Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 32

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.Оюун-Эрдэнэ

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилох тухай” Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар түр ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, гуравдагч этгээд Н.Гэрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:          

            Иргэн Х.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэл болгон Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байсан Хүрэлчулууны Оюун-Эрдэнийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс үүрэгт ажпаас нь чөлөөлж Нямсамбуугийн Гэрэлчулууныг сургуулийн захирлаар түр томилсон засаг даргын захирамжийг эс зөвшөөрч байна. Учир нь Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, Х.Оюун-Эрдэнэ миний бие нь тухайн сургуульд 13 жил багшаар ажиллаж байхад 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 тоот аймгийн Засаг даргын захирамжийн дагуу захирлын үүргийг түр орлон гүйцэтгэсэн. Гэвч засаг дарга Ц.Мөнхнасан нь хууль тогтоомжинд заасны дагуу өөр ажил албанд шилжүүлэн томилолгүйгээр ажлаас чөлөөлж эрх ашгийг минь ноцтой зөрчлөө.

Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар тус аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар түр томилогдон хөдөлмөрийн гэрээ үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Ажлын үр дүнгээ хангалттай буюу B гэж үнэлүүлсэн...” “...2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сул орон тоо гарч захирлын албанд томилгоо хийх хүртэл үүрэгт ажлаа хийж байх ёстой байсан...”

Иймд Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэргийн маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэсэн агуулгатай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь дээрх актад мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа үндэслэлээ заагаагүй тул илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.  Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15. дахь заалтыг үндэслэл болгож байгаа нь акт бүхэлдээ илт хууль бус болох нь тогтоогдож байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед тухайн албан тушаал дээр сул орон тоо гараагүй байсан. Хэрэв тухайн албан тушаал дээр сул орон тоо гараад сонгон шалгаруулалт зарлагдаад хууль, журмын дагуу албан тушаалтан нь томилогдсон  байсан бол бид өнөөдөр энд маргахгүй байсан. Бидний хувьд хариуцагч нь Боловсролын тухай 30 дугаар зүйлийн хуулийн 30.1.15. дахь заалтыг үндэслэн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд ороогүй иргэдийг дээрх хуулийн заалтыг үндэслэн томилж, чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул дээрх асуудлыг анхаарч үзнэ үү.

             Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Оюун-Эрдэнийг урьд эрхэлж байсан  ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Оюун-Эрдэнийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Х.Оюун-Эрдэнийг Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлаар түр томилон ажиллуулсан захирамж нь хууль зөрчиж гарсан захирамж байсан. Учир нь Боловсролын тухай хуулийн 30.1.15 /аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захиралыг томилох/ гэсэн хуулийн заалтыг зөрчиж Х.Оюун-Эрдэнийг томилсон нь, мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй Х.Оюун-Эрдэнийг 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд түр томилон ажиллуулсан нь хууль зөрчиж гарсан захирамж байсан.

Иймд Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 05 өдрийн Б/102 дугаар захирамжаар хууль зөрчиж Х.Оюун-Эрдэнийг Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байснаас чөлөөлж, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулж, дүнг танилцуулахыг Боловсрол, соёлын газрын даргад үүрэг болгосон захирамж нь хуулийн дагуу гарсан шийдвэр юм.

Иймээс Х.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ үүгээр тайлбарлаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий нөхцөл байдлын тухайд бол захирамжийг хүчингүй болгох, өөрийнхөө ажлын байран дээр эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Захирамж хүчингүй болсон ч гэсэн энэ ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан учраас цаашдаа энэ ажлын байр үргэлжлэн явах боломжгүй нөхцөл үүссэн байгаа бусад асуудал бол хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа учраас энэ дээр дэлгэрэнгүй тайлбар хийхийг хүсэхгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байдаг тул 2 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Оюун-Эрдэнийг чөлөөлж, Н.Гэрэлчулууныг түр томилсон шийдвэр нь Засаг даргын бүрэн эрхийн хэмжээний асуудал байсан тул би энэ асуудал дээр дэлгэрэнгүй тайдбар хийхгүйгээр шүүх хуралдаанд оролцож байна гэжээ. 

Гуравдагч этгээд Н.Гэрэлчулуун шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Гэрэлчулуун 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан иргэн Х.Оюун-Эрдэнийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн утгатай танилцлаа. Аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамж нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15. дахь заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ захирамжийн хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. 

Миний бие 2012 оноос 2016 онд Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч байсан. Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжаар намайг тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын ажилд түр томилсон байгаа. Энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэн Х.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн /цаашид “аймгийн” гэх/ Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилох тухай” Б/102  дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар түр ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

            Тус аймгийн Засаг дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсгийг үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байсан Хүрэлчулууны Оюун-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нямсамбуугийн Гэрэлчулууныг сургуулийн захирлаар түр томилжээ .

Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ, гуравдагч этгээд Н.Гэрэлчулуун нар нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь 2002 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс  2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд химийн багшаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар түр томилогджээ .

Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь сургуулийн захирлаар түр томилогдон ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ , мөн аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, боловсрол соёлын газрын дарга нартай  үр дүнгийн гэрээг  байгуулан ажиллаж, 2016 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгээ 88 хувьтай үнэлүүлж, 39 хувийн урамшуулал авч байжээ .

Гуравдагч этгээд  Н.Гэрэлчулуун нь 2005 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд физикийн багш, сургалтын менежерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлөгдөн , аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар түр томилогджээ.

Гуравдагч этгээд Н.Гэрэлчулуун нь сургуулийн захирлаар түр томилогдсоноос хойш аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга, аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна.

Аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэл болгосон нь тухайн хуулийн заалтаар зохицуулаагүй харилцааг зохицуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь дээрх хуулийн заалтаар аймгийн Засаг даргад аймгийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүн, боловсролын газрын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхийг олгожээ.

Гэтэл аймгийн аймгийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтанд ороогүй иргэдийг дээрх хуулийн заалтыг үндэслэн, боловсролын газрын саналыг авалгүйгээр томилж, чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй шийдвэр болжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнийг сургуулийн захирлаар түр томилогдон ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэл болгон захирлаар түр томилогдон ажиллаж байсан үүрэгт ажлаас нь чөлөөлж Н.Гэрэлчулууныг захирлын үүрэгт ажилд түр томилсон нь холбогдох хууль, тогтоомжид нийцээгүй шийдвэр болсон байна гэж үзлээ. 

  Иймд нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилох тухай” Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар түр ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилох тухай” Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Оюун-Эрдэнийг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлаар түр ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ГАНБАТ