Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ******* д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000153 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн орчим *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагийн үед “Есөн-Эрдэнэ” зах дотор байх биллъярд руу ортол Ц найзтайгаа тоглоод пиво ууж байсан. Тэгээд биллъярднаас гараад Шаргалжуут дэлгүүрээс архи аваад хамт ууцгаасан. Тэгээд Цын очих гээд юм яриад явж байгаад маргалдаж Ц нь намайг нэг удаа өшиглөхөөр нь зөрүүлээд мөргөж газар унагаагаад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед би Есөн-эрдэнэ захад байдаг биллъярдыг найз ******* хамт тоглоод 2,5 литрийн пиво уугаад сууж байхад гаднаас ******* , *******,******* нар орж ирээд бид нар 2.5 литрийн пиво хувааж уучихаад ******* архинд явж 0,75 литрийн Ерөөл архи авчирч тэр архинаас *******,******* бид 3 хувааж уусан. Харин *******, э нар уугаагүй. Тэгээд бид нар архи ууж дуусаад*******ын гэр лүү явахаар гарцгаасан. ажилтай гээд яваад өгсөн, ******* ******* бид 3*******ын гэрлүү явж байгаад ахтай таараад дэлгүүрээс би 1 литрийн Нутаг нэртэй архи авч*******ын гэрт орж *******, *******, бид нар уусан. Харин ******* архи уугаагүй, бид наргэрээс гарсан чинь ******* утсаар ярьж 2 найзаа дуудаад ирсэн, тэгээд би *******тай юм ярьж байгаад маргалдсан. ******* нүүр рүү 3 удаа гараараа цохиж, 1 удаа өшиглөсөн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...12 цагийн үед гэрээсээ ажилдаа явна гээд гараад явсан. Тэгтэл орой 19 цагийн үед манай нөхөр ******* над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэхээр нь төрсөн ах Содовоо руу нь залгаж хэлэхэд манай нөхрийг аваад ирсэн чинь ******* нь хүнд зодуулсан нүүр нь хавдсан байсан. Хамт архи уусан Б нь зодсон гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 588 дугаартай:

1. *******ын биед хамарт хугарал, баруун, зүүн нүд, хамарт цус хуралт, цус харвалт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 27-28

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 1-2/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10/, шүүгдэгч *******ын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017.11.10-ны өдрийн 1139 тоот тодорхойлолт / хх-ийн 45 /, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 35-36/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 197 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 цагийн орчим *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ..******* нь намайг нэг удаа өшиглөхөөр нь зөрүүлээд мөргөж газар унагаагаад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/

хохирогч *******ын.... нүүр рүү 3 удаа гараараа цохиж, 1 удаа өшиглөсөн. ..гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-/

гэрч *******ын ... манай нөхөр ******* нь хүнд зодуулсан нүүр нь хавдсан байсан. Хамт архи уусан ******* нь зодсон гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 588 дугаартай “... *******ын биед хамарт хугарал, баруун, зүүн нүд, хамарт цус хуралт, цус харвалт, баруун шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт / хх-ийн 27-28/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримтлав.

Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй / хх-ийн 46/ Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор бүүний эзэмшлийн самсунг ноте 5 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг ноте 5 маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА