Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

           Шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805015010608 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б, 1998 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод эгчийндээ түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаан дотор 74-48 УБЭ улсын дугаартай Toyota prius маркийн автомашинд ...ийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч ...ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Буудлаас гараад манай 2 найз такси бариад төмөр зам дахь Бу-ийн гэр рүү явсан. Тэгээд Бу-ийн гэрийн ард очоод Г, Бу хоёр буугаад таксины жолоочид таксины мөнгө өгөх гэхэд аваагүй. Намайг Г бууя манайд ороод шархыг чинь цэвэрлээд өгье гэхээр нь үгүй би заавал харих ёстой эгч заавал ирээрэй гэсэн ядаж эгчээрээ цэвэрлүүлчихнэ гээд таксиндаа суугаад цаашаа явсан. Тэгээд цаашаа явж байхдаа Нарны гүүр орчимд машинд унтчихсан. Нэг сэрсэн чинь харанхуй хашаатай газар байсан. Жолооч залуу хойшоо миний хажууд суучихсан байсан. Тэгээд намайг үнсээд оролдож байгаад арын суудалд намайг дараад авсан. Би тэгэхээр нь чи яах гээд байгаа юм болиоч туслаарай гэж орилсон. Тэгсэн ч дайраад бэлгийн харьцаанд орсон. Тэрний дараа би арай гайгүй болоод ухаан санаа сэргэхэд жолооч надаас уучлалт гуйгаад чи яг яамаар байна гэхэд би тамхи татмаар байна гэсэн. Тэгэнгүүт ямар ч байсан түц ороод тамхи авсан тэр хойгуур нь зугатаад буучихъя гэж бодсон чинь жолооч түцнээс гараад ирсэн. Түцнээс тамхи өөртөө нэг ундаа надад кола авсан байсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Замдаа бич жолоочид чи надтай ингэсэндээ харамсана даа гэж хэлсэн. Тэгэж хэлчихээд гэнэт намайг энд тэнд аваачаад алчихаж магадгүй гэж бодоод эвтэйхэн ярьсан. Тэгээд гэрийн гадаа буулгахдаа миний дугаарыг асуусан. Намайг чи аягүй хөөрхөн охин байна гэсэн. Дугаар асуух үед худлаа дугаар хэлдэг юм уу гэж бодсоноо ...худлаа дугаар өгснийг мэдэх юм бол уурлаж магадгүй гэж бодоод өөрийнхөө ............. гэсэн дугаарыг хэлсэн. Буухдаа машины дугаарыг нь араас нь харсан....Тэгээд би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн. Тухайн гэмтлийг би өөрөө согтуу хөл дээрээ гуйвсан байдалтай байсан бөгөөд Цэ-н нүүр рүү өшиглөж хөлөө эргүүлээд татах үед би хөл алдаад газар халтираад унахдаа орны мод мөргөсөн. Тухайн үед миний дэргэд Эрхэмбаяр миний дүү яаж байгаа юм бэ, гээд намайг унаж байхад татах гээд амжаагүй юм. Би сайн дурын үндсэн дээрээс бэлгийн харьцаанд ороогүй, Ц.Б эхэндээ надад хүч хэрэглэсэн бөгөөд бэлгийн харьцаанд орох явцдаа би тэр залуу намайг яаж ч магадгүй гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхээ больж тэр залуутай бэлгийн харьцаанд орсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ц.Б гэх залуугаас хохирлын 1.500.000 төгрөгийг авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-23/,

Гэрч М.З мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн орчим манай үеэл дүү болох Б манай гэрт хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай мөн уйлсан байдалтай орж ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуутал эгчээ гар утсаа өгч бай, би машины дугаар мартахаас өмнө цагдаа дуудах гэсэн юм гээд миний ........... дугаартай утсыг аваад цагдаа дуудсан. Дуудлага өгсний дараа би юу болсон талаар асуутал уйлаад юм ярьж өгөхгүй байсан. Удалгүй миний гар утас руу цагдаагаас залгаад манай дүүтэй яриад Таван богдын автобусны буудал дээр ирсэн байна гэтэл манай дүү би цагдаад очиж өргөдөл гаргалаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Яллагдагчаар Ц.Бйн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төмөр замын Булган нэртэй буудлын үүдэнд ирээд хоёр охин нь буугаад нүүр нь шалбарчихсан охин нь “гэмтэл явна” гэж хэлсэн. Тэр охин арын суудал дээр сууж явсан ба би түүнийг гэмтэл рүү хүргэж өгөх гээд хөдлөх үед тэр охин гэнэт “харъя, Таван богд хүргээд өг” гэхээр нь суулгаад Нарны гүүр даваад явж байтал тэр охин “тамхи татъя” гэж хэлсэн. Нарны гүүрээр буцаж эргээд түц орж тамхи аваад Түр саатуулах байр /ТЭС-10/-ын хашаа руу орж зогссон. Тэгээд бид хоёр тамхи татсан. Тэр охин “миний хөмсгийг гэрэл тусгаад үзээд өгөөч” гэж хэлсэн. Би арын суудал дээр орж сууж байгаад түүний хөмсгийг нь харж байтал намайг тэр охин налаад хэвтсэн. Би шууд гараараа түүний гуяыг барьж аваад тэгээд бид хоёр машин дотор бэлгийн харьцаанд орсон. Нэг удаа гадуур нь дур тавьсан. Тэгээд байж байтал тэр охин дахин намайг тамхи татъя гэж хэлсэн .Тамхи татаж дуусчихаад гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би түүнийг Таван богд руу гэрт нь хүргэж өгчихөөд хороолол руу яваад машиндаа унтсан” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

Шинжээчийн 5528 тоот дүгнэлтэд: “......ийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц Ц.Бйн ДНХ-ийн тогтоцтой аутосом хромосомын микросателлит 16 локусын аллелиар тохирч байна /ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 5528-ийн хүснэгт1/...” гэсэн дүгнэлт /хх-н 47/,

Эрүүгийн хэрэг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-13/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 14-15/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-54, 57-60/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаан дотор 74-48 УБ. улсын дугаартай Toyоtа prius маркийн автомашинд ...ийн хүсэл зоригийн эсрэг, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ...ийн: “...Нэг сэрсэн чинь харанхуй хашаатай газар байсан. Жолооч залуу хойшоо миний хажууд суучихсан байсан. Тэгээд намайг үнсээд оролдож байгаад арын суудалд намайг дараад авсан. Би тэгэхээр нь чи яах гээд байгаа юм болиоч туслаарай гэж орилсон тэгсэн ч дайраад бэлгийн харьцаанд орсон...Би сайн дурын үндсэн дээрээс бэлгийн харьцаанд ороогүй, Ц.Б эхэндээ надад хүч хэрэглэсэн бөгөөд бэлгийн харьцаанд орох явцдаа би тэр залуу намайг яаж ч магадгүй гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхээ больж тэр залуутай бэлгийн харьцаанд орсон” гэсэн мэдүүлэг, гэрч М.З: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн орчим манай үеэл дүү болох Б манай гэрт хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай мөн уйлсан байдалтай орж ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуутал эгчээ гар утсаа өгч бай, би машины дугаар мартахаас өмнө цагдаа дуудах гэсэн юм гээд миний ....... дугаартай утсыг аваад цагдаа дуудсан. ...Удалгүй миний гар утас руу цагдаагаас залгаад манай дүүтэй яриад таван богдын автобусны буудал дээр ирсэн байна гэтэл манай дүү би цагдаад очиж өргөдөл гаргалаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, шинжээчийн 5528 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Бйн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс хохирлыг мөнгө авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Бйн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Бйн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Бйн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Бд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суудалын бүрээс 1 ширхгийг шүүгдэгч нь буцаан авахгүй гэж байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Бйг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, эсэргүүцэл үзүүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суудлын бүрээс 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР