Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Д.Цогжавхалан

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 1814000360048 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Таван цагаан” гэх газраас иргэн *******н эзэмшлийн малаас 10 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын штанд өгсөн

...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би ******* ахын малнаас 10 ямаа тасдаж туугаад гэртээ явган тууж аваачаад төхөөрөөд маргааш өдөр нь өөрийн найз ын машинд ачаад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Богд сумын төв дээр ******* гэдэг хүнд арьс нэхий, махыг нь бөөнд нь 500000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг... /хх-ийнн 36-38/

Хохирогч *******гийн мөрдөн байцаах шатанд өгсөн

... манайх Баянхонгор аймаг Богд сумын Цэлгэр 4- р багийн нутаг “Таван цагаан” гэх газар ганц гэрээрээ хонь, ямаагаа хариулж малладаг. Би эхнэр******* хамт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр айл саахалтын хүмүүс *******,******* нартай сумын төв ороод буцаад 12 дугаар сарын 08-ны шөнө гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь малаа бүртгээд үзтэл 10 тооны ямаа зүсээрээ байхгүй дутаад байсан болохоор нь тэр орчимдоо хайж сураглаад сураг огт гараагүй сумын цагдаад тэмдэглүүлсэн. Үүнээс 2 бүдүүн эр ямаа, 8 бүдүүн эм ямаа байсан, 2 эр ямаа нь ягаан, цагаан зүсмийн ямаанууд, 8 эм ямаа нь бор, цагаан зүсмийн ямаанууд байсан, бүх ямаанууд зөв талын чих үзүүрээсээ тайрсан хулгар эмтэй,мөн зүүн талын эвэр улаан ягаан будагтай ямаанууд байсан …гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... би аав *******,******* нартай хамт Богд сумын төвд арьс, нэхий, түүхий эд худалдан авдаг. Тэгээд тухайн үед би ганцаараа ажиллаж байхад орой аажуухандуу жижиг цагаан саарал өнгийн машинтай 2 залуу ирээд мах авч байгаа юу гэж ямааны мах өгье гэсэн, тэгээд 10 ямааны мах, 10 арьс өгсөн, бор голдуу 10 ширхэг ямааны арьс байсан, мах арьс нийлээд 500000 төгрөг орчим болсон байх... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оын 12 дугаар сарын 10-ны өдөр ******* манайд ирээд Богд сум руу малын мах аваачиж өгөх гэсэн юм, унаагаа өгөөч гэхэд нь би хүнд машинаа өгөхгүй гээд өгөөгүй. Тэгтэл маргааш нь дахин ирээд найз нь хурим найраа хийх гээд ажил амжихгүй байна, хэдэн ямааны мах борлуулмаар байна, чи амжихгүй бол машинаа өгөөч гэхэд нь би машинаа хүнд өгөхгүй, чи махаа манай гадаа аваад ир, би тэр хооронд малаа зохицуулж байя гэж хэлсэн. Тэгээд Ц мотоциклиороо ямааны мах арьсыг нь авч ирсэн. Бид хоёр Богд сум орж борлуулчихаад тэгээд удалгүй буцаад хамт явсан гэх мэдүулэг... /хх-ийн 20-22 /

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “ ... 10 тооны ямааг 800000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 25/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 28-35/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-7/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 39/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 74/, Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.03.06-ны өдрийн 34 тоот тодорхойлолт /хх-ийн 40/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 41/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Таван цагаан” гэх газраас иргэн *******н эзэмшлийн малаас 10 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч *******ын ... ******* ахын малнаас 10 ямаа тасдаж туугаад гэртээ явган тууж аваачаад төхөөрөөд маргааш нь Богд сумын төв дээр ******* гэдэг хүнд арьс нэхий, махыг нь зарсан... гэх мэдүүлэг... /хх-ийнн 36-38/

хохирогч *******н... 10 тооны ямаа алга болсон байсан, бүх ямаанууд зөв талын чих үзүүрээсээ тайрсан хулгар эмтэй,мөн зүүн талын эвэр улаан ягаан будагтай байсан …гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 /

гэрч *******ын ... орой аажуухандуу жижиг цагаан саарал өнгийн машинтай 2 залуу ирээд 10 ямааны мах, 10 арьс өгсөн, бор голдуу 10 ширхэг ямааны арьс байсан... гэх мэдүүлэг            /хх-ийн 16-17/

гэрч ын... Ц мотоциклиороо ямааны мах арьсыг нь авч ирсэн. Бид хоёр Богд сум орж борлуулчихаад тэгээд удалгүй буцаад хамт явсан... гэх мэдүулэг... /хх-ийн 20-22/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 25/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын малыг хулгайлах гэмт эхрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч ******* нь хэрэг бүртгэлийн шатанд шүүгдэгч *******аас 800000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирлыг төлж барагдуулсан ба нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор түүний эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ад хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******ад буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА