| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2019/02099/И |
| Дугаар | 210/МА2020/00336 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2020/00336
| 2020 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2020/00336 |
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний
комиссын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02085 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.О-ыг төлөөлж Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын нэхэмжлэлтэй
Хууль бусаар хоригдсон, шийтгэгдсэний улмаас учирсан хохиролд 176 138 810 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д
Прокурор А.Нямсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
Нэхэмжлэгчийн Ж.О -ыг төлөөлж Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.О -ыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байна.
2008 оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт хэн болох нь тодорхойгүй, 15-18 насны эмэгтэй хүн боосон байдалтай нас барсан хэрэгт 20835874 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, дээрх хэрэгт Ж.О -ыг холбогдуулан шалгаж 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцон баривчилж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 261/с дугаартай захирамжаар түүнийг цагдан хорьсон байна. Ж.О -ыг Ө.Хэрлэнчимэг нартай бүлэглэн насанд хүрээгүй Г.Баярмаагийн хоолойг боож амь насыг нь хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж, шүүх Ж.О - нарын нэр бүхий 8 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3.3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр Ж.О -ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэгдсэн Ж.О -ын эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн Амгалан дахь Улсын мөрдөн байцаах газрын агуулахад хадгалагдаж буй хар өнгийн Мицубиши Галант маркын 57-29 УБЦ улсын дугаартай, хөдөлгүүр НБ 0009, бүхээг ЕА1А0019702/0009 дугаар бүхий тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Ж.О -ад буцаан олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн хэргийн оролцогч Ө.Хэрлэнчимэг нар болон тэдний өмгөөлөгч, хохирогч нар дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын "Хүн бүр... эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй, Монгол Улс 1974 онд нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9.3-т хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тус тус баталгаажуулсан байна. Холбогдох хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн Ж.О -ыг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгах, эрх чөлөөг нь хязгаарлах болон хуулиар олгогдсон бусад албадлагын арга хэмжээг хэрэглэх эрхтэй хэдий ч шүүхээс Ж.О -ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул түүнийг хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзнэ.
Ж.О -ыг хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэгт 2008 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 1048 хоног шалгахдаа 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 478 хоног эрх чөлөөг хязгаарлаж, удаан хугацаагаар цагдан хорьсон нь түүний дээрх олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчиж, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол учруулсан байна.
Иймд иргэн Ж.О - нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах, эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй тул иргэн Ж.О -ыг хүн амины онц хүнд гэмт хэрэгт хилсээр нийт 478 хоног цагдан хорьж, эрх чөлөөг нь хязгаарласны улмаас түүнд учирсан сэтгэл санааны хохиролд 100 000 000 төгрөг, нэр төр алдар хүндийн хохиролд 49 145 710 төгрөг, хууль бусаар хоригдсон хугацааны хохиролд 7 170 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 1 260 000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 18 563 100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 18 000 000 төгрөг, лавлагаа, үйлчилгээний хураамжид 39 500 төгрөг, тээврийн зардал 23 600 төгрөг, ШУТИС-ын сургалтын төлбөр 300 000 төгрөг, автомашины засварын төлбөр 200 000 төгрөг нийт 176 138 810 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн дүгнэлтдээ: Ж.О -ыг хууль бусаар мөрдсөн юм биш. Насанд хүрээгүй этгээдийг боомилж алсан гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд хэд хэдэн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Ж.О -ын оролцоо нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, иймд түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэв.
Шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 45.1 дүгэр зүйлийн 1-т зааснаар улсын төсвөөс /Засгийн газрын нөөц сангаас/ 9 258 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.О -ад олгож, нэхэмжлэгчийн 166 880 110 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Бямбадорж давж заалдах гомдолдоо: Ж.О -ыг 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүнийг харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт шалгагдаж нийтдээ 478 хоног буюу 1 жил 3 сар 23 хоног хууль бусаар цагдан хоригдож эрх чөлөөгөө хязгаарлуулсан юм. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Надад тулгасан хилс хэргийг эсэргүүцэж цагдан хоригдох хугацаандаа 31 хоног өлсгөлөн зарлаж байснаас болж биеийн байдал муудаж ангийн эмнэлэгт хоёр удаа хэвтэн эмчлүүлж байсан. Би хууль бус онц хүнд гэм хэрэгт удаан хугацаагаар хилсээр шалгагдаж, сэтгэл санаа, эд материалын хувьд маш их хохирол амссан төдийгүй ар гэрийнхэн маань давхар хохирсон байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 100 000 000 төгрөгийг сэтгэл санаагаар хэрхэн яаж хохирсон, хохирлыг хэмжээг яаж тооцсон нь тодорхойгүй байна. Нэр төр, алдар хүндийн хохиролд 49 145 710 төгрөг нэхэмжилснийг төрөөс гарах шууд зардалд орохгүй, холбогдох этгээдийн буруутай эсэх асуудал яригдах учиртай гэх үндэслэлээр нийт 166 880 110 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 9 258 700 төгрөгийг төрөөс гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүйгээс гадна хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Сэтгэл санаагаар хэрхэн хохирсон, хохирлын хэмжээг ямар аргачлалаар тооцох эрх зүйн орчин боловсронгуй бус, Ж.О - болон түүний ар гэрийнхэнд учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг нотлох боломжгүй хэдий ч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор сэтгэл санааны хохиролд онцгой анхаарал хандуулж, бүрэн дүүрэн барагдуулах талаар зааж өгсөн байдаг.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирлыг арилгах боломжтой. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасны дагуу түүний нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг арилгах үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.О -ад учирсан сэтгэл санааны хохирол болох 100 000 000 төгрөг, нэр төр, алдар хүндэд учруулсан хохирол 49 145 710 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ж.О -ыг төлөөлж Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс нь төрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 176 138 810 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.1-т заасанд нийцжээ.
Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаар тогтоолууд нотлох баримтаар авагдсан байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээр Ж.О -ыг 2008 оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Дамбадаржаагийн гүүрний доор хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, цогцсыг зөөвөрлөж хаясан хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 478 хоног цагдан хорьсон, шүүхээс түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт тул Ж.О -ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ж.О - сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 49 145 710 төгрөг, хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол 7 170 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 18 000 000 төгрөг, бусад зардал буюу лавлагаа үйлчилгээний хураамжид төлсөн 39 500 төгрөг, тээврийн зардал 23 600 төгрөг, сургалтын төлбөр 300 000 төгрөг, автомашин засварын төлбөр 200 000 төгрөгийг тус тус төрөөс гаргуулахаар шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлд заасанд нийцжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хууль бусаар цагдан хоригдсон 478 хоногийн нөхөн төлбөрийг хоригдож байсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, 1 695 600 төгрөг олгосныг буруутгах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 7 000 000 төгрөг, бусад зардал, эд хөрөнгө гэмтсэний хохиролд 563 400 төгрөгийг тус тус төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.5, 45.3.1.6, 45.3.7-д заасанд нийцсэн ба шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.
Харин сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах журмыг тодорхойлсон байх бөгөөд эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч тал нэр төр, алдар хүндийн хохиролд 49 145 710 төгрөг гаргуулах хүсэлтийн үндэслэлээ Ж.О - нь Ө.Хэрлэнчимэг нартай бүлэглэн насанд хүрээгүй Г.Баярмаагийн хоолойг боож амь насыг нь хохироосон гэх мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан гэж тайлбарлажээ.
Хэргийн баримтаас үзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Зууны мэдээ, Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан зэрэг сонингуудын 2010, 2011 оны хэд хэдэн дугаарт Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хохирогчтой хийсэн ярилцлага зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл тавьсан байна. Уг мэдээлэлд Ж.О -ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар тэмдэглэснийг түүний нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараагдсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэр төр, алдар хүндэд учирсан хохиролд төрөөс 49 145 710 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Харин шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчснөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4 дүгээр зүйлд эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхийг зааж өгчээ.
Нэхэмжлэгч Ж.О - нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 478 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүний сэтгэл санаанд учирсан хохирлыг гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Иймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн гэмт хэргийн ангилал, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан цар хүрээ, сонины үнэ зэрэг нөхцөлийг харгалзан нотлох баримтыг харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах боломжтой.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/02085 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 9 258 700 гэснийг 29 258 700 гэж, 166 880 110 гэснийг 146 880 110 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД