Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00067

 

 

 

 

 

 

2018 01 03

00067

 

 

Б.Батдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31ий өдрийн 183/ШШ2017/02349 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Грандлайн ХХК-д холбогдох

 

Үүргийн гүйцэтгэлд 228 204 000 төгрөг гаруулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Грандлайн ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж, өөрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн зориулалттай газрыг Грандлайн ХХК-ийн эзэмшилд шилжүүлж газрын төлбөрт тус компанийн төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулах орон сууцнаас авахаар тохиролцсон. Гэтэл төслийг хэрэгжүүлэгч Грандлайн ХХК гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, орон сууцнуудыг хүлээлгэж өгөөгүй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд баригдах Түмэн амгалан хотхон нь 2013 оноос хойш өнөөг хүртэл 4 жил гаруй хугацаанд суурь цутгасанаас өөр барилгын ажил хийгээгүй, хэзээ баригдаж ашиглалтад орох нь тодорхойгүй зэрэг байдлаас үзэхэд гүйцэтгэгч Грандлайн ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй байх бодит нөхцөл байдал үүссэн. 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 112, 114 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 1.3-т гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээ байгуулагдсан боловч захиалагч Б.Батдоржид Грандлайн ХХК-аас гурван талт гэрээний хувь гэж өгөөгүй. Энэхүү гурван талт гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Грандлайн ХХК барилгын ажлаа эхлүүлсэн. Хангай хотхон баригдаж ашиглалтад орсон байдлаас үзэхэд гурван талт гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ. Гэрээний 3.1-д гэрээ байгуулах явцад гарсан санал, зөрөлдөөнийг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэхүү заалтыг үндэслэж Грандлайн ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг болон бусад албан тушаалтнуудтай уулзахад янз бүрийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Түмэн амгалан хотхон А блок байр 25 тоот орон сууцны төлбөрт 61 344 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Түмэн амгалан хотхон А блок байр 26 тоот орон сууцны төлбөрт 69 930 000 төгрөг, тус хотхоны А блок байр 60 тоот орон сууцны төлбөрт 96 930 000 төгрөг, нийт 228 204 000 төгрөгийг Грандлайн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Грандлайн ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Тухайн маргаж буй гэрээний 1.1, 1.5, 1.3-т тус тус зааснаар гурван талт гэрээ байгуулагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно. Тэгэхээр нэхэмжилж байгаа гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, мөн гурван талт гэрээ байгуулаагүй учраас энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна. 2015 оны 06 сарын 26-ны өдрийн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тусгасан бөгөөд 8.1.7-д заасны дагуу Нийслэлийн засаг дарга буюу Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас үргэлжилсэн загварыг баталдаг. Тухайн хуулийн 24 дүгээр зүйлд 24.1-д төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна гэж заасан. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн тэргүүлэгчдийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн тогтоолын 2.2.6-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлдэг хоёр талт болон гурван талт гэрээний загвар батлахыг Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын эрх, үүрэгт тусгаж өсгөн. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолын 3.15-т төслийн танилцуулгыг хамгийн өндөр дэмжлэг авсан аж ахуй нэгж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-аас доошгүй хувийн зөвшөөрөл авч, хоёр талт гэрээнд, гурван талт гэрээний хавсралт баримт бичиг байна гэж бичсэн. Иймээс гурван талт гэрээ байгуулагдаагүй учраас хоёр талт гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэж үзэж байна. Хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй. Мөн талуудын хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулах анхны зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэвшүүлэх зорилготой байсан. Манайх газрыг орон сууцаар солихоор гэрээ байгуулсан. Хэрвээ гэрээг мөнгөөр солихоор байгуулсан бол гэрээ байгуулахгүй байсан. Иймээс талуудын хооронд ямар нэгэн мөнгөн солилцоо байгаагүй. Манай компани гэрээний 1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн газрыг орон сууцаар солих гэрээгээр газрыг шилжүүлж аваагүй. Мөн хоёр талт гэрээнд орон сууцыг хэзээ хүлээлгэн өгөх талаар тусгаагүй. Хэзээ хүлээж авах талаар гурван талт гэрээгээр тохиролцоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Грандлайн ХХК-аас 228 204 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батдоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 300 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Грандлайн ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батдоржид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг шүүх анзаараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу газрыг орон сууцаар сольсон бөгөөд ямар нэгэн үнийн зөрүү огт гараагүй болно. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 18 дугаар зүйлийн 18.2, 18.3.1-д заасныг баримтлан шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан гэж үзэж байна. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 заасаны дагуу 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 23 дугаар тогтоолоор "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-ыг баталсан бөгөөд тус журмын 3.15-д заасны дагуу нэхэмжлэгч Батбэхийн Батдорж болон "Грандлайн" ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 112, 114 тоот гэрээнүүдийн зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх байсан бөгөөд тус гэрээнүүдийн 1.3-т заасны дагуу талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно гэж талууд харилцан тохиролцсон. Энэхүү гэрээг байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдсэн бөгөөд гурван талт гэрээ байгуулагдаагүй бөгөөд тус 112, 114 тоот гэрээнүүд хүчин төгөлдөр болоогүй юм. Хүчин төгөлдөр болоогүй гэрээгээр шаардах эрхгүй.

"Грандлайн" ХХК нь төсөлд шалгарсан Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт ямар нэгэн барилгыг барьж ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөөгүй болно. Шүүх ямар компани хаана төсөл хэрэгжүүлж байр өгсөн талаар огт шинжлэн үзээгүй.

Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл гэрээнд заасан газар, үл хөдлөх хөрөнгө нь одоог хүртэл нэхэмжлэгч Б.Батдоржийн нэр дээр байгаа бөгөөд Грандлайн ХХК-д шилжээгүй талаарх тов тодорхой үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, ОӨУБЕГ-ын лавлагаа байхад гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 17/76 тоот хүсэлтэд дурдсан "Бэрэн групп" ХХК-ийг нэмж хамтран хариуцагчаар татах хүсэлтийг огт хэлэлцээгүй. Нэхэмжлэгч тухайн хүсэлтээсээ татгалзаагүй. Шүүхээс энэ талаар ямар нэг захирамж, шийдвэр гаргаагүй дурдаагүй болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч Грандлайн ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 228 204 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Зохигч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №112, №114 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Батдорж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороон дахь гэр бүлийн хэрэгцээний 1222 м.кв талбайтай газрыг Грандлайн ХХК-д чөлөөлж өгсөн, хариуцагч Грандлайн ХХК Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай хотхонд 4 ширхэг 2 өрөө орон сууц хүлээлгэн өгч, гэрээний зохих хэсгийг биелүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Түмэн амгалан хотхонд баригдах орон сууцны суурь нь цутгагдсанаас өөр барилгын ажил хийгээгүй, хэзээ баригдаж ашиглалтад орох нь тодорхойгүй гэх үндэслэлээр тус хотхонд баригдах 3 ширхэг орон сууцны үнийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч шаардах эрхийн үндэслэл нь тодорхойгүй байна. Тодруулбал 3 ширхэг орон сууцны үнийг гэрээ цуцлаж, Иргэний хуулийн 227 дугаар 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэх агуулгаар шаардаад байна уу, эсхүл гэрээний тодорхой хэсгээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаахыг шаардаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Хэрэв хохирол шаардаж байгаа бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу зайлшгүй орох ёстой байсан орлого эдгээрийн аль агуулгаар нь үл хөдлөх хөрөнгийн үнийг шаардаж байгааг тодруулж, үүний үндсэн дээр талуудын хооронд мэтгэлцээн өрнөх ёстой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн эрхийг зөрчсөн гэж үзээд Бэрэн моржгейж групп ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж, хариуцагчийн төсөл хэрэгжүүлэх эрх Бэрэн моржгейж групп ХХК-д шилжсэн учир 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112, 114 тоот гэрээг шинэчилж Бэрэн моржгейж групп ХХК-тай байгуулсан, нэхэмжлэгч гадаад явсан байсан учир гэр бүлийн хүн В.Цэрэнтогтох төлөөлж гэрээ байгуулсан гэж тайлбарласан байхад шүүх Бэрэн моржгейж групп ХХК-тай байгуулсан гэрээ энэ хэрэгтэй хэрхэн хамааралтай нь тодорхойгүй, В.Цэрэнтогтох шаардах эрхээ бие даан хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнээд хүсэлтийг хангахгүй орхисон байгаа нь үндэслэл муутай болжээ.

 

Түүнчлэн гэрээний 1.3-т 3 талт гэрээ байгуулагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан байх ба уг гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар бичгийн баримтгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ бүрэн биелэгдээгүй буруутай тал хэн болох нь тодорхойгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн хариуцагчид чөлөөлөн өгсөн газар дээрх барилга буулгагдсан эсэх, эзэмшлийн газар дээр барилгын цутгалт хийгдсэн эсэх үйл баримт хэргийн баримтаас харагдахгүй байх тул тодруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31ий өдрийн 183/ШШ2017/02349 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Грандлайн ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 300 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ