Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 683

 

    Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор В.Отгончимэг,  

цагаатгагдсан этгээд А.Мөнхбатын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

ялтан Э.Энхжаргалын өмгөөлөгч Б.Баярмаа,

ялтан Д.Мөнхбаатарын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 201626030681 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Шарав овогт Энхцэцэгийн Энхжаргал, 1987 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн оператор, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамжны 20-1442 тоот хаягт оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-3-43 тоотод оршин суух,

-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЧМ 87111318/,

2. Олонхууд овогт Давааням-Осорын Мөнхбаатар, 1986 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны ТТБТ-ийн 7-2 тоотод оршин суух,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан, /РД: ШД 86032511/,

            3. Даагачин овогт Адъяасүрэнгийн Мөнхбат, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 3-73 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙИ 91111914/, 

Э.Энхжаргал нь ялтай байхдаа, согтуугаар, давтан үйлдлээр, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нартай бүлэглэн, “Тоёота Приус-20” загварын 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг ашиглан, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаваторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7 кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумулятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Д.Мөнхбаатартай бүлэглэн, согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаватораас бахь, отвертик зэрэг багаж ашиглан компьютер, аккумулятор зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мөнхбаатар нь Э.Энхжаргал, А.Мөнхбат нартай бүлэглэн, согтуугаар, давтан үйлдлээр, “Приус-20” загварын 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаваторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7 кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумулятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Э.Энхжаргалтай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн, иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаватороос бахь, отвертик зэрэг багаж ашиглан компьютер, аккумулятор зэрэг 1790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Мөнхбат нь Д.Мөнхбаатар, Э.Энхжаргал нартай бүлэглэн, “Тоёота Приус-20” загварын 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн, иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаваторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7 кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумулятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнхбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Э.Энхжаргалыг давтан үйлдлээр бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, Д.Мөнхбаатарыг давтан үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлан, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Энхжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Мөнхбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энхжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Энхжаргалаас 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цогтбаатарт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А.Мөнхбатын эзэмшлийн 12-32 УБЧ улсын дугаартай "Тоёота Приус-20" загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ. 

            Ялтан Э.Энхжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “…би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би иргэн Цогтбаатарыг ямар нэгэн хохиролгүй болгосон. Миний ар гэрийн эдийн засгийн нөхцөл боломж маш муу юм. Миний том охин Э.Энхжин одоо Нийслэлийн 58 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг, дунд хүү Э.Энх-Эрдэнэ Нийслэлийн 171 дүгээр цэцэрлэгийн дунд бүлэгт хүмүүждэг, бага охин Э.Эмүжин одоо 1 сар 7 хоногтой нярай бөгөөд эхнэр маань нялх биетэй тул одоогоор ажилгүй байгаа. Миний эх нэгэн төрийн бус байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг. Эх маань миний дүү нартай хамт амьдардаг ба дүү нар бүгд оюутан, сурагчид тул өөрсдийн аж амьдралаас илүү гардаггүй. Миний ар гэр хүнд байдалд байгаа. Би цаашид өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа авч явах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Амар хялбар аргаар мөнгө олох гэж явах нь маш буруу гэдгийг ухаарч байна. Иймд та бүхэн нэгэн гэр бүлийн аз жаргалтай, элэг бүтэн амьдралын төлөө зохих шийдвэрийг гаргаж өгнө үү. Би хуулийн дагуу шийтгэлээ эдлэхэд бэлэн бөгөөд та бүхэн надад бага ял оногдуулж өгөхийг гуйж байна.” гэжээ.

Өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Э.Энхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаж, шийтгэх тогтоолд дурдсан 1 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлыг төлж барагдуулж, мөн зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар Э.Энхжаргал нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Э.Энхжаргал нь 0-6 насны 3 хүүхэдтэй. Бага хүүхэд нь 1 сартай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “баривчлах ялыг 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар оногдуулна” гэж заасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхээс Э.Энхжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар сольж өгнө үү…” гэв.

Өмгөөлөгч Д.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…ялтан Э.Энхжаргал давж заалдах гомдол гаргасан, мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул би давж заалдах гомдол гаргаагүй. Хэрэгт холбогдогч нар мөрдөн байцаалтын шатнаас А.Мөнхбат, Д.Мөнхбаатар нар нь “…гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй” гэж мэдүүлсээр ирсэн. Хавтаст хэргийн 57, 60, 63, 64, 70, 71, 72, 36, 37 дугаар талд авагдсан мэдүүлгүүдээс үзэхэд Д.Мөнхбаатар нь Э.Энхжаргалыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй болох нь тогтоогддог. Д.Мөнхбаатарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал тогтоогдохгүй байна. Тиймээс Д.Мөнхбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэв.

Өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүх А.Мөнхбатад холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

Прокурор В.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…ялтан Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө ялтан Э.Энхжаргал нь хохирлыг төлж барагдуулсан хэдий ч ялтай байхдаа, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. А.Мөнхбатыг үйлдлээрээ нэгдэж, сав авч ирж түлш хийхэд тусалж, хамт явж түлшээ зараад тодорхой хэмжээний мөнгө авсан, мөн автомашинаас нь экскаваторын эд зүйл гарч ирсэн тул прокурорын зүгээс А.Мөнхбатын гэм бурууг шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд А.Мөнхбатыг цагаатгасныг зөвшөөрч байгаа” гэв.  

ХЯНАВАЛ:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Э.Энхжаргал нь ялтай байхдаа, согтуугаар, давтан үйлдлээр, Д.Мөнхбаатартай бүлэглэн, “Поёота Приус-20” загварын 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг ашиглан, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаваторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7 кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Д.Мөнхбаатартай бүлэглэн, согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаватораас бахь, отвертик зэрэг багажийг хэрэглэн компьютер, аккумлятор зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Мөнхбаатар нь Э.Энхжаргалтай бүлэглэн, согтуугаар, давтан үйлдлээр, “Тоёота Приус-20” загварын 12-32 УБЧ улсын дугаартай автомашиныг ашиглан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаваторын түлшний банкнаас 200 литр дизелийн түлш, 7 кг товуд, 1 ширхэг товудны шприц, аккумлятор зэргийг хулгайлж, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Э.Энхжаргалтай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Ачуут-Од" ХХК-ний хашаанд нэвтрэн, иргэн Ч.Цогтбаатарын эзэмшлийн газар ухах зориулалттай “Хюндай 2900 ЛСи-7” /Huandai 2900 LС-7"/ загварын экскаватораас бахь, отвертик зэрэг багаж ашиглан компьютер, аккумлятор зэрэг 1.790.000 төгрөгийн эд зүйлийг давтан үйлдлээр хулгайлж, нийт 2.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

хохирогч Ч.Цогтбаатарын: “…2016 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрийн хооронд 57-87 УБ улсын дугаартай “Хьюндай-2900” загварын шар өнгөтэй эксковатор автомашинаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, өвсний хашаанд орхисон байсан. Энэ үед үл таних залуучууд очиж экскаваторын компьютер, аккумлятор, 200 литр дизель түлш, 10 килограмм товуд, товудын шприц зэрэг зүйл алдагдсан байсан…” /хх-26-27/,

хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ: “…би нэг аккумлятораа тухайн үед хажуу хашааны Баярсайхан гэж залуугаас бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Аккумляторыг үзэхэд хэвийн ажиллаж байсан. …2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гэртээ амарч байхад оператор Болдбаатар гэх залуу над руу залгаж “таны экскаватор дээр хүн ирчихсэн дээр доор нь гараад байна гэнээ” гэж хэлсэн. …тэгэхээр нь би шууд экскаватор байгаа газар луу явсан. Явах замдаа гэрээс нь Болдбаатарыг дагуулаад очсон. Тэгээд бид хоёр өдөр 14 цагийн үед очиход экскаваторын түлшний хайрцагны банк, аккумляторын хайрцаг зэрэг нь онгорхой болсон байсан. Газраар түлш нилээн асгарсан байсан. Тэгээд шалгаад үзэхэд хоёр аккумлятор байхгүй, компьютер нь мөн алга болсон байсан. Багаажинд байсан товуд 7 кг, товудны шприц нэг ширхэг зэрэг эд зүйл мөн алдагдсан байсан. Түлшний савыг нь үзэхэд бараг түлшгүй болсон байсан. …миний экскавартораа тавьсан хашаанд амьдардаг эгч тэр залууг “...эхний өдрөө хоёр залуутай, цагаан өнгийн 12-32 УБЧ гэсэн улсын дугаартай автомашинтай ирсэн, согтуу байсан” гэж хэлсэн. …Хоёр удаа ирээд явсан байсан. Эхний өдөр нь 3-4 саванд түлш хийгээд явсан. Дараагийн өдөр нь ирж нэг аккумлятор, компьютер зэргийг аваад явсан байсан. …тэнд байсан хүмүүст “миний эксковатор байгаа юм” гэж худал хэлсэн байсан…” /хх-28-30/,

            гэрч Э.Баярсайханы: “…2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр миний портер загварын автомашины аккумлятор нь суучихсан машин асахгүй байхаар нь би хажуу хашаа руу хартал хашаан дотор байсан экскаватор дээр гурван залуу түлшийг нь аваад зогсож байсан. Миний харснаар нэг залуу нь экскаваторын түлшний банкан дээр гарчихсан, хоёр нь доод талд нь зогсчихсон, 20 литрийн хуванцар, цэнхэр, шар өнгийн хоёроос гурван саванд шланкаар хийгээд зогсож байсан. Ойр хавьд нь өөр хүн харагдаагүй. Тухайн үед би тэр гурвыг хараад хулгай хийж байгаа болохыг нь мэдээгүй. Өөрсдийнхөө машинаас түлш авч байгаа юм байх гэж бодсон. Тэгээд би тэр гурваас ахдаа аккумлятороо түр өгч байгаач гэж асуухад "тэгээ, тэг та нэг аккумляторыг нь аваад яв, өглөө ирээд манай дарга ирэхээс өмнө авъя" гэж хэлээд надад тэр эксковаторын аккумляторыг салгаж өгсөн. Тэр гурвын хоёр нь согтуу байсан. Тэд тайлж өгөх гэхэд багаж хэрэгсэл байхгүй байна гэхээр нь би өөрийнхөө боолт чангалж суллах багажийг өгөхөд түүгээр надад аккумляторыг тайлж өгсөн. Тэгээд би машиныхаа аккумляторыг холбож асаачихаад  гэртээ оруулаад тавьчихсан. Нөгөө гурван залуу тэндээ үлдсэн. Би тэдэнд өөрийнхөө багаж хэрэгслийг үлдээгээгүй. Тэд ойролцоо насны гурван залуу байсан. Би царайг нь сайн анзаарч хараагүй. Ямар ч байсан өөрсдийнхөө юмыг авч байгаа юм шиг л байсан. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үдээс хойш намайг хашаандаа өвсөө машинд ачаад байж байтал харааны бололтой нүдний шилтэй залуу ирээд хажуугийн хашаанд байгаа өнөөх шар өнгийн экскаваторыг заагаад "экскаваторын эд анги нь алдагдсан байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өчигдөр гурван залуу ирээд, түлшийг нь саванд хийгээд аваад зогсож байсан, миний машины аккумлятор суухаар нь тэр гурваас аккумлтороо түр өгч байгаач гэж гуйхад надад эксковатороос нэг аккумляторыг тайлж өгсөн. Түүгээр нь би машинаа асаасан. Одоо тэр аккумлятор манай гэрт байгаа гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн “энэ экскаватор бол миний өөрийн эзэмшлийнх байгаа юм аа. Гурван хүн машинаас минь эд зүйлс авч явах ёсгүй, тэр гурван хүн хулгайч нар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайхны л хүмүүс юм болов уу гэж бодсон. Сэжигтэй зүйл ажиглаж чадаагүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр хүн өөрөө цагдаад дуудлага өгсөн. Би өөрт байсан аккумляторыг тэр дор нь хохирогчид хүлээлгэн өгсөн…” /хх-31-32/,

            гэрч Д.Цэцэгмаагийн: “…газар шорооны ажил хийж байсан шар экскаватор дээр 3 залуу ирчихсэн байсан. Тэр үед экскаватор ажиллаагүй, манай гэрийн урдхан талд байрлуулчихсан байсан юм. Тэгэхээр нь би тэр гурван залуу руу очоод “та нар яагаад хүний экскаваторын түлшийг нь аваад байгаа юм” гэж асуухад тэр гурвын нэг махлаг шар царайтай залуу нь “бид нар өөрсдийнхөө эд зүйлийг авч байна. Би жолооч нь байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь нүдний шилтэй залуу энэ экскаваторыг барьдаг даа гэж бодоод тэр гурвыг бага зэрэг сэжиглэсэн. Уг гурван залуу 3 ширхэг усны савтай ирчихсэн түлшийг нь шланкаар соруулж авч байсан. Цагаан өнгийн “Тоёота Приус-20” загварын 12-32 УБГ гэсэн дугаартай машин байсан. Тэр гурвын хоёр нь согтуу байх шиг байсан. …харин маргааш нь буюу 5 дугаар сарын 5-ны өдөр “би жолооч нь байгаа юм” гэж хэлсэн залуу өөр нэг машинтай ирсэн. Тэр машиных нь дугаарыг мэдэхгүй байна. Ирээд “би ажлаа эхлэх гэж байна, хүн аккумлятор үлдээсэн үү” гэж асуусан. Тэр залуу надтай ганцаараа уулзсан. Машинд нь хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Дараа нь экскаваторын эзэн нь гээд нэг өөр залуу ирсэн. Тэр залуу надад “миний экскаватораас дизель түлш, компьютер зэрэг эд зүйл алга болсон байна” гэж хэлсэн…” /хх-38-40/,

Э.Энхжаргалын сэжигтнээр өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Зүүнхараа”-аас ирж яваад “22 товчоо”-ны орчимд явахдаа хамт ажиллаж байсан найз Мөнхбаатарын “88875386” гэсэн утас руу нь залгаж яриад “Драгон” дээрээс автобусанд сууж бид хоёр уулзсан. Би ирж явахдаа 2 пиво уусан байсан. Бид хоёр уулзаад дэлгүүрээс 0.75 литр архи ундаа аваад Мөнхбаатарын хашаанд орж архиа хувааж уусан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад тэднийхээс гарч гудамжинд явж байхдаа цагаан өнгийн “Тоёота пруис-20” загварын машинтай Мөнхбаатарын таньдаг 20 орчим настай залуутай тааралдаж хөлслөөд “Сонсголон”-ийн уулзвар орсон. Тэнд явуулаар түлш зардаг Баяраа гэдэг ахтай уулзаж мөнгө зээлэх гэж очсон байхгүй байсан. Тэгээд буцаж “Яармаг” руу явж байхад “Сонсголон”-ийн замын баруун талд дотроо өвс хураасан том хашаанд шар өнгөтэй "Хьюндай" загварын эксковатор зогсож байхаар нь би “зогсож бай түлшийг нь хараадхая” гэж тэр хоёрт хэлсэн. Бид нар машинтайгаа уг хашааны том хаалгаар орж очоод экскаватороос 20-30 метрийн зайнд машинаа зогсоогоод, би түлшний банкийг нь тагийг нь онгойлгож харахад түлштэй байсан. Би Мөнхбаатарт “түлштэй байна сав олдох уу” гэхэд Мөнхбаатар таксиний жолооч залуугаас “сав олдох уу” гэхэд “олдоно” гэсэн. Бид хоёр өвсний хашаанд үлдэж жолоочийг саванд явуулсан. Хашаанд экскаваторын хажууд монгол гэртэй айл байсан. Жолооч удалгүй 15 орчим минутын дараа 30 литрийн нэг, 20 литрийн 2 ширхэг шар өнгөтэй хуванцар канистр аваад ирсэн. Мөнхбаатар багаажны хайрцагт шланк байсныг авч банкнаас нь түлшийг соруулж авч 3 канистраа дүүргэж авсан. Би экскаваторын багажны хайрцагаас бахь авч компьютер, аккумуляторыг нь тайлж авсан, мөн багаажны хайрцагт байсан төмөр савтай 4-5 кг товуд болон, товудны шахдаг шприцийг би авч цагаан өнгийн “Тоёота Пруис 20”-ын багаажинд хийсэн. Тэндээс гараад “Нисэх”-ийн аюулгүйн тойргоор тойроод “Яармаг” руу явж байхад замын эсрэг талд нэг цагаан кабинтай том “Норд трайлер” зогсож байхаар нь жолоочтой нь уулзаж түлшээ нэг литрийг нь 1000 төгрөгөөр нийт 70.000 төгрөгөөр зарж канистраа суллаж авсан. Дэлгүүрээс архи авч машиндаа ууж яваад “Нисэх”-ийн "Хаан банк"-ны буудал дээр очиж Мөнхбаатар экскаватораас хулгайлсан компьютерийг 40 гаруй настай, намхан, дунд зэргийн биетэй эрэгтэй хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Энэ хүнийг Мөнхбаатар таньдаг юм байна лээ. Буцаж явахдаа аккумуляторыг “Яармаг”-ийн хаягдал түүхий эд авдаг газарт 20.000 төгрөгөөр тушаасан. Яармагт ирээд жолоочид 30.000 төгрөг өгөөд бид хоёр бууж үлдсэн…” /хх-53-54/,

яллагдагчаар өгсөн: “…би Д.Мөнхбаатарт дээрх эксковаторыг заагаад "энэ миний таньдаг хүний экскаватор байгаа юм, би өмнө нь операторыг нь буюу жолоочийг нь хийж байсан юм, ийшээ нэг ороодохъё” гэж тэр хоёрт хэлсэн. Тэгтэл жолооч Мөнхбат жолоогоо миний хэлснээр эргүүлээд хашааных нь хажуу талд очиж зогссон. …Тэгэхээр нь би түлшнийх нь тагийг таттал онгорхой байсан ба тонгойгоод хартал түлш байсан. Тэгэхээр нь би буцаж машин дээр очоод нөгөө хоёр буюу жолооч Мөнхбат, найз Д Мөнхбаатар нарт "би өөрийнхөө экскаватороос түлшийг нь авах гэж байна, чамд сав олдох уу" гэж Д.Мөнхбаатараас асуутал Д.Мөнхбаатар бодож байснаа жолооч Мөнхбатаас "чи сав олоод ирж чадах уу" гэж асуусан…” /хх-68-72/,

Д.Мөнхбаатарын сэжигтнээр өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр миний "88875386" гэсэн дугаар руу миний найз болох Энхжаргал залгаад "чи хаана байгаа юм" гэхээр нь би түүнд "гэртээ байна" гэж хариултал тэрээр "би тэгвэл яваад очъё, хамт архи ууя" гэж хэлэхээр нь би "хүрээд ир" гэж хэлсэн. Энхжаргал тэр үед бага зэрэг халамцуу байсан. Тэгээд нэг шил архи ууя гэтэл надад болон түүнд мөнгө байгаагүй. Энхжаргал өөрийнхөө скайтелийн утсаа явуулын хүнд 15.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь бид хоёр нэг шил 0.75 литрийн “Стандарт” архи, ундаа зэргийг аваад манай гэрийн хашаанд очиж хувааж уусан. Ууж дуусахад Энхжаргал "Нисэх”-д өвсний фондын хашаанд миний нэг экскаватор байдаг. Тийш ээ очъё, сэлбэгийг нь авъя" машин хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид хоёр интернет тоглоомын газрын хажууд иртэл миний танил дүү Мөнхбат гэж залуу байхаар нь би “машинаар чинь “Нисэх” рүү яваад ирье, 5.000 төгрөг өгье" гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбат “за” гээд зөвшөөрсөн. Энэ үед Энхжаргал бид хоёр уусан архинаасаа болоод нилээн согтсон байсан. Тэгээд Мөнхбатын цагаан өнгийн 12-32 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машинд сууцгааж “Дэвшил трейд”-ын зүг явж Энхжаргал таньдаг хүнээсээ 20.000 төгрөг аваад бид дахин нэг шил 0.75 литрийн “Стандарт” архи авч очих хүртлээ машинд нь Энхжаргал бид хоёр тал шил архи уусан. Бидний очсон газар нь дотроо өвс хураасан том хашаа байсан. Уг хашааны гадаа ирэхэд Энхжаргал “ийшээ оръё” гэж хэлэхээр нь машинаа хашааных нь үүдэнд зогсоож байгаад Энхжаргал бид хоёр эхэлж онгорхой байсан төмөр торон хаалгаар нь явж орсон. Хашаанд нь нэг Монгол гэр байсан. Тэр гэр рүү Энхжаргал “оръё” гэхээр нь би дагаж орсон. Уг гэрт 50 орчим насны эгч, бага насны гурван хүүхдийн хамт байсан. Тэр гэрт Энхжаргал бид хоёр үлдсэн архиныхаа талыг нь ууж дуусгасан. Тэгтэл Энхжаргал экскаватор дээр очиж, хаалга, багаажны хэсгийг онгойлгосон. Түлхүүрээр онгойлгосон байх. Тэгээд Энхжаргал “түлшийг нь авъя, чи сав олж чадах уу” гэж надаас асуухаар нь “чадна” гэж хэлээд Мөнхбат руу яриад түүнийг "түлш хийж авч явах гэсэн юм аа, чи сав олоод хүрээд ир" гэж хэлсэн. Учир нь энэ газар Мөнхбат бид хоёрыг буулгаж өгчихөөд явчихсан байсан юм. Тэгээд дахиж дуудсан. Ирэхдээ тэрээр гурван ширхэг 30 литрийн усны сав олж ирсэн. Тэр сав руу нь экскаваторын багаажид байсан шланкаар түлшийг нь юүлж хийсэн. Тэгээд мөн багаажинд нь байсан 18 литрийн савтай товуд, шприц 1 ширхэг зэргийг нь аваад Мөнхбатын машины багаажинд хийсэн. Мөнхбат бас машиндаа дээрх зүйлсийг зөөлцөж хийлцсэн. Тэр үед Энхжаргал бид хоёр уусан архинаасаа болоод нилээн согтсон байсан. Харин Мөнхбат эрүүл байсан. Түлш сав руу хийж байхад нэг эрэгтэй хүн ирээд “аккумлятороо түр өгч байгаач ээ” гэж гуйсан. Тухайн үед бид гурвыг хулгай хийж байгааг тэр хүн бол мэдээгүй юм. Тэр хүн Энхжаргалтай л уулзаад юм асуугаад байсан. Энхжаргал түүнд аккумляторыг тайлж өгсөн байх. Би тэр үед согтуу байсан болохоор анзаараагүй юм байна. Тэгээд түлшийг нь соруулж авч дуусаад машинд бид гурав ачаад шланкийг нь буцааж багаажид нь хийж үлдээгээд тэндээс хөдлөөд “Яармаг”-ийн ойролцоо очоод нэг явуулын таньж мэдэхгүй, том машинтай хүнд нэг литрийг нь 1000 төгрөгөөр бодоод нийт 90.000 төгрөгөөр зарсан. Учир нь 30 литрийн гурван сав дүүрээд 90 литр болсон юм. Харин товуд, шприц зэргийг нь яасныг санахгүй байна. Мөнгөтэй болоод дэлгүүрээс дахиж 0.75 литрийн “Хараа” архи, идэж уух боов, чихэр зэргийг худалдаж авсан. Жолооч Мөнхбатад 30.000 төгрөгийг өгсөн. Мөнхбат архинаас уугаагүй. Авсан архи, ундаа зэргээ “Яармаг”-т байдаг Энхжаргалын хамаатны хүний гэрт очиж ууж, идэж дуусгаад тэндээ орой нь Энхжаргал хоносон. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр намайг гэртээ байхад өглөө 9 цагийн үед манай гэрт Энхжаргал ирсэн. Ирэхдээ архи нь бага зэрэг гарчихсан, шарталттай ирсэн. Миний архи гараад шарталттай байсан. Тухайн үед Энхжаргал дахиад “нөгөө эксковатор руу очъё" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамт явсан ба Энхжаргал нэг такси хөлсөлсөн байсан. Таксины жолоочийг нь таньж мэдэхгүй. Энхжаргал “...тэр жолоочийг таньж мэдэхгүй, гар өргөөд хөлсөлсөн...” гэж хэлж байсан. Тэгээд тэр машинд суугаад нөгөө экскаваторын байгаа хашаанд ирж буугаад бид хоёр таксины жолоочийг хүлээлгээд хашаа руу Энхжаргал онгорхой хаалгаар нь орж экскаватор луу нь очоод компьютерийг нь тайлж авсан. Тэгээд өөр зүйл аваагүй. Би машинд сууж байсан юм. Тэгээд компьютерийг тэр хавьд нэг явуулын хүнд 100.000 төгрөгөөр зарсан…”  /хх-56-59/,

Цагаатгагдсан этгээд А.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: “…намайг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гэрийнхээ ойролцоох “Яармаг”-ийн эцэст байдаг интернет тоглоомын газарт тоглож байхад миний танил ах Д.Мөнхбаатар тухайн үед нэрийг нь мэддэггүй байсан Э.Энхжаргал гэж ахын хамт хоёулаа орж ирсэн. Тэр хоёр тухайн үед согтуу байсан. Харин би эрүүл байсан. Тэд надад "чи бид хоёрыг Нисэхийн тойрог хүргээд өгөөч ээ" гэж хэлсэн. Тэгээд яваад “Дэвшил”-ийн тэр хавьд очоод Э.Энхжаргал нэг таньдаг хүнтэйгээ уулзана гээд буусан. Таньдаг хүнээсээ 20.000 төгрөг гуйж авлаа гэж хэлж байсан. Тэгээд буцаад наашаа “Нисэх” рүү явж байтал зам дагуу байрлалтай нэг хашаанд байсан экскаваторыг Э.Энхжаргал гэж ах “энэ экскаваторыг би барьдаг юм аа, миний экскаватор байгаа юм" гэж хэлээд тэр хашаа руу орсон. Тэднийг би оруулж өгчихөөд яваад өгсөн. Тэр хашаанд нь миний харснаар шар өнгийн экскаватор, нэг манаачийн бололтой монгол гэр, контейнер зэрэг харагдсан. Хажуу талын хашаанд нь өвс хураасан байсан. Тэр хоёр хүнээс авсан гэсэн хорин мянган төгрөгөөрөө 0.75 хэмжээтэй нэг шил архи, ундаа авсан. Тэрийгээ явах замд машинд ууцгааж байсан. Мөн машинаас буугаад экскаватортай хашаа руу орохдоо согтуу архиа бариад орцгоосон. Хашаанд нь хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь би буцаад “Яармаг”-т ирээд дахиад нөгөө тоглоомын газартаа байж байтал өдөр 14 цагийн үед над руу "Д.Мөнхбаатар ах залгаад "ахын дүү чи хүрээд ирээч ирэхдээ, хэдэн ширхэг түлшний сав аваад ирээч, чамд дараа нь мөнгө өгнө" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байсан гурван ширхэг 30 литрийн түлшний савыг хоосон байхаар нь аваад тэр хоёрын байгаа газарт очсон. Тэгтэл тэр Э.Энхжаргал нь "өөрийнхөө экскаватороос түлш авах гэж байна, саваа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би саваа гаргаж өгсөн. Өгөхдөө би "энэ чинь арай хулгайн юм биш биз дээ, сүүлд нь ямар нэгэн асуудалтай юм биш биз дээ" гэж асуутал Э.Энхжаргал “зүгээрээ ахын дүү асуудалгүй, өөрийнхөө л юмыг авч байгаа биз дээ, асуудалгүй л байгаа биз дээ” гэж хэлсэн. Бид гурав түлшний саванд экскаватороос багаажинд нь байсан байх нэг шланкаар түлшнийх нь савнаас түлш сороод сав руугаа хийсэн. Би дээр нь гараад шланкийг нь түлшнийх нь сав руу хийгээд барьж зогссон. Учир нь тэр хоёр өөрсдөө согтуу байсан болохоор би барьж өгөөд зогсож байсан. Доор нь Э.Энхжаргал ах зогсоод амаараа түлшийг сороод хоолойгоор түлш орж ирэхэд сав руугаа хийсэн. Ийм байдлаар гурван сав дүүргэсэн. Түлшийг сав руу хийж байхдаа гадуур нь асгаж тэр хавийн газрыг түлш болгосон. Мөн Э.Энхжаргал экскаваторын багаажинд байсан савтай товуд, товудны шприц зэргийг авсан. Дээрх эд зүйлсийг яг өөрийнхөө эд зүйлсээ авч байгаа юм шиг авсан. Түлш авч байх хооронд бид нар дээр хажуу хашааных нь ах ирээд “миний машин асдаггүй, нэг аккумлятор өгч байгаач” гэж гуйсан. Тэгтэл Э.Энхжаргал тэр хүнд нэг аккумляторыг нь тайлж өгсөн. Ямар багаж хэрэгслээр тайлж өгсөн болохыг нь хараагүй. Бид нарыг экскаватороос эд зүйлс дээрх байдлаар авч байхад биднийг "юу хийж байгаа юм, яагаад наанаасаа эд зүйл авч байгаа юм" гэж хэлж ирсэн хүн нэг ч хүн байгаагүй. Тэгээд гурван савтай түлш, товуд, шприц зэргийг миний машины багаажид ачаад бид “Яармаг”-ийн тэнд байдаг нэг авто засварын газрын ойролцоо очоод тэнд явж байсан явуулын том машинтай хүнд нэг литрийг нь 1000 төгрөгөөр бодоод нийт 90.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар хоёр надад баярлалаа гээд 30.000 төгрөг өгсөн. Түлшний савыг нь болохоор би эргүүлээд өөрөө авсан. Тэгээд салцгаасан. Маргааш өглөө нь над руу 10 цагийн үед Э.Энхжаргал ах яриад "ахын дүү ах нь эксковатор руугаа дахиж яваад компьютерийг нь авах гэсэн юм аа, хамт явчихаад ирье" гэж хэлсэн. Харин би тэр үед нь завгүй байсан болохоор хамт явж чадахгүй гэж хэлээд хамт яваагүй. Мөн надаас тэр үед машины ард үлдээсэн товуд, шприц зэргээ тэр хоёр аваагүй машинд үлдээсэн. Дахиж тэр хоёртой уулзаагүй. Савтай товуд нь машины ард хөдөлгөөнд унаад асгарах гээд машин завааруулах гээд байхаар нь гадаа гэрийн ойролцоох хогийн саванд 2016 оны 5 дугаар сарын 5-ны орой хаясан. Алга болсон байсан. Харин шприц нь өөртөө хадгалж байсан юм. Буцаад надаас хэн нэгэн нь нэхэж магадгүй гэж бодоод байлгаж байсан юм…” /хх-62-65/ гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар, А.Мөнхбат нарт холбогдох хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн ялтан Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар нарыг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар нарт хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Мөнхбат нь Э.Энхжаргал, Д.Мөнхбаатар нарыг хулгай хийж байгааг мэдээгүй, Э.Энхжаргал нь өөрийнхөө экскаватор гэж ойлгуулж, итгүүлсэн, Д.Мөнхбаатарын дуудсанаар очиж, тэр хоёрыг “Нисэх”-д хүргэж өгөөд буцсан, дахин утсаар залгаж сав олж өгөөч гэхэд нь сав аваачиж өгсөн зэрэг нь түүнийг уг хулгайн гэмт хэргийг үйлдэхэд санаа зорилгын хувьд нэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Ялтан Э.Энхжаргал нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ялтан Э.Энхжаргал нь ялтай байхдаа, согтуугаар, давтан үйлдлээр, тусгайлан багаж хэрэгсэл хэрэглэж буюу айлын хашаанд нэвтэрч, тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Э.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

         ШҮҮГЧИД                                                                 Б.ЗОРИГ

                                                                                          Д.ОЮУНЧУЛУУН