Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Хохирогч: М.Х,

           Шүүгдэгч: Н.Г, түүний өмгөөлөгч Б.Бо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805002080390 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н.Г, 1985 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 237 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Хтэй маргалдаж зодолдон түлхсэний улмаас М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалага, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт бүхий бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.Хг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хүчит шонхор захаас хонины мах аваад гэртээ очсон. Гэртээ очоод махаа эвдээд байж байхад эхнэрийг махнаас барилцаад өг гэхэд чадахгүй ядраад байна гэсэн. Эхнэр унтаж байгаад босож ирээд “өө хүүр гэж далыг нь мөгөөрстэй нь эвдсэн байна, юу ч хийж чадахгүй пизда чинь” гээд 2 ширхэг далыг нэгийг нь газар унгаагаад нэгийг нь над руу аваад шидсэн. Би хувцсаа өмсөөд тэгвэл өөрөө эвдээрэй, ажилдаа явлаа гээд гарах гэтэл миний машины түлхүүр, утас хоёрыг авчихаад өгөхгүй жижиг өрөөндөө ороод хаалгаа цоожилсон. Хэрүүл болгоод яахав гэж бодоод ажил дээрээ очоод таксины мөнгө авъя гэж бодоод гарах гэтэл жижиг өрөөнөөсөө гарч ирээд хаалган дээр зогсоод машины түлхүүр, утас хоёрыг өгөхгүй хаашаагаа явах гээд байгаа юм, ажилгүй байж гээд энэ махаа эвдэж дуусга, хаашаагаа явж банзалдах гээд байгаа юм бэ, энэ махаа өөрөө эвдээрэй гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан тэгэхээр нь утсыг нь аваад халаасандаа хийсэн. Намайг гутлынхаа үдээсийг үдэх гээд тонгойж байхад толгой руу гараараа цохихоор нь гарыг нь барьж аваад зогсож байхад хойшоогоо хүчээрээ гараа татаад хаалганы толь мөргөсөн, толь таллаж хагарсан байсан. Хүүхдүүдэд эцэг чинь намайг зодоод байна гээд орилоод буруу ойлголт өгсөн. Тэгээд том хүүхдээр цагдаа дуудуулаад дараа нь толгой чинь зүгээр үү гээд үзэх гэтэл чамаар үзүүлэхгүй чамайг шоронгийн хадаас болгоно гээд, тэр үед манай 3 хүүхэд бид хоёрыг хараагүй байсан. Чиний ясыг чинь цайлган гээд гэрээс гараад явсан. Тухайн үед  би ажилтай байсан болохоор 3 хүүхдээ аваад эцэг, эх дээрээ аваачиж өгөөд буцаад хот ороод явж байхад цагдаагаас дуудсан. Хувь хүний хувьд их хурц ааштай, манай ээж, аав хамаатан саданг доромжилж элдвээр хараадаг. Ажил дээрээ байна гэж худлаа ярьж гадуур хонож, маргааш нь согтуу ирдэг. Тэгээд гадагшаагаа явах виз хөөцөлдөж хэрэгтэй хүмүүстэй уулзсан зэрэг юм ярьдаг байсан. 6 сартай хүүхдээ хүртэл орхиод, том хүүхдэдээ харуулаад гадуур гарсан байсан. Энэ байдлуудаас нь болж би шүүхэд өргөдөл өгч салсан. Би эхнэрээ байнга зоддоггүй, архи уудаггүй, манай эхнэр харин намайг хүчирхийлээд байдаг. Гал тогооноос халуун аягатай ус аваад шидчих жишээний, их хартай” гэв.

Хохирогч М.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Захаас мах аваад гэртээ ирсэн. Гэрт ирээд махаа эвдчээрэй, ядраад байна жаахан хэвтээдхье гээд хэвтэж байхад намайг дуудаад орилоод байсан. Тэгэхээр нь би босоод хоол хийх санаатай яс тогоонд хийж байгаад далны мөгөөрсийг салгаад өг гээд өгсөн чинь чи өөрөө хий пизда чинь гээд орилоод байхаар нь би жижиг өрөөндөө орсон. Тэгсэн Н.Г найз руугаа яриад найзындаа очих гээд байхаар нь би хийсэн юмаа дуусгаад яв гэсэн чинь намайг “гичий, янхан, банзал минь” гээд багалзуурдаад авсан. Чи дандаа хэрүүл гаргаж байх юм гээд цагдаа дуудна гээд утсаараа бичлэг хийгээд халаасандаа хийсэн байсан чинь миний утсыг аваад шидсэн. Тэгээд явах гэхээр нь явуулахгүй хаалга хаагаад зогссон чинь толгойн ард байсан толь руу мөргүүлээд миний толгой хагарсан. Намайг зодох гээд байхаар нь хажуу айл руу гүйгээд орох гэсэн чинь хажуу айл хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд намайг барьж аваад чирээд оруулсан. Би байнга дарамтанд байдаг. Намайг байнга хардаж сэрддэг, гэртээ ч хоол ундны зүйл барагтаа авдаггүй” гэв.    

Хохирогч М.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би нөхөр Н.Г хамт Хүчит шонхор захаас хонины мах авчираад би ядраад байна, хэвтэж байя, чи махаа эвдээд янзалчих гэж хэлсэн. Тэгсэн намайг дуудаад орилоод байсан. Би хэрүүл болж байхаар гээд хэвтээд байсан 13 цагийн орчим 2 хүүгээ гадаа гарч тогло гээд гаргачихаад буцаад гэртээ орсон. Би хоол хийх санаатай тогоонд хэдэн яс хийчихээд далны ясны хойд талын мөгөөрсийг салгачих гээд өгсөн. Тэгсэн над руу “чи өөрөө хий, пизда минь” гээд орилохоор нь урд өрөөндөө ороод хэвтсэн. Нөхөр Н.Г утсаар яриад найзындаа очлоо гээд байхаар нь чи юм хийж байгаа бол дуусгачихаад яв гэсэн чинь хэл амаар “пизда минь, лалар минь, гичий минь, янхан минь банзалдаж явж ирчихээд өөрөө хий гээд босож ирээд намайг багалзуурдсан. Би чи асуудлыг дандаа хэрүүл болгож байх юм би чамайг цагдаад өгнө гээд өөрийнх нь утсыг аваад халаасандаа хийчихээд утсаараа бичлэг хийж байтал, миний утсыг аваад шидсэн. Явах гэхээр нь би хаалга хаагаад зогссон чинь намайг толгойн хойд талд байсан толь мөргүүлээд толгой хагалсан. Намайг олон удаа үсдэж боогоод байсан. Тэгээд би цагдаа дууд гээд хүүдээ хэлсэн чинь миний хүү Золбоог дуудвал ална шүү гэж айлгасан. Би тэр хооронд хажуу айлынхаа хаалгыг нүдээд тусламж гуйтал хаалга тайлаагүй. ...Н.Г намайг чи муу нүдний булай минь ална шүү гээд чирээд гэрт оруулсан....Байнга хэрүүлтэй, намайг дарамталж ажил хийлгэхгүй дарамталдаг. ...би гар утас эвдсэн гэж гомдол гаргаагүй, гар утсан дээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 119/,

Гэрч Б.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Г манай эгч Х-г цохиж зодож байсан асуудал байдаг. Энэ хоёр гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа. Том хүүхдээ төрснөөс хойш гар хүрлээ, багалзуурдсан, цохьсон, алгадсан гэж аав, ээж рүү яриад дуудаж ирж аваач гэж уйлаад ярьдаг гэх мэт ярьж байсан. Н.Г аав, ээжийнхээ хамт амьдардаг боловч зодож, цохих асуудал болохоор дандаа гэртэй хүнгүй, эзгүй үед цохиж зодсон байдаг. Хамгийн анх яг хэзээ цохиж, зодож байсан талаар хэлж мэдэхгүй байна. 2 дахь хүүхдээ гэдсэнд нь байхад том хүүхдээ дагуулчихсан хувцсаа аваад ирэх, утсаар ярьж Н.Г намайг зодлоо гэж уйлах гэх мэт үйлдэл гарч байсан. Манай эгчийг Н.Г байнга хардаж, хардсаны улмаас хэрүүл маргаан гарч байдаг. Тэр асуудлаар шалтаглаж гар хүрч зоддог. Би ийм л ойлголттой байдаг. Манай эцэг эхийг Н.Г тайван байлгадаггүй. Гэр орноосоо хүүхдээ дагуулаад аав, ээжийнд ирж байж байгаад гурван хүүхэдтэй учраас салаад яахав гээд эргээд явдаг. Г-г засарна гэж найдаж итгэдэг боловч хэзээч засраагүй, хардах, зодох гэх мэт асуудлууд үргэлжилсээр л байдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,
            Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Х-г 2011 онд нөхөр Н.Г нь зодсон гээд аав, ээж дээрээ ирж байсан. Тухайн үед хадам аав, ээжээс Х-г нөхөртөө зодуулсан, бие хаа нь хөхөрсөн, энгэр нь улайсан байдалтай ирлээ гэж сонсож байсан. Одоогоос 3 жилийн өмнө санагдаж байна, ямар ч байсан бага хүүхдээ гэдсэнд байхад нь болон төрснийх нь дараа зодсон байсан. Яаж мэдсэн бэ гэвэл уйлаад манайд ирж байсан. Тэгээд бие хаа нь хөхөрсөн, улайсан байдалтай ирж байсан. Яагаад зодсон талаар асуухаар хардалтаас болж зодсон. Хэл амаар доромжилж, утсаар ярьж байгааг нь сонсож, мессежийг нь хүртэл би уншиж байсан. Би яг өөрийн биеэр зодож байгааг нь харж байгаагүй ч ямарч байсан уйлаад гэртээ ирж байгаа, утсаар ярьж байгаа, мессеж бичсэн байдал зэргийг бол харж уншиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Насанд хүрээгүй гэрч Г.З мөрдөн байцаалтад өгсөн: “...Сургууль ороогүй байсан гэртээ тавуулаа байсан. Өдөр 12 цагийн үед аав хонины мах эвдэж чадахгүй байсан. Ээж жаахан уурлаад энийгээ ингээд больчихьё гэж хэлээд аав гадуур хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь ээж махаа эвд гэж хэлсэн чинь тэр хоёр хоорондоо хэрүүл хийсэн. Ээж тэр үед аавын гар утсыг барьж байгаад санаандгүй шал дээр унагаасан. ...аавын гар утас нь бараг хагараагүй жоохон хагарсан байсан. Тэгсэн ээж хаалганы үүдний тэнд байдаг тольны өмнө зогсож байсан чинь аав, ээжийг толь руу түлхээд толь хагарсан. Тэр үед ээжийн толгойноос цус гарсан. Тэгээд ээж, аавын нэг жижиг гар утсыг аваад цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-н 92/,

Сэжигтнээр Н.Гмөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харьсан. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед мах дууссан байсан болохоор эхнэр Х- ийн хамт гэрээсээ гарсан. Тэгээд тоосгоны үйлдвэрийн тэнд барилгын багаж авах замаараа Дэнжийн 1000-н хүнсний Хүчит шонхор захаас мах аваад буцах замаараа ажлаараа орж юу, юу хийх талаар нь зааж өгөөд 11 цагийн үед гэртээ орсон. Би махаа эвдээд эргээд ажил руугаа явах гэж байсан. Махаа эвдэж дуусаж байхад эхнэр босч ирээд хөлдөөгч онгойлгож хараад “өө хүүр, хүүр гэж далыг нь мөгөөрстэй нь эвдсэн байна, юм хийж чадахгүй, арчаагүй пизда чинь” гээд 2 ширхэг дал аваад шидсэн. Би хувцсаа өмсөж гарах гэхэд миний түрүүвч, машины түлхүүр 2 ширхэг гар утас аваад явуулахгүй гээд эхнэр жижиг өрөөнд ороод хаалгаа цоожилсон. Би хэрүүл болгоод яахав гээд хувцсаа өмсөөд гарах гэхэд эхнэр Х жижиг өрөөнөөсөө гарч ирээд хаалган дээр зогсоод явуулахгүй “пизда минь хаашаа явах гээд байгаан ажилгүй байж, энэ махаа эвдэж дуусга, дуусаагүй байна хаашаа явж банзалдах гээд байгаа юм бэ, би энэ махыг чинь эвдэхгүй шүү, чи энэ махаа өөрөө эвдэж дуусга” гээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Би гутлаа үдэх гээд доошоо тонгойгоод сууж байхад толгойн хэсэгт дагзан дээр гараараа цохьсон. Би босоод гарыг нь барьсан дахиж цохих гээд байсан. Үүдний хажууд гарыг барьсан зогсож байхад толгойн хэсэгт дагзан дээр гараараа цохьсон. Би гарыг нь барьсан зогсож байхад хойшоо толгойгоороо тольны рам руу хүчээрээ цохисон тэгэхэд толь хагарсан. Тэгээд том хүү рүү эхнэр орилоод эцэг чинь зодоод байна, толь мөргүүлж хагалсан гээд манай хүүхдүүдийг босгоод ирсэн. Тэгээд 20 минут орилж хашгирч байгаад би толгой чинь хагарсан юм биш биз дээ үзье гэхэд би чамд үзүүлэхгүй чамайг шоронгийн хадаас болгоно цагдаа дуудна, ясыг чинь цайлгана гэж байгаад эхнэр цагдаа авчирна гээд гэрээс гараад явсан. Би 3 хүүхдээ аваад эцэг, эхдээ аваачиж өгөөд явж байхад цагдаагаас яриад дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Шинжээчийн 10639 тоот дүгнэлтэд: “...М.Хгийн биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалга, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 25/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3, 56/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 17-18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41, 45-50/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 84/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 85-91/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Н.Г нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Хг байнга зодсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна.

Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэрч нарын мэдүүлгээр тодорхой цаг хугацаа байхгүй, зодсон байсан гэх зэргээр мэдүүлсэн нь шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг нь уг хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаардах ба тухайн хэргийг үйлдсэн цаг хугацаа, бусад байдлыг нарийн тогтоосон байх нь зүйтэй.

Хохирогч байнга зодсон гэж мэдүүлж байх боловч энэ талаар цагдаагийн байгууллага болон бусад байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн баримт үгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Г-ыг яллагдагчаар татахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар заажээ.

Уг заалт нь “... гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга...” гэж хуульчлагдсан байх ба 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад зааснаар яллагдах нь ойлгомжгүй болсон байх тул уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 09-10 цагийн орчим ..........тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Хтэй маргалдаж түүнийг эрүүнээс нь түлхсэний улмаас хаалганы толь мөргөж биед дагзны хуйханд язарсан шарх, эрүүний баруун, зүүн булангийн дор, зүүн бугалага, баруун бугуйнд цус хуралт, баруун нүдний доод зовхины гадна буланд зулгаралт бүхий бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Хохирогч М.Хгийн: “...Би хоол хийх санаатай тогоонд хэдэн яс хийчихээд далны ясны хойд талын мөгөөрсийг салгачих гээд өгсөн. Тэгсэн над руу “чи өөрөө хий, пизда минь” гээд орилохоор нь урд өрөөндөө ороод хэвтсэн. Нөхөр Н.Г утсаар яриад найзындаа очлоо гээд байхаар нь чи юм хийж байгаа бол дуусгачихаад яв гэсэн чинь хэл амаар “пиздаа минь, лалар минь, гичий минь, янхан минь банзалдаж явж ирчихээд өөрөө хий гээд босож ирээд намайг багалзуурдсан. Би чи асуудлыг дандаа хэрүүл болгож байх юм би чамайг цагдаад өгнө гээд өөрийнхөө утсыг аваад халаасандаа хийчихээд утсаараа бичлэг хийж байтал, миний утсыг аваад шидсэн. Явах гэхээр нь би хаалга хаагаад зогссон чинь намайг толгойн хойд талд байсан толь мөргүүлээд толгой хагалсан. Намайг олон удаа үсдэж боогоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 119/, насанд хүрээгүй гэрч Г.З: “... Өдөр 12 цагийн үед аав хонины мах эвдэж чадахгүй байсан. Ээж жаахан уурлаад энийгээ ингээд больчихьё гэж хэлээд аав гадуур хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь ээж махаа эвд гэж хэлсэн чинь тэр хоёр хоорондоо хэрүүл хийсэн. Ээж тэр үед аавын гар утсыг барьж байгаад санаандгүй шал нь дээр унагаасан. ...аавын гар утас нь бараг хагараагүй жоохон хагарсан байсан. Тэгсэн ээж хаалганы үүдны тэнд байдаг тольны өмнө зогсож байсан чинь аав, ээжийг толь руу түлхээд толь хагарсан тэр үед ээжийн толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 92/, шинжээчийн 10639 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч буюу шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хамт амьдарч байгаа М.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Гүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч М.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Хгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Н.Гүйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Н.Ггэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай.
  2. Шүүгдэгч Н.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР