Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд /томилолтоор/,

Хохирогч: Д.П,

           Шүүгдэгч: Н.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805025580672 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өрмийн инженер мэргэжилтэй, “М” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 49 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алмаз баарны ойролцоох автомашины зам дээр иргэн Д.Пг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн гарын алганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогчтой уулзаад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн хохирогч 1.000.000 төгрөг авч болно, 5 жилийн дараа чиний цохисон үйлдлээс болоод өвчтэй болвол яах вэ, чамаар баталгаа бичүүлж авна гэж хэлсэн. Түүнээс хойш хохирогчтой уулзаагүй. Хохирогч явган хүний гарцаар гараагүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэв.

Хохирогч Д.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө эхнэр бид хоёр найзыгаа Алмаз баарны замын эсрэг талд таксинд суулгаж өгсөн. Эхнэр замын нөгөө талд үлдсэн байсан. Би найзыгаа суулгаж өгчихөөд буцаж зам гарахад машинд хүчтэй биш мөргүүлсэн. Би унаагүй өвдгөн дээрээ сөхөрч унаад босч ирээд “хүн дайрлаа шүү дээ, замаа хардаггүй юм уу” гэхэд жолоочийн хажууд сууж байсан залуу бууж ирээд “мөрөөрөө явж үхээч пизда минь” гээд намайг заамдаж аваад цохьсон. Цохиулах үед манай эхнэр ирсэн. Эхнэр болиоч гэхэд цаашаа бай гээд эхнэрийг түлхсэн. Эмчилгээний зардалд 1.371.500 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Алмааз баарны эсрэг талын зам дээрээс найзыгаа таксинд суулгачихаад эргээд зам гарах гээд замын голд явж байхад 7672 УБ улсын дугаартай машин мөргөхөд би сөхөрч унасан, тэгээд уг машины урд хэсэгт гараараа цохиод “замаа хардаггүй юм уу” гэхэд жолоочийн хажууд сууж байсан залуу бууж ирээд “мөрөөрөө явж үхээч пизда минь” гээд намайг заамдаж гараараа миний зүүн талын шанаа, чих хэсэг рүү хоёр удаа цохиход би зам дээр унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёр найзыгаа гаргаж өгөөд таксинд суулгах гээд би замын хажууд үлдээд манай нөхөр найзынхаа хамт зам хөндлөн гарч найзыгаа таксинд суулгаж өгчихөөд буцаад ирж байхад замын голд нэг хар машин манай нөхрийг мөргөх шиг болсон. Манай нөхөр газар сөхрөөд унасан, машинаас нэг залуу бууж ирээд манай нөхрийн толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би очоод “юу болж байгаа юм бэ, хүн мөргөчихлөө шүү дээ” гэхэд уг залуу манай нөхрийг дахиад нэг удаа толгой руу нь цохиод хараагаад байсан... цагдаа дуудах гээд гар утсаа гаргахад уг залуу дахиад намайг түлхэж унагасан, миний гар утас газар унаж арын таг нь салсан. Тэгэхээр нь би утсаа эвлүүлж асаагаад цагдаа дуудсан... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний өвдөг, тохой хоёр өнгөц шалбарсан болохоор би эмнэлгийн байгууллагад хандаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Шинжээчийн 4645 тоот дүгнэлтэд: “...Д.Пгийн биед тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн гарын алганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... уг залуу “та нар намайг машинаараа мөргөсөн, би цагдаа дуудна, эмнэлэг дуудна” гээд орилоод байхаар нь уг залууг би заамдаад түлхэхэд уг залуу газар унасан, тэгэхэд эхнэр нь цаанаас ирээд намайг хэл амаар доромжлоод нулимахаар нь би уг эмэгтэйг цаашаа бай гээд түлхэхэд уг эмэгтэй газар унасан... баримттай эмчилгээний зардал гарган өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-39/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 49 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алмаз баарны ойролцоох автомашины зам дээр иргэн Д.Пг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн гарын алганы зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Пгийн: “...Алмаз баарны эсрэг талын зам дээрээс найзыгаа таксинд суулгачихаад эргээд зам гарах гээд замын голд явж байхад 7672 УБ улсын дугаартай машин мөргөхөд би сөхөрч унасан, тэгээд уг машины урд хэсэгт гараараа цохиод “замаа хардаггүй юм уу” гэхэд жолоочийн хажууд сууж байсан залуу бууж ирээд “мөрөөрөө явж үхээч пизда минь” гээд намайг заамдаж гараараа миний зүүн талын шанаа чих хэсэг рүү хоёр удаа цохиод би зам дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...замын голд нэг хар машин манай нөхрийг мөргөх шиг болсон. Манай нөхөр газар сөхрөөд унасан, машинаас нэг залуу бууж ирээд манай нөхрийн толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би очоод “юу болж байгаа юм бэ, хүн мөргөчихлөө шүү дээ” гэхэд уг залуу манай нөхрийг дахиад нэг удаа толгой руу нь цохиод хараагаад байсан... цагдаа дуудах гээд гар утсаа гаргахад уг залуу дахиад намайг түлхэж унагахад миний гар утас газар унаж арын таг нь салсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, шинжээчийн 4645 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ хохирогч О.Пг машинаар мөргөлөө гэж хэлэхэд нь түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Пгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.П нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн 1.371.500 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн ба уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Н.Бийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Бид шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Бид шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос 1.371.500 төгрөг гаргуулж хохирогч О.Пүрэвсүрэнд олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР