номин-Эрдэнийг 2008 оны 11 дүгээр сарын 11-нд Боржигон овогтой Бямбын Өсөхбаяр, Боржигон овогт Самбуугийн Тогоонтөмөр нарт үрчлүүлсүгэй/ гэж өөрчлөлт оруулахыг тус аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                               

ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн а/41 дүгээр захирамж илт хууль бус болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актад өөрчлөлт оруулахыг тус аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгасугай.

 

2.Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ОДОНТУЯА