Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 657

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Б.Бямбадагва,

хохирогч: О.Е, түүний өмгөөлөгч С.О,

гэрч: Д.Б,

шүүгдэгч/хохирогч: Ч.Н, түүний өмгөөлөгч Ж.Г,

шүүгдэгч: Г.Т, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н, Г.Т нарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн 1705016960533 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Н, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн,  35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, В ХХК-нд инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......тоот регистртэй,

2. Монгол Улсын иргэн, ......, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилээр тэнсэж хянан харгалзсан, .....тоот регистртэй,

3. Монгол Улсын иргэн, Б.М, 1992 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн О.Е “мөрлөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан заамдасны улмаас татаж унагаан эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн О.Е, Ч.Н нарыг “мөрлөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан заамдалцаж байхад нь Ч.Нг араас нь татсаны улмаас О.Етэй хамт унагаж эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн Ч.Нг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 19-нд гэр лүүгээ харих гээд Стелла баар өнгөрөөд явж байхад О.Е гэх залуу намайг мөрлөөд явчихсан юм. Би араас нь очоод яагаад мөрлөж байгаа юм гэхэд чи тэгээд яах гээд байгаа юм пизда минь гэсэн. Би тэгэхээр нь хүн мөрлөж явчихаад юу гэсэн үг вэ гэж хэлсэн. Тэгээд О.Е бид хоёр барьцалдаж аваад зогсож байхад Г.Т шатнаас бууж ирээд яагаад байгаа пизда вэ гээд миний араас хоолойноос татаад унагаасан. Би унахгүй гэсэндээ О.Егээс барьсан байж байгаад цуг унасан” гэв.

Шүүгдэгч Г.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед О.Е над руу утсаар яриад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буучихлаа ажил дээрээ байна уу, байвал ороод гаръя гэхээр нь би ажил дээрээ байна гэсэн. О.Е миний ажил дээр ирэхээр болсон юм. Гадаа хүмүүс маргалдаад байхаар нь цонхоор хартал О.Е гадаа хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би цайны газраас гараад О.Е рүү очиход Ч.Н гэх залуу О.Ег заамдсан, хамт явсан залуу нь О.Егийн араас тэвэрчихсэн байсан. Би Ч.Н болон хамт явсан залууг салгах санаатай дундуур нь ортол шатны 2-3 дахь шат дээр О.Е гишгэсэн байдалтай, Ч.Н доод талаас 1 дэх шат дээр зогсож байсан. О.Е дээрээс Ч.Нг түлхэх үед Ч.Н доош болж арагш нэг алхсан. Ч.Н хойш алхаад О.Ег заамдсан чигээрээ түлхээд би Ч.Нгийн хойд талд Ч.Нг салгах санаатай тэврээд байж байсан. О.Е, Ч.Нг түлхэх үед тэд хойш ухарсан чигтээ эрчээрээ явсаар байгаад дөрвүүлээ хүчиндээ унасан. Ч.Нг би салгах зорилгоор татаад Ч.Н болохоор О.Ег өөрөөсөө зайлуулах зорилгоор унагаасан. Ч.Нгийн хамт явсан Б нь над руу дайраад би тэр залуутай хоёулаа заамдаж аваад байтал Ч.Н, О.Егийн дээрээс босоогүй цохих гээд байгаа юм уу мэдэхгүй нэг гар нь О.Ег заамдсан чигээрээ байсан. Бтай би заамдалцсан чигтээ нөгөө гараараа Ч.Нгийн малгайнаас татахад Ч.Нгийн малгай нь унаж Ч.Н босож ирсэн. Б, Ч.Н хоёр над руу хэл амаар доромжлоод дайрсан. Тэгээд О.Ег яагаад унагааж байгаан босго гэхэд тэр хоёр тоохгүй байсан. Ч.Н, Б хоёр над руу дайраад байхад эхнэр М гарч ирээд салгах гээд оролдоод чадаагүй. Ч.Н эхнэрийн цээжийг гаргасан. Би эхнэр Мг цагдаа дууд гээд оруулсан. Цагдаа дуудсан болохоор Ч.Нг явуулахгүй гээд заамдаад байлгаж байсан. Цагдаа ирэх хугацаанд Ч.Н намайг үгээр доромжлоод янз бүрийн юм хэлсэн. О.Ег эхнэр М гэмтэл аваад явсан” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед байх Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар  хороолол Хишиг цайны газарт нөхөр бид хоёр засвар хийгээд байж байсан. Бид хоёртой хамт засвар хийсэн нэг ах байсан. О.Е намайг цайны газарт туслах гэж байхад нөхөр Ттай утсаар ярьж байсан. О.Е, Т хоёр багийн найзууд байгаа юм. Нээх удаагүй гадаа хүмүүс шуугилдаад байсан. Би цаана гал тогоонд юм хийж байгаад мэдээгүй, нөхөр Т гараад явчихсан байсан. Гадаа Тын дуу гарахаар нь би гарсан. Гадаа гараад ирэхэд О.Е газар унасан, манай нөхрийг 2 хүн барьчихсан зогсож байсан. Би тэр залууг нөхрөөсөө салгах гээд Ч.Н гэгчийн гарнаас барихад миний цамцнаас зулгаагаад барьсан, би тавь гэхэд тавиагүй, манай нөхөртэй хэрэлдээд байсан. Ч.Н гэгч нь миний цамцнаас барихад миний цамц сунадаг материалтай, би яараад өвлийн хүйтэнд нимгэн цамцтай байсан. Миний цээж хөх хэсгийг ил гаргасан, Ч.Н гэгч миний цээж рүү түлхээд гараа надаас авсан. Тэгээд би цагдаа дуудах гээд цайны газар руугаа орсон. Шатан дээр О.Е суучихсан Ч.Н, О.Е рүү хоёулаа замын цаана гараад үзье эр хүн шиг гэхээр нь би юу яриад байгаа юм цагдаа дуудсан байгаа байж бай гэж хэлсэн. Тэр үед О.Е манарсан байдалтай байсан. Ч.Н гэгчтэй хамт явсан Б нь надтай  1-4 дүгээр анги хүртэл хамт явсан ангийн хүүхэд юм. Б намайг дуудаад манай ах архи уухаараа угаасаа ийм зантай болдог юм. Найз нь ахыгаа аваад явъя гэхээр нь юу яриад байгаа юм, үгүй цагдаа дуудсан гэж хэлсэн. Бын хажууд би байхад нэг хүн рүү яриад ахын нөгөө зан хөдөлчихлөө гээд хаана байгаагаа хэлээд байх шиг байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. ...Ч.Н миний цээж, хөхийг гаргахаар нь уурлаад нэг өшиглөсөн, хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна. Ч.Нгийн тархины доргилтыг би мэдэхгүй, унахдаа үүссэн байж магадгүй. ...Тухайн үед Ч.Н, Б, Т гурав нэг нэгнээ заамдаж авсан, хэрэлдээд байж байсан. Намайг байхад хэн хэнийгээ цохиогүй. Намайг гарч ирэхээс өмнө тэд нар унасан байсан. О.Е газар унасан, би цагдаа дуудах гээд буцаад орохдоо О.Е босоорой гээд куртикнээс нь татсан. Намайг цайны газраас анх цонхоор харж байхад Ч..Ч.Н, О.Егийн халаасыг тэмтэрч байсан. Ч.Нг төмсөг рүү нь өшиглөсөн байлаа гэхэд эрэгтэй хүн чинь доошоо унах ч юм уу ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан” гэв.

Хохирогчоор О.Ен шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 5 шарын автобусны буудлаас 10 дугаар хороололд түгжрээд явж байхад Г.Т руу залгаад ажил дээрээ байна уу гэхэд ажил дээрээ байна хүрээд ир гэсэн. Би 10 дугаар хороололд буугаад хүйтэн байсан болохоор Стелла баарны хажуугаар хурдан алхаад явж байсан. Тухайн үед цалингаа аваад явж байсан учраас мөнгө байна уу гэж тэмтрээд үзээд найзынхаа ажил руу орж байхад араас нэг залуу ирээд хөөе пизда минь гээд дуудаад нүүр рүү нэг цохиод тэр дуунаар ломбарданд байсан 2 нохой хуцаад Ч.Н, Б хоёр гараад явсан. Ломбард нь цоожтой байхаар нь машиндаа байгаа юм болов уу гэж бодоод машин хараад байж байтал Ч.Н ирээд намайг боосон. Гарыг нь тавиулах санаатай ноцолдоод байж байхад Г.Т гарч ирээд болиоч, юу болж байна гэж хэлсэн. Тэр үед Ч.Н намайг татсаны улмаас би унаж гэмтэл авсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Бын эгч гэх хүн шүүх эмнэлэгт үзүүлээд хэрэггүй шинжээчийн дүгнэлт гаргавал та юу ч олж долоохгүй тохиролцоод салъя гэж эхнэр хүүхдэд хэлээд намайг эмчилж байсан эмчтэй уулзаад ээж нь байна гэж хэлсэн байсан. Манай ээж, аав Хөвсгөлд байдаг хүмүүс би одоо гэртээ хүүхдээ хараад байж байгаа, ажил хийх чадваргүй болсон. Уналт таталтын эм байнга ууж тархинд нэг эм уудаг байсан тэр эм ходоодонд муугаар нөлөөлж ходоод өвддөг болсон” гэв.

Хохирогч Ч.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М тархи толгой руу гараар цохиж, төмсөг рүү өшиглөсөн. Гомдолтой байна, нэхэмжилсэн зүйл байхгүй” гэв.

Хохирогч О.Ен мөрдөн байцаалтад өгсөн: “...Төгс багана ломбард руу доош бууж ороход араас үл таних залуу ирээд юм хэлэх шиг болсон би юу хэлснийг мэдэхгүй байна. Миний нүүр рүү цохьсон. Төгс багана ломбард дотор нохой байдаг нохой хуцаад ломбард цоожтой байгааг анзаарсан юмуу тэр 2 залуу буцаад явсан. Би буцаж гараад өөрийн найз Тын машин байна уу гээд харахад тэр 2 залуугийн нэг намайг боосон, нөгөө залуу нь миний араас тэвэрч авсан. Намайг боосон Ч.Нг тавиулах гээд оролдсон Ч.Н намайг урдуураа хүчтэй татсан би унасан. Тэрнээс хойш би юм санахгүй байгаа. Миний бодлоор би хоолны саваа жижиг гар цүнхэнд хийсэн, баруун халаасанд цалингийн 400,000 төгрөг байсан. Би 10 дугаар хорооллын туслах замаар явж байхдаа жижиг гар цүнх сугандаа хавчуулсан, халаасаа тэмтэрч цохиж үзэхэд тэр залуус анзаарсан байх. Тэгээд намайг мөнгөтэй гэж ойлгоод миний араас тэр залуус дагасан байх. Дараа нь Стелла баарны камерын бичлэг харахад Ч.Н нь хүмүүсийг өдөөд нэг залууд цохиулаад Стелла баарны үүдэнд 20-30 минут нааш, цааш яваад зогсож байгаа нь харагддаг. Ч.Н нь гэр лүүгээ явах гэж байсан нь худлаа. Намайг дээрэмдэх санаатай араас дагаж надад хүнд гэмтэл учруулсан. ...хоолны савтай жижиг шар өнгөтэй цүнх ломбардны шатны орчимд унасан байсан. Надад байсан бэлэн 400.000 төгрөг хэвээрээ баруун талын өмдний халаасанд байсан. Камерын бичлэг үзэж байхад Ч.Н намайг унагаачихаад халаас тэмтэрч үзэж байгаа нь харагддаг...Өмнө мэдүүлэгтээ нэг хүн намайг гэмтээсэн гэж хэлсэн нь мөрдөгч Ж тань руу 2 хүн халдсан уу 1 хүн халдсан уу гэж асуусан. Тэр үед би над руу 2 хүн халдсан, нэг хүн миний араас тэвэрсэн, нөгөө нь миний хоолой боосон. Чи 2 хүн гэж хэлвэл найз Тыг чинь хэрэгт татна, нэг хүн гэвэл хурдан шийдэгдэнэ гэхээр би за за гээд нэг хүн гээд хэлсэн юм. Над руу 2 хүн дайрсан, нэг нь тэврээд хөдөлгөөн хязгаарлаад нөгөө хүн нь хоолой боосон, амьсгал боогдуулсан учраас би өөрийгөө хамгаалах чадваргүй болсон. Ч.Н согтуу байсан учраас намайг дарж унаж энэ гэмтлийг учруулсан. Намайг дээрэмдэх санаатай хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж байгаа учраас болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан зүйл ангийг өөрчилж өгнө үү би гомдолтой байна. Би Ч.Нтой маргаад зогсож байгаад намайг түлхээд унагаасан бол болгоомжгүй гээд гомдолгүй байх байсан. Ч.Нг би мөрлөөгүй, тэр хүн намайг уучлалт гуй гэж хэрүүл хийгээгүй. Камерын бичлэгт миний өмнө нэг эмэгтэй хүн цүнхээ барьчихсан яваад би араас нь явсан байгаа тэр үед би тэр хүнийг мөрлөөгүй хажуугаар нь зүгээр өнгөрсөн. Хажуугаар нь өнгөрөхдөө би халаасаа тэмтэрсэн, сугандаа жижиг цүнх хавчуулсан байсан нь Ч.Нгийн шуналыг хөдөлгөсөн байх гэж бодож байна. би хүнд гэмтэл авсаны улмаас одоо хүртэл бүрэн эдгэрч чадаагүй ажил хийж чадахгүй ажлаас гарсан, одоо байнга эм тариа хэрэглэдэг, толгой байнга өвдөөд юм мартаж санадаг, ажил хийж чадахгүй, хүнд юм өргөж чадахгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

Гэрчээр Д.О мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Н  манай нөхрийг мөрлөсөн гээд байгаа юм. Манай нөхөр хоолны жижиг саваа уутанд хийгээд сугандаа хавчуулаад явж байсан. Тухайн үед манай нөхрийг хамт явж байсан тэр хүн нь манай нөхрийн араас гарыг нь барьчихсан байсан гэсэн. Би өөрөө очиж Стелла баарнаас камерын бичлэг авсан. Бичлэгийг Ж байцаагчид өгсөн байгаа. Хүнд гэмтэл учруулчихаад яаж байна гээд бид нар руу ярихгүй, гэм буруугаа ухаарахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 98/,

Хохирогчоор Ч.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Стелла баарнаас өнгөрч баруун тийш явж байхад О.Е гэх залуу намайг мөрлөөд явчихсан юм. Би араас нь очоод яагаад мөрлөж байгаа юм гэхэд чи тэгээд яах гээд байгаа юм пизда минь гэсэн би тэгэхээр нь уучлал гуйчих гэхэд уурласан. Тэгээд О.Е бид хоёр барьцалдаж аваад зогсож байхад О.Егийн найз нь шатнаас бууж ирээд шууд миний араас хоолойноос татаад унагаасан. Би О.Егээс барьчихсан байсан болохоор бид хоёр хамт уначихсан юм....Би О.Ег цохиогүй, О.Етэй маргаад би О.Егээс барьчихсан зогсож байхад О.Егийн найз гээд залуу шатнаас бууж ирээд миний хойноос хоолойноос гараараа татахад би унахгүй гэсэндээ О.Егээс барьсан байсан, О.Е бид хоёр давхралдаж унасан. О.Ед гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй байна. Бид хоёр уначихаад би босч ирээд цаашаа очиж намайг татаж унагасан залууг чи яаж байгаа юм гээд би тэр залуутай барилцаж авсан. Барилцаж аваад байж байтал бид хоёрын дундуур нэг эмэгтэй хүрч ирээд миний тархи толгой руу баруун гараараа 3-4 удаа цохиж, доогуур эмзэг эрхтэн руү 4- 5 удаа өшиглөсөн, Тэгэхээр нь би тэр барилцаж авсан залууд хандаж хүний тархи толгой, төмсөг рүү өшиглөдөг нь яаж байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр салсан. Салаад би зүгээр явж байгаад мөрлүүлчихээд тэр залууг уучлалт гуй гэж хэлсний төлөө та нар миний тархи толгой, төмсөг рүү өшиглөж яаж байгаа юм бэ, цагдаа дуудаж цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэж хэлээд цагдаа ирэхийг хүлээсэн.” гэсэн мэдүүлэг /хх- 91/,

Гэрчээр Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүргэн ах Ч.Нгийн хамт Стелла баарны урдуур харих гээд алхаж байхад хажуугаас нэг залуу зөрөхдөө Ч.Н ахыг мөрлөөд гарсан. Тэгсэн манай ах архи уусан байсан болохоор хөөе гэж дуудаад араас нь очоод барилцаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороход тэр хоёр зууралдаж байгаад цугтаа уначихсан. Тэгж байхад тэр залуугийн найз нь бололтой нэг залуу ирээд хэрүүл болж байгаад цагдаа дуудсан....тэр хоёр зууралдаад унахдаа нүүрээрээ газар унасан юм тэгэхдээ энэ гэмтлийг авсан байх. Энэ хоёроос өөр зодолдож зууралцсан хүн байхгүй. Тэр залуугийн найз бид хоёр салгах гэж оролдсон. Ч.Н ах архи уусан байсан гэхдээ нэг их согтуу байгаагүй. О.Е эрүүл байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Сэжигтнээр Г.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ч.Н хойш алхаад О.Е заамдсан чигээрээ түлхээд би Ч.Нгийн хойд талд Ч.Нг салгах санаатай тэврээд байж байсан. О.Е Ч.Нг түлхэх үед тэд хойш ухарсан чигтээ эрчээрээ явсаар байгаад шороог халхалж тавьсан тоосгон 40 см өндөртэй дээрээ 20 см төмөртэй хаалтанд О.Егийн хөл нь тулж О.Е, Ч.Н хоёр заамдалцсан чигтээ давхар бүгд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 123/,

Шинжээчийн 166 тоот дүгнэлтэд: “...О.Егийн биед суурь ясны зүүн талын их далавч дайран дээш чамархай, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын чамархайн хэсэг хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын чамархайн дэлбэнд цус хуралт, зүүн чамархай духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал мөр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 98/,

Шинжээчийн 800 тоот дүгнэлтэд: “...Ч.Нгийн биед тархи доргилт, төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 100/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, Эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх-н 22/, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 28-46/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 47-52/, Хохирлын баримтууд /хх-ийн 64-82/, Хохирогчийн цалингын тодорхойлолт /хх-ийн 83/, Толгойн компьютер томографийн шинжилгээний хуулбар /хх-ийн 88/, Шүүгдэгч Ч.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 119-124, 143/, шүүгдэгч Г.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх- 137, 146, 150, 152-156, 148/, Шүүгдэгч Б.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 140, 144, 151-154/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Хэрэгт тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтыг тодорхой харуулсан камерын бичлэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба уг бичлэгт үзлэг хийн бэхжүүлэн авчээ.

Уг бичлэгт тухайн болсон үйл баримт тодорхой бичигдсэн байх ба шүүгдэгч Ч.Н нь хохирогч О.Етэй харилцан заамдалцан зууралдсан байхад шүүгдэгч Т нь тэднийг салгахаар Ч.Нг хойноос нь хоолойноос нь татсаны улмаас шүүгдэгч, хохирогч нар газар унаж байгаа нь харагдаж байна.

Түүнчлэн, Ч.Н, О.Е нар нь хэн хэнийгээ заамдалцсан чигээрээ татагдсан, хохирогч О.Е нь мөн шүүгдэгчийг түлхэх хүч үйлчлэн хашлаганд хохирогч О.Е тээглэн унасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад Ч.Н нь хохирогч О.Ег татан унагаасан болгоомжгүй үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч болон шүүгдэгч Г.Т нарын өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч Ч.Н нь хохирогч О.Ег заамдан урдуураа татан хашлаганд тээглүүлэн санаатай унагаасан” гэсэн санал нь дээрх нь камерын бичлэгээр тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин хохирогч О.Ед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Г.Тын шүүгдэгч Ч.Н, хохирогч нарыг заамдалцан зууралдсан байхад нь салгах гэж шүүгдэгч Ч.Нг хоолойноос нь хойшоо татсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч Г.Тын уг үйлдэл нь хохирогч, шүүгдэгч нарыг салгах гэж хийсэн үйлдэл байх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Тын үйлдэл нь хууль бус шинжтэй бус, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай болон болгоомжгүй үйлдэл биш гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Г.Тын үйлдлийг гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учрлуусан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих...” гэж заажээ.

Г.Т, Ч.Н нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч О.Егийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Төгс багана” барьцаалан зээлдүүлэх газрын орчимд иргэн Ч.Нг нөхөр Г.Ттай маргалдан барьцалдаж байх үед нь түүнийг өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Нгийн: “...Барилцаж аваад байж байтал бид хоёрын дундуур нэг эмэгтэй хүрч ирээд миний тархи толгой руу баруун гараараа 3-4 удаа цохиж, доогуур эмзэг эрхтэн руү 4- 5 удаа өшиглөсөн, Тэгэхээр нь би тэр барилцаж авсан залууд хандаж хүний тархи толгой, төмсөг рүү өшиглөдөг нь яаж байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр салсан....М тархи толгой төмсөг рүү өшиглөсөн. Гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 800 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан сиди-ний бичлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Нг гараараа цохиж, төмсөг рүү нь өшиглөөгүй гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт хохирогч Ч.Нг өшиглөж байгаа хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Нг цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч Б.Мг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Нгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ч.Н нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгчийн гэм буруугүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Мг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.3,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:                                                                                                           

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Н, Г.Т нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Б.Мг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан хохирогч О.Егийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгч Ч.Н, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н, Г.Т, Б.М нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                                                 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР