Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Оюунжаргал /томилолтоор/,

           Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803003970254 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1997 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын машин механизмын ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цаг 39 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн зүүн урд уулзварын замд 94-13 УБН улсын дугаартай Toyato prius /20/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан... “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төмөр замын дээд сургуулийн найзуудтайгаа цуг байж байгаад согтууруулах ундаа хэрэглэсэн. Найзуудтайгаа бааранд ороод архи уугаад гарч явж байгаад Саппорогийн уулзвар дээр зам хөндлөн гүйж байсан хүнийг харалгүй мөргөөд сандарсандаа цаашаагаа явж байгаад байрны гадаа байсан машинуудыг мөргөөд зогссон. Тэнд хэв журмын цагдаа байхаар нь очиж болсон зүйлээ яриад хэрэг болсон газраа очсон” гэв.

Хохирогч С.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг орчим Саппоро төвийн зүүн урд гурвалжингийн гүүр талаас ирдэг уулзварыг ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, явган хүний гарцаар гарч байсан. Би машин ирж мөргөнө гэж бодоогүй урагшаа хараад явж байсан. Тэгээд юу болсныг мэдээгүй гэмтлийн эмнэлэгт ирчихсэн та сэрээрэй гэх дуугаар ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шинжээчийн 5816 тоот дүгнэлтэд: “...С.Оын биед баруун талын 4, 5, 6-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун хацар, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 41/,

Техникийн шинжээчийн 348 дугаар дүгнэлтэд: “...Toyota-Prius маркийн УБН улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч бичиг баримт: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-т заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” (ШШҮХ-ийн 2018.5.09 №5022 шинжээчийн дүгнэлт), мөн дүрмийн 3.5. “Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно” (камерын дүрс бичлэгийг үндэслэв) гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 46-47/,

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өглөө 04 цагийн үед найз С-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 94-13 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон гурвалжингийн гүүрнээс ертөнцийн зүгээр хойшоо буюу зүүнээс баруун чиглэлтэй эргэж эхний эргэдэг туслахаар хойшоо эргээд буцаад хорооллын арын замаар 3 дугаар эгнээгээр явах үедээ ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөчихсөн. Тэгээд би сандрахдаа чиглэлээ өөрчлөөд ертөнцийн зүгээр баруун зүгт буюу Хархорин захын чиглэлтэй эргэж эхний эргэдэг туслахаар хойшоо эргээд буцаад хорооллын арын замаар 3 дугаар эмнэлэг рүү очоод 3 дугаар эмнэлгийн зүүн талд автомашин мөргөөд зогссон. ...би 3 найзын хамт Коко нэртэй бааранд орж нэг, нэг шил пиво, 0.75 граммын Соёрхол нэртэй архи хувааж уусан” гэсэн мэдүүлэг /хх-н 71-72/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11, 101-103, 118-120/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 12/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 15/, ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 16/, Хохирлын баримтууд /хх-н 25-31/, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 32, 87/, шүүгдэгчийн хувийн байдалтай баримтууд /хх-н 73-81/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цаг 39 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппоро төвийн зүүн урд уулзварын замд 94-13 УБН улсын дугаартай Toyato prius /20/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” ...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, уг зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Оын: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 цаг орчим Саппоро төвийн зүүн урд гурвалжингийн гүүр талаас ирдэг уулзварыг ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, явган хүний гарцаар гарч байсан. Би машин ирж мөргөнө гэж бодоогүй урагшаа хараад явж байсан. Тэгээд юу болсныг мэдээгүй гэмтлийн эмнэлэгт ирчихсэн та сэрээрэй гэх дуугаар ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, шинжээчийн 5816, техникийн шинжээчийн 348 дугаар дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б хохирогч С.Оыг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжилсэн эд хөрөнгийн хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг хэрэгт шийдвэрлэх иргэний нэхэмжлэл үгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сар 30 хоногийн хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “...хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй тул тэнсэж, үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор хуульчилсан байна.

Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “хэд хэдэн гэмт хэрэгт хэд  хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан нь оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх зохицуулалт бөгөөд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг оногдуулсан ялтай тус тусад нь эдлүүлэхийг зохицуулаагүй хуулийн заалт гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болох боловч энэ нь шүүхэд үүрэг болгосон заалт бус бөгөөд шүүгдэгч Б.Бн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, уг ослын газрыг санаатай орхиж зугтаасан, зугтаах явцдаа бусдын эзэмшлийн 3 тээврийн хэрэгслийн мөргөж хор уршиг учруулсан зэрэг нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялд шилжүүлж нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, торгох ял оногдуулж тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд,

              - “27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутайд тус тус тооцсугай.  

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 06 сар хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 06 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял /30хоног/ ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 06 сар 30 хоног хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 06 сар 30 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  3.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР