| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2420001630156 |
| Дугаар | 2025/ДШМ/51 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/51
Б.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор Э.Намуун /цахимаар/,
Хохирогч нарын өмгөөлөгч Н.Баярмаа /цахимаар/,
Хохирогч Д.Б /цахимаар/, Б.Т, Г.А,
Иргэний нэхэмжлэгч О.С /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат,
Шүүгдэгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Эд холбогдох 2420001630156 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн *т байрлах 18-ын худаг гэх газарт Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-т заасан "энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр явахыг хориглоно", мөн дүрмийн 12.3-т заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогсож байсан * улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хажуугийн шороон хэсэгт явган явж байсан иргэн Б.Т, Г.А, Д.Б нарыг мөргөж, хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүнд, Г.А, Д.Б нарыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2 (хоёр) жилийн хугацаагаар гадагш зорчихыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын дэлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эоос 9,394,157 төгрөгийг (1,474,157+7,920,000) гаргуулж хохирогч Б.Тд, 18,056,570 төгрөгийг (4,856,570+13,200,000) хохирогч Г.Ад, 9,853,500 төгрөгийг (1,933,500+7,920,000) хохирогч Д.Бд, 710,779 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Ст, 6,108,630 төгрөгийг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгож, хохирогч Б.Т, Г.А, Д.Б , иргэний нэхэмжлэгч О.С нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Эы эзэмшлийн битүүмжлэгдсэн * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг хэвээр үлдээж, гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахуулахаар * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Т.Үад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар хэлэлцэх бололцоог хангаж өгсөн та бүхэнд баярлалаа. энд дурдаж хэлэх зүйтэй зүйл байна. Нэгдүгээрт би ажлаа хийж байгаа хүн. Б.Э гэдэг хүн өмгөөллийн үйл ажиллагаа авах, давж заалдах гомдол гаргах амьсгал авахтай адилхан ийм эрхтэй. Үүнийг бас хэлэх хэрэгтэй. Миний үйлчлүүлэгчийг гадаа ямар нүүрээрээ гомдол гаргадаг юм гэж дайрч доромжилсон байна. Үүнийг бас дурдах нь зүйтэй. Тэрнээс гадна давж заалдах гомдлын гол утга нь би Б.Эыг зөвтгөх гээд байгаа юм биш. Буруутай үйлдэл байна. Тэрэнд нь тохирсон ял шийтгэл оногдсон байна. Гэхдээ шүүгч хэтэрхий сэтгэл хөөрөлд автагдаад уйлж унжаад байгаа хүний сэтгэл санааны хохирлыг маш өндөр гаргасан. Энэ төлөгдөх магадлал маш бүрхэг. Миний үйлчлүүлэгч ажил хийгээд хүний үс засаад хуруу хумсаа хуйхлаад таван цаас олчихсон. Олсон орлогоо бүгдийг нь буюу 22,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Гэхдээ ирээдүйд гарсан сэтгэл санааны хохирол бүх юмтай нийлээд бараг 50,000,000 гаруй төгрөг төлөх ёстой болоод байгаа. Энэ нь хийсвэр амьдралд нийцэхгүй байна. Ийм учраас үүнийг бас хэтэрхий өндөр байх нь буруу байна гэж би гомдол гаргасан юм. Миний гомдлын гол утга нь тэрнээс Б.Эыг энхийн цагаан тагтаа шиг ерөөсөө буруугүй гэж байгаа юм биш. Ер нь шүүхийн шийдвэрт амьдралд жоохон нийцсэн шүүхийн шийдвэр байх ёстой гэж би үздэг. Тийм учраас энэ давж заалдах гомдлыг гаргасан. Энэ давж заалдах гомдлоо дэмжинэ. Өөр зүйлгүй” гэв.
6.Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан хэлэх нэмэлт тайлбар байхгүй” гэв.
7.Хохирогч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан хэлэх нэмэлт тайлбар байхгүй” гэв.
8.Хохирогч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч хүн хүнийг өмгөөлж байна гэж ойлгож байна. Гэхдээ энэ хүмүүс ингэж яриад байх юм. 50,000,000 гаруй төгрөгийн сэтгэл санааны хохирол гэж яриад байна. Энэ хохирол чинь одоог болтол арилаагүй байна. Надад жишээ нь байна. Би гурав хоногийн өмнө * дугаартай альфарданд суугаад Улаанбаатараас Замын-Үүд сум орохдоо тэр жолоочийг нэг ч явуулаагүй. Би 80 километрийн хурднаас дээшээ гаргаагүй. Би шөнө явж таарсан. Гэтэл нөгөө жолоочийг дайвалзахад унтаж байна гэж айж байгаа. Гэтэл энэ хүн сэтгэл санааны хохирлыг их байна гэж яриад байх юм. Энд чинь хохирогч нар чинь гурваас дөрвөн хүн байгаа. Над дээр 9,000,000 төгрөг байгаа. Тэр мөнгө чинь миний өнөөдрийн энэ хүнээс болж гарсан шарах болон эрүүл мэндийг өнөөдөр одоо болтол нөхөж чадахгүй байгаа. Яагаад ойлгохгүй байгаа юм. Би орон зайн мэдрэмжээ алдаад толгой эргэлт нь өнөөдрийг хүртэл байна. Би өчигдөр 103-т 4 цаг хэвтэж байгаад гарч ирлээ. Энэ чинь биш юм уу, яагаад та нар өнөөдөр нэг ийм жижигхэн зүйл энэ хүн өнөөдөр дахиад л яриад ийм байдалтай байж байгаа. Гэтэл би одоо дөнгөж сая энэ хүнтэй таарсан. Энэ хүн сайн байцгаана уу, бие чинь гайгүй юу гэж асуугаагүй. Бид нараас энэ хүн тэгээд одоо өөрийнхөө гэм бурууг ойлгож байгаа хүн мөн үү, биш үү. Энэ мөнгийг та нар нэг их мөнгө гэж яриад байх юм. Өнөөдөр миний энэ алдсан хугацаа болон миний эрүүл мэндийг нөхөж чадахгүй наад мөнгө чинь. Тэгэхэд энэ өөрийнхөө хүнийг өмгөөлөх ёстой гээд ингээд бөөнд нь базчихаад ийм зүйл яриад суугаад байгаа. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлтэй байгаа. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
9.Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн үнэхээр гэм буруугаа ухаараагүй. Энэ хүн намайг ер нь дандаа үл тоодог. Энэ бүх хүнийг наад хүн чинь утсаараа блоклочихсон. Фейсбүүкийг нь блоклочихсон, утсыг нь блоклочихсон. Би анхан шатны шүүх хуралдааны дараа залгасан чинь намайг муу сайн писданууд минь би та нарт нэг ч төгрөг өгөхгүй та нарт зуун төгрөг ч өгөхгүй, та нар хүүхэдтэй хүнийг хориулна гэсэн биз дээ би тэр шоронд чинь яваад өгье. Хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилсон. Би одоо эмнэлгээр явж байгаа. Чи ядаж миний үлдэгдэл мөнгийг өгчхөөч би энэ хүнээс яагаад өнөөдөр гуйх ёстой юм. Би үнэхээр гомдолтой байна. Яагаад бүтэн жил 2, 3 сар болж байхад жоохон мөнгийг надад өгөөгүй. Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй хэвээр үлдээж өгнө үү” гэв.
10.Иргэний нэхэмжлэгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Өөрийн эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгөөс 500,000 төгрөг өгсөн үлдэгдлийг одоо хүртэл өгөөгүй байна. 50,000,000 гаруй төгрөг гэж өмгөөлөгч ярьж байна. 3 хүнд хуваагдсан гэдгийг та яагаад ойлгохгүй байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
11.Хохирогч нарын өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нарын тайлбарыг дэмжиж оролцож байна. Хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг тогтоохдоо хохирогч нарын биед гэмтлийн зэрэг тогтооход илрээгүй гэмтэл ослын дараа хор уршиг илрээд явж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг өндрөөр тогтоосон. Шүүгч тухайн үед сэтгэлийн хөөрлөөр тогтоосон гэж байна. Гэтэл хохирогч нарт учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх тогтоогоогүй. Шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч нарт учирсан сэтгэл санаанд учирсан хор уршгийг тогтоох журмын дагуу хохирол учирч вэ гэдгийг зэрэглэлээр тогтоогоод өгсөн байгаа. Тэр зэрэглэлийн дагуу хохирогч нарын биеийн байдал, зовуурь, шаналал өнөөдөр анхан шатын шүүх дээр болохоор шүүх илэрхийлж байгаа. Сэтгэл санааны илэрхийлэл зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс хохирогч нарт журмынх нь дагуу хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож өгсөн гэж үзэж байгаа. Тийм учраас хохирогч нарын саналыг дэмжиж оролцож байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
12.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг тэдгээрийн биед учирсан гэмтэл, өвдөлт, шаналал, хохирогчид учирсан бүх нөхцөл байдлуудыг гэмтэлд учирсан үр дагавар, бүх нөхцөл байдлыг нь харгалзаад тогтоосон баримт учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатаас ирүүлсэн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хасах ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирно гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өглөө Дорноговь аймгийн *т буюу Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн засмал замд * улсын дугаартай Тоёота альпарт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогссон * улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг мөргөж, уг машинаас буун явган явж байсан иргэн Б.Т, Г.А, Д.Б нарыг мөргөж, хохирогч Б.Тийн эрүүл мэндэд хүнд, Г.А, Д.Б нарыг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон.
Энэ үйлдэлд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 жилийн хугацаагаар хасч, Нийслэлийн Баянзүрх дүүгийн нутаг дэвсгэрээс 2 жилийн хугацаагаар гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.
4.Уг шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатаас эс зөвшөөрч “...болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэгтэй адилтган ял оногдуулсан, хохирогчдын сэтгэл санааны хохирлыг шүүхээс хэт өндөр тогтоосон” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн шүүгдэгчийн гэм буруугийн байдалд хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзсэн.
Тодруулбал: Шүүгдэгч Б.Эы Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн засмал замд * улсын дугаартай “Тоёота альпарт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хажуугийн зорчих хэсгийн хөвөөнд зогсож байсан * улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашиныг мөргөхдөө уг машинаас буун явган явж байсан иргэн Б.Т, Г.А, Д.Б , О.С нарыг мөргөж, хохирогч Б.Түвшин-Эрдэнийн эрүүл мэндэд хүзүүний С2-р нугалмын хугарал бүхий хүнд гэмтэл, Г.Ад умдаг яс, суудлын яс, бүсэлхийн 5-р нугалмын хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, Д.Бд уушгины няцрал, баруун 9,10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр, О.Ст гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч нуруунд жийргэвч цүлхийлт, мөгөөрсний урагдал, зөөлөн эдийн гэмтлийг тус тус учруулсан үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасан "...энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-т зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр ...хөвөөгөөр явахыг хориглоно", мөн дүрмийн 12.3-т заасан "...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэх шинжүүдэд нийцсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, ослын талаарх техникийн шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах болон прокурорын хяналтад хэргийн оролцогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулсан, тэдний зүгээс тусгайлсан санал хүсэлтийг гаргаагүй ба мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч нарт учруулсан хохирлын төлбөр дээр маргаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
6.Анхан шатны шүүх хохирогч нарын эмчилгээнд гарсан зардлыг хохирогчдоос гаргаж өгсөн нотлох баримтууд болон мөрдөгчөөс гаргаж өгсөн хохирлын тооцоонд үндэслэн шүүгдэгчээс тэдэнд төлсөн болон төлөгдөөгүй тооцооллыг дараах байдлаар гаргасан. Үүнд:
-хохирогч Б.Т 9,635,694 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 8,123,040 төгрөгийг төлсөн, үлдэх 1,474157 төгрөгийг төлөөгүй гэж,
-хохирогч Г.А 12,406,870 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 7,550,000 төгрөгийг төлж, үлдэх 4,856,570 төгрөгийг төлөөгүй гэж,
-хохирогч Д.Б 6,966,500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 5,033,000 төгрөгийг төлж, үлдэх 1,933,500 төгрөгийг төлөөгүй гэж,
-иргэний нэхэмжлэгч О.С 1,210,779 төгрөгийг нэхэмжилснээс 550,000 төгрөгийг төлсөн, үлдэх 710,779 төгрөгийг төлөөгүй гэж,
-хохирогч нарт үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нийт 6,108,630 төгрөгийг нэхэмжилснийг төлөөгүй гэж тус тус тооцож гаргасан нь хэрэгт авагдсан зардлын баримтуудаар тогтоогдсон ба эмчилгээний зардлуудын үлдэгдлийг шүүгдэгчээс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл: Бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэм хор учруулсан шүүгдэгч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
7.Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 230 дугаар зүйлд 230.2, 497 дугаар зүйлд 497.1 дэх хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн улмаас “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан заасан нь сэтгэцэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд, хэмжээг шинээр тодорхойлсон Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасан хэм хэмжээг зөвхөн дээрх хугацаанаас хойш үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж ойлгоно.
Шүүгдэгч Б.Эы үйлдсэн гэмт хэрэг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан тул энэ хуулийн зохицуулалтад хамаарах юм.
Иймээс анхан шатны шүүх хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүнд, хүндэвтэр хохирол бүрэн арилаагүйгээс урьдынх шигээ ажил амьдралаа хэвийн явуулж чадайхгүйгээсээ болж тэдний сэтгэл зүйн шаналал, гомдолтой байгаа нь тогтоогдсоныг харгалзан Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн хохирогч Б.Т, Б.Болор-Эрдэнэ нарт тус бүр жишиг аргачлалын гуравдугаар зэрэглэлийг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөг, хохирогч Г.Ад 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул хохирлыг хасах боломжгүй.
Иймд энэ үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй юм.
8.Прокуророос шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдсэн боловч нэг үйлдлээр хохирогч Б.Болор-Эрдэнэ, Г.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.Түвшин-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэх санал гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ба Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан гэмт үйлдэлд тооцох хуулийн шаардлага зөрчигдөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Шүүгдэгч Б.Э нь болгоомжгүйгээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анхан удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохирлуудыг хангалттай төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах үндэслэлд нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “...зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар” гэж өөрчилж,
3 дугаар заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж нэмж, тогтоолын 3, 4, 5, 6, 7, 8 дугаарыг 4, 5, 6, 7, 8, 9 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧ А.САЙНТӨГС