2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02277

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/02277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн ЗЖ00220903 регистрийн дугаартай *******ын ******* нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 140000932672 тоот "Зээл, зээлийн эрх нээх" гэрээ байгуулсан. С.******* нь уг гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшиж байсан ******* дугаарыг ашиглаж Монпэй аппликейшнээс 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 9-ны өдөр хүртэлх хугацаанд 14 удаагийн хүсэлтээр нийт 820,000 төгрөгийг зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. ******* ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон ............. тоот хаягаар шүүхэд хандсан боловч Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 317/ШЗ2025/05083 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүхээс хариуцагчийн хаяг тогтоох ажиллагаа хийхэд ................. тоот хаяг тогтоогдож тухайн хаягаар шүүх ажиллагаа хийхэд тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нотлогдож, тухайн баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь С.*******гийн зээлийн гэрээний дагуу өөрийн болон шаардлагатай тохиолдолд холбоо барих хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон.

С. *******гийн зээлийн гэрээний үүргийг 2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар тооцвол, үндсэн зээлийн үлдэгдэл 820,000 төгрөг, зээлийн хүү 560,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,172 төгрөг нийт 1,487,856 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ******* регистрийн дугаартай *******ын *******г эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 26/983 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 140000932673 зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягтын хуулбар, зээлийн дансны хуулга, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317/ШЗ2025/05083 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар С.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  С.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. ******* ББСБ ХХК нь С.*******тай байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 317/ШЗ2025/05083 дугаартай захирамжаар хариуцагч ..................... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй,

..................... тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:ЗЖ00220903/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ын ******* /рд:ЗЖ00220903/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******ын ******* /рд:ЗЖ00220903/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК /утас:*******/-т мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР