| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2202000560159 |
| Дугаар | 2025/ДШМ/1145 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1145
2025 09 25 2025/ДШМ/1145
Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Гантулга,
шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, М.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, шүүгдэгч Х.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б-,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлөөр суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;
2. М-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
3. Г-,
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
1. Э.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр ****** улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0.4524 грамм, цэвэр жин нь 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин нь 5.1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
2. Б.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим түүнээс 8.000.000 төгрөг авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
3. Х.Г- нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,
мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-, Х.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г-, М- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 3 (гурав) жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-, шүүгдэгч Б.М- нарыг 3 (гурав) жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 8 (найм) сар 12 (арван хоёр) хоногоор тогтоож, шүүгдэгч Э.Б-, Х.Г-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 292 (хоёр зуун ерэн хоёр) хоног, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 497 (дөрвөн зуун ерэн долоо) хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож, хасаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-ийн хүүхдүүд болох хүү Г.Б (РД:, 7 настай), Г.М (РД:, 7 настай) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ гэмт үйлдэл хэдий санаатай биш боловч надаар эцэслэн төгсөж, гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлж, улмаар бусдын буруутай үйлдлийг дэмжихгүй байх боломж надад байсан гэдгийг би даанч хожуу ойлгож, ухаарч байгаадаа маш их харамсаж байна. Хэдий би нас биед хүрсэн ч өдий болтол хүнээ зөв олж нөхөрлөөгүй гэдгээ маш сайн ойлгож байна. Би бага насны 2 ихэр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж хүн. Энэ жил хоёр хүү минь сургуулийн босго алхаж, 1 дүгээр ангид орж байгаа. Хоёр хүүгийн минь ирээдүйд сурч боловсрон, ямар хүн болж төлөвшиж, хэн болох зэрэг амьдралынх нь чухал мөчид ээж хүний хувьд хамт байж чадахгүй байгаа минь юу юунаас ч илүү харамсалтай байна. Мөн би 2024 онд элэгний хатуурал болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэж оношлогдон 1 дүгээр эмнэлгийн хяналтад байж одоог хүртэл эмийн эмчилгээ хийлгэдэг. Миний хоёр хүүгийн минь алс ирээдүй болон биеийн байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед гэртээ харих замд Б- ах залгаж “хаана явж байгаа юм, дүү Бөмбөгөр худалдааны төвийн гадаа хүрээд ирээч” гээд бид хоёр уулзсан. Б- ах АТМ-с 5.000.000 төгрөгийг бэлнээр авч өөрт байсан 3.000.000 төгрөгийг нэмж, надад 8.000.000 төгрөг өгөөд харих замдаа бид хоёрын танил болох Х-ын дансанд хийгээд өгөөч гэж гэсэн. Би Х-ын дансанд 8.000.000 төгрөг хийгээд Б- ахад хэлсэн. Би Б- ахтай Теди төвийн тэнд уулзаагүй. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө өөрийн оршин суух байрны гаднаас эрүүгийн цагдаа нарт баригдан байцаагдаж байх явцад Б-ын хэрэг 2022 оны 08 дугаар сарын дундуур миний хэрэгтэй нэгтгэгдэн шалгагдсан. Уг хэрэг нь мөрдөгчөөс прокурорт шилжих үед мөрдөгч, прокурор нар дуудаж уулзаад “чи Б-ын хэрэгт холбогдолгүй” гэж хэлсэн. Хэргийг 2 салгаж гарын үсэг зуруулан шүүх рүү шилжүүлсэн. Баянзүрхийн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар дахин татсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байсан боловч намайг олдохгүй байсан гэх шалтгаанаар надад тухайн 2025/ШЦТ/1800 гэх тогтоолыг танилцуулаагүй. 2022 оны 12 сард хорих 461 дүгээр ангиас 417 дугаар ангид 1 жилийн хорих ялаа эдлэж байх үед 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Мөнгөнморьт сумын мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг танилцсан. Би хорих ангидаа ажил хөдөлмөр эрхлэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шагналын 20 хоног авсан үедээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 461 дүгээр хорих анги руу дуудлагаар ирэн энэ өдрөөс эхлэн 271 хоног цагдан хоригдсон. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн цагдан хорионы хурлаар 417 дугаар хорих анги руу буцаж үлдсэн 8 сар 15 хоногийн ялыг биеэр эдлэж 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Энэ хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх ёстой байтал хоёр тогтоол болгон үйлдэж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Прокурор тухайн хэргийг салгаж хоёр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би энэ хугацаанд маш их гэмшиж дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж, улс эх орондоо хувь нэмрээ оруулж амьдрах хүсэлтэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны Эрүүгийн хуулиар урьд нь гэмт хэрэг үйлдсэнийг давтан гэж яллахгүй, ялтай байдал гэж байхгүй болсон. Хуулийн зорилт урьд нь үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэл авч, ялаа эдэлсэн байхад дахин урьд гэмт хэрэг үйлдсэн гэж яллах нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би гэм буруутай үйлдэл дээрээ анхнаасаа огт маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн саад учруулж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй. Би М-той уулзаж 8.000.000 төгрөг Х- луу шилжүүлээд өг гээд мөнгийг нь өгсөн. М- өөрт байсан мөс гэх бодис надад өгөөгүй. Харин Х-аас надад мөсний байршлын зураг ирсний дагуу би мөсийг авсан. М- дүүгээ ийм гэмт хэрэгт татан оролцуулсандаа харамсаж байна. Мөн шүүхээс Э.Энхриймаагийн өмчлөлийн “Mercedes Benz E200” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Би автомашиныг өөртөө мөс гэх бодис олж авахдаа унаж явсан. Тухайн бодисыг олж аваад машинаа “***” зочид буудлын зогсоолд байрлуулаад буудлын өрөөнд орж бодисоо хэрэглэж байгаад эрүүгийн цагдаа нарт баривчлагдсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Иймд надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч сая өөрөө гэм буруу дээрээ маргахгүй байгаа талаараа тайлбарлалаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Э.Б- нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцож, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү.
Э.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дуусгавар болсон. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, гэж мөн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн хүний өмчлөлд байгаа тохиолдолд хураан авахаар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаар ****** улсын дугаартай бенз загварын тээврийн хэрэгсэл Э.Энхриймаагийн өмчлөлд байдаг болох нь тогтоогдсон. Хуульд заасны дагуу Э.Энхриймаагийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийг хураан авч, Э.Б-аас гаргуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул зөвтгөж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.СайнГ- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад борлуулсан үйлдэл нь тогтоогдохгүй бөгөөд хэт нэг талыг барьж зөвхөн Э.Б-ын мэдүүлгээр ялласан, түүнийг ял эдэлж байхад хорих ангиас шилжүүлэн 461 дүгээр хорих ангид олон сар хорьж цагдан, эрүүдэн шүүх зэрэг байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хүний эрхийг илтэд хохироох замаар хүнд хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн гаргасан албан ёсны тайлбараас зөрүүтэй агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Юуны өмнө энэ шүүхээс аливаа гэмт хэргийг хэргийг шүүн таслахдаа тухайн гэмт хэргийн харилцаанд хамаарах хууль тогтоомжийн хүрээ, үйлчлэл, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, үр дагавар, эх сурвалжийг иж бүрэн судалж, зөрчигдсөн зүйл, заалт, хэм хэмжээг нэг бүрчлэн бодитойгоор, бүрэн тогтоох замаар хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх буюу тайлбарлах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ үндсэн дээр гэмт хэргийн шинжтэй эсэхийг зүйлчлэн тогтоож, гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх, дээрх хууль зүйн эх сурвалжийн жагсаалтыг гаргаж тодорхой болгуулахаар хэргийг прокурорт буцаасан боловч энэ тал дээр прокуророос дорвитой алхмыг хийгээгүйгээс гэм буруугийн асуудал маргаантай байсаар өдийг хүрсэн. Мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2024/ДШМ/800 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд үндэслэлгүйгээр буцаасан. Анх Хар тамхитай тэмцэх хэлтэс /22.01.23-ны өдрийн Г-002 тоот / “Нууц эх сурвалжаар илрүүлсэн” хэмээн анх хэрэг бүртгэлтийн №22020056 тоот дугаар авч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хугацаа сунгахдаа “Мөс гэх бодисыг иргэн Б нь хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж бусдад зарж борлуулж байна гэх нууц эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын санд бүртгэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажилласан. Сэжигтэй этгээдүүд болон түүний харилцагч нарын харилцах дансны хуулгыг прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авч нийт 4 иргэний дансны хуулганд дүн шинжилгээ хийж сэжигтэй этгээдийн нэр дээрх үл хөдлөхийн бүртгэлийг холбогдох газраас гаргуулан авах 16б/181, Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаа авахаар 16б/182 тус газрын албан бичгээр хүргүүлсэн, мөн гар утасны ярианы хуулгыг гаргуулан авч, данс эзэмшигч нартай харьцуулан дүн шинжилгээ явуулж байна. Цаашид дээрх хэрэгт авагдсан баримтуудад дүн шинжилгээ хийж, мөрдөн шалгах бусад ажил арга хэмжээг зохион явуулах шаардлагатай байх тул гээд хугацаа сунгах саналыг нийслэлийн прокурорт гаргасан байдаг /1хх 6/. Дахин хоёр удаа сунгуулахдаа мөн л дээрх ажиллагаануудыг хийнэ хэмээн хэрэг бүртгэлтийн 2, 3 дугаар хугацааг сунгасан байгаа. Энэхүү нууц мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө Б гэх хүн рүү чиглэсэн байгаа бөгөөд 1хх-11 хуудсанд авагдсан фейсбүүк чатан дээрээс тодорхой байгаа. Энэ холбогдох хэрэгт нууц ажиллагааны магадлагаа хэрэгт байхгүй. Гар утасны лавлагаанууд энэ хугацаанд авахдаа Т.Жамьянмядаг, Т.Даваахишиг нарын лавлагааг /2хх 23-30/ аваад байгаа болохоос бусад хэргийн оролцогч нарын мэдээллийг орхигдуулсан. Прокуророос ч гэсэн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгахдаа асуудлыг огт тусгаагүй учраас энэ мэт ажиллагааг зөвтгөх боломжгүй болохыг шүүхээс дүгнэж захирамжаар буцаасан байдаг. Мөн энэ талын ажиллагаа яагаад анхнаас нь хийгдээгүйг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Хэргийг бүхэлд нь авч үзэхэд прокурорын зүгээс Б.М- гэдэг хүнийг буруутай гэж харагдуулахад “аз болоход” өөрийнх нь данснаас 04 дүгээр сарын 29-ний өдөр цаг хугацааны хувьд нэг удаа бөөнд нь 7,950,000 төгрөг Х- луу шилжүүлсэн үйл явц бий болсон байх “сэжүүр олдлоо” хэмээн үзэж, мөнгө шилжүүлсэн асуудлыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б-ын өгч буй мэдүүлэгтэй хүчээр холбож, тэрхүү цаг хугацаанд мөс гэх зүйлийг Б-д худалдан борлуулсан байна” хэмээсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийхдээ шүүхээс 50 мянган төгрөг нэмээд 8 сая төгрөгөөр хууль бусаар худалдаалсан гэж дүгнэн ял халдааж байгаад гомдолтой байна. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруутайгаа нотлох ямар ч үүрэг яллагдагч, шүүгдэгчид байхгүй. Шүүх хэргийн нотлох ажиллагаа бүрэн хангагдсан гэж дүгнэхдээ анхан шатны шүүх яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд хэрхэн тооцож шийдвэрлэх, Э.Б-ын мөрдөн байцаалтад “яллагдагчаар өгсөн” мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж, бусад яллагдагч нарт ял оногдуулах боломжоор хангаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, түүнчлэн Монгол Улсын Олон Улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 /g/ хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө гэм буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон Олон Улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн “хүний эрхийн язгуур” зарчмыг зөрчсөн байна. Дэлхий дахины эрүүгийн процессын шинжлэх ухаанд “өөрийнх нь мэдүүлгээр яллагдагч , шүүгдэгчийг шүүн шийтгэж яллах явдлыг хамгийн ноцтой алдаа” гэж үздэг бөгөөд онолын хувьд “хориотой модны жимс түүх” гэж нэрлэдэг ба, энэ аргаар олж авсан нотлох баримтыг хууль зүйн хувьд хүчингүй хэмээн үздэг журамтай. Үүнийг ч манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан билээ. Эрүүгийн процессын эрх зүйн онолд “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн үзэл баримтлал нэгэнтээ хэвшиж тогтсон бөгөөд энэ зарчмын дагуу манай улсад “хэргийн бодит байдлыг ... эргэлзээгүй тогтооно” гэсэн хууль зүйн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тусгалаа олсон байдаг. Э.Б- нь “ Б.М-од бэлнээр АТМ-ээс 8 сая төгрөг авч өгсөн, ... АТМ-ээс 2,5 саяар хоёр хувааж өгөхдөө машинд байсан бэлэн 3 сая төгрөгийг нийлүүлээд 8 сая төгрөг өгсөн, утсаар ярьж уулзсан эсвэл Х.Г-тэй хамт явж байхад мэдээд надад зарсан, нүүрэлдүүлэн байцаах үедээ хэргээ удаашруулах гэж ийм мэдүүлгүүд өгсөн зэргээр дөрвөн өөр нөхцөл байдалтай мэдүүлэг өгдөг. Э.Б- нь дарамт, шахалт, өс хонзонгийн зүйл байхгүй” гэсэн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд дөрвөн өөр үнэн бодит байдал нэг үйлдэлд орших боломжгүй. Нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд бие биеийнхээ мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэд бие, биеэ гүтгэсэн буюу эсхүл хэн нэгэн нь үнэн гэсэн үйл баримтыг сэргээн тогтооход учир дутагдалтай, тэд хувийн таарамжгүй харьцаатай байсныг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй тул гэрч, яллагдагчийн мэдүүлгийг дан дангаар нь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй, харьцуулан үзэхэд аль нь ч энэ асуудлыг бүрэн нотолж, эсхүл үгүйсгэж чадахааргүй байна. Нотлох баримтын онол ёсоор “шууд ба шууд бус” нотлох баримтын ялгааны асуудлыг авч үзэхдээ эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг /үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл/ шууд нотолж байх, гэм бурууг эргэлзээгүйгээр буюу дамжмал бус байдлаар тогтоож байгаа мэдээллийг ойлгодог бөгөөд гагцхүү ийм л /шууд/ нотлох баримтаар гэмт хэргийг нотлохыг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг ч хууль тогтоогч хүлээн зөвшөөрсөн байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн зөвлөмжид “... яллагдагчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн явдалтай нь холбогдуулан байцаадаг тул түүний мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой, энэ мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох үндэс болно ... хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой” гэж заасан байдаг. Дээрх агуулгын хүрээнд авч үзэхэд “Э.Б-ын мэдүүлэг бүр тогтворгүй, эрс тэс өөр агуулгатай, хоёрдмол утга санааг агуулсан, яллагдагч нарын гэм бурууг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлсэн ээдрээ төвөгтэй ” зэрэг мөн чанартай аман мэдээлэл байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн Эрүүгийн процессын эрх зүйн суурь зарчим, болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасантай шууд харшилсан байна.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хууль ёсны дагуу яллагдагчаар татагдсан хүний хувьд, хэргийн үйлдэл, холбогдлыг хууль зүйн эх сурвалжид тулгуурлан, уг хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны нэн ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэрэг аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан байдаг. Баянгол дүүргийн анхан шатны шүүх 2024 онд хэргийг хоёр удаа буцаасны дараа дээрх үндэслэлүүдээр М-ын прокуророос яллаж ирүүлсэн зүйлчлэл нотлогдохгүй байгааг дурдаад зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байхад шүүхээс өмнөх шийдвэрүүдийг анхаарч үзээгүй Б.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүй, эрх зүйн алдаатай дүгнэлтийг хийж эрх зүйн байдлыг хүндрүүлсэнд гомдолтой байна. Шүүхээс хэргийн талаар хийж байгаа хууль, эрх зүйн дүгнэлт гэдэг бол хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн үйл баримтын хууль зүйн эх сурвалжтай харьцуулж, цогцоор нь шинжлэн судалсны үр дүнд гарч ирж байгаа оюун дүгнэлт байдаг бөгөөд энэ нь 1-рт, эрх зүйн эх сурвалж, нотлох баримт нэг бүрт үнэлэлт өгөх, 2-рт, бүх эрх зүйн эх сурвалж, нотлох баримтыг адил үнэлэх, 3-рт, нотлох баримт нэг бүрийг шалгаж хянах гэсэн ажиллагаануудаас бүрдэнэ. Шүүх зөвхөн хэрэгт цугларсан бодит нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, нягт нямбай, бодит байдлаар нь хянах, яллах ба өмгөөлөх талын тайлбарт дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, няцаах эсхүл батлах замаар мэтгэлцээний үндсэн дээр шүүн таслах ажиллагааг эрх тэгш зарчмын хүрээнд явуулах үүрэгтэй бөгөөд хэргийн нотлох баримтын нотолгооны мөн чанар, ач холбогдол, хамаарал ба болохуйц байдал, хууль ёсны шинжийг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн бодитой талын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэх чиг үүрэгтэй атал нотлох баримтыг үнэлэх, шалгах, ашиглах, хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах зэрэг ажиллагаа нь анхан шатны шүүх дээр хэрэгжих боломжгүй ноцтой алдааг залруулаагүй. Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн суурь зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон. Иймд Б.М- нарт холбогдох хэрэгт гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хангаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж, хорих ялыг зорчих ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г-ийг мансууруулах бодис худалдан борлуулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Э.Б-ын өгсөн мөнгийг өөртөө ашиг, орлого болгож аваагүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар тайлбар гаргаж оролцсон бөгөөд анхан шатны шүүх “өмгөөлөгч худалдан борлуулаагүй гэдэг дээр маргасан учраас түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй” гэж тайлбарласан. Өмгөөлөгч хууль зүйн үндэслэл, тайлбар гаргасны төлөө эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч элэгний хатуурал, чихрийн шижин өвчний улмаас эмчлүүлж байгаа, 7 настай хоёр ирэх хүүхэдтэй, өрх толгойлсон эх гэдгийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Э.Б-ыг урьд гэмт хэрэг үйлдэж, тэнссэн байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай. Миний үйлчлүүлэгчийг урьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээр ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн шинэчилсэн хуулиар ялтай байдал гэдгийг халсан. Энэ хүн тухайн гэмт хэрэгтээ урьд ял шийтгэл эдэлсэн учраас дахин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оногдуулсныг багасгаж 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор” гэж байгаа. Миний үйлчлүүлэгч бусдад төлөх төлбөргүй байхад дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэж, бусдад төлөх төлбөрийг гаргуулах үндэслэлээр 6.500.000 төгрөгийн машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө” гэж тайлбарласан. Миний үйлчлүүлэгч тухайн машинаар гэмт хэрэг үйлдэж, орлого олсон зүйл байдаггүй. Яллах дүгнэлтэд “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, *** зочид буудлын *** тоотод мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан” гэж байгаа. Миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүсээс авсан мансууруулах бодисоо *** зочид будалд хэрэглэж байсан. Дараа нь машинд үзлэг хийхэд мансууруулах бодис олдсон. Зочид буудал дотор мансууруулах бодис хэрэглэсэн болохоос машинд хэрэглэсэн зүйл байхгүй. Машиндаа үлдээсэн юм болгоныг гэмт хэргийн улмаас олж авч, ашигласан гэж үзэх нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.М-, өмгөөлөгч О.СайнГ- нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-ыг 8.000.000 төгрөгөөр н.Х- гэдэг хүнээс мансууруулах бодис авч, Э.Б- гэдэг хүнд худалдсан гэж буруутгасан. Б.М- нь Э.Б-д “н.Х-т мансууруулах бодис байна. Та түүнээс авчих” гэж хэлсэн бол н.Х-, Б.М- нар бүлэглэж, эсхүл хамжигчаар оролцсон болно. Анхан шатны шүүх хуралдаанд Э.Б- “н.Х- руу залгахад миний утсыг авахгүй байсан. Сүүлдээ байхгүй гээд байсан. Би Б.М-од чи Х-ийн найз юм чинь асуугаад өгчих” гэж хэлсэн. Ингэж асууж, мөнгө авч, н.Х-аас мансууруулах бодис авсан. Миний үйлчлүүлэгч Э.Б-тай хамжиж мансууруулах бодис олж авахад нь тусалсан уу гэдэг дээр анхаарч үзнэ үү. Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг яллагдагч, шүүгдэгчид хэрэглэж болохгүй. 2022 оны 04, 07 сарын хэрэг нэг мөрдөгч, прокурор дээр хянагдаж байсан. Э.Б-тай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйг өөрт нь гэмт хэргийн шинжгүй гэж ойлгуулан ялласан. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1 жилийн хорих ял шийтгүүлсэн. Дараа нь ял эдэлж байхад нь дуудаж авчран “Э.Б-д чи мансууруулах бодис зарсан” гэж буруутган 3 жилийн хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Энэ гэмт хэрэг бусад гэмт хэргээс нийгмийн аюулын шинж чанарын хувьд өндөр гэдгээрээ ялгаатай. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг урьд хоёр удаа хянан хэлэлцэж, нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж, шалгаагүй гэдэг үндэслэл зааж, прокурор ажиллагаа хийж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид ял шийтгэл эдэлсэн, ялтай байдлыг шинэ хуулиар хассан байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулж, ял оногдуулан хуулийг буруу хэрэглэсэн гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч нар урьд энэ төрлийн болон бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсныг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хүндрүүлж байгаа биш, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлж байгаа хэрэг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу машины үнийн дүнг гаргуулж шийдвэрлэсэн. Э.Б- нь тухайн тээврийн хэрэгслээр Б.М-, Х.Г- нартай очиж уулзан, мансууруулах бодис олж авч, машиндаа хадгалж байсан болох нь тогтоогдсон. Б.М- нь Э.Б-д холбогдох хэрэгт шалгагдаж байх үедээ мансууруулах бодис дахин хэрэглэж, ял шийтгүүлсэн. Ингэж ял шийтгүүлсний дараа Э.Б-д мансууруулах бодис худалдсан болох нь тогтоогдсон учир яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, шүүгдэгч Х.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн өдөр, ****** улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай 0.4524 грамм, цэвэр жин 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин 5.1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,
шүүгдэгч Б.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д 8,000,000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг,
шүүгдэгч Х.Г- нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийг
мөн өдөр, үргэлжилсэн үйлдлээр Э.Б-аас 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Д.Г-ын “...манай буудлын *** тоот өрөөнд байрлах эрэгтэй хүн 20 гаруй хонож байгаа. Эмэгтэйг нь өнөөдөр л анх удаа харж байна. Өмнө нь ирж байсан эсэхийг мэдэхгүй. ...3-4 хоноод өрөөгөө солиод байх шиг байдаг. ...” /1хх 185-186/,
гэрч Ш.З-гийн “...буудлын өрөөний ширээн дээр байсан мөс гэх бодис нь Б-ынх. Түүнийг Б- 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед буудлаас гараад 23 цагийн үед буцаж орж ирэх үедээ авчирсан. Бид хоёр хамт хэрэглээд юм яриад сууж байх үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирээд барьсан. ...” /1хх 188/,
гэрч А.Г-ын “...Б- ахыг цагдаад баригддаг өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би мөн гэрээсээ цагдаад баригдсан. Гэртээ шавар гэх мансууруулах бодис хадгалсан байсан учраас шалгагдаж байгаа. Б- ахын тухайд өмнө нь хүнээс худалдан авсан мөс гэх бодисыг хадгалж байгаад баригдсан байсан. Цагдаад баригдахаас нэлээд хэд хоногийн өмнө Б- ах намайг 19-ийн үйлчилгээний төвийн ардаас машинтайгаа ирж аваад бид хоёр замаараа Г-ээ гэх эмэгтэйг Мишээл экспо төвийн эсрэг талаас замын хажуугаас авсан. Б- ах Г-ээтэй мөс гэх бодисыг худалдан авах талаар болон олдох талаар асууж Г-ээ "олдоно, 10 дугаар хороолол руу явъя” гээд хамт явсан. Замаараа Барс захын эсрэг талаас Од гэх залууг авч 4-үүлээ 10 дугаар хороолол орж автобусны буудлын хойд талд зогсож Б- ах бэлэн мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Г-ээ машинаас буугаад удалгүй буцаж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг Б- ахад өгч тэндээсээ хөдлөөд нэг байрны хажууд очиж Г-ээ, Б- ах хоёр мөсөө хэрэглэсэн. ...Б- ах Г-ээгээс авсан мөсөө хэрэглэж үзээд дахиж авахаар болоод Андуудын автобусны буудлын замын урд очиж Г-ээ Б-гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс авчирч өгөөд Г-ээг Нарны гүүр даваад гэрлэн дохио өнгөрч буулгаад, би гэрийнхээ гадаа бууж үлдээд Б- ах явсан. Түүнээс хойш цагдаад баригдах хүртлээ уулзаагүй. ...” /1хх 190-191, 3хх 64/,
Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож уулзаад “мөс” олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч, хамт явж Бөмбөгөрийн АТМ-аас 8 сая төгрөгийг данснаас бэлнээр авч М-од өгсөн. М- мөнгө аваад салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. Хэнээс авсан талаар асуухад Турк-д байдаг Х- гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. Би саарал өнгийн жинг 45,000 төгрөгөөр худалдан авч явж байсан учраас М-оос мөс гэх бодисыг авахдаа жинлэж авсан, ууттайгаа 7 грамм орчим байсан. Би өөрөө хэрэглэсэн, үлдсэн нь өнөөдөр өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан. Машинаас илэрсэн олон жижиг уутны хамт хийсэн мөсийг би Гэрлээ буюу 60-н Г-ээ гэх хочтой эмэгтэйгээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй, мөн 1,6 сая төгрөгөөр 0,8 грамм хэмжээтэй 2 удаа худалдан авсан. ...Г- гэх таньдаг дүүгээ дагуулж 19 дүгээр хороололд байх гэрийнх нь хойд зам дээрээс, замаараа М-ыг авч 4-үүлээ 10 дугаар хорооллын автобусны замын хойд талын буудал дээр очиж Г-ээг буулгаад удалгүй Г-ээ буцаж ирээд мөс гэх бодисыг өгч байсан. ...Г-, М- нар мэдэж байгаа. ...” /1хх 239-241, 3хх 73-75/ гэсэн мэдүүлгүүд,
“...Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, өнгөгүй гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2550 дугаартай дүгнэлт /1хх 194-196/,
“...Шинжилгээнд ирүүлсэн “1" гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан “Лидокайн” гэх бичиглэлтэй тарианы шил мэт зүйл тус бүрээс метамфетамин илрэв. ...Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2551 дүгээр дүгнэлт /1хх 202-204/,
“...“Э.Б- НЭ80090571 2022.05.03" гэж хаягласан шээснээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2597 дугаартай дүгнэлт /1хх 210-211/,
“...Э.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй. ...” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 560 дугаартай дүгнэлт /1хх 222-224/,
Э.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад OBPT илэрсэн гэх тест ашигласан тухай тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 154-156/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 136-143/, “Mercedes-Benz Е200” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 144-149/, “Mercedes-Benz Е200” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /1хх 226-231/, Э.Б-, Б.Х-, Б.М- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх, 120/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б-ын “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Х.Г-, Б.М- нарын “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нар “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталж тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь үндэслэлгүй, ... хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Г- “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч О.СайнГ- нар “...хэргийн үйл баримттай зүйлчлэл тохироогүй, зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-, Х.Г- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, шүүгдэгчийн Х.Г-ийн хувьд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 2 жил болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хэдийгээр шүүгдэгч Э.Б- нь гэм буруу дээр маргаагүй боловч тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байсан ба энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан нь гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.
3. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Б-ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан Э.Энхриймаагийн эзэмшлийн “Mercedes-Benz Е200” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг авахаар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Б- нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор уршгийн хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, мөн нуувч байдлаар зориудаар тухайн тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд Э.Энхриймаагийн эзэмшлийн “Mercedes-Benz Е200” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч Э.Б-аас гаргуулахаар заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.
4. Шүүгдэгч Б.М- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж /4хх 44-52/, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. /5хх 115/
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нууц далд аргаар, илрүүлэх боломжгүй нөхцөл байдлаар үйлдэгддэг ба тогтооход хүндрэлтэй, удаан хугацааны турш гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагаагаар шалгагддаг бөгөөд тэрээр энэ гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өөр гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж, тухайн ялаа эдэлж дууссан тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргүүдийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхгүй болно.
Түүнчлэн анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Б.М- өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар /4хх 44-52/ шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд уг хугацаа дууссан. ...” талаар хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:
- Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож уулзаад мөс гэх бодис олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч 8 сая төгрөг авч М-од өгсөн. М- мөнгө аваад салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг авчирч өгсөн. Хэнээс авсан талаар нь асуухад Турк-д байдаг Х- гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. ...” /1хх 239-241/,
- гэрч Ш.З-гийн “...21 цагийн үед Б- хүнтэй утсаар яриад “найз нь гарч хүнтэй уулзчихаад буцаад ирье” гэхээр нь “хамт гаръя" гэхэд “удахгүй ороод ирнэ, түр зуур хүлээж байгаач” гэсэн тул өрөөнд нь ганцаараа үлдсэн. 2 цаг гаран болоод буцаж ирснийхээ дараа жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд, хамт хэрэглэсэн. ...” /1хх 188/ гэх мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтаар Э.Б- нь Б.М-оос “мөс” гэх бодис олдох талаар асууж, тухайн өдрийнхөө орой Э.Б-тай хамт явж түүнээс 8,000,000 төгрөг авч, 7 грамм “мөс” гэх бодисыг Э.Б-д өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч, гэрч нарын хоорондоо уялдаатай үйл баримтыг зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэх боломжтой бөгөөд Э.Б-ын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогджээ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон Б.М-ын Э.Б-д хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэх үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй шүүгдэгчийн үйлдлийг “хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй болно.
Тухайлбал, Б.М-од 8 сая төгрөгийг өгсний дараа С.Б- нь сэтгэцэд нөлөөт бодисыг түүнээс авсан байх бөгөөд энэ нь тодорхой үнэ өртгөөр дээрх эд зүйлийг худалдах болон худалдан авч буй явдал мөн тул төлбөрийг хүлээн авсан шүүгдэгчийн үйлдлийг уг гэмт хэргийн “худалдсан” шинжид хамааруулан үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Иймд шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталж тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь үндэслэлгүй. ...”, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, шүүгдэгч Х.Г- нарын гаргасан гомдлын “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Б.М-, Х.Г-, Э.Б- нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон байгааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ийг 3 (гурав) жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг 3 (гурав) жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.М-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Х.Г-, Э.Б- нарын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН