Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

           Шүүгдэгч: Ч.О, түүний өмгөөлөгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ч.Оад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702002320562 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ч.О, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, халх, эрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.О нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Ө-21450 дугаартай “Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгт Л.Мгийн хүүхэд түлхэж гэмтэл учруулсан” гэх гомдлыг шалгахдаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 94-р цэцэрлэг дотор ангийн багш Ш.Маас хохирогчийн ар гэрт нь өгөх гэж байсан 2.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, би дамжуулаад өгнө гэж хэлэн хуурч бэлнээр авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн тус цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн 1705000838 дугаартай хэрэг нээж гэмтэл учруулсан гэх хэрэгт цэцэрлэгийн багш Г.Д, Ц.Э нарыг уг хэрэгт буруутай мэтээр ойлгуулж “... та нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ, хоёр жилийн хорих ялтай...” гэж сүрдүүлэн, 2.000.000 төгрөг өгвөл уг хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр албан тушаалын байдлаа ашиглаж Г.Д, Ц.Э нараас 1.000.000 төгрөг залилан авч, нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ш. М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын тухай үнэн зөв мэдүүлсэн, уг мэдүүлгээс гадна нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 25/,

Гэрчээр Ш.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тийм ээ шалгагдаж байсан, 2016 оны 10 дугаар сарын эхээр миний хариуцаж байсан бэлтгэл-б бүлгийн Н.М гээд 5 настай эмэгтэй хүүхэд гимнастик хийж байтал хажууд нь гимнастик хийж байсан \нэрийг нь санахгүй байна, ямар ч байсан “Т” үсгээр эхэлсэн нэртэй эмэгтэй хүүхэд\ хүүхэд санамсаргүй түлхээд Н.М нь орон дээр унаад гэмтэл учирсан, тэгээд уг хүүхэд том болсон хүүхэд байсан учир өөрөө өвдөж байгаа тухайгаа хэлсэн ба эцэг эхэд нь утсаар мэдэгдээд, туслах багш М болон цэцэрлэгийн эмч Б нар Н.М-г аваад Гэмтлийн эмнэлэг явсан, тэндээсээ Эх нялхас руу явсан байсан, тэгээд уг хүүхдийн ээж нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргасан байсан ба нэг өдөр намайг цагдаагаас О гэх байцаагч дуудаад туслах багш Э, М нарын хамт очиж уулзахад /10-р сарын 05-ны өдрөөс өмнө байсан/ бид нараас байцаалт авсан, тэгээд Н.М гэх хүүхдийн эцэг эхэд эмчилгээний зардал зэрэг шаардлагатай зүйлс байвал хэлээрэй гэж хэлж байсан ба манай цэцэрлэгийн эрхлэгч А-д эцэг эх нь 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн байсныг надад дамжуулсан, уг хүүхдийн эцэг эх нь надтай бол холбогдоогүй ба надад яг тэдэн төгрөг аваад ир гэж хэлээгүй, тэгээд нэхсэн 5.000.000 төгрөгийг нь төлөх арай боломжгүй гэж цэцэрлэгийн хэн нэгэн нь яриад 3.000.000 төгрөг болгосон. Тэгээд Н.М гэх хүүхдийн авга ах нь цэцэрлэг дээр 1.000.000 төгрөг бэлнээр авч явсан ба уг мөнгийг би дараа эргүүлээд төлнө гээд цэцэрлэгийн зүгээс гаргуулаад нярав З эгчээс /М бил үү Э / авахуулж байсан, тэгээд 2.000.000 төгрөг нь үлдсэн ба байцаагч О-д байцаалт өгч байхдаа эцэг эх нь одоо надаас 2.000.000 төгрөг нэхээд байх юм аа би эцэг эхэд нь шууд өгчихөж болох уу гэж асуусан байдлаар тайлбарлаж байсан ба О байцаагч надад өгчих гэсэн, тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр О байцаагч манай цэцэрлэг дээр ганцаараа ирээд Н.М хүүхдийн унахдаа мөргөсөн орны зургийг нь аваад нярав З-ын өрөөнд ороод 2.000.000 төгрөгийг тэдэн төгрөгийн дэвсгэрт хэчнээн ширхэг гэж тэмдэглэл З нярав үйлдээд, байлцсан би болон Э нарын гарын үсэг зураад хүлээлгэн өгсөн З болон хүлээн авсан О байцаагч гарын үсэг зураад би өөртөө нэг хувь хуулбарлаж авсан, уг хуулбар тэмдэглэл одоо манай гэрт байдаг. Тэгээд тэрнээс хойш бид нарыг дуудаж байцаалт авч байсан ба намайг бол олон удаа дуудаж байсан, тэгээд би хүүхдийн ааваас нь уучлалт гуйж байсан ба уг хүүхдийн шинжилгээний хариу нь учирсан гэмтэл нь гадны нөлөөгүй гэж гараад аав нь гомдолгүй гээд уг хэрэг нь хаагдаж шийдэгдэж байсан. О байцаагч дээрх 2.000.000 төгрөгийг Н.М хүүхдийн эцэг эхэд өгсөн эсэхийг мэдэхгүй байна, би ч асуугаагүй, хүүхдийн эцэг эх нь анхнаасаа хүүхдүүдийнхээ гэмтлийг ор мөргөж унаад учирсан гэж итгэхгүй байсан учир өргөдөл гаргасан байсан нь шинжилгээгээр гадны нөлөөгүй гэж гараад гомдолгүй гэж байсан, тэгээд уг хэрэг хаагдаад дахиж О байцаагчтай холбогдоогүй, тухайн үед л хэд хэдэн удаа очиж байцаалт өгснөөс өөрөөр танихгүй... байхгүй, намайг 2.000.000 төгрөгийн тухай хэлэхэд би уламжлал болгоод өгье гэж хэлээд л авч байсан, өөрөөр надаас мөнгө төгрөг нэхсэн асуудал байгаагүй. Манай цэцэрлэг цалингаа Улаанбаатар хотын банкаар дамжуулан авдаг байсан тухайн үед 5.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан ба нэмээд 3.000.000 гаран  төгрөгийн зээл аваад одоо уг зээлийн хугацаа нь 2019 онд дуусах юм...”” гэсэн мэдүүлэг /хх 1-н 110-113/,

Хохирогч Г. Д мөрдөн байцаалтад өгсөн “... Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын тухай үнэн зөв мэдүүлсэн, уг мэдүүлгээс гадна нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 2-н 28/,

Гэрчээр Г.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хариуцсан бүлгийн 2 нас гарантай Э.Б гэх хүүхдийн хацрыг А гэх хүүхэд хазаад, тэр нь тэр хэсэгтээ болон бусад газартаа хөхрөөд эцэг эх нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргасан. Тэгээд цагдаагаас Ч.О мөрдөгч уг гомдлыг нь шалгасан. Цагдаагаас анх дуудаж уулзахаас өмнө Э.Б-ны эцэг эхэд нь цэцэрлэгийн зүгээс 600.000 төгрөг, Н.Э бид 2 нийлээд 420.000 төгрөг болон томографикийн зураг авахуулсны төлбөр 120.000 төгрөг, нийт 1.140.000 төгрөгийг хүүхэд нь хазуулсны дараа 7 хоногт нь өгсөн. Уг хүүхдийн эцэг эх нь фэйсбүүкэд багш нар нь хүүхдийг нь зодсон байна гэж нийтэлсэн байсан, тэгээд цэцэрлэгийн зүгээс өгсөн 600.000 төгрөгийн тухайд уг Э.Б гэх хүүхэд нь Баянзүрх дүүрэгт хаягтай хүүхэд гэсэн ба анх манай цэцэрлэгт элсэхдээ харьяаллын бус гээд 600.000 төгрөг өгсний үндсэн дээр орсон юм шиг байна лээ, тэгээд тэр мөнгийг нь буцаагаад өг гэж цэцэрлэгийн эрхлэгч Б. хэлж байсан, тэгээд арга зүйч Б нь 600.000 төгрөгийг Э.Б ээж Б-д өөрийнхөө өрөөнд бэлнээр өгч байхад нь би байж таарсан. Он, сарыг нь яг санахгүй байна. Тэгээд дараа нь нөгөө фейсбүүкэд нийтэлсэн нийтлэлдээ багш нарын нэрийг нь бичнэ гээд байхаар нь уулзаад 420.000 төгрөгийг Ц.Э  бид 2 өөрсдийн зүгээс нэмж өгч байсан. Мөн хүүхдийг нь томографикийн зураг авахуулахад нь би очиж төлбөр болох 120.000 төгрөгийг төлж байсан. Ингээд хүүхдийн эцэг эхийн зүгээс ямар нэгэн асуудалгүй болсны дараа цагдаагаас Ч.О гэх мөрдөгч 10 дугаар сарын 23-ны өдөр манай цэцэрлэг дээр ирээд Ц.Э-тэй уулзаад нөгөөдөр ирээрэй гээд явсан байсан, би тухайн өдөр нь Хэнтий аймагт байсан ба 24-ний өдөр хотод ирээд 25-ны өдөр Ц.Э-ийн хамт Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст очиж Ч.Отай уулзах гэтэл өрөөгөө солиод завгүй байх шиг байсан ба маргааш хүрээд ир гэсэн, маргааш нь буюу 26-ны өдөр бид 2-ыг очиход Э.Б-ны эцэг, эх бас ирсэн ба гомдолгүй гэх өргөдөл бичээд Ч.Оад өгч байсан, тэгээд бид хоёрыг маргааш ир гээд явуулсан ба маргааш нь дахиад иртэл дараа 7 хоногт ир гээд явуулсан. Дараа 7 хоногийн мягмар гаригт буюу 10 дугаар сарын 31-ний өдөр арга зүйч Бын хамт гурвуулаа очиж уулзахад гадаа гаръя гээд цагдаагийн байрны зүүн талд үүдний шатны хажуу доод хэсэгт уулзаад эрүү үүсэхээр болсон, 2 жилийн хорих ял авна гэж хэлээд дараа 7 хоногт ирээрэй гээд явуулсан. 11 дүгээр сарын 06-ны өдөр байх дараа 7 хоногийн даваа гарагт нь гурвуулаа очиж уулзахад бас гадаа гаръя гээд цагдаагийн байрны баруун талд машин зогсоолд уулзаад хэрэг чинь нэг сар болчихсон байна, прокурор руу шилжүүлнэ, мөнгө өгөөд зохицуулж болно гээд хэдэн төгрөг авах гэж байгаагаа хэлэхгүй байхаар нь арга зүйч Б 1.000.000 төгрөг байж болох уу гэтэл болохгүй бага байна, гэж байсан гэхээр нь тэгвэл 1.500.000 төгрөг гэтэл бас үгүй гээд 2.000.000 төгрөг өнөөдөртөө амжуулж өг гэсэн. Тэр орой нь болон маргааш, нөгөөдөр нь мөнгө олдохгүй байсан ба 11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг болгоод утсаар ярьтал юу ч гэсэн хүрээд ир гэсэн, явж очоод 1 давхрын шатны баруун талын урд зүгт харсан хаалгатай 105 тоот өрөөнд нь очиж уулзахад эрүү үүссэн, прокурор руу өгнө гэх утгатай зүйл хэлсэн, тэгээд өрөөнөөс гаръя гээд гараад шатны хажууд буланд уулзаад 1.000.000 төгрөгөө өгчих гэхээр нь бид 2 тухайн өдөр хамт цагдаагийн хэлтэс дээр очсон Б багшийн цүнхэнд мөнгөө хийгээд үүдэнд суулгаад үлдээсэн байсан тул Ц.Э багш үүд рүү очоод Б-ийн цүнхнээс мөнгөө аваад эргэж ирээд Ч.Оад өгтөл өмднийхөө баруун талын халаасанд хийсэн, тэгээд үлдсэн мөнгийг нь маргаашийн дотор авч ирж өгөхгүй бол прокурор руу шилжүүлнэ гэсэн. Тэгээд маргаашнаас нь 2, 3 хоног утсаар “яасан бэ, би прокурор руу явах гээд байна, прокурор дээр ирчихсэн байна” гэх утгатай зүйл ярьдаг байсан ба бид хоёрт мөнгө олдохгүй байсан, тэгээд 11 дүгээр сарын 14-ний өдөр миний утсанд хэрэг чинь хэрэгсэхгүй болсон гэх мессеж Ч.О ирүүлсэн байсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй... Мөн арга зүйч багш Б нь 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн хэлтсээс буцаад явж байхдаа манай цэцэрлэгт өмнө багшаар ажиллаж байсан Ш.М нь 1.800.000 төгрөгийг Ч.Оад өгч байсан тухай ярьж байсан юм, нарийн учрыг нь мэдэхгүй байна. ... Эрүү үүснэ, хорино гэж айлгаад, мөнгө өгвөл аргалж өгье гээд байхаар нь мөнгө өгсөн юм, одоо бодоход хахууль өгсөн болж байна. ..аль хэдийн хэрэгсэхгүй болсон хэрэг дээр эрүү үүсгэнэ гэж худал ярьж мөнгө авсан байна гэж үзээд гомдол гаргасан юм. Ч.О мөрдөгчөөс мессеж ирэхээс өмнө цэцэрлэгийн манаач Ц бид 2 дээрх асуудлын тухай хэлээд яаж шийдэгдсэн тухай асуулгатал нэлээн эрт хэрэгсэхгүй болсон байна гэж хэлсэн, хэнээс асууж мэдсэнийг нь мэдэхгүй байна, хэрэв биднээс Ч.О нь мөнгө авсныхаа дараа хэрэгсэхгүй болгож шийдсэн байсан бол гомдол гаргахгүй байх байсан. Бид хоёрын Ч.Оад өгсөн 1.000.000 төгрөг нь 20.000 болон 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 92-93/,

Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын тухай үнэн зөв мэдүүлсэн, уг мэдүүлгээс гадна нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 31/,

Гэрчээр Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ерөнхийдөө нэг ангид 1 үндсэн багш, 3 туслах багш байдаг ба үндсэн багш нь өглөөнөөс орой хүртэл, туслах багш нар нь дээр хэлсэнчлэн ээлжлээд ажилладаг юм. Тэгээд Э.Б-ыг эцэг эхэд нь дээрх асуудлын тухай уг нь аль нэг багш нь хэлэх ёстой байсан боловч хэлээгүй мартсан байсан, би ч тэр өдөр нь ээлжнээсээ буусан. Уг хүүхэд нь нэг их зовиургүй байсан юм. Тэгээд энэ асуудлаас болоод Э.Б-ы эцэг эхээс цагдаад гомдол гаргасан байсан ба Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Ч.О нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагийн орчим манай цэцэрлэг дээр ирээд надтай уулзсан ба нөгөөдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр 10:00 цагт Г.Д багштай хамт ирээрэй гэж хэлээд явсан. Тэгээд Г.Д багш  бид хоёр 10 дугаар сарын 25-ны өдөр 10:00 цагийн үед очиход Г.Д бид хоёртой хамт уулзаад гомдол гаргасан хүүхдийн эцэг эх маргааш ирнэ гэж байна, тэр үед та 2 хүрээд ир гээд явуулсан, маргааш нь буюу 10 дугаар сарын 26-ны өдөр 11:00 цагийн үед Г.Д бид хоёр очиход хүүхдийн эцэг, эх нь бас ирсэн байсан ба эцэг эх нь одоо гомдолгүй гэж Ч.О мөрдөгчид хэлж байсан, учир нь Э.Б-ны ээжийнх нь хүссэн 420.000 төгрөгийг Г.Д бид 2 болон цэцэрлэгийн эрхлэгч Б.А бид нар нийлж байгаад өгчихсөн байсан юм, цагдаагаас анх дуудахаас өмнө гэсэн үг. Тэгээд маргааш нь буюу 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Д бид хоёрыг ирээрэй гэсэн учир яваад очсон ба бид хоёрт хүүхдийн эцэг эх нь гомдолгүй гэсэн, гэхдээ зөрчлийн хуулиар торгоно гээд нэг ном гаргаж ирээд харж байснаа дараа 7 хоногт ирээрэй гээд явуулсан. Тэгээд бид 2 дараа 7 хоногийн 2 дахь өдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр очоод уулзахад та хоёрт эрүү үүсгэнэ, 2 жилийн хорих ял авна, та хоёрыг хамгаалах юм байхгүй, танай ангийн камер нь ажилладаггүй гэх зэргээр хэлж байгаад маргааш арга зүйчтэйгээ ирээрэй гэсэн. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр байхаа 11:00 цагийн үед цэцэрлэгийн арга зүйч Б, Г.Д багш бид 3 очоод уулзахад гадаа гараад ир, тамхи татаадахъя гээд гарсан ба цагдаагийн хашааны баруун хойд буланд Ч.О мөрдөгч нь тамхи татангаа мөнгө өгвөл би прокурорыг аргалъя” гэж хэлсэн, тэгэхээр нь би 1.000.000 төгрөг болохгүй юу гэтэл “юу гэж сая төгрөг болдог юм бэ, мөнгө олж чадахгүй бол цаашаа 2 жилийн ял аваад явахгүй юу, 2.000.000 төгрөгөө олоод ирээрэй, хэрэг шийдэгдэх хугацаа нь дуусч байна, эцсийн хугацаа нь 2, 3 хоногийн дотор олж ирээрэй” гэсэн. Тэгээд Г.Д бид хоёр 1.000.000 төгрөг олоод 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17:00 цаг өнгөрч байхад цагдаа дээр очоод өрөөнд нь орж уулзахад өрөөндөө хоёулаа байсан ба Г.Д бид 2 хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж ял авна гэж байхгүй, эцэг эх нь гомдолгүй гэж байхад ингэж болдог юм уу гэхээр өөдөөс хууль тайлбарлаад та нарыг хамгаалах юм байхгүй гэх зэргээр хэлж байгаад гарчихаад ирье гээд гарсан, бид 2 өрөөнд нь суугаад хүлээж байсан ба удалгүй орж ирээд хэсэг ярилцаж байгаад гарч уулзъя гээд шатны орчим буюу шатаар өгсдөг хэсгийн хажуу буланд уулзаад мөнгөө авч ирсэн үү гэхээр нь 1.000.000 төгрөг авч ирсэн гэсэн, бид 2 очихоосоо өмнө Г.Д багш утсаар яриад 1.000.000 төгрөг л олсон тухайгаа хэлэхэд нэг мөсөн гүйцээгээд олчихгүй яасан юм бэ гэж уурлаад хүрээд ир гэхээр нь очсон юм, тэгээд бид хоёрын 1.000.000 төгрөгийг аваад өмднийхөө баруун талын халаасанд хийгээд маргааш мөнгөө гүйцээгээд өгөөрэй гэж хэлээд явуулсан. Манай цэцэрлэгийн туслах багш А нь өөрөө зээл авах гэж байгаа гэхээр нь бид 2 авах гэж байгаа зээлэндээ нэмээд 1.000.000 төгрөг аваад зээлчих гэж гуйсан байсан ба А-ийн зээл нь бүтээгүй өнгөрсөн юм. Тэгээд 1.000.000 төгрөг өгсөн маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Ч.О мөрдөгч нь Г.Д бид 2 руу залгаад  байхаар нь утсаа аваагүй ба арга зүйч Б руу ярьсан байсан, Б бид хоёрыг утсаа аваач, та хоёрыг Ч.О прокурор дээр хүрээд ир гэж байна гэсэн гэхээр нь бид хоёр яваагүй ба эргээд Ч.О прокурор өөрөө ирж байна гэнэ гэхээр нь бид хоёр орой 20:00 цаг хүртэл хүлээж байгаад ирэхгүй болохоор нь явсан. Тэгээд 11 дүгээр сарын 13-ны өдөр нь буюу 1 дэх өдөр Ч.О дахиад залгаж байхаар нь аваагүй, Г.Д аваад ярьтал хүрээд ир гэж хэлсэн гэсэн, тухайн үед ажил хаялт зарлагдаж байсан тул ажлаасаа гарч чадахгүй байгаа тухайгаа хэлтэл өөрөө очлоо, байж бай гэж хэлсэн гэсэн, тэгээд ирээгүй ба маргааш нь хэрэг чинь хэрэгсэхгүй болсон гэх мессэж Ч.Оаас Г.Д-д ирсэн байсан. Тэгээд өөр зүйл болоогүй ба манай цэцэрлэгийн жижүүр Ц нь бид хоёрт зөвлөөд мөнгө өгсөн тухайгаа цагдаад гомдол гаргачих гэхээр нь бид 2 ярилцаж байгаад энэ гомдлоо гаргасан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 94-95/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Д, Ц.Э нартай 2 удаа Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж байсан, хэзээ гэдэг хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 10 дугаар сарын сүүлээр байсан байх, эхний очдог өдөр нь 3 дахь өдөр буюу лхагва гараг байсан, дараагийн очдог өдөр нь 1 дэх буюу даваа гараг байсан....Ч.О нь гарч ирээд гадаа уулзъя гээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун талын граж руу ордог хэсгийн орчим бид 4 уулзахад Ч.О нь М прокурортой зөвшилцсөн, зөрчлийн хуулиар шийдэх асуудал биш, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж прокурор хэлсэн” гэхээр нь эрүүгийн хуулиар ямар шийтгэл оногдох вэ гэж би асуухад “Г.Д, Ц.Э нарт 2 жилийн хорих ял авна” гэхээр нь цаашдаа ямар хор уршигтай тухай асуухад “ялтай тухай тодорхойлолттой болно” гэсэн. Тэгэхээр нь би ял авч байхаар мөнгө төгрөг өгөөд шийдүүлж болдоггүй юм уу гээд Г.Д, Ц.Э нарт зөвлөтөл тэр 2 хэдэн төгрөг өгөх үү гэдгээ мэдэхгүй зогсоод байхаар нь би 1.000.000 төгрөг өгчихвөл болох уу гэж хэлсэн, тэгтэл Ч.О нь бага байна, 2.000.000 төгрөг байвал зүгээр, тэгвэл асуудлыг шийдье, прокурортойгоо яриад болчих байх гэсэн тэгээд бид 3 ажил дээр очоод ярилцаж байгаад эргээд хариу хэлье гээд салцгаасан. Ажил руугаа бид 3 автобусаар явсан ба замдаа би 2016 оны намар байхаа манайд ажиллаж байсан Ш.М гэх 27 орчим насны багшийн хариуцаж байсан бэлтгэл бүлгийн хүүхдүүд нь гимнастик хийж байхдаа нэг нь нөгөөгөө түлхээд хүүхэд нь унахдаа орны ирмэг хэсгийг бэлэг эрхтний орчим хэсгээрээ мөргөөд унаад зүсэгдчихсэн, эцэг эх нь цагдаад гомдол гаргаад мөн Ч.О шалгаж байсан, тэгээд эцэг эх нь 5.000.000 гаран төгрөг нэхэмжлээд байсан ба эмчилгээ, мэс заслын зардал зэргийг нь Ш.М багш гаргачихсан байсан тул бололцоогүй гээд 2.000.000 төгрөг өгөх гээд Ч.О мөрдөгчид хэлтэл надад өгчих гээд авсан гэж Ш.М надад хэлж байсан юм” энэ асуудлыг би Г.Д, Ц.Э  нарт замд явахдаа товчхон хэлж байсан. ...Тэгээд цэцэрлэг дээрээ бид 3 ирээд угаасаа 2.000.000 төгрөг олдохгүй гээд арай гэж 1.000.000 төгрөг Г.Д, Ц.Э нар бүрдүүлсэн ба надаас ямар ч байсан 230.000 төгрөг зээлсэн, бусад мөнгийг нь хэн хэнээс авч бүрдүүлснийг мэдэхгүй байна, тэгээд би ямар ч байсан та 2 олсон 1.000.000 төгрөгөө аваачаад өгчихөө гэж хэлж байсан, дараа нь хэрэг нь хаагдчихсан тухай Г.Д, Ц.Э нарын нэг нь надад хэлж байсан. ...Ч.О мөрдөгч ямар санаатай гадаа гарч уулзъя гэснийг мэдэхгүй, ямар ч байсан 2 багшийгаа ял авахуулаад явуулчихгүй, хэргийг нь гайгүй шийдүүлчих юмсан гэсэндээ мөнгөний тухай яриа гаргаж Г.Д, Ц.Э нарт зөвлөсөн. Ч.О мөрдөгч эхэндээ дургүйцсэн маягтай байснаа 1.000.000 төгрөг гэтэл бага байна, 2.000.000 төгрөг гэж өөрөө хэлж байсан. Уг 2.000.000 төгрөгийг прокурортойгоо хуваана гэж яг хэлээгүй ч тиймэрхүү агуулгатай зүйл хэлж байсан, мөнгө өгчихвөл би прокурортойгоо ярилцаад шийднэ гэх зүйл хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 96-97/,

Гэрч Ж.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын эхээр Г.Д багш надад цагдаа надаас хүүхэд зодсон гээд мөнгө нэхээд байна, 2.000.000 төгрөг өгөхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэлээ гээд байна гэсэн ба би мөнгө төгрөг өгч болохгүй шүү гэж хэлж байсан, тэгээд сүүлд нь 1.000.000 төгрөг өгчихсөн гэхээр нь яаж өгсөн юм гэтэл Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст очоод мөрдөгчийнхөө өрөөнд ороод уулзаад, хамт гараад шатны доор очоод хүнгүй газар бэлнээр авчихсан гэсэн тэгээд би даргад нь өргөдөл бич гэсэн ба хэлтсийн даргад нь өргөдөл өгтөл манайх хүлээж авахгүй, Цагдаагийн ерөнхий газарт ханд гээд өргөдлөө ерөнхий газарт гаргасан. Би гаргасан өргөдлийг нь харж байгаагүй, ерөнхийд нь ингэж бичээрэй гэж хэлж байсан. ...Би тус хэлтсийн дэд дарга М-с утсаар манай цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал байгаа, яасан юм бол гэж лавлаж байсан ба над руу татгалзаад шийдэгдчихсэн юм байна гэж хэлж байсан, тэгээд би Г.Д, Ц.Э нарт хэлж байсан. Үгүй анхнаасаа өргөдөл бичиж өгөөд шалгуулдаг газраар нь шалгуулах нь зүйтэй гэж зөвлөөд, тэр хоёр өргөдлөө гаргах гэж байсан, хамгийн гол нь тэр мөрдөгч нь зогсоо зайгүй утастаад мөнгөө нэхээд байна гээд Г.Д, Ц.Э багш над руу ........ залгадаг байсан ба манай хоёр багш хуулийн ямар нэгэн мэдлэггүй тул торгуулийн мөнгө гэх ойлгоц төрүүлэн, нэхсээр байгаад авсан юм билээ, тэгээд албан тушаалаа ашиглан байнга утсаар залгаж дарамтлан аргагүй байдалд оруулан авсан байсан...” гэсэн мэдүүлэг  /хх 1-ийн 103-104/,

Гэрч Г.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай том хүүхэд болох охин Л.М нь 94-р цэцэрлэгт 3 бил үү 4 настайгаасаа эхлэн суралцсан ба 2016 оны 10 дугаар сард цэцэрлэг дээрээ байхдаа гэмтээд уг асуудлыг нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар  манай эхнэр өргөдөл гаргаж байсан. Тэгээд би Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 2, 3 удаа очиж байсан ба 1 удаа тайлбар өгч байсан, мөрдөн байцаагчийн нэр нь О гэж байсан байх дэслэгч бил үү ахлах дэслэгч цолтой, 168 орчим см өндөртэй туранхай залуу байсан. Тэгээд уг асуудлыг О нь хэрэгсэхгүй болно, учир нь манай охинд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэж тайлбарлаж байсан, тэгээд уг асуудал хаагдсаны дараа би охиныхоо трико, дотуур хувцсыг нь олж авах гээд Шүүх эмнэлэг болон цагдаа дээр олон удаа очиж байсан боловч олдоогүй өнгөрч байсан юм. Тэгээд уг асуудал цагдаад шалгагдах явцад эмчилгээний зардалд зарцуул гээд 94-р цэцэрлэгийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн, уг мөнгийг нь миний төрсөн ах Г.Н цэцэрлэг дээр очоод авч байсан, уг нь анх 94-р цэцэрлэгээс 3.000.000 төгрөг авна гэж манай ах Г.Н нэхэмжилж байсан боловч сүүлдээ хэрэг хаагдаад, бид нар ч гэсэн үлдсэн мөнгөө нэхээд байгаагүй ба хүүхэд гайгүй болохоор нь хэл ам гаргаад яахав гээд хаяхаар шийдээд мөнгө нэхээгүй өнгөрч байсан юм....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 109/,

Гэрч Я.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнгө хүлээлцсэн баримт гэх энэ тэмдэглэл дээрх бичиг миний бичиг болон гарын үсэг мөн байна, О гэх мөрдөн байцаагч нь туранхай залуухан хүн байсан санагдаж байна, цэцэрлэг дээр ирсэн байсан, арга зүйчийн өрөөнд юм уу миний өрөөнд энэ тэмдэглэлийг үйлдсэн байх, бид 2-ын өрөө зэргэлдээ байдаг ба цэцэрлэгийн гадна үүд нь хойд зүгт харсан, уг үүдээр ороод зүүн гар талд баруун зүгт харсан хаалгатай миний өрөө байдаг, зүүн гар тал руу эргээд арга зүйчийн өрөө байдаг, тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал учраас би оролцоод ингэж тэмдэглэл үйлдэж өгч байсан ба, одоо санахгүй байна, уг мөнгө цэцэрлэгийн зүгээс гарсан байх боломжгүй, цэцэрлэгт ямар ч мөнгө байхгүй. Ш.М нь өөрөө гаргасан мөнгө байх, тэгээд би цэцэрлэгийн нярав учир холбогдож тэмдэглэл үйлдсэн байх, одоо үнэхээр санахгүй байна....Миний бичиг болон гарын үсэг мөн байна, гэхдээ би огт санахгүй байна, би өөрийн халааснаасаа гаргаж өгөөд өгч байсан бол санах байх, би тархины судасны нарийсал болон бамбайн дутагдалтай учир юмыг их мартдаг болоод 4, 5 жил болж байна....өмнөх мэдүүлэгт надад үзүүлсэн “мөнгө хүлээлцсэн баримт” гэх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн огноотой 2.000.000 төгрөгийг мөрдөн байцаагч О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлийн эх хувь болон хуулбар хувь, гэхдээ О нь эх хувь дээр гарын үсэг зураагүй, хуулбар хувь дээр нь гарын үсэг зурсан байна лээ, бодвол тухайн үедээ хуулбарлаад гарын үсгийг нь зуруулахдаа хуулбарласан баримт дээрээ гарын үсэг зуруулчихсан байх, бусад хүний гарын үсгийг нь харахаар эх хувь дээрээ зурсан байна, ямар учир ганц О-н гарын үсэг эх хувь дээрээ зурагдаагүй, хуулбар дээр зурагдсаныг одоо санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 113-114/,

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай бага хүү Э.Б нь 94-р цэцэрлэгт суралцдаг байсан ба 7 хоногийн даваа гарагт өгөөд баасан гарагт авдаг байсан юм, тэгээд тухайн үед манай эхнэр хүүхдээ авахад нь хүүгийн нүүр нь гэмтсэн байна гээд над руу утсаар хэлэхээр нь би багш нар нь зодчихсон байна гэж бодоод цагдаад өргөдөл гаргаж байсан. О нь хэлэхдээ та нар гомдолтой гээд байвал би өөрөө хуулийнхаа дагуу энэ багш нарт нь арга хэмжээ авахуулна, эрүү үүснэ гэж тайлбарлаж байсан ба тухайн багш нарыг нь сүүлдээ өрөвдөөд, хүүхэд маань бас гайгүй болсон болохоор гомдолгүй гэсэн бичиг бичиж өгч байсан, тэгээд сүүлд намайг дуудаад биечлэн ирж уулз гэхэд нь ажил ихтэй байсан учир очиж амжихгүй гэтэл би утсаар ярьсан тухайгаа тэмдэглэлээ шүү гэсэн ба тухайн багш нарт нь ямар арга хэмжээ авахуулсан бэ гэхэд захиргааны арга хэмжээ авахуулсан гэх утгатай зүйл хэлж байсан, би тухайн үед нь очиж амжаагүй ба тэрнээс хойш дахиж уулзаагүй, өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 115-116/,

Шинжээчийн 1454 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн огноотой “Мөнгө хүлээлцсэн баримт” доод талд “хүлээн авсан” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг, 21450 дугаартай хуудас хх-н материалын нүүр, 1,2,4,6,7,23 гэж дугаарласан хуудсанд байх баримтанд зурагдсан Ч.Оын гэх гарын үсгийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.О-ын гэх гарын үсгийн туршилтын загварууд хөдөлгөөний удааширалттай, чичирхийлэлтэй, чанарын шаардлага хангахгүй тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн огноотой “мөнгө хүлээлцсэн баримт” доод талд “хүлээн авсан” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг, 21450 дугаартай хавтаст хэргийн материалын нүүр, 1, 2, 4, 6, 7, 23 гэж дугаарласан хуудсан байх баримтанд зурагдсан Ч.Оын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.О-н гэх гарын үсгийн туршилтын загварууд адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй тул 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн огноотой “мөнгө хүлээлцсэн баримт”-н доод талд “хүлээн авсан” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэгтэй харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 129-130/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Г.Д, Ц.Э нартай 94-р цэцэрлэгт хамт ажилладаг тул танина, Г.Д, Ц.Э нарт 320.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын эхээр зээлж байсан, Г.Д, Ц.Э нар нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, тэгээд цагдаад мөнгө өгөх хэрэгтэй байна гээд цэцэрлэгийн ажилчдаас мөнгө хайж байсан ба дээрх зээлсэн 320.000 төгрөгийг манай цэцэрлэгийн үйлчлэгч Янжиндум нь өөрийн хос алтан ээмэг, бөгж, гинжийг 3,4-р хорооллын эцсийн Э-март дэлгүүрийн барилгын зүүн урд талын хаалганд байрлах Начин заан ломбарданд барьцаанд тавьж байсан. ...Тэгээд би ломбарднаасаа гараад тэр хоёртой хамт Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү явсан ба тэр хоёр хямарчихсан байсан, манай гэр Өргөө кино театрын хойд руу байдаг боловч тухайн үед тэр хоёрт хань болоод хамт явъя гээд гурвуулаа явсан, цагдаагийн хэлтэс рүү автобусаар үдээс хойш ажил тарахын өмнө 16:00 цагийн орчимд очоод, би хүлээлгийн танхимд нь суугаад үлдсэн, Г.Д, Ц.Э нар дотогшоо орсон, тэр өдөр Г.Д, Ц.Э нар цүнхгүй явж байсан тул цагдаагийн хэлтэс рүү орохын өмнө тэр хоёр надад бэлэн 1.000.000 төгрөг тоолж өгөөд, би цүнхэндээ хийсэн, мөнгөн дэвсгэртүүд нь дандаа 10.000, 20.000 төгрөгийнх байсан, ямар нэгэн боодолгүй байсан ба би цүнхнийхээ арын цахилгаантай хэсэгт нь хийж байсан, Ц.Э хүрч ирээд нөгөө мөнгөө аваадахъя гээд надаас мөнгө аваад куртикнийхээ дотор нууж бариад орсон, тэгээд дахиад 20 гаран минут болсны дараа Г.Д, Ц.Э нар гарч ирээд автобусанд суугаад явцгааж байсан, нөгөө мөнгөө байцаагч цагдаадаа өгчихлөө гэж тэр хоёр хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 100-101/,

Хохирогч Г.Д, Ц.Э нарын өргөдөл /хх 1-н 5-7/, Г.Дйн гар утасны зургууд /хх 1-н 13/, мөнгө хүлээлцсэн баримт /хх 1-н 72, 78-79/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 146, 151, 155-161, 173, хх 2-н 115-117/,

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Ч.О нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Ө-21450 дугаартай “Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгт Л.Мгийн хүүхэд түлхэж гэмтэл учруулсан” гэх гомдлыг шалгахдаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 94-р цэцэрлэг дотор ангийн багш Ш.Маас хохирогчийн ар гэрт нь өгөх гэж байсан 2.000.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж, би дамжуулаад өгнө гэж хэлэн хуурч бэлнээр авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн 1705000838 дугаартай хэрэг нээж гэмтэл учруулсан гэх хэрэгт цэцэрлэгийн багш Г.Д, Ц.Э нарыг уг хэрэгт буруутай мэтээр ойлгуулж “... та нарт эрүүгийн хэрэг үүсгэнэ, хоёр жилийн хорих ялтай...” гэж сүрдүүлэн, 2.000.000 төгрөг өгвөл уг хэргийг хэрэгсэхгүй болгоно хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэлгүйгээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр албан тушаалын байдлаа ашиглаж Г.Д, Ц.Э нараас 1.000.000 төгрөг залилан авч, нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ш.Мийн: “...байцаагч О-д байцаалт өгч байхдаа эцэг, эх нь одоо надаас 2.000.000 төгрөг нэхээд байх юм аа би эцэг эхэд нь шууд өгөж болох уу гэж асуусан байдлаар тайлбарлаж байсан ба Ч.О байцаагч надад өгчих гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 17-ны өдөр Ч.О байцаагч манай цэцэрлэгт ганцаараа ирээд Н.М хүүхдийн унахдаа мөргөсөн орны зургийг нь аваад нярав З-ын өрөөнд ороод 2.000.000 төгрөгийг тэдэн төгрөгийн дэвсгэрт хэчнээн ширхэг гэж тэмдэглэл З нярав үйлдээд, байлцсан би болон Э нарын гарын үсэг зураад хүлээлгэн өгсөн. З болон хүлээн авсан Ч.О байцаагч гарын үсэг зураад би өөртөө нэг хувь хуулбарлаж авсан, уг хуулбар тэмдэглэл одоо манай гэрт байдаг. ...Ч.О байцаагч дээрх 2.000.000 төгрөгийг Н.М хүүхдийн эцэг эхэд өгсөн эсэхийг мэдэхгүй байна, би ч асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 110-113/, хохирогч Г. Д-н: “...10 дугаар сарын 31-ний өдөр арга зүйч Б-н хамт гурвуулаа очиж уулзахад гадаа гаръя гээд цагдаагийн байрны зүүн талд үүдний шатны хажуу доод хэсэгт уулзаад эрүү үүсэхээр болсон, 2 жилийн хорих ял авна гэж хэлээд дараа 7 хоногийн гэхэд ирээрэй гээд явуулсан, 11 дугаар сарын 06-ны өдөр байхаа дараа 7 хоногийн даваа гарагт нь очиж уулзахад бас гадаа гаръя гээд цагдаагийн байрны баруун талд машин зогсоолд уулзаад хэрэг чинь нэг сар болчихсон байна, прокурор руу шилжүүлнэ, мөнгө өгөөд зохицуулж болно гээд хэдэн төгрөг авах гэж байгаагаа хэлэхгүй байхаар нь арга зүйч Б 1.000.000 төгрөг байж болох уу гэтэл болохгүй тийм бага байна гэж юу байсан юм гэхээр нь тэгвэл 1.500.000 төгрөг гэтэл бас үгүй гээд 2.000.000 төгрөг өнөөдөртөө амжуулж өг гэсэн. ...11 дүгээр сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг болгоод утсаар ярьтал юу ч гэсэн хүрээд ир гэсэн, явж очоод 1 давхрын шатны баруун талын урд зүгт харсан хаалгатай 105 тоот өрөөнд нь очиж уулзахад эрүү үүссэн, прокурор руу өгнө гэх утгатай зүйл хэлсэн, тэгээд өрөөнөөс гаръя гээд гараад шатны хажууд буланд уулзаад 1.000.000 төгрөгөө  өгчих гэхээр нь бид 2 тухайн өдөр хамт цагдаагийн хэлтэс дээр очсон Бямбасүрэн багшийн цүнхэнд мөнгөө хийгээд үүдэнд суулгаад үлдээсэн байсан тул Ц.Э багш үүд рүү очоод Б-н цүнхнээс мөнгөө аваад эргэж ирээд Ч.Оад өгтөл өмднийхөө баруун талын халаасанд хийсэн, тэгээд үлдсэн мөнгийг нь маргаашийн дотор авч ирж өгөхгүй бол прокурор руу шилжүүлнэ гэсэн. Тэгээд маргаашнаас нь 2, 3 хоног утсаар “яасан бэ, би прокурор руу явах гээд байна, прокурор дээр ирчихсэн байна” гэх утгатай зүйл ярьдаг байсан ба бид хоёрт мөнгө олдохгүй байсан. 11 дүгээр сарын 14-ний өдөр миний гар утсанд хэрэг чинь хэрэгсэхгүй болсон гэх мессеж Ч.О ирүүлсэн байсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй... Эрүү үүснэ, хорино гэж айлгаад, мөнгө өгвөл аргалж өгье гээд байхаар нь мөнгө өгсөн юм, одоо бодоход хахууль өгсөн болж байна... Аль хэдийн хэрэгсэхгүй болсон хэрэг дээр эрүү үүсгэнэ гэж худал ярьж мөнгө авсан байна гэж үзээд гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг. /хх 1-ийн 92-93/, хохирогч Ц.Эийн: “...Тэгээд бид хоёр 10 дугаар сарын 31-ний өдөр очоод уулзахад та 2-т эрүү үүсгэнэ, 02 жилийн хорих ял авна, та 2-ыг хамгаалах юм байхгүй, танай ангийн камер нь ажилладаггүй гэх зэргээр хэлж байгаад маргааш арга зүйчтэйгээ ирээрэй гэсэн. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр байхаа 11:00 цагийн үед цэцэрлэгийн арга зүйч Б, Г.Д багш бид 3 очоод уулзахад гадаа гараад ир, тамхи татаадахъя гээд гарсан ба цагдаагийн хашааны баруун хойд буланд Ч.О мөрдөгч нь тамхи татангаа  мөнгө өгвөл би прокурорыг аргалъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөг болохгүй юу гэтэл “юу гэж сая төгрөг болдог юм бэ, мөнгө олж чадахгүй бол цаашаа 02 жилийн ял аваад явахгүй юу, 2.000.000 төгрөгөө олоод ирээрэй, хэрэг шийдэгдэх хугацаа нь дуусч байна, эцсийн хугацаа нь 2, 3 хоногийн дотор олж ирээрэй” гэсэн. Тэгээд Г.Д бид хоёр 1.000.000 төгрөг олоод 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 17:00 цаг өнгөрч байхад цагдаа дээр очоод өрөөнд нь орж уулзахад өрөөндөө хоёулаа байсан ба Г.Д бид 2 хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж ял авна гэж байхгүй, эцэг эх нь гомдолгүй гэж байхад ингэж болдог юм уу гэхээр өөдөөс хууль тайлбарлаад та нарыг хамгаалах юм байхгүй гэх зэргээр хэлж байгаад гарч тамхи татаад ирье гээд гарсан, бид 2 өрөөнд нь суугаад хүлээж байсан ба удалгүй орж ирээд хэсэг ярилцаж байгаад гарч уулзъя гээд шатны орчим буюу шатаар өгсдөг хэсгийн хажуу буланд уулзаад мөнгөө авч ирсэн үү гэхээр нь 1.000.000 төгрөг авч ирсэн гэсэн, бид 2 очихоосоо өмнө Г.Д багш утсаар яриад 1.000.000 төгрөг л олсон тухайгаа хэлэхэд нэг мөсөн гүйцээгээд олчихгүй яасан юм бэ гэж уурлаад хүрээд ир гэхээр нь очсон. Бид хоёрын 1.000.000 төгрөгийг аваад өмднийхөө баруун талын халаасанд хийгээд маргааш мөнгөө гүйцээгээд өгөөрэй гэж хэлээд явуулсан. ...1.000.000 төгрөг өгсөн өдрийн маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр Ч.О мөрдөгч нь Г.Д бид 2 руу залгаад  байхаар нь утсаа аваагүй ба арга зүйч Б руу ярьсан байсан, Б бид 2-ыг утсаа аваач, та хоёрыг Ч.О прокурор дээр хүрээд ир гэж байна гэсэн гэхээр нь бид хоёр яваагүй ба эргээд Ч.О өөрөө ирж байна гэнэ гэхээр нь бид хоёр орой 20:00 цаг хүртэл хүлээж байгаад ирэхгүй болохоор нь явсан. ...хэрэг чинь хэрэгсэхгүй болсон гэж мессэж Ч.Оаас Г.Дд ирсэн байсан. Тэгээд өөр зүйл болоогүй ба манай цэцэрлэгийн жижүүр Ц нь бид хоёрт зөвлөөд мөнгө өгсөн тухайгаа цагдаад гомдол гаргачих гэхээр нь бид 2 ярилцаж байгаад энэ гомдлоо гаргасан юм... Тухайн үед айгаад шоронд орчихгүй гэсэн бодлоор л аргагүй байдалд ороод нэхсэн мөнгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 94-95/, гэрч Д.Бын: “...Ч.О нь гарч ирээд гадаа уулзъя гээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн баруун талын граж руу ордог хэсгийн орчим бид 4 уулзахад Ч.О нь М прокурортой зөвшилцсөн, зөрчлийн хуулиар шийдэх асуудал биш, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж прокурор хэлсэн” гэхээр нь эрүүгийн хуулиар ямар шийтгэл оногдох вэ гэж би асуухад “Г.Д, Ц.Э нарт 02 жилийн ял авна” гэхээр нь цаашдаа ямар хор уршигтай тухай асуухад “ялтай тухай тодорхойлолттой болно” гэсэн, тэгэхээр нь би ял авч байхаар мөнгө төгрөг өгөөд шийдүүлж болдоггүй юм уу гээд Г.Д, Ц.Э нарт зөвлөтөл тэр 2 хэдэн төгрөг өгөх үү гэдгээ мэдэхгүй зогсоод байхаар нь би 1.000.000 төгрөг өгчихвөл болох уу гэж хэлсэн, тэгтэл Ч.О нь бага байна, 2.000.000 төгрөг байвал зүгээр, тэгвэл асуудлыг шийдье, прокурортойгоо яриад болчих байх гэсэн тэгээд бид 3 ажил дээр очоод ярилцаж байгаад эргээд хариу хэлье гээд салцгаасан. Ажил руугаа бид 3 автобусаар явсан ба замдаа би 2016 оны намар байхаа манайд ажиллаж байсан Ш.М гэх 27 орчим насны багшийн хариуцаж байсан бэлтгэл бүлгийн хүүхдүүд нь гимнастик хийж байхдаа нэг нь нөгөөгөө түлхээд хүүхэд нь унахдаа орны ирмэг хэсгийг бэлэг эрхтний орчим хэсгээрээ мөргөөд унаад зүсэгдчихсэн, эцэг эх нь цагдаад гомдол гаргаад мөн Ч.О шалгаж байсан, тэгээд эцэг эх нь 5.000.000 гаран төгрөг нэхэмжлээд байсан ба эмчилгээ, мэс заслын зардал зэргийг нь Ш.М багш гаргачихсан байсан тул бололцоогүй гээд 2.000.000 төгрөг өгөх гээд Ч.О мөрдөгчид хэлтэл надад өгчих гээд авсан гэж Ш.М надад хэлж байсан юм” энэ асуудлыг би Г.Д, Ц.Э  нарт замд явахдаа товчхон хэлж байсан... би ямар ч байсан та 2 олсон 1.000.000 сая төгрөгөө аваачаад өгчихөө гэж хэлж байсан, дараа нь хэрэг нь хаагдчихсан тухай Г.Д, Ц.Э нарын нэг нь надад хэлж байсан... Ч.О мөрдөгч ямар санаатай гадаа гарч уулзъя гэснийг мэдэхгүй, ямар ч байсан 2 багшийгаа ял авахуулаад явуулчихгүй, хэргийг нь гайгүй шийдүүлчих юмсан гэсэндээ мөнгөний тухай яриа гаргаж Г.Д, Ц.Э нарт зөвлөсөн, Ч.О мөрдөгч эхэндээ дургүйцсэн маягтай байснаа нэг сая төгрөг гэтэл бага байна, 2.000.000 төгрөг гэж өөрөө хэлж байсан. Уг 2.000.000 төгрөгийг прокурортойгоо хуваана гэж яг хэлээгүй ч тиймэрхүү агуулгатай зүйл хэлж байсан, мөнгө өгчихвөл би прокурортойгоо ярилцаад шийднэ гэх зүйл хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 96-97/, гэрч Ж.Ц-н “... 2017 оны 11 дүгээр сарын эхээр Г.Д багш надад цагдаа надаас хүүхэд зодсон гээд мөнгө нэхээд байна, 2.000.000 төгрөг өгөхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэлээ гээд байна гэсэн ба би мөнгө төгрөг өгч болохгүй шүү гэж хэлж байсан, тэгээд сүүлд нь 1.000.000 төгрөг өгчихсөн гэхээр нь яаж өгсөн юм гэтэл Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст очоод мөрдөгчийнхөө өрөөнд ороод уулзаад, хамт гараад шатны доор очоод хүнгүй газар бэлнээр авчихсан гэсэн тэгээд би даргад нь өргөдөл бич гэсэн ба хэлтсийн даргад нь өргөдөл өгтөл манайх хүлээж авахгүй, Цагдаагийн ерөнхий газарт ханд гээд өргөдлөө ерөнхий газарт гаргасан билээ. Би гаргасан өргөдлийг нь харж байгаагүй, ерөнхийд нь ингэж бичээрэй гэж хэлж байсан... Би тус хэлтсийн дэд дарга М-ээс утсаар манай цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал байгаа, яасан юм бол гэж лавлаж байсан ба над руу татгалзаад шийдэгдчихсэн юм байна гэж хэлж байсан, тэгээд би Г.Д, Ц.Э нарт хэлж байсан. Үгүй анхнаасаа өргөдөл бичиж өгөөд шалгуулдаг газраар нь шалгуулах нь зүйтэй гэж зөвлөөд, тэр хоёр өргөдлөө гаргах гэж байсан, хамгийн гол нь тэр мөрдөгч нь зогсоо зайгүй утастаад мөнгөө нэхээд байна гээд Г.Д, Ц.Э багш над руу .......... залгадаг байсан ба манай хоёр багш хуулийн ямар нэгэн мэдлэггүй тул торгуулийн мөнгө гэх ойлгоц төрүүлэн, нэхсээр байгаад авсан юм билээ, тэгээд албан тушаалаа ашиглан байнга утсаар залгаж дарамтлан аргагүй байдалд оруулан авсан байсан...” гэсэн мэдүүлэг  /хх 1-ийн 103-104/, гэрч Г.Л-н: “... Манай том хүүхэд болох охин Л.М нь 94-р цэцэрлэгт 3 бил үү 4 настайгаасаа эхлэн суралцсан ба 2016 оны 10-р сард цэцэрлэг дээрээ байхдаа гэмтээд уг асуудлыг нь цагдаагийн байгууллагаар шалгуулахаар манай эхнэр өргөдөл гаргаж байсан, тэгээд би Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 2, 3  удаа очиж байсан ба 1 удаа тайлбар өгч байсан, мөрдөн байцаагчийн нэр нь Ч.О гэж байсан байх дэслэгч бил үү ахлах дэслэгч цолтой, 168 орчим см өндөртэй туранхай залуу байсан. Тэгээд уг асуудлыг Ч.О нь хэрэгсэхгүй болно, учир нь манай охинд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэж тайлбарлаж байсан, тэгээд уг асуудал гарсан гэж тайлбарлаж байсан, тэгээд уг асуудал хаагдсаны дараа би охиныхоо трико, дотуур хувцсыг нь олж авах гээд Шүүх эмнэлэг болон цагдаа дээр олон удаа очиж байсан боловч олдоогүй өнгөрч байсан юм. Тэгээд уг асуудал цагдаад шалгагдах явцад эмчилгээний зардалд зарцуул гээд 94-р цэцэрлэгийн зүгээс 1.000.000 төгрөг өгсөн, уг мөнгийг нь миний төрсөн ах Г.Н цэцэрлэг дээр очоод авч байсан, уг нь анх 94-р цэцэрлэгээс 3.000.000 төгрөг авна гэж манай ах Г. Н нэхэмжилж байсан боловч сүүлдээ хэрэг хаагдаад, бид нар ч гэсэн үлдсэн мөнгөө нэхээд байгаагүй ба хүүхэд гайгүй болохоор нь хэл ам гаргаад яахав гээд хаяхаар шийдээд мөнгө нэхээгүй өнгөрч байсан юм....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 109/, гэрч Я.М-н: “... Миний одоо санаж байгаагаар Ш.М багш нь тухайн үед бүлгийнх нь хүүхэд гэмтээд, эцэг эхээс нь гомдол гаргаад, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, тухайн гэмтсэн хүүхдийн эцэг эхээс нь гадна ах нь гээд нэг хүн хэл ам их гаргаж байсан санагдаж байна. Мөнгө хүлээлцсэн баримт гэх энэ тэмдэглэл дээрх бичиг миний бичиг болон гарын үсэг мөн байна, Ч.О гэх мөрдөн байцаагч нь туранхай залуухан хүн байсан санагдаж байна, цэцэрлэг дээр ирсэн байсан, арга зүйчийн өрөөнд юм уу миний өрөөнд энэ тэмдэглэлийг үйлдсэн байх, бид 2-ын өрөө зэргэлдээ байдаг ба цэцэрлэгийн гадна үүд нь хойд зүгт харсан, уг үүдээр ороод зүүн гар талд баруун зүгт харсан хаалгатай миний өрөө байдаг, зүүн гар тал руу эргээд арга зүйчийн өрөө байдаг, тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал учраас би оролцоод ингэж тэмдэглэл үйлдэж өгч байсан ба, одоо санахгүй байна, уг мөнгө цэцэрлэгийн зүгээс гарсан байх боломжгүй, цэцэрлэгт  ямар ч мөнгө байхгүй шүү дээ, тэгэхээр Ш.М нь өөрөө гаргасан мөнгө байх, тэгээд би цэцэрлэгийн нярав учир холбогдож тэмдэглэл үйлдсэн байх,одоо үнэхээр санахгүй байна... Миний бичиг болон гарын үсэг мөн байна, гэхдээ би огт санахгүй байна, би өөрийн халааснаасаа гаргаж өгөөд өгч байсан бол санах байх, би тархины судасны нарийсал болон бамбайн дутагдалтай учир юмыг их мартдаг болоод 4,5 жил болж байна. ...өмнөх мэдүүлэгт надад үзүүлсэн “мөнгө хүлээлцсэн баримт” гэх 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн огноотой 2 сая төгрөгийг мөрдөн байцаагч Ч.Оад хүлээлгэн өгсөн тэмдэглэлийн эх хувь болон хуулбар хувь, гэхдээ Ч.О нь эх хувь дээр гарын үсэг зураагүй, хуулбар хувь дээр нь гарын үсэг зурсан байна лээ, бодвол тухайн үедээ хуулбарлаад гарын үсгийг нь зуруулахдаа хуулбарласан баримт дээрээ гарын үсэг зуруулчихсан байх, бусад хүний гарын үсгийг нь харахаар эх хувь дээрээ зурсан байна, ямар учир ганц Ч.Оын гарын үсэг эх хувь дээрээ зурагдаагүй, хуулбар дээр зурагдсаныг одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 113-114/, гэрч Э.Э-ын “...Манай бага хүү Э.Б нь 94-р цэцэрлэгт суралцдаг байсан ба 7 хоногийн даваа гарагт өгөөд баасан гарагт авдаг байсан юм, тэгээд тухайн үед манай эхнэр хүүхдээ авахад нь хүүгийн нүүр нь гэмтсэн байна гээд над руу утсаар хэлэхээр нь би багш нар нь зодчихсон байна гэж бодоод цагдаад өргөдөл гаргаж байсан, тэгээд миний гаргасан өргөдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрны 2-р давхрын баруун юм уу зүүн зүгт хамгийн мухарт байрлах хойшоо юм уу урагшаа харсан өрөөнд байсан нэг цагдаа шалгаж байгаад сүүлдээ өөр байцаагчид шилжсэн Ч.О гэх байцаагч шалгасан, Ч.О нь хэлэхдээ та нар гомдолтой гээд байвал би өөрөө хуулийнхаа дагуу энэ багш нарт нь арга хэмжээ авахуулна, эрүү үүснэ гэж тайлбарлаж байсан ба тухайн багш нарыг нь сүүлдээ өрөвдөөд, хүүхэд маань бас гайгүй болсон болохоор гомдолгүй гэсэн бичиг бичиж өгч байсан, тэгээд сүүлд намайг дуудаад биечлэн ирж уулз гэхэд нь ажил ихтэй байсан учир очиж амжихгүй гэтэл би утсаар ярьсан тухайгаа тэмдэглэлээ шүү гэсэн ба тухайн багш нарт нь ямар арга хэмжээ авахуулсан бэ гэхэд захиргааны арга хэмжээ авахуулсан гэх утгатай зүйл хэлж байсан, би тухайн үед нь очиж амжаагүй ба тэрнээс хойш дахиж уулзаагүй, өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 115-116/, шинжээчийн 1454 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Ш.М, Г.Д, Ц.Э нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.М, Г.Д, Ц.Э нар шүүгдэгчээс хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ч.Оыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч тус ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.Оад шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Ч.О “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.О-д шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР