Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/50

 

 

 

 

 

  

 

      2025         09           08                                         2025/ДШМ/50

 

 

Д.Э.д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

           прокурор Д.Зуунай,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарын гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Э.д холбогдох 2519000790132 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Э..

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн ....ойролцоо ...маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: a\согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э.г дайрсны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуурал, цөсний ерөнхий цоргоны урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Мөн Д.Э. нь хохирогч Б.Э.г ....маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч Б.овогт Д.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Э.д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э.д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Э. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эн хувьд Дорноговь аймгийн Алтанширээ суманд ганцаараа, хохирогч дүү Э.д болон бас нөгөө дүү нь өрх толгойлсон эмэгтэй Н.ын малыг өөрийнхөө малтай маллаж амьдардаг ийм малчин хүн байгаа. Эхнэр хүүхдийн хувьд эхнэр нь аймагт ажил хөдөлмөр эрхэлж хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт Сайншандад явуулдаг ийм нөхцөл байдалтай ийм хүн байгаа. Хавсралтад авагдсан баримтуудаар түүний малын А данс, малчны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургууль цэцэрлэгийн тодорхойлолт болон бусад хувийн байдалтай холбоотой нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Дорноговь аймгийн ......... сум нь Дорноговь аймгийн ...., ..... сумтай хиллэдэг мөн Хэнтий аймгийн ...... сумтай хиллэдэг. Нүүдлийн мал аж ахуй маань өөрөө яг Алтанширээ сумаас гарахгүй байх боломж бололцооны хувьд энэ хүнд үнэхээр хэцүү хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас малаа эрж хайх, услах, отор нүүдэл хийхээс авхуулаад энэ хүн малаа маллаж амьдрахгүй бол өөрийнхөө амьжиргааг залгуулах хүүхдүүдийнхээ амьжиргааг залгуулах дээрээс нь энэ хохирогчийн хохирол төлбөрийн эмчилгээ цаашдаа гарах эмчилгээтэй холбоотой энэ хохирогчийн амьдрал ахуйтай холбоотой гээд гурван айлын амьдралыг авч явдаг ийм хүн байгаа учраас зорчих эрх хязгаарлах ял Э.н хувьд арай зохимжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд шүүх бүрэлдэхүүнээс өмгөөлөгчөө давруу зан гаргаж байна гэж битгий бодоорой. Энэ хүнд ийм шалтгаан байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж шүүхэд гомдол гаргасан. Э.н үйлдэлд байгаа гэмт хэрэг нь өөрөө болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялаар тэнсэх мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой нөхцөл байдал байгаа учраас энэ хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргасан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирогчийн хохирол төлбөрт нь туслалцаа үзүүлээд цаашид хохирогчийг харж хандах энэ хүний амьжиргаа залгуулах энэ нөхцөл байдлуудыг бүгдийг нь харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял оногдуулахгүй тэнсэх байдлаар өөрчилж өгнө үү гэж гомдол гаргасан байгаа. Мөн нэмээд хэлэхэд гомдолдоо тусгагдаагүй анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолын нэгдүгээр заалтад тоотой холбоотой алдаа гарсан байгаа учраас энэ 27.10 дугаар зүйлийн 1 гэдгийг 27.11 дүгээр зүйлийн 1 болгож залруулга хийж өгөөч гэсэн саналыг давхар гаргаж байна” гэв.

6.Шүүгдэгч Д.Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

7.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э. нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж мөн хэргийн газрыг орхиж зугтаасан нөхцөл байдалд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатын шүүхээс оногдуулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хор уршиг зэргийг харгалзаж түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар шүүгдэгч Э. нь өөрийн төрсөн дүүгээ дайрч хүнд хохирол учруулсан боловч учирсан хор уршиг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь оногдуулсан ялтай таарч байна, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн өмгөөлөгчөөс гаргасан тухайн шийтгэх тогтоолд техникийн алдаа болж 27.10 дугаар зүйлийн 1 гэдгийг 27.11 дүгээр зүйлийн 1 болгож өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Э.г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн .......сумын .......... ойролцоо .......... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 9.5, 3.7 гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э.г дайрч түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “…шүүгдэгч Д.Э.н үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон” нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийг буруу хэрэглэсэн байх буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж өөрчилсөн улмаар энэ зохицуулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж, мөрдөхөөр тогтоосон нөхцөл байдлыг анхаараагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл мөн.

3.Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Э.д холбогдох хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийн шүүх хуралдааны даргалагчийг томилсон. Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн 103 дугаар хуудас дахь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. 

Эндээс үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх,  хэрэв дээр дурдсан ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгах тухай ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай гомдолд эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      А.САЙНТӨГС

          ШҮҮГЧ                      Д.МӨНХБҮРЭН

          ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА