| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2308029801182 |
| Дугаар | 2025/ДШМ/1144 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1144
2025 09 25 2025/ДШМ/1144
И.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
хохирогч Д.Н-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1862 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Т-д холбогдох эрүүгийн 2308029801182 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т-,
Шүүгдэгч И.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****" амралтын газарт Д.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: И.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-гээс 3.040.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс хохирогч Д.Н-, гэрч С.Г-, Б.Т-, Б.Ц-, Ц.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Гэтэл энэ хэргийн цорын ганц гэрч С.Г-аас 2 удаа мэдүүлэг авсан ч /хх 42-43, хх 45/ мэдүүлгүүд зөрүүтэй учраас шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасны дагуу биечлэн оролцуулсан. Гэрч С.Г- 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн анхны мэдүүлэгтээ /хх 43/ “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод ирээд хүүгийнхээ гэрт байж байхад над руу Т- залгаад “амралтад амаръя” гэж хэлэхээр нь би тэгье гээд Сонгинохайрхан дүүрэгт байдаг **** амралтын газарт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр найзууд болох Н-, Т- нарын хамт нэг гэрт амарсан. 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн үед өдрийн цайндаа орчихоод амралтынхаа гэрт Н-, Т- бид 3 байж байтал Н- чемоданаасаа 0,75 литрийн том архи гаргаж ирээд, Т-г бид хоёрт архинаасаа аяганд хийж өгөхөөр нь би “ууж чадахгүй” гэхэд “битгий маяглаад бай” гэхээр нь би нэг аягыг уусан. Тэр үед Н- бас Т-д архинаасаа хийж өгөөд “уу” гээд шахаад байсан чинь Т- уухгүй гээд тэд хоорондоо маргалдаад байсан. Тэр үед Н- өөрөө нэлээд хэдэн аяга архи уусан. Н-, Т- хоёр маргалдаж байснаа Н- босож ирээд Т- лүү дайрахдаа шалан дээр байсан сандал дээр Н- өөрөө цээж хэсэг болон нүүрээрээ уначихсан. Н- босож ирээд шууд Т-г барьж аваад орон дээр унагаад Т-гийн нүүр лүү 2-3 удаа цохихоор нь би босож очоод Н-, Т- нарыг салгасан. ...Н- сандал дээр өөрөө унаад босоод ирэхэд нь уруул нь шалбарсан байсан. Бас болсон асуудлын дараа Н- надад “миний цээжээр өвдөөд байна сандал дээр унаад цээж эвгүй болчихлоо” гэж хэлсэн. ...Т- Н-ыг огт цохиж, зодоогүй. Т- хараа муутай хүн өөрийгөө яая даа гэж байгаа хүн юун хүн зодох. Н- том биетэй, биерхүү хүн. Т-гийн нүүр хавдаж хөхөрсөн. ...Т-гийн биед учирсан гэмтлийг Н- учруулсан. ...” гэж мэдүүлжээ.
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэгтээ /хх 44/ “...надад өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. Тухайн үед Т-, Н- хоёр зодолдсон нь үнэн. Т-г орон дээр хэвтэж байхад нь Н- дээрээс нь нүүр лүү нь 1-2 удаа цохисон чинь Т- Н-ыг хэд хэдэн удаа хөлөөрөө жийгээд байсан. Би Т-, Н- нарыг салгаад байж байтал Т- босож ирээд Н-ын нүүр лүү нэг удаа цохиод авсан чинь Н-ын шүд унаад амнаас нь цус гараад байсан, Н- унахдаа сандал дээр унасан. Тэгээд би больцгоо гээд дахиад салгасан. ...” гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх хуралдаанд “...нэг харахад Нацагаа Тэгшээг дараад унасан байсан. Би салгасан. Би Н-ын буруу гэж бодож байна. ...” гэж тус тус мэдүүлдэг.
Мөн хохирогч Д.Н- нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэг /хх 29/, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэг /хх 30-31/, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр /хх 33/ мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй. Харин миний үйлчлүүлэгч И.Т- 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр /хх 38-39/, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр /хх 41/ тус тус тогтвортой мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой атал тийм ажиллагаа хийгээгүйн дээр миний үйлчлүүлэгч Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан байхад хэрхэн, яаж шийдвэрлэсэн эсэх талаарх баримт хэрэгт байхгүйгээс харахад хэт нэг талыг барьж асуудалд хандсан нь илт харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Н-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч Д.Н-ын мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. Д.Н- болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Гэрч “И.Т- босож ирээд, Д.Н-ын нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэгээд шүд нь унасан, ...Д.Н-ын буруу байсан...” гэж мэдүүлдэг. Гэрч нь хохирогчийн буруутай үйл ажиллагааг мэдүүлж байгаа. Шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр хэргийн үйл баримтыг зөв тогтоосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч И.Т-, хохирогч Д.Н-, гэрч С.Г- нар хамт амарч, хохирогч Д.Н- согтууруулах ундааны зүйл хэрэглэе гэдэг байдлаар санал тавьж, үүнээс болж маргалдсан. Хохирогчийн шүд рүү цохиж, цээж хэсэг рүү нь өшиглөсний улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан талаар ярьдаг. Мөн гэрч энэ талаар мэдүүлсэн. Хохирогч, гэрч нар маргааш нь тухайн амралтын газарт амарч байсан хүмүүст зодуулсан талаараа хэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар И.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Прокуророос шүүгдэгч И.Т-г хохирогч Д.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун 5-р хавирга зөрүүтэй, зүүн 4-р хавирга, эгэмний зөрөөгүй хугарал, зүүн доод шүдний хугарал, доод уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянавал зохих дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...И.Т-г хохирогч Д.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун 5-р хавирга зөрүүтэй, зүүн 4-р хавирга, эгэмний зөрөөгүй хугарал, зүүн доод шүдний хугарал, доод уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлсон бол анхан шатны шүүх дээрхтэй адил дүгнэлтийг хийж гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.
Хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11615 дугаар “...Д.Н-ын биед баруун 5-р хавирга зөрүүтэй, зүүн 4-р хавирга, эгэмний зөрөөгүй хугарал, зүүн доод шүдний хугарал, доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. …” гэх дүгнэлт /хх 56/,
-шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн уналтаас үүсэх боломжгүй. ...” /хх 63-64/,
хохирогчоор тогтоогдсон Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “...би түшлэгтэй сандал түшээд зогсож байтал Т- гаднаас ууртай орж ирээд намайг сандлын түшлэг дээр дээрээс дарсан. Ам руу нэг удаа цохиход миний нэг шүд хугараад, хамраас цус гарсан. ..." /хх 29/ ,
-2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "...намайг сандал дээр сууж байтал Т- мөрөн дээр хүчтэй дараад гараад явсан. Буцаж орж ирээд орон дээр хэвтчихээр нь би “яасан бэ найз” гээд түүн дээр босоод очсон чинь Т- орон дээр хэвтэж байгаад миний цээж рүү хоёр хөлөөрөө жийсэн. Би хойшоо бөгсөөрөө газар унахад Т- босож ирээд миний нүүр лүү нэг удаа цохисон чинь уруул сэтрээд, шүд хугарсан. ...Би тэр үед цээж болон нуруугаараа газар болон ямар нэгэн эд зүйл дээр унаагүй, бөгсөөрөө унасан....” /хх 31/,
-тухайн болсон нөхцөл байдлыг харсан гэрч С.Г-ын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...тэр хоёр маргалдаж байснаа Н- босож ирээд Т- рүү дайрахдаа газар шалан дээр байсан сандал дээр тээглээд цээж болон нүүрээрээ уначихсан. Н- босож ирээд Т-г барьж аваад орон дээр дарж унагаад нүүр лүү нь 2-3 удаа цохихоор нь би босож очоод салгасан. ...Тэр үед Н- сандал дээр өөрөө унаад босоод ирэхэд уруул нь шалбарсан байсан. ...Т-, Н-ыг огт цохиж зодоогүй. ...” /хх 43/,
- 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Т- орон дээр хэвтэж байхад Н- нүүр лүү нь 1-2 удаа цохисон, тэгсэн Т- Н-ыг жийгээд байсан. ...Т- босож ирээд Н-ын нүүр лүү 1 удаа цохисон чинь шүд нь унаад, амнаас нь цус гараад байсан ба Н- сандал дээр унахдаа биеийнхээ цээж хэсгээр унасан. ...Н-ын биед учирсан гэмтлийг Т- учруулсан. ...” /хх 45/,
шүүхийн хэлэлцүүлэгт “...нэг харахад Нацагаа Тэгшээг дараад унасан байсан, би салгасан. ...Би Н-ын буруу гэж бодож байна. ...” гэх зэргээр тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх ба прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар үйлдлийн улмаас хохирогчид “...баруун 5-р хавирга зөрүүтэй, зүүн 4-р хавирга эгэмний зөрөөгүй хугарал” гэмтэл учирсан талаар дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан дээрх гэмтэл нь хэрхэн яаж, хэний, ямар үйлдлийн улмаас үүссэн эсэх нь эргэлзээтэй байна.
Яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Түүнчлэн, маргалдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасан шаардлагад нийцэхгүй байна.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяагийн “...И.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийхгүй орхиж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/1862 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч И.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН