| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419004930143 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
М.Цд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд,
прокурор: Д.Зуунай,
хохирогч: Н.Э, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
шүүгдэгч: М.Ц, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаарын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн гаргасан хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, хохирогч Б.Э нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч М.Цд холбогдох 2419004930143 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.*, /РД:*/,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
М.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Эг өөрийн нөхөр Б.Стай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын сарвуу, зүүн гарын бугуй, зүүн гуян тус газарт гартаа барьсан үзгээр тус тус цохиж, үснээс нь зулгаан газарт унаган нүүрийг нь самардаж, өөрийн гар утсаараа толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн хохирогч Н.Эгийн эзэмшлийн iphone 12 promax маркийн гар утсыг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: “…М.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус оногдуулсан торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цаас 1,711,561 төгрөг гаргуулан хохирогч Н.Эд олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас цалин 462,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол болох 7,920,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх эхсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг iphone 12 promax маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс 1,711,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хохирол буюу сэтгэл санааны хохирол төлбөрт 7,920,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны 462,000 төгрөгийг нотлох баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. ...шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа тайлбар зөв гэсэн үндэслэлээр нэг ч төгрөгийн сэтгэл санааны хохирол төлбөрийг гаргуулахгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ц намайг нөхөртэй нь харилцаатай гэдгийг буруугаар ойлгож гээд худал ярьсан учраас энэ сэтгэл санааны 2 дугаар зэрэглэлийн хохирол төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, зөвхөн өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлтэй байна гэсэн үндэслэлээр орхисон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу Н.Э шүүгдэгч М.Цын нөхөртэй дотно харилцаа үүсгэсэн. Үүнээс болж гэмт хэрэг гарах болсон шалтгаан гэдэг нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан болохоос биш сэтгэл санааны хохирол төлбөрийг гаргуулахгүй байх үндэслэл биш юм. Шүүгдэгчийн нөхөр ч буруутай, би ч буруутай, би залуу хүн, гэр бүл зохиож байгаагүй. М.Цын нөхрийн өөр рүү нь хандсан хандлагыг хүлээн авч, ийм харилцаанд орсон нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ шүүгдэгчийн гаргаж байгаа үйлдэл нь хохирогч Н.Эгийн биед халдаж, нүүрэнд нь шарх, сорви үүсгэсэн гэмтлийн улмаас хохирогчид үүсэж байгаа өвдөлт, зовуурь нийгэмтэй харилцах, ажилдаа очиж ажлаа хийх боломжгүй, удаа дараа зар тавьсан гэдэг асуудал нь хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Энэ нөхцөл байдлын улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийн улмаас хохирогчид зовуурь шаналал бий болж, амьдралын идэвх буурсан нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, 2 дугаар зэрэглэлд хамруулсан. Үүний дагуу гарсан хохирлоо 2 дугаар зэрэглэлээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлснээр тооцож нэхэмжилсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэл болохоос биш хохирол төлбөрийг гаргуулахгүй байх үндэслэл болохгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт хохирол, хор уршгийг тодорхойлсон байдаг. Хохирлыг гэм буруутай этгээд хариуцах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан. Мөн эдийн бус гэм хорыг ямар тохиолдолд гаргах юм. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол мөнгөн хэлбэрээр нөхөн гаргуулна гэж Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан. Энэ үндэслэлээр хуульд заасан заалтуудыг үндэслэн сэтгэл санааны хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.
6.Хохирогч Н.Э гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн байгаа. Тухайн үед яагаад ажилдаа яваагүй вэ гэхээр яаралтай, түргэн тусламжид үзүүлэхэд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн амбулаторийн бичиг хийж өгсөн. Нүүрэндээ олон тооны шарх, сорви авсан байсан. Маск зүүхэд шарх далдлагдахгүй байсан, мөн хэвтрийн дэглэм сахих гэсэн эмчийн бичиг хийж өгсөн учраас ажлаасаа чөлөө авсан. Шархаа эмчилж, тав нь унаж сорви тогтсоных нь дараа ажилдаа хурдан орсон. Тухайн хугацааныхаа цалинг нэхэмжилсэн боловч шүүгдэгч талаас намайг хүний нөхөртэй явалдаж ичээд ажилдаа яваагүй гэсэн тайлбарыг хэлсэн. Тухайн хэрэг болдог өдөр М.Ц миний дээр суугаад нүүр, хамар, хоолой руу шороо чихэж, чамайг алчихъя лдаа гээд байсан. Г гэдэг хүн ирж салгаагүй байсан бол би өнөөдөр энд ингээд зогсох байж эсэх нь эргэлзээтэй байсан. 2-3 удаа зар байршуулж, миний сэтгэл санаанд хохирол учруулсан. Би энэ асуудлаас болоод ажлын байрны дарамтад маш их өртөж байгаа. Ажлын хүрээллийн харилцаа хандлага өөрчлөгдсөн. Мөн тухайн хэрэг болсон газар буюу Нэгдсэн эмнэлгийн ойр орчмоор явахад бие маань тавгүйтэж, зүрх хүчтэй цохилоод байдаг. Одоо ч энэ хэргийн ярихад салгалж байна. Нойр муудсан, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийн талаарх асуудлыг шүүгч шийдвэрлээгүй учраас гомдол гаргасан.” гэв.
7.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаад гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хохирогч сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг гаргуулмаар байна, үүнийг шүүх шийдвэрлээгүй гэсэн гомдол тайлбар хэлэхэд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл үүссэн байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тухайн анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцсэн асуудал, гэрч Сэргэлэнбаярын мэдүүлэг, шүүгдэгч М.Цын мэдүүлэг, хохирогч Н.Э нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй” гэв.
8.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тухайн үед М.Ц Н.Эг гомдол гаргасныг мэдээгүй учраас эмнэлэгт үзүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж чадаагүй. Цаг хугацаа өнгөрсөн байсан учраас дүгнэлт гаргуулах боломжгүй болсон. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Э зодуулаад өнгөрсөн зүйл биш хоёр эмэгтэй хүмүүсийн хооронд болсон зодоон байсан. Мөн энэ хэргийн газар авхуулъя, байн байн сонсохгүй байя гэж бодсон учраас илүү дутуу зүйл ярихыг хүсээгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнийг хохирогч болон түүний өмгөөлөгч ойлгож ухаараасай гэж хүсэж байна. Хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа хэрэг ч гэсэн байж болшгүй нийгмийн хэм хэмжээ, ёс зүйг зөрчсөн хэрэг байгаа. Энэ хэргийн шийдэл дараа дараагийн хэргүүдэд нөлөөлнө. Сүүлийн үед ийм хэргүүд гарч байгаа тул үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Хохирогчийн гаргаж байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хохирогчийн зүгээс Сэргэлэнбаатартай хамт ажилладаг, дээд, доод ангийн зөрүүтэй, гэр бүлтэй, хүүхэдтэй, эхнэр нь хүүхэдтэй гэдгийг мэдэж байсан. Мэдсээр байж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон. Шүүх хуралдаанд гэрч Сэргэлэнбаатарыг оролцуулсан. Мэдүүлэгтээ 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан, хэд хэдэн удаа уулзаж байсан гэдгээ мэдүүлсэн. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шөнийн цагаар мессеж бичиж, залгадаг энэ байдал нь хэргийн дараа ч гэсэн арилахгүй байсан гэж мэдүүлсэн. Яагаад сэтгэл санааны хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, шүүх шийдвэрлээгүй вэ гэхээр уг дүгнэлтийг шинжээч хохирогчтой эмнэл зүйн ярилцлага хийж, үр дүнгээр нь гаргасан байсан. Гэтэл уг дүгнэлтэд хохирогчийн зүгээс худал ярилцлага өгсөн байсан. Э нь “хамт ажилладаг хүний эхнэр буруу ойлгож, нөхөртэйгөө хардаж, машиндаа суулган авч явж, хөдөө хээр миний биед халдсан” гэж мэдүүлсэн. Гэтэл эхнэр буруу ойлгоогүй, уг гэмт хэрэг огт гараагүй асуудал биш, үүссэн байсан. Машиндаа суулган, хөдөө хээр миний биед халдсан гэж мэдүүлсэн боловч Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлэгт болсон асуудал. Энэ өгүүлбэрээс харахад хохирогч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй, ямар ч асуудал гараагүй байхад шүүгдэгч хардаж, зодсон байна гэж шинжээчид ойлголт өгсөн. Фэйсбүүк зар дээр Ц 1 удаа тавьсан. Гэхдээ энэ нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсээгүй байхад нь тавиагүй. Энэ үйлдлийг прокурорын байгууллагаас шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Найзууд ажлын газрынхан, өөр танихгүй хүн хүртэл чат бичиж элдвээр хэлсэн гэж мэдүүлсэн. Э, Сэргэлэнбаатар хоёр хамт ажилладаг. Энэ хоёр хүнийг гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгийг ажлынхан нь мэдэж байгаа. Энэ асуудал нь Ц хохирогчийг зодсоноос үүсэж байгаа асуудал биш. Ажил болон бүх хүрээлэлд нөлөөлж байгаа, мөн энэ хэрэг бодогдож хямрах үед ганцаараа байхдаа байхгүй болчихвол зүгээр юм уу гэж боддог. Ажлын бүх хүмүүсийн харилцаа өөр болсон, ажлын нэр хүнд унагасан гээд маш их дарамт ирсэн гэж ярьсан байна. Ц Эг зодсоноос болоод энэ хүний ажлын нэр хүнд унаж, ажлаа хийх боломжгүй гэж үзэхгүй. Учир нь Сэргэлэнбаатар, Э нарыг хоорондоо явалдаж байгаад эхнэрт нь баригдсан гэдгийг мэдээд ажил дээр нь яриа үүсэж байгаа. Энэ нь өөрийнх нь өгсөн “би нүүрэндээ сорвитой болсон учраас ажилдаа очоогүй” гэсэн мэдүүлэг байдаг. Эг зодуулсан гэдгийг ажлынхан нь мэдээгүй. Гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн учраас ажлынхан нь ярьж, өөрөө эмзэглэж байгаа асуудал харагдаж байна. Шүүх шинжилгээний Ерөнхий газарт өгсөн эмнэл зүйн ярилцлагад худал мэдүүлэг өгсөн урчаас энэ дүгнэлтийн хүрээнд Эд сэтгэл санааны хохирол үүсэх боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Яаралтай, түргэн тусламжид очиж үзүүлэхэд хэвтрийн дэглэм сахь гэсэн гэж мэдүүлж байна. Хэвтрийн дэглэм сахь гэсэн бол акт, лист бичүүлж, зөрүүг нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл ямар шалтгааны улмаас ажил тасалсан нь тодорхойгүй байхад тасалсан, ажилгүй байсан хугацааны цалинг Ц аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа учраас гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнд нэмж хэлэхэд Ц гэх эмэгтэй тухайн үед 2 настай, 8 сартай, 2 хүүхэдтэй нялх биетэй эмэгтэй байсан. Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би маш олон удаа амиа хорлохыг хүссэн, 2 хүүхдээ аваад үхчихье гэж бодсон гэж хэлж байсан. Сэтгэл зүйч дээр очиж уулзсан. Өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулъя гээд явж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдааныг дуусгая байж бай гэж хэлсэн. Нэг ч гэсэн гэр бүл бүтэн байж, 2 нялх хүүхэд битгий өнчрөөсэй гэж хүсэж байна. Хохирогч өөрөө энэ байдалд дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Сэтгэл санааны хохирлын мөнгө гаргах гаргахгүй байх асуудал биш, ёс зүй, нийгмийн хэм хэмжээний асуудал яригдаж байна. Сэтгэл санааны хохирол төлбөр үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
2.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Цыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Н.Эг өөрийн нөхөр Б.Стай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын сарвуу, зүүн гарын бугуй, зүүн гуян тус газарт гартаа барьсан үзгээр цохиж, үснээс нь зулгаан газарт унаган нүүрийг нь самардаж, өөрийн гар утсаараа толгойн тус газарт 2-3 удаа цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гуяны цус хуралт, дух баруун зүүн хацар, баруун, зүүн шанаа, зүүн бугуй, баруун сарвууны 3 дугаар, зүүн алга, зүүн гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Н.Эий эзэмшлийн iphone 12 promax маркийн гар утсыг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбоогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Цын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг, шүүгдэгч М.Ц хохирогчийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл, эд хөрөнгөд 1,300,000 төгрөгийн хохирол учирсан талаар тус тус үндэслэлтэй тайлбарлан, хуулийг зөв хэрэглэжээ.
4.Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, түүний өмгөөлөгч нараас “...ажилдаа яваагүй хугацааны цалин болон сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Гомдлыг хангах үндэслэлгүй учир нь хохирогч Н.Эий хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ц нь бага насны буюу 2 настай, 8 сартай 2 хүүхдээ хараад гэртээ байх хугацаанд түүний нөхөр Б.С, хохирогч Н.Э нар бэлгийн харьцаанд орсон, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байх ба үүнд уурлаж, бухимдан улмаар хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгий нь гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдэл гаргасан нь хохирогчийн ёс суртахуунгүй, зүй бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн хохирогч Н.Э сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжээч эмчтэй хийсэн эмнэл зүйн ярилцлагад “...2024 оны 11 дүгээр сарын 19-нд хамт ажилладаг хүний эхнэр буруу ойлгож, нөхөртэйгөө хардаж, машиндаа суулгаж авч яван хөдөө хээр миний биед халдсан” гэж тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар хэргийн бодит байдалд нийцээгүй мэдээлэлд өгсөн ба үүнд үндэслэн дүгнэлт гарчээ.
Тиймээс шийтгэх тогтоолд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалинг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлээгүй нь үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана гэсэнд нийцэж байна.
Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгадаг учир энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн гэж үзнэ.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА