Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/53

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Зуунай,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/530 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Болорын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Б.Мд холбогдох 2419004780064 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Яллагдагчийн биеийн байцаалт:  

*, урьд

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, (РД:*)

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Б.М нь Дорноговь аймгийн *  тоотын гадна О.Оыг өөрийг нь дуудлаа гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт цохиж, өшиглөх зэргээр зодож,  эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

3.Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: “...Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ДШМ/35 дугаартай магадлалаар тус хэргийг хянан шийдвэрлэж, 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004780064 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хэргийг прокурорт очтол буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Прокурор Д.Зуунай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлийн агуулгыг танилцуулсан учраас үндэслэлээ тайлбарлая. Давж заалдах шатны шүүхээс буцаасан дээр прокурор эс зөвшөөрөөгүй. Зөвхөн анхан шатны шүүхээс захирамж гаргаж шүүх хуралдаан хийхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг баримтлалгүйгээр захирамж гаргаж хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байгаа. Шүүх хуралдааныг явуулж байж прокурор буцаах ёстой гэж эсэргүүцэл бичсэн” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Болороос гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болсон.

2.Шүүгдэгч Б.Мийг “...2024 оны 11 дүгээр сарын  28-нд согтуурсан үедээ хохирогч О.Од үл ялих зүйлээр шалтаглаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хөхрөлт няцралт бүхий хөнгөн хохирлыг учруулсан” гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүгдэгчийн урьд 2023, 2025 онд тус тус шүүхээр шийтгүүлсэн нь “Урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас”-д бүрэн тэмдэглэгдээгүй, шийтгэх тогтоолуудыг хэрэгт бүрэн хавсаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялын тооцооны баримт байхгүйгээс түүний урьд шүүхээс оногдуулсан жолооны эрх хасах ял бүрэн эдэлсэн эсэх, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл байдал бий болсон байсан эсэхийг  анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхааралгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон тул дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж Дорноговь аймгийн Давж заалдах шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ДШМ/35 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт хүргүүлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр ажиллагаанууд явуулсны дараа 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/530 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахаар дахин шийдвэрлэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр алдагдуулсан зэрэг нь мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, ...биелүүлнэ” гэх шаардлагыг шүүх ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

3.Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүхийн энэ алдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

4.Прокурорын эсэргүүцлийн агуулга, үндэслэл үндэслэлгүй тул мөн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/35 дугаартай магадлалын тодорхойлох болон тогтоох хэсэгт хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн.

Хэрвээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бол шүүхийн аль шатанд ажиллагаа хийх талаар магадлалд тодорхой заадаг ба энэ магадлалд анхан шатны шүүхийг ажиллагаа хийхийг даалгасан талаар огт заагаагүй байхад прокурор “...хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаан явуулж прокурорт буцаах байсан” гэсэн нь үндэслэлгүй болсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/530 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, прокурор Э.Болороос гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                                     Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС