Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00337

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00337

 

 

 

" С" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч " С" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Э -т холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 440 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал

Хариуцагч Ц.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Б.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч " С" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " С" ХХК-ийн эзэмшлийн Төв аймаг, Зуун мод сумын 1 дүгээр баг, Номт хаягт байрлах газар эзэмших эрхийн 00309356 дугаартай 523.8 м.кв талбай бүхий газар, 1296 м.кв талбай бүхий дуусаагүй барилгын суурь, зоорийн давхар зэргийг Баян-Ананд ХХК болон Алтандавхрага ХХК-ийн захирал Т.Оюунчимэг 330 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьсны дагуу 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ"-г " С" ХХК, Баян-Ананд" ХХК нарын хооронд байгуулсан. Хариуцагч Баян-Ананд ХХК нь Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч " С" ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 330 000 000 төгрөгийг төлөх байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Баян-Ананд ХХК болон Алтандавхрага ХХК-ийн захирал Т.Оюунчимэг дуусаагүй барилга, газрыг худалдан авах нөхцөл бүрдсэн тул 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ"-г дахин нэмэлт нөхцөлөөр байгуулах санал гаргасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г " С" ХХК болон Т.Оюунчимэг нарын хооронд дахин байгуулсан. Гэрээний дагуу " С" ХХК-д 280 000 000 төгрөг, 40 м.кв 2 өрөө орон сууц зэргийг олгохоор тохиролцсон. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Төв аймаг, Зуун мод сум, 1 дүгээр баг, Номт багийн нутаг, Хүмүүн цогцолборын А байрны урд байрлах Ү-1427002838 улсын бүртгэлийн дугаартай, 1296 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийн гэрчилгээний 000506939 дугаартай орон сууцны зориулалттай 523.8 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө Т.Оюунчимэгт шилжсэн. " С" ХХК-д 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 247 500 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүйгээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банк ХХК-ийн барьцаанд тавьсан байсан. " С" ХХК нь Төв аймгийн Цагдаагийн газарт Т.Оюунчимэгт холбогдуулан өргөдөл, гомдол гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгасан боловч Т.Оюунчимэг нь 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан тул прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ"-ний дагуу Т.Оюунчимэгт шилжигдсэн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Капитал банк ХХК-ийн барьцаанаас суллагдсан, талийгаач Т.Оюунчимэгийн эд хөрөнгийг түүний хүү Ц.Э нь өвлөн авсан. Хариуцагч Ц.Э нь Баян-Ананд" ХХК-ийн захирал бөгөөд маргааны бүхий барилга, газар зэрэг өвлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах гэрээ хэлцэл байгуулж байгаа. Иймд хариуцагч Ц.Э аас 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу 260 000 000 төгрөг, алданги 130 000 000 төгрөг, 2 өрөө орон сууцны үнэ болох 50 000 000 төгрөг нийт 440 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: " С" ХХК нь миний ээжийг амьд сэрүүн байхад нь гэрээгээр халхавчилж залилсан гэж цагдаа, прокурорын байгууллагуудад удаа дараа гомдол, өргөдөл гарган эрүүгийн хэрэг үүсгүүлж улмаар ээжийг минь нас бартал 4-5 жил явуулсан. Энэ хугацаанд хэрэг нь эрүүгийн шүүхээс 2 удаа дахин шийдвэрлүүлэхээр буцсан. Шүүхээс хэргийг 2 удаа мөрдөн байцаалтанд буцаахдаа хохирлын хэмжээ тодорхойгүй бодит байдлаар нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн. Үүний дагуу хэргийн газар дээр хоёр талын хүмүүс, мөрдөн байцаагч болон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчид байлцан үзлэг шинжилгээ хийж улмаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шинжээчид дүгнэлтээ гарахдаа Д.Г гийн зарсан барилгын сууринд 26 825 218 төгрөгийн зардал гарсан. Т.Оюунчимэгээс Д.Г гийн зарсан алдаатай суурийг буулгахад 9 180 909 төгрөгийн зардал гаргасан гэсэн дүгнэлт үнэн шударгаар гарсан юм. Ингээд миний ээжийн бие гэнэт муудаж 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. " С" ХХК нь миний ээжийг нас барсны дараа хийсэн гэрээгээ иргэний хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн өв залгамжлагч надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Ээж барилгаа эхлүүлэх үед инженер нь худалдаж авсан суурь алдаатай байна гэдгийг нь мэдээд ажлаа зогсоосон. Ингээд өөрийнхөө зардлаар суурийг нь буулгаж стандартын дагуу цементээр ул бетон цутган дахин суурь тавьж, зоорийн давхар, 1-2 давхраа барьж нийт 558 458 676 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тухай шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн нэхэмжлэгчийн зарсан гэх 525 м.кв талбай бүхий газрын тал нь " С" ХХК-ийн газар биш С.Энхбаяр гэдэг хүний эзэмшлийн газар байсныг худлаа хэлж зарсан. " С" ХХК барилга барих зөвшөөрөлгүй, барилга барих эрхгүй байхдаа барилгын суурь тавьж тэрийгээ дутуу барьсан барилга гэж миний ээжид өндөр үнээр зарсан.

Миний ээж " С" ХХК-д 50 000 000 гаруй төгрөг хэд хэдэн удаа хувааж төлсөн талаар эрүүгийн хэрэгт хэн хэн нь хүлээж мэдүүлсэн гэдэг. Д.Г нь миний ээжийг залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан учир энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй бөгөөд энэ төлбөр нь төлөгдөж дууссан юм. Иймд " С" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э аас 260 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч " С" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 400 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 457 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч " С" ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: " С" ХХК болон Т.Оюунчимэг нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүх "Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ" нь нэхэмжлэгч Содоко" ХХК болон Баян-Ананд ХХК-ийн хооронд байгуулагдсан, алдангийн талаархи тохиролцоо нь Баян-Ананд ХХК-д хамааралтай байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги 130 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Э , түүний өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Зохигчид эрүүгийн хэргээс өөрт ач холбогдолтой гэсэн нотлох баримтуудаа давхцуулан гарган өгч байсан. Манай тал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримттай танилцах шаардлагагүй гэхэд шүүгч хэрэг танай эсрэг шийдэгдвэл нотлох баримттай танилцуулаагүй гэж маргана гээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ нь шүүх хэний талд шийдвэр гаргахаа хэлсэн гэж үзэж байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч шүүх хуралдаанд ирж чадаагүй. Учир нь мөн сарын 26-ны өдөр хөдөө идшэндээ яваад замд автомашин эвдэрч саатсан шалтгаанаа шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч шүүгч хүлээж аваагүй. Би шүүх хуралдаанд хоцроод очиход намайг оруулахгүй гээд оруулаагүй. Үүнээс хойш шийдвэрээ гардан авахаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл удаа дараа асууж байсан. Шүүгчийн туслах мөн сарын 18-ны өдөр шийдвэр гарсан талаар мэдэгдэж би 19-ний өглөө очиж гардаж авсан.

" С" ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажлыг хийх зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөв, экспертизийн зураггүй газар суурийг зарахдаа дээрх бичиг баримтуудыг дараа нь өгнө гээд өгөөгүй мөн барилгын зураг төсөв, экспертизийн төлбөр мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй. Гэтэл надаас худалдаж авсан Өнөд сайжрах ХХК нь " С" ХХК-ийн өмнөөс төлбөрийг нь холбогдох компаниудад төлөөд явж байгаа. " С" ХХК-ийн зарсан суурь нь Барилгын тухай хуульд нийцээгүй, чанарын шаардлага хангаагүй алдаатай суурь барьж зарсан. Энэ суурь нь 247 500 000 төгрөгт хүрэхгүй болох нь шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдоно. Учир нь барилгын суурийг 26 825 218 төгрөгийн үнэтэй болохыг тогтоож, суурийг буулгахад 9 180 909 төгрөгийг зардал гарсан.

Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ тодруул гэж байсан боловч ойлгомжгүй гэсэн нэхэмжлэлээ ханган шийдвэрлэсэн. Төв аймгийн прокуророос хамгийн сүүлд эрүүгийн хэргийг нь шүүх рүү шилжүүлж, яллах дүгнэлтдээ Д.Г д нийт 66 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж бичигдсэн байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр гарсан газрын болон суурийн үнэ юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч " С" ХХК нь Ц.Э т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 440 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

" С" ХХК, Баян-Ананд ХХК нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дуусаагүй барилга худалдах-худалдан авах болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж худалдагч нь Төв аймгийн Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, Хүмүүн цогцолборын урд байрлах 432 м.кв талбай бүхий дуусаагүй барилга, 532.8 м.кв газрыг шилжүүлэх, худалдан авагч нь дуусаагүй барилгын үнэд 330 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байжээ.

Баян-Ананд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал Т.Оюунчимэг нь " С" ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл нэртэй гэрээ байгуулж, " С" ХХК нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй газрын эзэмших эрх мөн газар дээр баригдаж буй орон сууцны барилгын өмчлөх эрхийг Т.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлэх, Т.Оюунчимэг нь Баян-Ананд ХХК-ийн өмнөөс " С" ХХК-д худалдах-худалдан авах гэрээний үнэ 247 500 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 12 500 000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход борлуулалтын орлогоос тус тус төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцох, 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн гэрээнд заагдсан 46 м.кв 2 өрөө орон сууцыг барилга ашиглалтад ороход иргэн С.Энхбаярын нэр дээр шилжүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтэрвэл алданги тооцох хугацааг 14 хоног хүлээж, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд газар эзэмших эрх болон дутуу барилгын гэрчилгээг " С" ХХК-д буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан Дуусаагүй барилга худалдах-худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, түүнд нэмэлт оруулсан гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /1 хх-12-13, 17-18/ " С" ХХК нь дээрх нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газар эзэмших эрх болон дуусаагүй барилгын өмчлөх эрхийг Т.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт мөн тогтоогджээ. /1хх-150/

Шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч " С" ХХК, Т.Оюунчимэг нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул худалдан авагч тал худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй.

Худалдан авагч Т.Оюунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барснаар хүү Ц.Э нь өвийг хүлээн авч, улмаар худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрх түүний нэр дээр шилжин бүртгэгдсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байдаг тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйлийг шилжүүлэн авсан өвлөгчөөс үүргийг шаардах эрхтэй. Дээрх үйл баримтад зохигчид маргаангүй.

Хариуцагч Ц.Э худалдан авсан барилгын суурь чанарын шаардлага хангаагүй, энэ нь барилгын суурийн бодит үнэлгээг тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтээр нотлогдоно, уг алдаатай суурийг буулгахад илүү зардал гарч хохирсон гэж маргасан боловч тэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага худалдан авагчид гаргаж байгаагүй байна.

Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээний талууд гэрээгээр дуусаагүй барилга, газрыг худалдах-худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээний үнийг тогтоосон тул худалдагч " С" ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрөлтэй эсэх, мөн нас барагч Т.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шинжээчийн дүгнэлт, барилгын экспертизийн зураг зэрэг бичгийн нотлох баримтыг тус иргэний хэрэгт ач холбогдолтой баримт гэж үнэлэх боломжгүй юм. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Э ыг өвлүүлэгч Т.Оюунчимэгийн хууль ёсны өвлөгчийн хувьд түүний гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ёстой гэж үзэн түүнээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 260 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсний улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд " С" ХХК, Т.Оюунчимэг нар 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 4 дэх заалтаар гэрээнд заагдсан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.3 хувийн алданги тооцогдохоор тохиролцжээ. /1хх-16,17/ Иймд талуудыг хүсэл зоригоо илэрхийлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ. Шүүх " С" ХХК болон Баян-Ананд ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний алдангийн тохиролцоо Баян-Ананд ХХК-д хамааралтай гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Хариуцагч Ц.Э нь өвлөн авсан хөрөнгө болох газар, түүн дээр баригдаж буй барилгын хамт Өнөдсайжрах ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр 300 000 000 төгрөгөөр зарсан болох нь 1 хавтаст хэргийн 159 дэх талд авагдсан гэрээ, түүний тайлбараар нотлогдож байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх зохицуулалт, худалдан авагч нас барсан зэрэг нөхцөл байдлыг хариуцагч Ц.Э ын төлөх алдангийн хэмжээг багасган 40 000 000 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч, хариуцагч нарт мөн сарын 18-ны өдөр мэдэгдсэн болох нь 2 дахь хавтаст хэргийн 156 дахь талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар нотлогдож байна. Хариуцагч тал хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсон гэх боловч шүүхэд бичгээр хүсэлт, нотолсон баримтаа ирүүлээгүйгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03059 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 535 дугаар зүйлийн 535.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Э аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч " С" ХХК-д олгож, үлдэх 140 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 1 457 950 гэснийг 1 657 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 808 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД