Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00009

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00009

 

 

 

 

 

 

 

 

 

Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох, гэрээний үүрэгт 24 065 676 төгрөг гаргуулах үндсэн, 41 254 385 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Орчлон констракшн ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2013 онд Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний нэгдсэн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу барилга байгууламжийг барих явцад хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлууд гарч 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээнүүдийн дагуу тохиролцсон ажлыг холбогдох барилгын норм дүрмийн дагуу гүйцэтгэж дуусаад ажлын үр дүнг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн өгч, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон. Тухайн барилгын ажлыг гүйцэтгэхэд гэрээт ажлын магадалшгүй ажлын зардалд 83 524 182 төгрөг гарсан бөгөөд энэ зардлыг төлөх талаар талууд протокол үйлдсэн. Гэрээ дүгнэсэн акт болон магадалшгүй ажлын санхүүжилтийн акт гэсэн баримтуудаар 83 524 182 төгрөгийн ажлыг манай компани хийж өгсөн, мөн магадалшгүй ажилд ямар ажлууд орсон талаар тодорхойлж тохирсон. Талууд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг дүгнэсэн протокол үйлдэж, протоколын дагуу захиалагч талаас Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж дүгнэж, гэрээний ажлын үр дүнд ямар нэг санал маргаан гарч байгаагүй. Захиалагч тал магадалшгүй ажлын зардлаас 19 565 676 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хийж үлдээхээр тохирсон. Эрх бүхий байгууллагаас магадалшгүй ажлын зардлыг бүрэн гүйцэд олгохыг дэмжсэн гэдгээ илэрхийлж талууд протокол үйлдсэн. Барьцаа хөрөнгөөс гадна 4 500 000 төгрөгийн ажлын хөлсийг санхүүжилт буцаан татагдсан гэдэг шалтгаанаар шилжүүлээгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ажлын хөлсийг олгохгүй байгаа тул барьцаа хөрөнгийн дансанд үлдсэн 19 565 676 төгрөг, санхүүжилт буцаан татагдсан гэх үндэслэлээр олгогдоогүй үлдсэн 4 500 000 төгрөг, нийт 24 065 676 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна. Хуульд зааснаар Орчлон констракшн ХХК нь ажлын үр дүн буюу Хан-Уул дүүргийн Төрийн захиргааны төв байгууллагын барилгыг барьж гүйцэтгэж улсын комиссд хүлээлгэж өгсөн. Ажлын үр дүнгийн доголдлын талаар маргаан байхгүй учир Орчлон констракшн ХХК хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайлбарт: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Орчлон констракшн ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийг барих ажлын гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2 удаа сунгаад 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тохиролцож, гэрээний хугацааг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сунгасан. Мөн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 749 900 000 төгрөгийн санхүүжилттэй нэмэлт гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ажлыг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэлээр шаардаж байгаа магадалшгүй ажлын зардал болох акт нь гэрээг дүгнэсэн хурлын протоколоос өмнө үйлдэгдсэн акт юм. Энэ актыг үйлдсэний дараа 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр техникийн зөвлөлийн хурал болж, 63 958 506 төгрөгийг магадалшгүй ажлын зардлаас олгож, үлдэгдэл мөнгийг ажлын төсөвтэй дахин тулгаж баталгаажуулснаар олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс дахин тулгаж, магадалшгүй ажлын зардлыг олгох үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарсан. Магадалшгүй ажил гэдэг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын төсөл зохиох дүрмийн 8.1-д заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөлд төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын явцад зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадалшгүй ажлын зардлаар тооцдог. Гэтэл энэ ажил нь үндсэн ажлын гэрээнээс гадна нэмэлт ажлын гэрээгээр дахиад 749 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилт авсан. Ямар ч магадалшгүй ажлын зардалд санхүүжилт гэж гаргах үндэслэлгүй. Ямар тохиолдолд магадалшгүй ажлын зардлыг олгох талаар журмын 8.4-т заасан хүчин зүйлүүд гэрээний явцад үүсээгүй. Түүнчлэн магадалшгүй ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр өндөрсгөж гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул магадалшгүй ажлын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Төсөвт татагдсан 4 500 000 төгрөг гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага санхүүжилтийг бүрэн авсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Нийлэлийн хөрөнгө оруулалтын газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийг тендерийн бичиг баримтаар шалгарсан гүйцэтгэгчтэй тендерийн үнийн саналаар гэрээ байгуулах ба захиалагч ажлын зураг төсвийн үнэ болох 61 716 420 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс суутган авч санхүүжүүлнэ гэж заасан. Тус тендерийн бичиг баримтын дагуу гүйцэтгэгчээс ирүүлсэн бичигт зураг төслийн өртгийн үнэд 61 716 420 төгрөг байхаар санал ирүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, дугаар 9 гэсэн гүйцэтгэлийн баримтаар зураг төсвийн үнэд 20 462 035 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэсэн гэж ирүүлсэн. Ингээд тооцоход илүү төлсөн 41 254 385 төгрөгийг захиалагчид хүлээлгэж өгөх ёстой байтал зураг төслийн үнэ 61 716 420 төгрөгийг бүрэн авсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д заасан ажил гүйцэтгэхээр захиалагчаас шилжүүлсэн материалыг гүйцэтгэгч зориулалтын дагуу ашиглаад үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийг зөрчсөн. Тиймээс ажлын зураг төсвийн үнэ гэж үндэслэлгүйгээр илүү авсан 41 254 385 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зураг төсвийн үнэ нь 61 716 420 төгрөгөөс 20 462 035 төгрөгийг зарцуулсан байхад үндэслэлгүйгээр үлдэх мөнгийг авсан гэж тайлбарлаж байна. Энэхүү барилга байгууламжийг ашиглалтад оруулсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн комиссын актаар барилгын гүйцэтгэгч зураг төслийг зохиосон этгээдүүд, холбогдох төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөгч нар оролцож барилгыг хүлээж авсан. Зураг төсвийг зохиосон байгууллага нь Говь трэвел ХХК, ЭГЭ ХХК юм. Орчлон констракшн ХХК нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй, харин зураг төслийг зохиох тусгай зөвшөөрөл байхгүй тул тус мөнгийг авах үндэслэлгүй. Хэрэв Орчлон констракшн ХХК-д шилжүүлсэн гэж байгаа бол ямар үндэслэлээр яаж шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Говь трэвел ХХК, ЭГЭ ХХК-аар гүйцэтгүүлээд төлбөрийг нь магадгүй манай компаниар дамжуулж явуулсан байхыг үгүйсгэхгүй. Бид нар зураг төслийн мөнгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас аваагүй, харин ч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэсэн хэдий ч нэмэлт ажлын санхүүжилтийг авч чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна. Анх хариуцагчаас Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байгууллагын барилга байгууламжийн угсралтын ажлын тендер зарлагдахад зураг төсөл нь батлагдсан зөвхөн барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгч компанийг шалгаруулж гэрээ байгуулсан. Манайхаас барилга угсралтын ажлын төсвийг зохиосон болохоос зураг төслийг тусдаа гэрээ байгуулсан зүйлгүй. Мөн комиссын актаас гадна Говь трэвэл ХХК-тай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байгуулсан гэрээ хэрэгт авагдсан бөгөөд зураг төслийг Говь трэвел ХХК, ЭГЭ ХХК хийсэн, эдгээр компаниуд өнөөдрийг хүртэл нэхэмжлэл, гомдол санал гаргаагүй байгаа нь зураг төслийн санхүүжилт мөнгийг авсан гэж үзэхээр байна. 41 524 385 төгрөгийг авсан гэх тайлбар үндэслэлгүй. Талуудын хооронд зураг төсөл хийх талаар ямар нэг гэрээ хэлцэл байгуулагдаж, хэрэгжихгүй болсон асуудал байдаггүй. Бид нар барилгын ажил угсарч гүйцэтгэсэн ажлын хөлсийг авсан. Зураг төсөлд барилгын ажлын зураг төсөл тусгагдаж байгаа нь төсвийн тухай хуулийн дагуу заавал орох ёстой зүйл байдаг учраас үүнийг үгүйсгэхгүй. Дээрх хэмжээний мөнгийг зураг төсвийн мөнгө гэж шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 6 385 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17 680 494 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-аас 41 254 385 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 318 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас, 882 000 төгрөгийг нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-аас тус тус гаргуулан шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 278 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364 222 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, 117 112 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК-ийн давж заалдах гомдолд: Орчлон констракшн ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ХУД-2011/01 тоот Хан-Уул дүүргийн төрийн үйлчилгээний нэгдсэн барилга байгууламжийн ажлын гэрээ, ХУД-2013/08/07 тоот Хан-Уул дүүргийн төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийн хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлын гэрээг тус тус байгуулан, гэрээгээр тохиролцсон ажлаа холбогдох норм, дүрэм, журмын дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Хан-Уул дүүргийн төрийн үйлчилгээний төв барилгыг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулах акт гаргасан. Манай компани болон захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эрх бүхий хүмүүс 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд энэхүү протоколын дагуу захиалагч талаас Хан-Уул дүүргийн төрийн үйлчилгээний төв барилгын ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж дүгнэж, гэрээт ажлын магадалшгүй ажлын зардал болох 83 524 182 төгрөгөөс 19 565 676 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хийж, энэхүү барьцаа хөрөнгийг ажлын төсөвтэй дахин тулгалт хийн баталгаажуулан олгоно гэсэн бөгөөд энэ нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд бичигдсэн. Дээрх барьцаа хөрөнгийн данс дахь мөнгөнөөс гадна 4 500 000 төгрөгийг санхүүжилт буцаан татагдсан, төсөвгүй болсон гэдэг шалтгаан хэлж, шилжүүлээгүй үлдээсэн. Улмаар үлдээсэн, барьцаалсан мөнгийг төлөлгүй удсан тул манай компани шүүхийн журмаар нэхэмжилснийг анхан шатны шүүх шийдэхдээ шинжээчийн дүгнэлтээр гарсан дүнг харгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт бүрдүүлж, тусгай мэдлэг шаардсан асуудлыг тодруулахын тулд шинжээч томилох нь хуульд нийцэх ч шинжээчийн дүгнэлтийг заавал ашиглан, хэргийг шийдэх ёстой гэсэн үг биш. Маргааны хувьд ашгийн төлөө хуулийн этгээд нь төрийн байгууллагатай гэрээ хийж, ажил гүйцэтгэсэн ба харилцан тохиролцож, гэрээний үнэ өөрчлөгдсөн. Шинжээч тухайн ажилд зарцуулсан байж болох мөнгөн дүнг гаргасан нь нэхэмжлэгчид олгох ёстой дүн биш. Тухайн гэрээгээр тохиролцсон үнийн дүнд багтаан ажлаа хийж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгч нь нэмэлт төлбөр шаардах эрхгүй, харин тухайн гэрээний үнэдээ багтаан ажлаа гүйцэтгээд, зөрүү гаргаж чадвал тэр нь ашгийн төлөө хуулийн этгээдийн ашиг болж үлдэнэ. Түүнд нь төр хувийн компанид илүү мөнгө төлөхгүй, яг хийсэн ажлынх нь мөнгийг өгнө гэсэн байдлаар хандах нь зохимжгүй. Хувийн компани уг ажлыг хийхийн тулд зээл авах, хүү төлөх, хөрөнгө оруулалт татах зэрэг олон ажил хийдэг ба тухай бүр зардал дагуулж байдаг. Гэвч эдгээр нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдохгүй. Иймд нэгэнт магадалшгүй ажлын төсвийг 83 524 183 төгрөгөөр тооцсон тул үүнээс төлөөгүй үлдсэн 19 565 676 төгрөг болон санхүүжилтгүй байна гэсэн шалтгаанаар олгоогүй 4 500 000 төгрөг, нийт 24 065 676 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ёстой тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 17 680 494 төгрөгийг нэмж гаргуулан, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Орчлон констракшн ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг, гэрээний магадлашгүй ажлын зардлаас барьцаа хөрөнгийн дансанд үлдээсэн 19 565 676 төгрөг, нийт 24 065 676 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч санхүүжилтэд илүү төлсөн 41 254 385 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийн ажлын гэрээгээр нэхэмжлэгч нь барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь 5 000 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээж, гэрээний хугацааг 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус сунгасан,

2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга, байгууламжийн хөргөлтийн систем, гадна холбоо, барилгын нэмэлт ажлын гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 749 900 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх 6-8, 10/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн ажил үүргийг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба хариуцагч 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилгыг ашиглалтад оруулах комиссын 2013/239 дугаар акт үйлдэн хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй /хх 11-13, 14/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээт ажлын магадлашгүй ажлын зардал болох 83 524 182 төгрөгөөс барьцаа хөрөнгийн дансанд хийсэн 19 565 676 төгрөг, санхүүжилт буцаан татагдсан үндэслэлээр олгогдоогүй 4 500 000 төгрөг, нийт 24 065 676 төгрөг гаргуулах гэж тайлбарлажээ.

Монгол улсын зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 6.48-д Тогтмол үнээр тохирсон гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тооцоонд магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийн хэмжээг гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах актаар тодорхойлно гэж заажээ. Талууд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэх протокол үйлдэж, магадлашгүй ажлын зардлын 83 524 182 төгрөгөөс 19 565 676 төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд хийж, ажлын төсвийг дахин хянан баталгаажуулснаар гэрээг дүгнэж олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь магадлашгүй ажлын зардалд гүйцэтгэгчээс ирүүлсэн 83 524 182 төгрөгийн төсвөөс 63 958 506 төгрөгийг олгосон болох нь хэргийн 18 дугаар талд авагдсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хэргийн 104-113 дугаар талд авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбооны дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Төрийн үйлчилгээний төв байрны магадлашгүй ажлын зардал 70 344 128 төгрөг болохыг тогтоосон, уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд заасантай нийцсэн, энэ талаар гомдол гаргаагүй.

Шүүх дээрх шинжээчийн дүгнэлт, магадлашгүй ажлын зардлын талаар талуудын тохиролцооны тухай хуралдааны тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, гүйцэтгэгч Орчлон констракшн ХХК-ийг магадлашгүй ажлын зардлыг шинжээчийн тогтоосон дүн болох 70 344 128 төгрөгөөс захиалагчийн төлсөн 63 958 506 төгрөгийг хасч үлдэх 6 385 622 төгрөгийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэргийн 76 дугаар талд авагдсан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №9 баримтаар хариуцагч нь Хан-Уул дүүргийн Төрийн үйлчилгээний төв байрны барилга байгууламжийн ажлын хөлсөнд 5 000 000 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байх ба нэхэмжлэгч нь гэрээт ажлын хөлсөнд 4 500 000 төгрөг дутуу төлсөн эсэх талаар хариуцагч байгууллагад хандсан баримтгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Сөрөг шаардлагын тухайд, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлын зураг төсвийн үнэд 41 254 385 төгрөг илүү төлсөн гэж тайлбарласан боловч шүүх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн санхүүгийн тэмдэг бүхий нийслэлийн төсвийн хөрөнгөөр олгосон санхүүжилтийн талаарх баримт, Орчлон констракшн ХХК-ийн гаргасан Барилгын ажлын нэгдсэн төсөв №05/2011, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №9 зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийг зураг төслийн ажлын гүйцэтгэлээс 41 254 385 төгрөг илүү авсан гэж үзэхгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ