| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2419000000399 |
| Дугаар | 2025/ДШМ/54 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/54
Д.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Зуунай,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Болорын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Д.Бд холбогдох 2419000000399 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагчийн биеийн байцаалт:
*, урьд
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар ялаар,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, (РД:*),
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Д.Б нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн *ийн нутаг дэвсгэрт байрлах 51 авто засварын орчимд улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийг 2,09 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: “...Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/32 дугаартай магадлалаар тус хэргийг хянан шийдвэрлэж, 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагч Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419000000399 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Д.Зуунай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэрийг Дорноговь аймгийн сум дундын анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэ захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцлээ бичсэн. Иймд тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Болороос гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болсон.
2.Шүүгдэгч Д.Бийг жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгчийн урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбоотой нотлох баримтууд болох урьд шүүхээр шийтгүүлсэн тухай шийтгэвэр, шийтгэх тогтоолуудыг хэрэгт хийгээгүй, эрх хасах шийтгэл, ялын тооцоо хэрэгт авагдаагүйгээс шүүгдэгчид урьд авсан жолооны эрх хасах шийтгэл болон ялыг нэмж нэгтгэх боломжгүй болсноос гэм буруутай этгээдэд ял завшуулах нөхцөл байдал бий болсныг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон байсан ба эдгээр ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Дорноговь аймгийн Давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 24-ний 2025/ДШМ/32 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байсан.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт хүргүүлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр ажиллагаанууд явуулсны дараа 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/531 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахаар дахин шийдвэрлэсэн нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр алдагдуулсан зэрэг нь мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, ...биелүүлнэ” гэх шаардлагыг шүүх ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.
3.Иймд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүхийн энэ алдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
4.Прокурорын эсэргүүцлийн агуулга, үндэслэл үндэслэлгүй тул мөн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/32 дугаартай магадлалын тодорхойлох болон тогтоох хэсэгт хэрэгт зайлшгүй хийх шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн.
Хэрвээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бол шүүхийн аль шатанд ажиллагаа хийх талаар магадлалд тодорхой заадаг ба энэ магадлалд анхан шатны шүүхийг ажиллагаа хийхийг даалгасан талаар огт заагаагүй байхад прокурор “...хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаан явуулж прокурорт буцаах байсан” гэсэн нь үндэслэлгүй болсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧ А.САЙНТӨГС