Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/47

 

 

 

 

 

  

 

   2025         09           08                                         2025/ДШМ/47

 

 

    Б.О.д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;   

прокурор Д.Зуунай,

яллагдагч Б.О., түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн /цахимаар/,

хохирогч Э.Т.,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/495 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Б.О.д холбогдох 2319000000159 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.О,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.О 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ......... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн ........... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалтыг зөрчин огцом эсрэг урсгал руу орж улмаар эсрэг урсгалд явж байсан .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Т.Э.н эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Т.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж Т.Э.н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Яллагдагчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2025 оны 02 сарын 20-ны өдөр, хяналт тавьж байгаа прокурорт 2025 оны 04 сарын 04-ний өдөр, түүний дээд шатын прокурор буюу аймгийн прокурорт 2025 оны 04 сарын 17-ны өдөр, мөн улсын ерөнхий прокурорын газарт 2025 оны 05 сарын 02-ны өдрүүдэд хүсэлт, гомдлуудыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй,

Зам тээврийн ослын үед зайлшгүй тогтоогдвол зохих зүйлийн нэг тээврийн хэрэгслийн хурд юм. Хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр буюу яллах цагаатгах талын нотлох баримтыг цуглуулж бүрдүүлж байж хэргийг хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмыг баримталбал зохино. Учир иймд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд гаргаад байгаа дараах хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хариуцагчаар Т. ББСБ ХХК-ийг татуулах гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь Т. ББСБ ХХК, яллагдагч Б.О.л нарын хооронд Иргэний хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээ хийгдэж гэрээ хүчин төгөлдөр байгаа тул энэ харилцаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.” гэж үзэж

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.О.д холбогдох эрүүгийн 2419002490103 дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Б.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Д.Зуунай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар гэсэн ганцхан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зэрэг нотлох баримтууд болон тухайн зам тээврийн осол болоход зорчиж явж байсан хоёр тээврийн хэрэгслийн жолооч нараас мэдүүлэг авсан байдаг. Гэрч А.н мэдүүлгээр цагаан өнгийн улсын дугааргүй ........ маркийн тээврийн хэрэгсэл нь гэнэт огцом замаас баруун гар тийш гарч эргэж зүүн гар тал руугаа буюу засмал зам дээр эсрэг урсгал руу огцом дархад эсрэг урсгалаас урдаас хойш чиглэлд явж байсан цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэсэн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Мөн тухайн осол болсон цаг хугацаанд тухайн зам дээр зорчиж явж байсан жолооч болох Л.ын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Л. мэдүүлэхдээ цагаан өнгийн улсын дугааргүй ...... маркийн тээврийн хэрэгсэл нь эвгүй хөдлөөд цагаан өнгийн кровн маркийн тээврийн хэрэгслийн урд талаас ирээд мөргөсөн. цагаан өнгийн улсын дугааргүй приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талд тээврийн хэрэгсэл байгаагүй гэх мэдүүлэг болон Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... буюу хохирогчийн жолоодож явж байсан ... маркийн автомашины жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Яллагдагч Б.О.н жолоодож явж байсан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 буюу эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саад тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагддаг.

Тухайн шинжээчийн дүгнэлт И.Б. хохирогчийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээч нар тухайн осол болсон шалтгаан нөхцөлийг үндэслэж шинжээчийн дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд яллагдагч Б.О. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд саад гараагүй тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд ....улсын дугаартай хохирогчийн жолоодож явж байсан тээврийн хэрэгсэл ... улсын дугаартай ... маркийн хоёр тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалтай хоёр эгнээтэй замаар тус тусдаа тухайн цаг хугацаанд оролцож явж байсан. Яллагдагч Б.О.н жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд саад байгаагүй байхад огцом эсрэг урсгал руу эргэж орж зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шалтгаан нөхцөлийг тогтоосон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой юу, үгүй юу гэдэг зүйлийг тогтоох шаардлагатай гэж буцаасан шүүгчийн захирамж нь хэрэгт ач холбогдолгүй, үндэслэлгүй байна, Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор прокурорын эсэргүүцлийг бичсэн.” гэв. 

6.Хохирогч Э.Т. гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйл байхгүй яллагдагч Б.О.т миний бие нэг урсгалаар яваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа нь эргэлзээтэй нөхцөл гэж үзэх боломжгүй шүүгч нь хэрэгт төсөөтэй байдлаар хандаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Өмгөөлөгчийн хүсэлтийг хэсэгчлэн хангахдаа хэрвээ машин хурд хэтрүүлэн нэг урсгалаар явж байсан бол хурд хэтрүүлсэн асуудал нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болох уу, болохгүй юу гэдэг асуудал яригдана. Өнөөдөр шүүгч хар дээр, цагаан дээр бичигдчихсэн тухайн зам нь ямар эгнээтэй, ямар урсгалтай явж байсан ямар зам бэ, хэн хэн хаашаа чиглэлтэй явж байсан бэ гэдгийг хавтаст хэрэгт тодорхой тусгаад өгчихсөн байхад энэ хоёр нэг зам дээр явж байсан юм шиг хурд тогтоох ёстой гэсэн. Төсөөллийн байдлаар хэрэгт хандсанд үнэхээр гомдолтой байгаа. Тухайн шүүгч өнөөдөр энэ хэргийнхээ нөхцөл байдлыг бодитоороо үнэхээр яг мэдсэн үү эсвэл ямар нэгэн зүйл болсон уу, үгүй юу гэдэг асуудал манай гэр бүлийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хандана. Бид нар тэр шүүгчийн мэдлэг чадварын хувьд шүүгчийг шалгуулна. Шүүгчийн захирамж шинжээчийн дүгнэлтийг хэрвээ эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч нь шийдвэр гаргана гэж заасан байх ба хавтаст хэрэгт авагдсан техникийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08/218 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт нь яг юун дээр эргэлзээтэй байгаа вэ гэдгийг шүүгч өөрөө тайлбарт тодорхой тусгаж чадаагүй. Яллагдагч О нь надтай цуг нэг урсгалаараа яваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд байдаг. Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл бүх зүйлээрээ тодорхой байгаа. Түүнийг уялдуулж хавтаст хэрэгт шинжээч нар дүгнэлтүүдийг тодорхой гаргасан. Хэрвээ дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзсэн бол бид нар энэ техникийн шинжилгээ хийлгэсэн энэ байгууллагадаа бид дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах болохоос биш Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэл байхгүй. Шүүх шинжилгээний байгууллага хуулиараа өөрөө гэм буруугийн дүгнэлт гаргадаг байгууллага биш гэж үзэж байгаа.

Ийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үнэхээр их гомдолтой байна. Б.О гэх .. өнөөдөр 400 гаруй хонож байхад нэг ч удаа надтай холбогдоогүй. Манай гэр бүлд эмгэнэл илэрхийлээгүй. Уучлалт ч гуйгаагүй. Гурван хүн эрүүл мэндээрээ маш их хохироочхоод байхад нэг ч удаа биеийг нь асуугаагүй. Энэ хүн хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй. Энэ хэргээс яаж хугацаа хожиж урт удаан хугацаанд өөрөө ажлаа хийж явах талаар боддог юм уу, энэ хүний өмгөөлөгч, Б.О нар үнэхээр ёс зүйгүй, хүн чанаргүй ийм муухай хүмүүстэй учирсандаа өнөөдөр манай гэр бүл энэ хэргийн хохирогч болчхоод явж байгаа. Өнөөдөр надад үрээ бодож өдөр болгон уйлж байхад шүүхээс ярьж байна, прокуророос ярьж байна, цагдаагаас ярих нь байнгын сэтгэлийн шарх хөнддөг, хэцүү байдаг. Одоо би бие давхар болчихсон байхад энэ хэргийг  хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх юм. Би прокурор, мөрдөн байцаалтын шатанд дандаа л түргэн шуурхай шийдээд өгөөч. Үрийн минь ясыг битгий өндөлзүүлээд нэрийг нь шүүх хурлын танхимд дуудуулаад байх үнэхээр хэцүү байна. О гэдэг ....өөрөө бас үр хүүхэдтэй л байх гэж бодож байна. Эх хүн байж яаж ийм муухай чигээрээ явж байсан машиныг очиж мөргөчхөөд яагаад өнөөдөр ийм байдалтай бүтэн жил 3 сар манай гэр бүлийг тамлаж байгааг би үнэхээр гайхаж байна. Эрүүл саруул сайхан нялх үрийн минь амийг авчихаад дээрээс нь миний нөхөр Т.г хажуугаас нь очиж мөргөсөн тал тэр чигээрээ гэмтэлтэй. Миний хүү урд сууж явж байсан. Т.гийн зүүн мөчид нь тэр талаараа хугарсан. Тэр хүүхний мөргөлтөөс болж үүссэн гэмтэл. Одоо юун Т.гийн машины хурдыг тогтоолгох, юу хийлгэх гэж яваад байгааг би үнэндээ ойлгохгүй байна. Маш их гомдолтой байгаа энэ хүнд. Тиймдээ ч өнөөдөр энэ хуралд оръё гэж бодсон. Би зүгээр хуулийн дагуу энэ хэрэг шийдэгдээд дуусчихвал гэж бодож байсан чинь ийм юм яриад утгагүй гомдол гаргаад явж байгаад нь үнэхээр харамсаж байгаа. Шүүгч нарт гэр бүлийнхээ нөхцөл байдлыг хэлье гэж бодсон” гэв.

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0586 дугаартай Шинжлэх ухаан техникийн их сургуулийн дүгнэлт болон шинжээч Базаррагчаа гэдэг хүн юу гэж мэдүүлдэг гэхээр энэ дүгнэлтээрээ тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэдэг хариу өгөөд байдаг. Гэтэл Шүүх шинжилгээний хуульд шинжээчийн дүгнэлт маань ямар байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт бүрэн, хоёрт эргэлзээ байхгүй, гуравдугаарт шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой гэдэг ийм зарчим байдаг. Гэтэл энэ дүгнэлт гаргасан шинжээч хурдыг тогтоох боломжгүй гэж хэлээд байгаа нь энэ дүгнэлт бүрэн бус дүгнэлт байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа. Хоёрдугаарт энэ тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоодог байгууллага байна. Бид өнөөдөр цаг үетэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Энэ техникийн шинжээчийн дүгнэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер, техникийн газрын авто техникийн шинжилгээний лаборатори тухайн тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн хурдыг тогтоодог ийм жишиг өнөөдөр хангалттай байгаа. Дээрээс нь сүүлийн үед гарсан Америкийн нэгдсэн улсын программ хангамжтай Герман улсад үйлдвэрлэгдсэн Сидеа 900 гэдэг энэ төхөөрөмжөөр тухайн мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн энэ мэдээллийг ослын өмнөх 5 секундийн өмнөх мэдээллийг аваад хангалттай ийм хурдыг тогтоогоод байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс яагаад энэ хурдыг тогтоох шаардлагатай байгаа юм бэ гэж үзээд байгаа гэхээр хавтаст хэргийн материал хангалттай нотлогдож байгаа. Тухайн осол болох үед гарсан ослоос учирсан тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтлийг харна. Эвдрэл гэмтлээс гадна үүний цаана бүхэл бүтэн хүний амь нас, 3, 4 хүний эрүүл мэндэд гэмтэл хохирол учраад байна гэдэг чинь юутай шууд холбоотой вэ гэвэл тухайн тээврийн хэрэгслүүдийн хурдтай шууд шалтгаан холбоотой. Яагаад гэвэл хурд хэдий чинээ их байх тусам төдий чинээ хохирол, хор уршиг ихэсдэг. Ийм учраас миний гаргасан хүсэлт үндэслэлтэй байна. Хүсэлтийг анхан шатын шүүхийн шүүгч хангаж шийдсэн энэ шийдвэрийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй байна гэж үзэж байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг тус тус хангаж шийдвэрлэв.

1.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Шүүгчийн захирамж”-д заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

2.Хэдийгээр зам тээврийн ослын үед зайлшгүй тогтоогдвол зохих асуудалд тээврийн хэрэгслийн хурд хамаарах ч энэ хэргийн тухайд ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  Дорноговь аймгийн ......... сумаас УБ хот руу чиглэлд, ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь УБ хотоос Дорноговь аймгийн ..........сум руу чиглэлд тус тус явж байсан буюу тээврийн  хэрэгслүүд нь эсрэг урсгалтай, 2 эгнээ замд тус тусдаа эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцсон ба  ... .. улсын дугаартай тээврийн хэрэгсэл огцом эсрэг урсгалд орсноос ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан, шинжээч И.Б. “...хурд тогтооход шаардлагатай ул мөр байхгүй учир хурдыг тогтоох боломжгүй” гэж мэдүүлжээ.

3.Шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний бодит үр дүнг тусгаагүй, шинжлэх ухааны арга зүйд тулгуурлаагүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гараагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шинжээч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд тус тус заасны дагуу  зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн талаарх дүгнэлтийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл ... улсын дугаартай .... маркийн автомашины жолооч нь УБ хотоос .... руу чиглэлд явж байхдаа огцом замаас баруун гар тийш гарсан,  буцаж зүүн гар тал руу эсрэг урсгал руу огцом дарснаас эсрэг урсгалаас УБ хот руу чиглэлд явж байсан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талаас мөргөж зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон.

Мөн ... улсын дугаартай ... маркийн автомашины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалт буюу”... эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг  зөрчсөн нь тухайн зам тээврийн ослын шалтгаан болжээ.

4.Иймд тухайн эсрэг урсгалтай 2 эгнээ замаар тус тусдаа замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгслийн хурд осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд яллагдагч эсрэг урсгалыг сөрсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон талаар шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдсон байх тул тухай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй бөгөөд ..... дугаартай ........... маркийн автомашин эсрэг урсгал руу орохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримтлаагүй талаар шинжээч дүгнэсэн, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж тодорхой мэдүүлсэн байх тул прокурорын эсэргүүцлийг ханган, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/495 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг тус тус хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

 ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН

 ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА