Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

М.К-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/368 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч М.К-ад холбогдох эрүүгийн 2113000010094 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч М.К-, яллагдагчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй,  ******** хамт ********** оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн  1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх заалтад зааснаар 3 жил, 6 сар хорих ял,

Мөн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт тус тус зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан М.К- /РД:***********/

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Яллагдагч М.К- нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын Холбооны Улсын чиглэлд, мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч зорчин Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, ийнхүү нэвтрэхдээ Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс 7 тооны адууг буюу  олон тооны бод малыг бэлчээрээс нь тууж Монгол Улсын  нутаг дэвсгэрт авч ирж, мал хулгайлан хохирогч М- 6,600,000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч М.К-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, мөн хуулийн тусгай ангийн  19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн  2025/ШЗ/368 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтыг  удирдлага болгож, М.К-ад холбогдох эрүүгийн 2113000010094 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

4.1. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч М.К- нь Монгол Улсын хилийн хэддүгээр багана, тэмдэгтийн чиглэлд Оросын холбооны улс руу хууль бусаар улсын хил нэвтэрсэн нь тодорхой бус тул энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй.

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Д- нь “...М.К-ад ямар нэгэн адуу худалдаж байгаагүй бөгөөд М.К- 2020 оны 9 сарын сүүлээр байх ямар ч байсан 20-ноос хойш нэг өдөр манай гэрт 6 тооны адуу тууж 1 тооны адуу унаж ирсэн. Тухайн үед манай гэр хилээс 10-15 км зайтай намаржаанд байсан ба манайх ганц айл байсан би гэрт байсан. Тэгээд М.К- надад би Оросын холбооны улсын Тува улсаас 7 тооны адуу хилээр оруулж ирлээ. Миний унаж ирсэн морь нь тасарч сайн явахгүй байна. Надад нэг морины тах байна. Миний унаж явсан морийг тахлуулж өгнө үү гэхээр нь тухайн М.К-ын унаж ирсэн эрлийз том биетэй улаан хээр зүсмийн морийг бид хоёр тахалж бэлэн болгоод босгосны дараа надаас М.К- эмээл, өмсөх дээл асуусан. Тэгээд би М.К- өөрийн улаан хүрэн монгол дээлийг өгч өөрийн жижигдүү эмээлийг өгсөн. Тэгээд М.К- нь миний улаан хүрэн монгол дээлийг өмсөж, миний өгсөн эмээлийг улаан хээр зүсмийн бид хоёрын тахалсан морьд эмээлдэж тууж ирсэн 6 тооны адууг орой 18 цаг 00 минутын Ногооннуур сум тал руу тууж явсан, ...М.К- нь манайд тууж ирсэн 7 тооны адуу бол: 1. Өөрийн унаж ирсэн том биетэй улаан хээр зүсмийн зөв талын гуянд “М5”-2 юм уу “М6” 2 юм уу сайн анзаараагүй тийм тамгатай байсан ба зөв талын урд хөлд “4” тоо тамгатай төөлэйтэй морь байсан. 2. Бор хээр зүсмийн зөв талын урьд хөлд “4” тоо тамгатай, нэг төмсөгтэй азарга байсан ба уг азарганы зөв талын гуянд тоо юм уу, үсэг юм уу сайн харагдахгүй тамга байсан. 3. Төлтэй хүрэн /зээрд/ чиг зүсмийн 4 хөл нь зээрсэг богино дэл сүүлтэй 4- 5 насны морь байсан ба зөв талын гуянд хуучин “М6” гэсэн тамгатай байсан, 4. Зээрд халзан зүсмийн зөв талын гуянд М5 ч юм уу, М6 ч юм уу тамгатай байсан ба эрлийз зээрд халзан морь байсан. Уг морины зөв талын хөлд ч нэг тамга байсан ба ямар ч байсан тоо тамга шиг харагдаж байсан. 5. Хар хээр зүсмийн зөв талын гуянд адилхан тамгатай зөв талын хөлд 4 гэсэн тоо тамгатай 3-4 насны морь байсан. 6. Бүтэн халзан хүрэн зүсмийн томск том биетэй хүрэн халзан унагатай гүү байсан бөгөөд хойд хоёр хөл нь шилбэ хэсгээс доошоо цагаан, урд зөв талын хөл нь шагай хэсгээр цагариг цагаантай. Зөв талын урд хөлдөө 4 тоо тамгатай, зөв талын гуянд м6 гэсэн том тамгатай байсан, нийт унагатайгаа хамт 7 тооны адуу байсан. ...манайд М.К- ирж надад бүх үнэнийг хэлсэн бөгөөд Оросын холбооны улсын Тува Улсаас өөрөө очиж хил давуулан хулгайлж ирснээ хэлсэн. ...манай намаржаа Тува улсын хилээс 10-20 км зайтай тул анх М.К- 7 тооны адуу тууж манайд ирсэн, Тува улсаас 7 тооны адуу оруулж ирснийг баталгаатай хэлдэг бөгөөд би бүх үнэнийг хэлсэн...” гэх мэдүүлэг 2 дахь хавтаст хэргийн 05-08 дахь талд авагджээ Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч М.К- нь Монгол Улсын хилийн хэддүгээр багана, тэмдэгтийн чиглэлд Оросын холбооны улс руу хууль бусаар улсын хил нэвтэрсэн нь тодорхой бус тул энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй.

4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1. “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.”, 2. “Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.”, 3. “Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.”, 5. “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж заажээ.

4.4. 3 дахь хавтаст хэргийн 15-22 дахь талд авагдсан мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг хийхэд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн ажилтан Б.Төрболд, Б.Шинэхүү нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

4.5. 1 дэх хавтаст хэргийн 115 дахь талд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 40/66 дугаартай албан бичгээр “Оросын холбооны улсын Кызылийн хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 20 тоот албан захидал, Оросын холбооны улсын иргэний алдагдсан адууны талаарх холбогдох материал 27 хуудас”-ыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хаяглан хүргүүлсэн нотлох баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1. “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчсөн тул хуулийн дээрх шаардлагыг хангах нь зүйтэй.

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж заасан байх ба монгол хэл, бичиг мэдэхгүй этгээдээс мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөс тухай бүрд орчуулагч, хэлмэрч томилон оролцуулах нь зүйтэй байна.

 

5. Прокурорын эсэргүүцэлд: 

5.1. Хэргийг тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 368 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Ингэхдээ яллагдагч М.К-ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд дараах хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

5.2. Өөрөөр хэлбэл прокуророос яллагдагч М.К-ыг “2020 оны 9 сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын Холбооны Улсын чиглэлд, мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч зорчин Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч М.К- нь Монгол Улсын хилийн хэддүгээр багана, тэмдэгтийн чиглэлд Оросын холбооны улс руу хууль бусаар улсын хил нэвтэрсэн нь тодорхой бус тул энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй гэжээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хэрэг гарсан газар буюу яллагдагч М.К-ын Оросын Холбооны Улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг үргэлжилсэн үйлдлээр нэвтэрсэн байж болзошгүй гэх газарт үзлэг хийсэн. Уг газар нь Алангижгийн хоолой буюу хууль бусаар адуу оруулж ирэх бүрэн боломжтой газар орон гэдгийг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд  гэрэл зургийн үзүүлэлтүүд нотлох бөгөөд хилийн торон саад тухайн үедээ  үедээ  байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.

5.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Д- нь "...М.К-ад ямар нэгэн адуу худалдаж  байгаагүй бөгөөд М.К- 2020 оны 9 сарын сүүлээр байх ямар ч байсан 20-ноос хойш нэг өдөр манай гэрт 6 тооны адуу тууж 1 тооны адуу унаж ирсэн. Тухайн үед манай гэр хилээс 10-15 км зайтай намаржаанд байсан ба манайх ганц айл байсан би гэрт байсан. Тэгээд М.К- надад би Оросын холбооны улсын Тува улсаас 7 тооны адуу хилээр оруулж ирлээ. Миний унаж ирсэн морь нь тасарч сайн явахгүй байна. Надад нэг морины тах байна. Миний унаж явсан морийг тахлуулж өгнө үү гэхээр нь тухайн М.К-ын унаж ирсэн эрлийз том биетэй улаан хээр зүсмийн морийг бид хоёр тахалж бэлэн болгоод босгосны дараа надаас М.К- эмээл, өмсөх дээл асуусан. Тэгээд би М.К- өөрийн улаан хүрэн монгол дээлийг өгч өөрийн жижигдүү эмээлийг өгсөн. Тэгээд М.К- нь миний улаан хүрэн монгол дээлийг өмсөж, миний өгсөн эмээлийг улаан хээр зүсмийн бид хоёрын тахалсан морьд эмээлдэж тууж ирсэн 6 тооны адууг орой 18 цаг 00 минутын Ногооннуур сум тал руу тууж явсан. Нийт унагатайгаа хамт 7 тооны адуу байсан. Манайд М.К- ирж надад бүх үнэнийг хэлсэн бөгөөд Оросын Холбооны Улсын Тува Улсаас өөрөө очиж хил давуулан хулгайлж ирснээ хэлсэн. Манай намаржаа Тува улсын хилээс 10-20 км зайтай тул анх М.К- 7 тооны адуу тууж манайд ирсэн, Тува улсаас 7 тооны адуу оруулж ирснийг баталгаатай хэлдэг бөгөөд би бүх үнэнийг хэлсэн..." гэж мэдүүлдэг.

 Дээрх гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч М.К- нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлан тууж Монгол Улсын нутаг дэвсгэрт авч ирсэн гэх үйлдэлд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явуулсан хэдий ч дээрх 7 тооны адууны 4 адууны өмчлөгч М- болох нь тогтоогдсон. Бусад 3 адууны өмчлөгч, эзэмшигч удаа дараагийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт, хилийн уулзалтуудыг зохион байгуулсан ч тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэргийн талаар нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч М.К- нь хэний 3 тооны адууг хулгайлсан, уг адууны өмчлөгчийг мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулсан ч хохирогчоор тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

5.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1. "Прокурор. мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна.", 2. "Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна.", 3. "Хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.", 5. "Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ." гэж заажээ. Мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг хийхэд  Хилийн цэргийн 0285 дугаар ангийн ажилтан, алба хаагч нарыг  оролцуулаагүй, хөндлөнгийн гэрч Б.Т нь хилийн тагнуулын ажилтан, Б.Ш нь Тагнуулын байгууллагын жолооч байх тул тухайн хэрэгт хувийн сонирхолгүй байх хуулийн шаардлагыг хангасан.

 Яллагдагч М.К- нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлан тууж Монгол Улсын нутаг дэвсгэрт авч ирсэн байж болзошгүй газар нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон, шүүгчийн захирамжид дурдсан Монгол Улсын хилийн хэддүгээр багана, тэмдэгтийн чиглэлд Оросын Холбооны улс руу хууль бусаар улсын хил нэвтэрснийг нарийвчлан тогтоох нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зайлшгүй тогтоох шаардлагагүй юм. Яллагдагч М.К-ын хулгайлсан байж болзошгүй адуу бүгд гадаад тамгатай, эрлийз адуу байсан гэдгийг гэрчүүд бүгд нотолдог, мөн хохирогч М- өөрөө адуугаа таньж заасан юм.

5.6. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 40/66 дугаартай албан бичгээр "Оросын Холбооны Улсын Кызылийн хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн 20 тоот албан захидал, Оросын холбооны улсын иргэний алдагдсан адууны талаарх холбогдох материал 27 хуудас"-ыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хаяглан хүргүүлсэн нотлох баримтуудыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1. "Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ." гэж заасныг зөрчсөн тул хуулийн дээрх шаардлагыг хангах нь зүйтэй гэжээ. Дээрх бичгийн нотлох баримтууд Оросын Холбооны Улс талаас ирүүлсэн мэдээлэл болохоос гадаад улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1. "Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно" гэж заасан байх ба монгол хэл, бичиг мэдэхгүй этгээдээс мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөс тухай бүрд орчуулагч, хэлмэрч томилон оролцуулах шаардлагатай байсан талаар шүүгчийн захирамжид заажээ. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон М-нь Оросын Холбооны Улсын Тува Улсын иргэн бөгөөд түүнээс мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөс тухай бүрд орчуулагч, хэлмэрч томилон оролцуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд заагаагүй, мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэснээр хэрэг ач холбогдолгүй, тогтоох боломжгүй ажиллагааг хийж гүйцэтгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

            5.9. Яллагдагч М.К- нь 2020 оны 9 сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсаас Оросын Холбооны Улсын чиглэлд, мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсын чиглэлд тус тус Монгол Улсын хилийг үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч зорчин Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн 2020 оны 9 дүгээр сарын дундуур зохих зөвшөөрөлгүйгээр, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй /боомтгүй/ газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, улмаар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс хохирогч М-ын 4 тооны адууг буюу олон тооны бод малыг бэлчээрээс нь хулгайлан тууж Монгол Улсын нутаг дэвсгэрт авч ирж, мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох тогтоогдсон харин 3 тооны адуу хулгайлсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

5.10. Иймд Баян-Өлгий дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/368 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагч М.К-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анх А гэдэг хүний 7 тооны адууг хулгайлсан, Урианхай, Тува руу яваад, 7 тооны адуу хулгайлсан гэсэн.  7 тооны адуу хулгайлсан гэж буруутгаж байгаад  одоо 4 тооны адуу хулгайлсан гэж буруутгаж байна. Би 6 сарын үед  4 тооны адуу худалдаж авсан. Адуу худалдаж авсан хүмүүсийг дэлгүүрт оруулж ирээд, эхнэрээс 3,000,000 төгрөг аваад, мөнгийг бэлнээр тоолж өсгөн. Адуугаа би зуслан дээр гаргачхаад, сүүлдээ зуслан дээр очиход нөгөө 7 тооны адуу байхгүй болсон. Би 4 тооны адуу худалдаж аваад, өөрийн 3 тооны адуутай нийлүүлж, хадам аавын “Буриат” гэх зусланд тууж авчирсан. Би зунжингаа хүн амьтнаас сурагласан, байцаагч хүртэл энийг шалгаж өгөөч гэж хэлсэн.

6.2. Анх 7 тооны адуу хулгайлсан, одоо 4 тооны адуу хил нэвтэрч хулгайлсан гэж байна.  Би маш их гомдолтой байна.  Одоогийн байдлаар хил нэвтэрч хулгай хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хоёр талтай цэрэгтэй, тоортой байдаг.  Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн  хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулж удаа дараа гаргаж байсан.

6.3. Би  эхнэр, 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Манай эхнэр дэлгүүр ажиллуулдаг, би хүүхдүүдээ өөрөө харна. Сумын Цагдаагийн тасгийн хажууд манай байшин байдаг. Хохирогч гэдэг хүн эхлээд 7 тооны адуу гэсэн, дараа нь 4 тооны адуу болсон. Хэргийг үнэр зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж, би 3 хүүхэдтэй, Би Монгол Улсын иргэн, энэ тэндээс ирээгүй, дандаа нэг талыг бариад, заавал намайг яллах ёстой гэж ханддаг.

6.4. Би хүнээс морийг худалдаж аваад, буцаагаад хүнд худалдсан нь үнэн. Би худалдаж авсан малыг гэгээн цагаан өдөр аймагт авч ирээд, худалдсан. Би тухайн малыг хулгайлж авсан бол гэгээн цагаан өдөр тууж ирээд, зарахгүй.   Хавар өглөө портер машинтай 2 хүн дээгүүрд ирээд тамхи авсан. Хоёр иргэн хоёулаа Монгол хүн байсан, нэг нь настай хүн байсан, нэг нь залуухан залуу байсан. Тэгээд тэр хүмүүс үдээс хойш ирээд “энэ малыг авчихгүй юу” бид нар холоос явж байгаа гэсэн.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            7. Давж заалдах шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянан үзэж, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

 

            8. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 5-15 дахь заалтад мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн буюу яллагдагч М.К-ын хэрэгт түүнийг хилийн аль хэсгээр нэвтэрсэн, хэдэн адуу хулгайлсан зэрэг гол нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, яллах дүгнэлтэд түүнийг 2020 оны 9 сард зөвшөөрөлгүйгээр хилийн шалган нэвтрүүлэх цэггүй газраар хил давж, олон тооны адуу хулгайлсан гэж дүгнэсэн, гэрч М.Д-ын мэдүүлгийг хуульд заасан журмаар үнэлээгүй, хохирогч нарыг нарийвчлан тогтоож, хэдэн адуу хулгайлагдсан, эзэн нь хэн болохыг тодруулж, буцаан өгөх ажиллагаа хийгдээгүй, хөндлөнгийн гэрчийг хувийн сонирхолгүй хүнээс сонгоогүй, гадаад улсын баримт сэлт, мэдээллийг хуульд заасан олон улсын гэрээний дагуу авч ашиглаагүй, монгол хэл мэдэхгүй этгээдээс мэдүүлэг авахдаа орчуулагч, хэлмэрч оролцуулаагүй буюу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцээгүй, нотлох баримт хангалтгүй, гол нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй тул цаашид нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзжээ.

 

            9. Шүүгчийн уг захирамжийн талаар прокуророос “яллагдагч М.К- нь 2020 оны 9 дүгээр сард ОХУ-ын нутаг дэвсгэрээс, хилийн шалган нэвтрүүлэх цэггүй газраар 7 тооны адууг хулгайлан тууж ирсэн, уг 7 тооны адууны 4 тооны адууны өмчлөгч М-мөн болох нь тогтоогдсон, бусад 3 тооны адууны өмчлөгч тогтоогдоогүй тул хэн нэгнийг хохирогчоор тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон”, “Мөрдөгчөөс хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр хилийн тагнуулын ажилтан болон тагнуулын жолооч нарыг оролцуулсан нь хууль зөрчөөгүй”, “хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтуудыг ОХУ-аас ирүүлсэн болохоос эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу авах шаардлагагүй”, “орчуулагч, хэлмэрчийг тухай бүр шаардлага гарсан үед томилж оролцуулсан” зэргээр эсэргүүцэл бичжээ.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахаас гадна яллах болон цагаатгах талын мэтгэлцэх боломжийг тэгш хангах зарчимд нийцсэн байх шаардлагатай.

 

            Гэтэл шүүх прокуророос яллагдагч М.К-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар бусдын буюу гадаадын иргэний 4 тооны буюу олон тооны адууг улсын хилээр нэвтрүүлж, хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэлүүдийн аль нь ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.

 

            11. Тухайлбал, “М.К- нь Монгол Улсын хилийн хэддүгээр багана, тэмдэгтийн чиглэлд Оросын холбооны улс руу хууль бусаар улсын хил нэвтэрсэн нь тодорхой бус тул энэхүү нөхцөл байдлыг тогтоох”, “гэрч М.Д- нь М.К-ыг 7 тооны мал хулгайлсан талаар мэдүүлсэн байхад 4 тооны мал хулгайлсан талаар яллах дүгнэлт үйлдсэн тул яллагдагчийг чухам хэдэн тооны адууг хулгайлсан, үлдсэн 3 тооны адууны өмчлөгчийг олж тогтоох” гэж заасан үндэслэлүүд шүүх хэргийн нөхцөл байдлыг яллах болон цагаатгах талын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчмуудад тус тус нийцээгүй. Захирамжид дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар тодруулах, улмаар шүүх хэрэгт цугларсан тэдгээр нотолгооны хэрэгслүүдийг, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг нотлогдсон, эсхүл мэтгэлцээний үндсэн дээр үгүйсгэгдсэн хэмжээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            12. Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсан, хэрэгт авагдсан ОХУ-ын талаас ирүүлсэн бичмэл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулж бүрдүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 хэсэг зөрчигдсөн гэх;

Хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийхэд Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 2 ажилтныг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан бөгөөд тэдгээр нь яллагдагч М.К-ын холбогдсон хэрэгт хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг тус тус зөрчигдсөн гэх үндэслэлгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор тухай бүр орчуулагч, хэлмэрчийг томилж, оролцогчийн эх хэл дээрээ, эсхүл мэддэг хэлээр мэдүүлэг, тайлбар өгөх эрхийг хангасан байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчигдсөн гэсэн нөхцөл тогтоогдоогүй болно.

 

            13. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад нийцээгүй учраас тус захирамжийг мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүргүүлж, яллагдагч М.К-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33 дугаар заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/368 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан яллагдагч М.К-ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээс гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                м.нямбаяр

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК