2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/02087

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 05 191/ШШ2026/02087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн /рд:/ нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 146,955,492.8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч бөгөөд хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Налайх дүүрэг дэх ******* *******ны салбар нь 2025 оны 4 дүгээр сарын 10-ны 24/78 тоотын дагуу хариуцагч Б., Ц.******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол MN260034312501868 тоот зээлийн дансны дугаартай посын орлого барьцаалсан зээл мөн үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 21,700,958.35 төгрөг, үндсэн зээлийн хүү 1,952,854.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,557.28 төгрөг, нийт 23,903,369.75 төгрөгийг хариуцагч Б., Ц.******* нараас гаргуулах. Мөн MN390034312501866701 тоот зээлийн дансны дугаартай Орон сууц барьцаалсан хэрэглээний зээл нь 93,945,469.52 төгрөг, үндсэн зээлийн хүү 28,294,661.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 751,492.49 төгрөг нийт 122,991,623.05 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлттэй байна. Мөн дараагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Б., Ц.******* нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй нөхцөлд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн MN390034312501866701 тоот Барьцааны гэрээнд дурдсан эд хөрөнгүүдийг Шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Зээлдэгч нар нь 2023 оны 05 дугаар салын 23-ний өдрийн MN260034312501868196 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 30 сая төгрөгийг посын орлого барьцаалсан зээлээр бараа бүтээгдэхүүн эдлүүлэх зориулалтаар 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Мөн хариуцагч нар нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн ******* ******* салбараас MN390034312501866701 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 108 сая төгрөгийг орон сууц барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар сарын 1,9 буюу жилийн 22,4%-ийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2025 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар посын орлого барьцаалсан зээл 21,700,958.35 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 1,952,854.12 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 249,557.28 нийтдээ посын орлого барьцаалсан зээлийн үлдэгдэл 23,903,369.75 төгрөг мөн орон сууц барьцаалсан зээлийн үндсэн зээлийн дүн 94,945,469.52 үндсэн зээлийн хүү 28,294,661.04 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 751,492.49 төгрөг, нийтдээ 122,991,623.05 төгрөгийн төлөгдөөгүй зөрчилтэй байгаа. Зээлдэгчийн дээрх гаргасан зөрчлүүд нь цаашид *******ийг томоохон эрсдэлд оруулж байна. Хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдлүүдийг өгч, утсаар холбогдож байсан. 2023 оны 12 дугаар сарын 4-нд болон 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тоот мэдэгдлүүдийг өгсөн байгаа. Налайх дүүрэг дэх ******* *******ны зүгээс хариуцагч нар нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр MN390034312501866701 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаалуулсан байгаа. Үүнд:

Ц.Амарбаясгалан /РД:НБ75013036/, Ц.******* /*******/ -ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн ....................... тоот хаягт байршилтай, 37.09 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Ц.******* /РД: *******/-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Нийслэлийн .................. тоот хаягт байршилтай, 1 өрөө, 40.09 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 115,646,427.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,001,049.77 төгрөг, үүн дээр нотариатын хураамж 60,500 төгрөг, нийт 146,955,492.8 төгрөгийг ******* *******анд гаргуулж өгнө үү? Улсын тэмдэгтийн хураамжид төлбөр 892,728 төгрөг, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах 70,200 төгрөг, нийт 962,928 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээнд дурдсан дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкны зүгээс эвлэрэх талаар бидний ямар ч тайлбарыг хүлээж авахгүй байгаа. Бидэнд ахиад нэг үл хөдлөх байр байгаа. Тухайн үед бид хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад нөхцөл байдал хүндэрсэн. Төлөлт бага байгаа ч гэсэн төлөөд үүргээ зөрчихгүйгээр үндсэн төлөлтдөө хүрээгүй ч гэсэн хэсэг хугацаанд 700, 800-г хасаад явж байсан. Тэгээд ерөнхийдөө хүүгийн хувьд үндсэн төлөлтөөс арай өндөр байгаад байгаа. Энэ талаар тухайн үед хүсэл зоригоо илэрхийлээд явж байсан. Үнэхээр нөхцөл байдал хүндэрсэн. Тэгээд үүнээс төлөлт нь ч гэсэн хасагдах байх. Заримдаа 1 сая, 500,000 төгрөг гээд үндсэн төлөлтдөө хүрэхгүй байгаа ч гэсэн төлөөд явж байсан. Тэгтэл огт төлөлт хийгээгүй мэтээр шууд 30 сая төгрөгийн үндсэн зээлийн төлөлт, хүү төлөөгүй гэдэг байдлаар шаардаж байгаа үндэслэлгүй. Барьцааны зээл дээр маргаан байхгүй. Түүн дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн орон сууц барьцаалсан зээл дээр хүүгийн хувьд 30 сая гэдэг бол арай л өндөр байна. Жилийн хугацаанд бид нар төлөөд үндсэн төлөлтөөсөө нэлээн хэдэн төгрөг хассан. Гэтэл энэ төлөлт нь нэмэгдээд байна. Тэгэхээр 30 сая төгрөг дээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Уг нь бидэнд ахиад нэг байр байгаа. Энэ байр зарагдчихвал гэрээний нөхцөлөө үргэлжлүүлээд, хугацаа нь дуусаагүй байгаа цаашлаад боломжтой байдаг бол бид нар хэвийн нөхцөлд нь хүү, алданги бодогдсон тэр хүү, алдангийг нь боломжоороо төлөөд, сар болгон төлөхөөр график байгуулаад ингээд төлөөд явах боломж байна. Зээл авсан дээр маргаагүй. Зөвхөн хүү, алданги өндөр байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мөнгөний тасалбар, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/77 дугаар итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/50 дугаар итгэмжлэлийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчтэй холоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 01, 02 дугаар мэдэгдлийн хуулбар, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудасны хуулбар, зээл олгох зөвшөөрлийн хуудас, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн MN260034312501868196 дугаар Посын орлого барьцаалсан зээл болон зээлийн барьцааны гэрээнүүдийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 23-нд Б.ын гар өргөдөл, Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ц.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мемориолын баримтын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн MN390034312501866701 дугаар зээл болон барьцааны гэрээний хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24/210 дугаар итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас нотлох баримтаар 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Б., Ц.******* нарт холбогдуулж гэрээний үүрэгт 146,955,492.8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ..30 сая төгрөгийн үндсэн зээлийн төлөлт, хүү төлөөгүй гэдэг байдлаар шаардаж байгаа үндэслэлгүй. Барьцааны зээл дээр маргаан байхгүй. Түүн дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн орон сууц барьцаалсан зээл дээр хүүгийн хувьд 30 сая гэдэг бол арай л өндөр байна.. Тэгэхээр 30 сая төгрөг дээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Зээл авсан дээр маргаагүй. Зөвхөн хүү, алданги өндөр байна хэмээн тайлбарласан.

3. ******* ******* ХК болон Б., Ц.******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн MN390034312501866701 дугаартай зээл болон барьцааны гэрээгээр 108,000,000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, барьцааны гэрээний үүрэгт Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ...................... тоот, 37.09 м.кв талбай бүхий орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ......................... тоот 40.09 м.кв талбай бүхий орон сууц тус тус барьцаалж буцаан төлөх нөхөлтэй,

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн MN260034312501868196 дугаар ПОС-н орлого барьцаалсан зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гэрээг тус тус байгуулж, зээлийг бэлэн бусаар олгосон байна. /х.х-ийн 16-21, 30, 31-36/

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

5. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******гээс ПОС-н орлого барьцаалсан зээлийн гэрээ болон зээл, барьцааны гэрээ байгуулсан дээр маргаан байхгүй. Харин хүү хэт өндөр байна гэж маргасан. Дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн *******ны тооцооллын программаар гаргасан, энэ нь Монгол *******наас тогтоосон шаардлагад нийцсэн, түүний хяналт дор явагддаг систем гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд кредит картын зээлийн хүүгийн тооцоололд гүйлгээ хийсэн огноо, хүүгийн тооцоолол эхлэх, дуусах огноо, хүү тооцох хоногууд тодорхой байх тул тооцооллыг ойлгомжтой, үнэн зөв гэж үзлээ. /х.х-ийн 93-94/

6. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

8. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.

 

9. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иймд Хариуцагч Б., Ц.******* нараас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн MN39003431250186670 дугаар зээлийн гэрээ гэрээний үүрэгт үндсэн зээл 93,945,469.52 төгрөг, үндсэн хүү 28,294,661.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 751,492.49 төгрөг, нийт 122,991,623.05 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн MN260034312501868196 дугаар гэрээний үүрэгт үндсэн зээл 21,700,958.35 төгрөг, үндсэн хүү 1,952,854.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,557.28 төгрөг, нийт 23,903,369.75 төгрөг, нотариатын хураамж 60,500 төгрөг, нийт 146,995,492.8 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгож, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн MN390034312501866701 барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+892,728 төгрөг, нийт 962,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 962,928 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б., Ц.******* нараас 146,995,492.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Б., Ц.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 15 байр, 503 тоот, 37.09 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүрэг, 08 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж 2 байр, 28 тоот 40.09 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962,928төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 962,928төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР