Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01743

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01743

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Халиуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01499 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Халиуны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэжаргалд холбогдох,

 

2015 оны 11 сарын 24-ний өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 05 сарын 06-ны өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Б.Эрдэнэжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Халиуны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Т.Халиун нь Энх-Өглөө ХХК-ийн үүсгэн байгуулагч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирлын албан тушаал эрхэлдэг. 2015 оны 11 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэжаргалаас 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээл авахдаа барьцаанд Энх-Өглөө ХХК-ийн өөрийн эзэмшлийн 20 хувийг барьцаалсан. Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу надад шилжүүлчих, зээл төлж дууссаны дараа эргүүлээд өгнө гэж хэлсэн. Үндсэн зээлд 150 000 000 төгрөг, зээлийн хүүд 36 000 000 төгрөг, нийт 186 000 000 төгрөг төлснөөр 2016 оны 03 сарын 15-ны өдөр үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулсан. Үүрэг дуусгавар болсон учир Б.Эрдэнэжаргалаас компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардсан боловч бусад зээлийн асуудалд хамаатуулан одоо болтол эргүүлэн өгөхгүй байна. 2015 оны 11 сарын 24-ний өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ нь миний бие Б.Эрдэнэжаргалд хувьцаагаа худалдахын тулд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл биш бөгөөд зээлийн барьцаанд тавих зорилгоор түүнд шилжүүлсэн юм. Мөн 2016 оны 05 сарын 06-ны өдөр Б.Эрдэнэжаргалаас 300 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү зээлээс 200 000 000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр эргүүлэн төлсөн. Зээлийн гэрээний барьцаа болгон Энх-Өглөө ХХК-ийн дүрмийн сан дахь хувьцаанаас 31 хувийг барьцаалуулахаар тохирсон. Барьцааны гэрээ байгуулах үед Б.Эрдэнэжаргал нь мөн адил худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлчих, би эргүүлээд өгнө гэсний дагуу шилжүүлснээр Б.Эрдэнэжаргал нь манай компанийн дүрмийн сан дахь хувьцаанаас 51 хувийг эзэмших болсон. Дээрх 2 удаагийн үйлдлээр хийсэн худалдах, худалдан авах гэрээнүүд нь барьцаалуулахаар тохирсон хүсэл зоригийн илэрхийллийг зөрчиж үнэн санаанаасаа бус, зөвхөн хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн үйлдлүүд юм. Иймд тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэжаргалын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Халиун нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд Энх-Өглөө ХХК-ийн хувьцааны 20 хувийг, 2016 оны 05 сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд Энх-Өглөө ХХК-ийн хувьцаанаас 31 хувийг барьцаалахдаа хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Тухайн зээлийн болон барьцааны гэрээ, хувьцаа худалдах, худалдах авах гэрээнүүдийг Т.Халиун өөрийн хүсэл зоригийн дагуу харилцлан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. Би хэдийгээр Энх-Өглөө ХХК-ийн хувьцааны 51 хувийг барьцаалан эзэмшиж байгаа хэдий ч тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Т.Халиун болон түүний нөхөр Б.Баттогтох нар нь Энх-Өглөө ХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулагдсан 2014 оны 04 сарын 04-ний өдрийн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/6 кв дэд станц ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж буй тендерийн ажлыг хийж гүйцэтгэж дуусгахад мөнгө хэрэгтэй байна, санхүүжилт орж ирэнгүүт чиний мөнгийг баталгаатай төлнө гэж итгүүлэн надаас нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авч байсан ба одоо зээлийн үлдэгдэл 1 489 711 665 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөх ёстой. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлууд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэжаргал, Т.Халиун нарын хооронд 2015 оны 11 сарын 24-ний өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 05 сарын 06-ны өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Энх-Өглөө ХХК-ийн 51 /20+31/ хувийн хувьцаа эзэмших эрхийг Б.Эрдэнэжаргалаас буцаан шилжүүлж, нэхэмжлэгч Т.Халиуны нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Эрдэнэжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 281 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Халиунд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэжаргалын давж заалдах гомдолд: Т.Халиун нь 2015 оны 11 сарын 24-ний өдөр 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд Энх-Өглөө ХХК-ийн хувьцааны 20 хувийг, 2016 оны 05 сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж зээлийн барьцаанд Энх-Өглөө ХХК-ийн хувьцаанаас 31 хувийг барьцаалахдаа хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Дээрх гэрээг Т.Халиун нь өөрийн хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр надаас мөнгө зээлэхийн тулд байгуулсан. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хуульд зээлийн гэрээний үүрэгт хувьцаа барьцаалахад нарийвчилсан зохицуулалт байхгүй тул уг хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг баримтлан хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр тухайн асуудлыг зохицуулсан. Т.Халиун, Б.Баттогтох нар нийт 8 удаагийн зээлийн гэрээ байгуулж, одоо 1 489 711 665 төгрөг төлөх үүрэгтэй. Хувьцааг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж шилжүүлэх саналыг Т.Халиун гаргасан бөгөөд Энх-Өглөө ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй. Т.Халиун зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Иймд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу биелүүлсэн гэж үзэх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.Халиун нь хариуцагч Б.Эрдэнэжаргалд холбогдуулан 2015 оны 11 сарын 24-ний өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 20 хувийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 05 сарын 06-ны өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 31 хувийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 31 хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

 

Хариуцагч Б.Эрдэнэжаргал 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Т.Халиун, иргэн Б.Баттогтох нарт 150 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай эхний хоёр сард 10 хувийн, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сард 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэхэмжлэгч Т.Халиун үүргийн гүйцэтгэлд өөрийн үүсгэн байгуулсан Энх-Өглөө ХХК-ийн 20 ширхэг хувьцааг болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрхийг Б.Эрдэнэжаргалд шилжүүлэхээр,

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлд Энх-Өглөө ХХК-ийн 31 хувийн хувьцааг болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 20 хувийн эрхийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх болон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх 5-12/

 

Нэхэмжлэгч 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 186 000 000 төгрөг, 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200 000 000 төгрөг төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, Хас банк ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 8, 13/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2015 оны 11 дүгээр сарын 24, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Энх-Өглөө ХХК-ийн 51 /20+31/ хувийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 51 /20+31/ хувийн эрх шилжүүлэх тухай гэрээг Б.Эрдэнэжаргалд хувьцаагаа худалдахын тулд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл биш бөгөөд тэрээр хувьцааг миний нэр дээр шилжүүлчих, зээлийн төлбөр төлөгдсөний дараа буцаан шилжүүлнэ гэсэн тул шилжүүлсэн гэж, хариуцагч нь татгалзлаа ...хувьцааг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, би компанийн 51 хувийн хувьцааг эзэмшиж байгаа боловч компанийн үйл ажиллагаанд оролцож байгааагүй гэж тус тус тайлбарлажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 403 дугаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 971 дугаар магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 300 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Т.Халиунаас үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 71 166 666 төгрөг, нийт 171 166 666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх 20, 26/

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь Энх-Өглөө ХХК-ийн хувьцааг худалдах хүсэл зоригийн хүрээнд компанийн 51 хувийн хувьцааг хариуцагчид шилжүүлээгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцааг эзэмших зорилгоор шилжүүлэн аваагүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01499 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ