Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Хохирогч *******,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 1814000630042 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой. цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,******* овогт*******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 21 дүгээр гудамжны 2 тоот хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч авдранд байсан бэлэн мөнгө болох 640,000 төгрөгийг хулгайлан бусдад бага хэмжээний буюу 640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би Завхан аймгийн Тэс сумаас ирж Баянхонгор аймгийн Политехник коллежид суралцаж байгаа. Өнгөрдөг жил ******* эгчийнхээр очдог байсан, сүүлийн 3 сар ******* эгчийнд байсан. Тэр орой ******* ах нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. Дахиж намайг 2 пивонд явуулсан. Тэрийг нь хувааж уучихаад би ******* эгчийнд орсон. Өмнө нь би авдартаа мөнгө хийж байхыг нь харсан, ороход авдар нь онгорхой байсан. Би дахиж архи уумаар санагдаад авдраас мөнгийг нь авсан. ******* эгч явахдаа гэр харж байгаарай гэж хэлсэн учраас би орсон. Зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин гэрээс авдарт байсан 640000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би айл руу явлаа гэж гарахдаа хашаанд дотор *******гийн хадам ээж *******ын гэр нь цоожтой байхаар нь цоожийг тавыг татаж байгаад гэрийг онгойлгож гэрт орсон чинь авдар нь цоожгүй байсан.  Авдарыг нь онгойлгож авдар дотроос боодолтой мөнгө байхаар нь авч гараад гэрийн цоожны тавыг буцааж түлхэж хаалгыг түгжсэн. Тэгээд би гараад тээврийн товчоон дээр хоол идэх гээд явж байтал миний таньдаг  *******тай таараад тээврийн товчоон дээр хоол идчихээд байж байхад  *******ын найзууд New star зочид буудалд байгаа гэхээр нь *******ын хамт очоод хулгай хийсэн мөнгөнөөс 45000 төгрөгөөр буудлын өрөө авч өрөөнд унтах болоод унтахаас өмнө мөнгө үзтэл 380000 төгрөг байхаар нь 300000 төгрөгийг нэг халаасандаа хийгээд нөгөө халаасан дотроо 80000 төгрөгийг хийгээд унтсан. Намайг гэрт ороод авдарыг онгойлж үзэхэд боодолтой мөнгө байсан бөгөөд би яг тоолж үзээгүй багцаагаар 600000 төгрөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр би Даминхорлоо ахтай гэрт ороод байж байх үед ******* эгч мөнгө тоолоод авдар дотроо хийж байхыг би харсан уг авдар дотор мөнгө байсныг мэдэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 /

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би тухайн өдөр 16 цаг өнгөрөөгөөд ажилдаа гарсан. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд ирэх болчихсон байсан учраас *******, Б хоёрыг гэр сайн харж байгаарай гэж хэлчихээд гарсан. Тухайн өдрөө жижүүртэй хоночихоод маргааш нь 12 цагийн үед гэртээ ирчихээд хүргэнийдээ ороод унтаад өгсөн. Орой 17 цаг өнгөрөөж босоод гэртээ орж, авдарнаасаа дээл авч өмсөх гэхэд мөнгө алга болсон байсан. Хүргэндээ хэлэхэд ямар ч байсан цагдаа дуудъя, би л аваагүй шүү гэсэн. Удалгүй цагдаа ирж мэдүүлэг авсан. Бийн хувьд манайхаар байнга орж гардаг, цэцэрлэг сургуулийн хүүхдүүд зөөж, манай хүргэнтэй таксинд явдаг. мөн манай хөргөгчинд махаа хийчихсэн, байнга орж гардаг  юм. Би гэрээсээ гарахдаа, гэр сайн харж байгаарай гэж хэлээд онгорхой орхиод явсан учраас зөвшөөрөлтэй орсон. Цагдаад мэдүүлэг өгөхдөө цоожлоод явсан гэж мэдүүлэг өгсөн боловч тухайн үед манай хүүхэд цоожоо гэр дээр тавьчихаад хаалгаа түгжээгүй явсан байсан гэж надад хэлсэн. Би гэрээ цоожлоод явсан талаар санахгүй байгаа, тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө андуураад цоожлоод явчихсан гэж хэлчихсэн байна лээ. Би*******ийг мөнгө авсан гэдэгт одоо болтол итгэдэггүй,  өөрөө авсан гэж хэлсэн гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  16 цаг 10 миунтанд гэрээсээ ажилдаа явах гээд гарсан, гарахдаа авдарт байсан 660000 төгрөгнөөс 20000 төгрөг аваад үлдсэнийг нь авдрандаа буцааж хийгээд гэрээ цоожилоод гарсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед ажлаасаа ирээд гэртээ оролгүй хүргэнийдээ унтаж байгаад орой 20 цагийн орчим гэртээ орж дээл авч өмсөх гээд авдраа үзтэл дотор нь байсан 640000 төгрөг алга болсон байсан. Намайг ороход бүх зүйл зүгээр байсан. Гэрийн хаалганы цоож болон авдар зүгээр байсан. Гэрийн хаалганы тав нь хажуу тийшээ түлхээд онгойдог байсан.  Би Хаан банкнаас цалингийн зээл авсан мөнгө байсан. Нийт 2700000 төгрөг аваад тэрнээсээ малчины зээл төлөөд нийтдээ 660000 төгрөг үлдсэн байсан. Манайд хэрэг гарах үеэс өмнө *******гийн хамт******* нь манайд орж ирж байсан. Би тухайн үед бэлэн мөнгө авдар дотор хийж байхад******* манай гэрт байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 /

Гэрч   *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...201 тоотод Банзрагч гэсэн нэрээр бүртгүүлээд 5-6 залуучууд орсон...Яг хэн өгсөн талаар мэдэхгүй******* гэх залуу өгсөн гээд байсан сайн санахгүй байна...Ж.Б гэж танихгүй гэхдээ тэр хүн нь 201 тоот өрөөг аваад 5-6 залуутай орсон наад залуучууд 206, 207-р өрөөг авсан хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  25 /,

Гэрч    М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... New star ороод******* 45 000 төгрөгөөр лукс өрөө, мөн нэг ундаа авсан. Хүлэгээгийн найзууд нэг том пиво нэг ерөөл авсан байсан тэгээд тэрнээс уучихаад хамт*******ийн авсан өрөөнд ороод 03 цагийн орчим унтсан. Өглөө унтаж байгаад буудлаасаа гараад гэрлүүгээ явцгаасан. Мөнгөтэй байсан шөнө эгчээсээ 500000 төгрөг зээлсэн гэж байсан. Шөнө унтахдаа 300000 төгрөг байна гээд өөрөө тоолчихоод буцааж халаасандаа хийгээд унтсан…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...манайх 5-21-2 тоотод байдаг бөгөөд манай хадам ээжийнх манай хашаанд байдаг. Гэтэл авдарнаас нь 600000 төгрөг алга болсон байна гэхээр нь би дуудлага өгсөн. Манай хадам ээж манай эхнэр, би мэднэ, мөн манайд байсан******* мэднэ өөр хүн мэдэхгүй, харин******* шөнө манай гэрээс гараад найзтайгаа уулзана гээд гараад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг уяралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-17/, шүүгдэгч*******ийн  хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн 53/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа / хх-ийн 54/, Завхан аймгийн Тэс сумын Нисэг  багийн Засаг даргын 2018.02.13-ны өдрийн 57 тоот тодорхойлолт /хх-ийн 56-57/, шүүгдэгч*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгчийн үйлдлийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх биш харин бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 21 дүгээр гудамжны 2 тоот хашаанд оршин суух иргэн  *******ын эзэмшлийн  гэрээс  авдранд байсан бэлэн мөнгө  640000 төгрөгийг хулгайлагдаж, иргэн *******д  640000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт... тэр орой ******* ах нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан, дахиж намайг 2 пивонд явуулсан. Тэрийг нь хувааж уучихаад би ******* эгчийнд ороход авдар нь онгорхой байсан. Би дахиж архи уумаар санагдаад авдраас мөнгийг нь авсан , ******* эгч явахдаа гэр харж байгаарай гэж хэлсэн учраас би орсон, зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.... гэх мэдүүлэг

Хохирогч *******ын....Би гэрээсээ гарахдаа, гэр сайн харж байгаарай гэж хэлээд онгорхой орхиод явсан учраас зөвшөөрөлтэй орсон. Цагдаад мэдүүлэг өгөхдөө цоожлоод явсан гэж мэдүүлэг өгсөн боловч тухайн үед манай хүүхэд цоожоо гэр дээр тавьчихаад хаалгаа түгжээгүй явсан байсан гэж надад хэлсэн. Би гэрээ цоожлоод явсан талаар санахгүй байгаа, тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө андуураад цоожлоод явчихсан гэж хэлчихсэн байна ... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч******* нь иргэн *******ын гэрээс 640000 төгрөг хулгайлсан гэх үйлдэл нь тухайн хаалгын түгжээг эвдэх, зөвшөөрөлгүй орох зэрэг үйлдлийг гаргаагүйгээс түүнийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй бөгөөд харин хохирогчийг зөвшөөрлийн дагуу гэрт хууль ёсоор орон байранд нь нэвтэрч орсон боловч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдэлд тооцно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу  хэрэгт  дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч*******ийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч*******ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,    хуулинд заасан хариуцлага оногдуулав. 

Шүүгдэгч******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч*******ид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн , гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан ба хохирогч ******* шүүхийн хэлэцүүлэгт  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч*******ийн эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч*******ид буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1, 3.5  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага    

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч******* овогт*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 640000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******  овогт*******ийг хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д  зааснаар шүүгдэгч******* нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй,  бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т  зааснаар шүүгдэгч*******ийн эзэмшлийн “...нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч *******ид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч*******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА