Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/46

 

 

  

 

 

 

 

    2025          09            08                                          2025/ДШМ/46

 

 

    Б.Б, Д.С, Н.Т, О.Б,

    Г.З, Б.Б, Г.Б, Б.Н,

   С.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа,  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: О.Хулан /цахимаар/,

шүүгдэгч Б.Б /цахимаар/, Д.С, Н.Т,

шүүгдэгч Б.Б.өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Д.С, О.Б нарын өмгөөлөгч Э.Тулгаа,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ц.Ариунзул, Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦШТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Б.Б.н өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Д.С, О.Б нарын өмгөөлөгч Э.Тулгаа нарын ирүүлсэн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б., Д.С., Н.Т., О.Б., Г.З., Б.Б., Г.Б., Б.Н, С.О. нарт холбогдох 2020001040066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

..................

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Шүүгдэгч Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт үүрэг гүйцэтгэж байх үедээ, үргэлжилсэн үйлдлээр хяналт шалгалт хийлгэхээр мэдүүлсэн ачаа, бараагаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачаа, барааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах ашиг сонирхлын баталгаажуулж өгсөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Б, Б.Б, С.О, Г.Б, Г.З, Б.Ннараас нийт 37 удаагийн үйлдлээр өөрийн Хаан банк.... дугаарын дансаар 4,662,000 төгрөгийн хахууль авсан,

2.2.шүүгдэгч Д.С нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтын Хилийн цогцолборт үүрэг гүйцэтгэж байх үедээ үргэлжилсэн үйлдлээр хилээр нэвтрүүлсэн ачааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслээс буулгахгүйгээр хурдан шалгуулах ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгсэлд ачигдсан ачааг буулгахгүйгээр шалгаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өгөгч Г.З., Б.Б., Г.Б. нараас өөрийн Хаан банкны ........дугаарын дансаар нийт 9 удаагийн үйлдлээр 1,350,000 төгрөгийн хахууль авсан,

2.3.шүүгдэгч Н.Т. нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ Дорноговь аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт хахууль өгөгч Б.Н. хилээр нэвтрүүлсэн ачаа, бараанаас шинжилгээ хийлгүүлэхээр авсан үзмийн дээжид шинжилгээ хийх хугацааг хурдасгах, шинжилгээний үр дүнг гайгүй гаргуулах ашиг сонирхлын үүднээс шинжилгээний дээжийг тээвэрлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүргэж өгөх, шинжилгээ хийлгүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Н.с 500,000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан,

2.4.шүүгдэгч О.Б. нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтын Хилийн цогцолборт үүрэг гүйцэтгэж байх үедээ үргэлжилсэн үйлдлээр хилээр нэвтрүүлсэн ачаа, барааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тээврийн хэрэгслээс буулгахгүйгээр хурдан шуурхай шалгуулах ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгсэлд ачигдсан ачааг буулгахгүйгээр шалгаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч Г.З., мөн хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах ашиг сонирхлын үүднээс тээврийн хэрэгсэлд ачигдсан ачаа, барааг шалгаж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Б. нараас нийт 2 удаагийн үйлдлээр 150,000 төгрөгийг өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар хахууль авсан,

2.5.шүүгдэгч Б.Б. нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомтоор оруулж ирсэн ачаа, барааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг баталгаажуулж авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Б., Д.С, О.Б нарт тус тус албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 16 удаагийн үйлдлээр 2,200,000 төгрөгийн хахууль өгсөн,

2.6.шүүгдэгч С.О нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомтоор оруулж ирсэн ачаа, барааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачаа, барааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг баталгаажуулж авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Б. албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 5 удаагийн үйлдлээр 572,000 төгрөгийн хахууль өгсөн, 

2.7.шүүгдэгч Г.Б. нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомтоор оруулж ирсэн ачаа, барааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачаа, барааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг баталгаажуулж авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Б.д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 690,000 төгрөгийн,

2.8.шүүгдэгч Б.Н. нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомтоор оруулж ирсэн ачаа, барааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг баталгаажуулж авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Б., Н.Т.. нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 2 удаагийн үйлдлээр 600,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

2.9.Шүүгдэгч Г.З. нь үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын боомтоор оруулж ирсэн ачаа, барааг мэргэжлийн заналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалтын явцад ачаан барааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх баримтыг баталгаажуулж авах ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Б., Д.С., О.Б. нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 17 удаагийн үйлдлээр 2,300,000  төгрөгийн хахууль өгсөн,

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Б.Б., Д.С., Н.Т., О.Б., Г.З., Б.Б., Г.Б., Б.Н, С.О. нарт нарт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б.н 700,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б.с, 290,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.Б.с, 250,000 төгрөгийг хахуулыг шүүгдэгч Г.З.с, 350,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч С.О.с,

шүүгдэгч С.н 500,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.З.эс,  200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б.с авсан гэх, 200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Г.Б.с авсан гэх,

шүүгдэгч О.Б.н 50,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б.с авсан гэх,

шүүгдэгч Б.Б.н 200.000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.С.т өгсөн гэх,

шүүгдэгч С.О.н 350,000  төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б.өгсөн гэх үйлдэл холбогдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.Б.н 290,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Б.Б., 200,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.С.т,

шүүгдэгч Г.З.н 250,000 төгрөгийг хахуулыг шүүгдэгч Б.Б., 500,000 төгрөгийн хахуулыг шүүгдэгч Д.С.т өгсөн гэх үйлдэл холбогдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч О.Б.т Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум Дундын прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчилж,

шүүгдэгч . Б.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуулыг авсан,

шүүгдэгч Н.Т, О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуулыг авсан,

шүүгдэгч Б.Б, Г.З, С.О, Г.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 16,000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Д.С.г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т.г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 9,000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч О.Б.г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.З, С.О, Г.Б, Б.Н нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б., Д.С., Н.Т., О.Б., Г.З., Б.Б., Г.Б., Б.Н, С.О.  нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.с 3,072,000 төгрөгийг, шүүгдэгч О.Б.с 100,000 төгрөгийг, шүүгдэгч Д.С.с 450,000 төгрөгийг, Н.Т.с 500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг шүүхийн гэм буруугийн шатанд төлснийг, бусад шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б., Д.С., Н.Т., О.Б., Г.З., Б.Б., Г.Б., Б.Н, С.О. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б.г шүүгдэгч Б.Б. уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Б.Б.н өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн цаг хугацаанд хилийн цогцолборт мэргэжлийн хяналтын байцаагчаар ажиллаж байх үедээ хилийн цогцолбор дээр байгаа хүмүүс болон хамт ажилладаг хүмүүс бусад этгээдүүдэд ахуйн бараа бэлэн хувцас, кофе зэрэг зүйлсийг хувиараа худалдан борлуулдаг үйл ажиллагааг давхар явуулж байсан болох нь тогтоогддог. Эдгээр баримтууд нэр бүхий этгээдүүдийн мэдүүлэг болоод түүнд каргогоор төлсөн дүн болоод гэр бүлийн хамааралтай этгээдүүдээс нь каргогоор Солонгос улсаас Бүгд найрамдах Хятад ард улсаас ачаа бараа илгээж байсан гэдэг хүмүүсийн мэдүүлэг, шүүгдэгчээр оролцож байсан этгээдүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдоно. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан татварын улсын байцаагч нар тухайн цаг хугацааны буюу Б.Б буруутгах тухай 2018-2021 оны хоорондох Б.Б.н хувь хүний орлогын албан татвар төлөлт ногдуулалтад хяналт шалгалт хийгээд уг актаар Б.Э.г Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хувь хүмүүст кофе, бэлэн хувцас, бараа зэрэг зүйлсийг худалдан борлуулж байсан байна гээд уг хугацааны дансаар орсон гүйлгээнд нь нөхөн ногдуулалтын акт тавьсан. Ингээд нийтдээ 12,000,000 гаруй төгрөгийн хөрөнгийн орлогын албан татвар ноогдох орлого болж гэдэг дээр хяналт шалгалтаар тогтоогоод нөхөн ногдуулалтын алдаа зөрчигдчихсөн. ...Монгол улсын шадар сайдын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолд хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах барааны их эрсдэлтэй импортын барааны жагсаалт дунд эрсдэлтэй импортын барааны жагсаалт бага эрсдэлтэй барааны жагсаалтуудыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Монгол улсын засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тогтоол, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалт хийх журамд Засгийн газрын 233 дугаар тогтоолоор импортын барааны эрсдэл болгоныг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг баталчихсан. Хилийн хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалт яаж явж байсан үүнийг шүүх хуралдаанаар маш тодорхой тогтоосон. Өөрөөр хэлбэл бага эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний хувьд ерөөсөө улсын байцаагч харж биечлэн ачаа барааг буулгаж, машин тэргийг тойрч хяналт шалгалт хийх ямар ч шаардлагагүй. Хяналт шалгалтын давхардлыг арилгах үүднээс зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагч нь бичиг баримтын хяналт шалгалтыг хийгээд бараа бүтээгдэхүүнийг хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаас чөлөөлөх эрхийн мэдэгдэл гэдгийг бичиж өгч байсан үйл баримт хангалттай тогтоогддог. “...гэм хэргийн субьектив шинж буюу гэмт хэргийн шинж буюу гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруу дараах байдлаар үгүйсгэгдсэн гэж үзэж байна. Шүүхээс Б.Б. нийт 22 удаагийн гүйлгээгээр авсан 3,072,000 төгрөгийн орлого нь Б.Б.н хувь хүний орлогын татвар ногдох орлогод хамаарах, орлого мөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б.н хувьд тухайн цаг хугацаанд албан ажлын хажуугаар хувиараа өөрийн гэр бүлийн гишүүдийн гадаадаас явуулсан ахуйн бараа, бэлэн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, тураах кофе зэрэг зүйлсийг худалдаалдаг байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, каргоны үйлчилгээ эрхэлдэг, аж ахуйн нэгжүүлээс ирүүлсэн баримт, яллагдагч нарын мэдүүлэг, Б.Б.н 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал хяналт шалгалт хийгээд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Э.Г., А.Н. нарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн НА-35210000113 тоот уг хугацаанд олсон орлогоос 1,086,098 төгрөгийн нөхөн татвар, 325,829 төгрөгийн торгууль, 190,141 төгрөгийн алданги, нийт 1,602,069 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн ногдуулалтын акт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Тухайн цаг үед хилийн мэргэжилтний шалгалт хийх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны шалгуур үзүүлэлт батлах тухай “ 233 дугаар тогтоол, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “шалгуур үзүүлэлт батлах тухай” 60 дугаар тогтоол, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан заавар үйлчилж байсан бөгөөд энэхүү зохицуулалтаар дээрх иргэдийн улсын хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүн нь бага эрсдэлтэй ангилалд хамаарах бараа бүтээгдэхүүн байсан бөгөөд биет хяналт шалгалт хийх шаардлагагүй, зөвхөн баримт бичгийн хяналт шалгалтаар хяналт шалгалтаас чөлөөлөгддөг бараа бүтээгдэхүүн байсан болох нь тогтоогддог. Энэ тохиолдолд биет хяналт шалгалтад хамаарахгүй, хяналт шалгалтаас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүний хувьд хахууль өгсөн гэх мэдүүлэг “...хяналт шалгалт хийлгэхээр мэдүүлсэн ачаа, бараагаа мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шуурхай шалгуулах, хяналт шалгалт явцад ачааг буулгахгүй байх, хилээр нэвтрүүлсэн ачаа, барааг тухайн өдөрт нь багтаан хилийн цогцолбороос гаргах...” ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, хахууль авсан гэх этгээдүүдэд дээрх ашиг сонирхлыг гүйцэлдүүлж давуу байдал бий болгох, бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамааруулахгүй байх шаардлага бодитой байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд харин эдгээр хүмүүст Б.Б. бараа зарж байсан, эдгээр хүмүүс нь Б..Б.с бараа худалдан авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар тогтоогдсон байхад шүүхээс мөн л энэ талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд ААН иргэдээс БББ-ийг мэдүүлэх хуудас, холбогдох баримтууд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг үнэлж гэм буруутайд тооцсон боловч аль баримт нь аль гүйлгээг нотолж байгаа талаар дүгнээгүй, хахууль өгсөн гэх хүмүүс нь дээрх цаг хугацаанд бараа импортолсон аж ахуйн нэгжүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх нь тодорхойгүй, 22 удаагийн гүйлгээ тус бүрийг нотолсон баримтуудыг тодорхой дурдаагүй. Б.Б.н хяналтад ажиллаагүй, чөлөөлсөн баталгаажуулсан гарын үсэггүй, мэдэгдэл бичээгүй цаг хугацаанд хийгдсэн гүйлгээг ямар үндэслэлээр гэм хэрэг гэж үзсэн нь тодорхойгүй байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

Хахууль авсан, өгсөн гэх хүмүүсийн тухайд тухайн хугацаанд Шадар сайдын 60 дугаар тогтоолоор мэргэжлийн хяналтын байцаагч өмнө нь хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлэг шиг ачаа барааг нь буулгахгүй болохоор грүшиг олдохгүй уддаг цаг хугацаа алддаг гэх мэдүүлэг, тайлбарууд бүгдээрээ үгүйсгэгддэг ба хээл хахууль авч, өгсөн гэх хүмүүсийн гэмт хэрэгт сэрдэгдсэн хүмүүсээс өөрсдөөс нь гэрчийн мэдүүлэг аваад уг мэдүүлгээ бусад шүүгдэгч нарыг яллах гэдэг юм уу, үндэслэл болгож ингэж дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Б.Б.д хээл хахууль авах шаардлага, ашиг сонирхол ямар нэгэн хяналт шалгалт хээл хахууль өгч байгаа хүмүүсийн хувьд Б.Э болон нэр бүхий байцаагч нар хээл хахууль өгч тэр хяналт шалгалтыг хөнгөвчлөх, шуурхайлах ямар нэгэн бодит хэрэгцээ шаардлага байгаагүй. Хувь хүнийхээ хувьд бараа бүтээгдэхүүн зарж борлуулаад мөнгийг нь дансаар авсан ийм үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ гарсан тохиолдолд ашигтай шийдвэрлэнэ гэдэг зарчим хэрэгжих ёстой. Энэ зарчмын үүднээс миний үйлчлүүлэгчтэй холбогдсон нэр бүхий 5 хүнээс авсан 22 удаагийн үйлдлээр авсан гэх 3,072,000 төгрөг хээл хахууль авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн ийм байр суурьтай байгаа.” гэв.

6.Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчтэйгөө ижил байр суурьтай байгаа гэв”

7.Шүүгдэгч Н.Т.н өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Н.Т.г буруутгаж байгаа бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Гэтэл шүүхийн тогтоолд гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон нотлох баримтуудаас 14 нотлох баримтуудыг жагсаан бичсэн. Эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлсэн гэх боловч хэрхэн үнэлсэн, нотлох баримт нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй, Н.Т.г буруутгаж байгаа хэрэг, үйлдэл нь ямар нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн авлигын гэмт хэрэг, түүний үр дагаврын талаар нийтлэг, ерөнхий дүгнэлтийг хийжээ. ...Зөвхөн Б.Н.н данснаас 2020.05.07-ны өдрийн 12:08 цагт 500,000 төгрөг гарсан. Н.Т.н дансанд мөн энэ өдөр 20:10 цагт 500,000 төгрөг орсон үйл баримтыг хахууль авсан нь нотлогдсон гэж дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий, Н.Т.г гэм буруугүйг нотлох бусад баримтад огт дүгнэлт хийгээгүй.

Тыг яг хээл хахууль авчихлаа гэж үзэх нотлох баримтыг улсын яллагчаас тавьж байгаа асуудал нэгдүгээрт Н.н мэдүүлэг, хоёрдугаарт Н  болон Т.н дансны гүйлгээний хуулга гэдэг. Дээрх нотлох баримтуудад үндэслэж Т.г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Үлдсэн нотлох баримтууд нь яг энэ авлига авах үйл баримт авсан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримтууд биш. Шийтгэх тогтоолын 63-64 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Т.г яллах дүгнэлтээр ч гэсэн шийтгэх тогтоолоор ч мөн адил авлига авах үйлдлийг хийхдээ шинжилгээний дүнг гайгүй гаргуулах гээд байгаа юм. Мөн шинжилгээг хийлгэх албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хээл хахууль авсан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолоос ийм гурван үйлдэл байгаа. Шинжилгээний дүнг хурдан гаргуулах зорилготой. Тэгвэл мөрдөн байцаалт дээр үүнийг нотлох ёстой. Гайгүй гаргуулахын тулд Т ямар үйлдэл хийсэн юм. Шинжилгээний дүнг хурдан гаргуулахын тулд ямар үйлдэл хийсэн юм. Үүнийг мөрдөн байцаалтад би удаа дараагийн хүсэлтүүд өгсөн даанч шалгаагүй.

Т. тухайн өдөр амралтын өдрөө хувийнхаа ажлыг хөөцөлдөх, тодруулбал Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих ажилтай байсан. Энэ дагуу амралтын хуваарийнхаа дагуу явсан. Энэ үед дээжийг М., Т.д өгч явуулсан байдаг. М. өгч явуулахдаа А. гэдэг хүнээр тосож авуулаад А. лавлагаа лабораторид хүргэж өгсөн байдаг. Тэгэхээр энэ хүргэж өгөх үйл ажиллагаа нь Т. албаны чиг үүргийн хэмжээнд оролцоод байгаа юм уу, үгүй юу гэдэг асуудал нэгдүгээрт яригдах ёстой. Хэрвээ албаны чиг үүргийнхээ хүрээнд энэ хүн оролцож байгаа бол өөрөө лавлагаа лабораторид аваачиж өгөөд тэр албан бичиг хүлээлцсэн баримт дээрээ зуруулаад явах ёстой байсан. Гэтэл М, А, руу яриад А, Т,н гэрээс аваад лабораторид хүргэж өгсөн үйл баримтууд тогтоогддог. Тэгэхээр хүргэж өгөх албаны чиг үүрэг байсан уу, үгүй юу гэдэг асуудал эргэлзээтэй байдаг. Энэ талаар Б. мэдүүлэг өгдөг.

Т_д томилолт өгч явуулаагүй хувийн ажлаар явахад нь дайгаад явуулчихсан гэдэг агуулгыг Мэргэжлийн хяналтын дарга Б_мэдүүлдэг. Хэргийн 20 дугаар хавтасны 85 дугаар хуудсанд Мэргэжлийн хяналтын албаны 2020 оны 5 дугаар сарын 07-10-ны өдрийн ажиллах хуваарь авагдсан байдаг. Энэ дээрээс Т нь 2020 оны 5 дугаар сарын 06-08-ны өдөр Дардан ложистикт ээлжийн ахлахаар ажиллаад 5 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амралттай байсан гэдэг ийм хуваарь хэрэгт авагдсан.

Гэтэл үүнийг улсын яллагч шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа ажиллаж байсан байна гэдэг байдлаар өөрөөр хэлбэл нөгөө ажиллаж байсан өдрүүдийг нь хараар тэмдэглээд амралтын өдрүүдийг нь цагаанаар ямар нэгэн тэмдэглэгээгүй орхичихсоныг цагаанаар тэмдэглэсэн нь ажлын өдрүүд гэдэг байдлаар улсын яллагч буруу тайлбарлаж үүнийг би шүүх хуралдаан дээр залруулж тэмдэглэж хэлж байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Дараагийн үндэслэл нь шинжилгээний хугацааг хурдасгах үр дүнг гайгүй гаргуулах ашиг сонирхлын үүднээс гээд байгаа юм. Нэгэнт улсын яллагч ингэж яллаж байгаа учраас гайгүй гаргуулах ашиг сонирхлын үүднээс шинжилгээний хугацаа, үр дүнг гайгүй гаргуулахаар шинжилгээ хийж хүмүүстэй уулзах ятгах яаравчлуулах, шаардах зэргээр идэвхтэй үйлдлийг хөдөлбөргүй тогтоогдсоны үндэснээс Т.г яллах үндэслэл бүрдэх ёстой. Т ийм үйлдэл хийсэн баримтууд нь хэрэгт байхгүй, Н., Т..хоёрын харилцааг Авлигатай тэмцэх газар шалгасан байдаг. Н. гэгч удаа дараа хэл амаар доромжилж дарамталж мессеж бичих зэргээр хяналт шалгалтын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх, төрийн албан хаагчийн шийдвэрийг үл биелүүлэх, хяналт шалгалтын ажилд саад учруулж байна. Гэр бүл, үр хүүхэд, ажил амьдралд аюул занал учруулахгүй байхад анхаарч тусална уу гэх гомдол мэдээлэл авагдсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байдаг. Н.500,000 төгрөгийг шинжилгээний хугацаа уртасгах, гайгүй гаргах зорилгоор хахууль болгож өгсөн гэж гомдол гаргасан байдаг. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө намайг дуудаад мөнгө өгөхийг шаардсан. Чи бензин тосны мөнгө хот явлаа шинжилгээ чинь мөд гарахгүй шүү аятайхнаар шийдэгдэхгүй шүү гэж хэлэхээр нь аргагүй байдалд орж мөнгө өгсөн. Би 500,000 төгрөгийг бэлнээр аваад Замын-Үүд сумын 01 дүгээр багт байрлах Мэргэжлийн хяналтын алба хаагчдын амьдардаг байрны гадаа аваачиж өгсөн гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаанд хурлын тэмдэглэлийн 4 дүгээр тал улсын яллагчийн Т.гэх мэргэжлийн хяналтын ахлах байцаагч 500,000 төгрөг өгсөн гэж гомдол гаргасан байсан. Үүнийг ямар зорилгоор өгсөн бэ гэх асуулт. Н. хот явахад нь түлшний мөнгө гэж өгсөн. Та яах гэж мөнгө өгсөн юм бэ гэх асуултад Н. дараа дараагийн шинжилгээг хурдан үнэнээр нь гаргах гэж, улсын яллагчийн та шинжилгээнд Т. авч явж байгаа гэж яаж мэдсэн юм бэ гэсэн асуултад өөрөө хот явлаа бараа тээшинд өгөхгүй миний машины ард хийе гэхээр нь хийж өгсөн. Мөнгө шаардсан уу, Н. шаардаагүй хотод очоод шинжилгээ уддаг гэхээр нь хурдан гаргуулах гэж өгсөн юм гэж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ агуулгын хувьд ийм зөрүүтэй байдлаар өгсөн. Мөн шүүх хуралдаан дээр Н. мөнгийг үзмийн дээжийн хамт аваачиж өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл М. Тд аваачиж өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Н. ерөөсөө тэр дээжийг Тд аваачиж өгсөн асуудал байхгүй. Улсын яллагч Н.г шүүх хуралдаан дээр өгсөн газраа тодорхой хэлдэг гэдэг байдлаар ярьдаг. Өөрөөр хэлбэл Замын-Үүд сум өөрөө жижигхэн сум. Мэргэжлийн хяналтын байцаагч нар албан байгууллагын байр тэнд хүмүүс амьдардаг гэдгийг энэ үйл баримтыг Замын-Үүд сум даяараа мэдэж байгаа.

Авлига авсан гэж үзэж байгаа гол нотлох баримт дансны хуулга Н.н данснаас мөнгө гарсан өдөр 11 цагийн үед орой 20 цагийн үед Т.н дансанд 500,000 төгрөг орсон. Ингээд авлига авлаа гэж ялалдаг. Би мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаад Н. АТМ-ээс мөнгө авсан бол ямар дэвсгэр дээр авчхаад байгаа юм. Аваад Т.д аваачаад өгсөн бол Т. АТМ-д өөрийнхөө дансанд мөнгө хийхдээ ямар данс дэвсгэр дээр хийчхээд байгаа юм гэдэг лавлагааг авхуулсан. 5 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагт 10,000 төгрөгийн дэвсгэрээр 500 ширхэг 10,000 төгрөгийг авсан. Н, Т5,000 төгрөгийн дэвсгэр дээр 70 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэр дээр 15 ширхэг ингээд 500,000 төгрөг хийсэн нь тогтоогдсон. Н. данснаас мөнгө гарсан Т.н дансанд мөнгө орсон үйлдэл хахууль авч үзсэн гэж сэрдэх үндэслэл мөн үү гэвэл мөн. Шалгах ёстой юу гэвэл шалгах ёстой. Мөрдөн байцаалтаар яг хахууль авсан үйлдэл хөтөлбөргүй тогтоогдсон уу гэвэл үгүй. Зайлшгүй шалгаж тогтоох ёстой учир Т.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын яллагч ажил үүргийн хуваарийг харахдаа буруу уншиж харснаас болоод энэ дээр буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Гуравдугаарт Н.г надад 500,000 төгрөг өгсөн гэдгийг ерөөсөө ганцхан юугаар нотлоод байгаа юм. Прокурор болон шүүх юугаар нотолсон юм бэ гэхээр Н.н данснаас гарсан 500,000 төгрөг Т.н дансанд орсон болохоор энэ нотлох баримт байна гэж үзэж байгаа юм. Бид өмгөөлөгчтэйгөө мөрдөн байцаалтын явцад ийм асуудал ярьж дэвсгэртийн болон дугаарлалтын зөрүү гаргуулахын тулд АТМ-ийн хуулгыг авсан талаар сая ярилаа. Н. 500,000 төгрөгийг 10,000 төгрөгөөр авсан байсан. Би 75 ширхэг 5,000 төгрөг, 15 ширхэг 10,000 төгрөгийг орой нь хийсэн. Би тэр өдөр Дардан ложистик дээр ажиллаад орой нь ажил тараад Улаанбаатар хот руу явахад нэгэнт та хот явж байгаа юм чинь энэ дээжийг аваачаад А. байцаагчид өгчих гэдэг байдлаар би дээжийг тээвэрлэж явсан. Намайг дээжийг тээвэрлээд аваад явж байгааг Н. мэдэж байгаа. Гаалийн хяналтын бүсээс дээжийг зайлшгүй лац ломботой дээжийг эзэнтэй өгдөг учраас надад дээжийг авч явах үүрэг өгөөд дээж аваад явж байгааг Н. мэдэж байгаа.

 Нэг ярихаараа гэрийнх нь гадаа намайг өөрөө дуудаад 500,000 төгрөг авсан гэж ярьдаг. Хоёр дахь удаагаа болохоор дээжтэйгээ цуг өгсөн гэж ярьдаг. Ийм зөрүүтэй мэдүүлгүүд байсаар байтал өмгөөлөгч бид 12 удаа хянан тогтоогоод өгөөч үүнийг магадлаад өгөөч гэдэг ийм хүсэлтийг мөрдөн байцаалт болон прокурорт гаргасан байдаг. Гэтэл бид хоёрын гаргасан хүсэлтүүдээс ерөөсөө л ганцхан лабораторийн шинжилгээний шинжээч шинжилгээ хийсэн гэрчүүдээс мэдүүлэг авсан ганцхан хийгдсэн ажиллагаа байгаа. Шүүхээс хоёр удаа буцсан. Тэгээд нэмэлт ажиллагаа хийгдэхээр буцсан боловч ерөөсөө бид хоёрын хувьд хийгддэггүй. Гэвч Н.н нотолсон нь юугаар тогтоогдоод байгаа юм. Өөрөө л амаараа яриад байгаа болохоос миний дансанд Н. данснаас ороогүй. Миний өөрийн хийсэн мөнгө зөрж байгаа. Хувийн байдлын хувьд Н өөрөө өөртөө ашиг сонирхол нэгдээгүй. Төрийн тангараг хүлээсэн төрийн албан хаагч хяналт шалгалтаа хийж байгаа. Энэ явцад сөргөөр их нөлөөлдөг. Төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж хяналт шалгалтыг хүнсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хяналт шалгалтаа хийснийхээ хариуд Над удаа дараа заналхийлгэж байсан. Энэ тухай би Замын-Үүд сумын цагдаагийн газар хилийн мэргэжлийн хяналтын албаныхаа удирдлагуудад мөн прокурорын газар энэ хүн намайг ингээд дарамтлаад байна бүр сүүлдээ үр хүүхдийг чинь ална хядна гэж хүртэл дарамталж байсан.

Энэ талаар бүгдийг нь би хэлж ярьж байсан. Гэвч аль аль нь надад Над 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ хоёр удаа аваад л өнгөрч байсан. Энэ хүн намайг чадна гэсэн үндэслэлээр ийм нөхцөл байдлыг бий болгож байхад үүнийг ерөөсөө дүгнэж өгөөгүй, хянаагүй, тогтоогоогүй. Нотлох баримт тогтоогдоогүй байхад намайг гүтгэсэн. Тэгэхээр энэ үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас анхан шатны шүүх дээр ч орохдоо би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн чиг үүрэгтэй орсон. Давж заалдах шатны шүүх дээр ч гэсэн энэ чиг үүрэгтэй оролцож байна” гэв.

Прокуророос Н.Тыг “... “шинжилгээний хариуг гайгүй гаргуулах”, “шинжилгээний хугацааг хурдасгах” гэх үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэж буруутгажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм үйл баримт тогтоогдоогүй. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан “шинжилгээний хугацааг хурдан гаргах”, “гайгүй гаргуулах” үйлдлийг Н.Т хийсэн бол түүнийг нотолсон байх хууль зүйн шаардлага зүй ёсоор тавигдана. Хэрэв шүүх бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн үнэлж гэм буруугийн дүгнэлт хийсэн бол Н.Т нь 2025.05.06-2020.05.08-ны өдөр “Дардан ложистик”-т ээлжийн ахлахаар ажиллаж, 2020.05.09-2020.05.10-нд өдрүүдэд амралттай байсан нь нотлогдоно. Энэ хуваарийн хараар тэмдэглэсэн нь байцаагч нарын ажлын өдрүүд ба хоосон нь тухайн объектод ажиллаагүй өдрүүд болно. …Хэрэв албаны чиг үүргийн дагуу шинжилгээний дээжийг авч явсан бол томилолт бичүүлж, өөрөө ХАБҮЛЛ-д хүргэж өгөх үүргийг хүлээнэ. Гэтэл шинжилгээний дээжийг Б.Мнь Б.Ааар Н.Тын гэрээс авахуулж Б.Ань дээжийг ХАБҮЛЛ-д хүргэж өгсөн нь нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “...Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.., мөн хуулийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг загаагүй” гэх үндэслэл болох ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл хангалттай бүрдсэн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Тд холбогдох хэргийг ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

8.Шүүгдэгч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2020 оны 05 дугаар сарын 07-ны өндөр хувийн ажлаар Төв аймаг явах болоход ХШХ-ийн дарга Бд хэлж явсан. ХШХ-ийн дарга Б “..Та нэгэнт явж байгаа юм чинь эдгээр дээжүүдийг тээвэрлээд аваад явчих, хотод хүнээр авхуулчихна гэсэн тул тухайн үед 5-6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжийг тээвэрлэн авч явсан...”. Маргааш нь Б.А байцаагч над руу яриад манай хүүхдийн гэрийн гаднаас дээжийг авч лабораторид хүргэж 5-6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжинд аюулгүйн үзүүлэлтийн бүрэн шинжилгээнд хамруулахын тулд ХАБҮЛЛ-д явуулсан. Гэтэл 5-6 нэр төрлийн дээжүүдээс ганцхан үзэмний дээжийг яагаад онцолж яриад байгаа нь миний мэргэжлийн чиглэлийн хяналтын талаар маш сайн мэдээлэл авч намайг гүтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хийж байна байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хэсэгт ХАБҮЛЛ-ын лабораторид барааг шинжилгээнд хэн хүргэж өгсөн, хариу хэзээ гарсан зэргийн нотлох баримтыг үнэлж цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ энэ талаар нягталж үзээгүй байна.

...Мөн лабораторийн шинжилгээний хариу 5-7 хоногт гардаг гэдгийг гэрчүүд мэдүүлсэн бөгөөд тухайн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр лабораторид хүлээлгэж өгөөд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хариу нь хэвлэгдэж гарсан нь хавтаст хэргийн нотлох баримтад байхад шүүх хуралдаан дээр Н миний шинжилгээний хариу хурдан гарсан гэж хариулж байгаа нь санаатайгаар намайг буруутгах гэж байгаа нь харагддаг. Н нь хэргийн явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт мөнгийг дээжтэй хамт, мөн дээжийг өгөхөд байцаагч цуг байсан гэх боловч мөнгө өгөхөд Т ганцаараа байсан гэж зөрүүтэй мэдүүлэг байхад үнэлж дүгнээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Н.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

9.Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 4 дүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан байна. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолд авагдсан нотлох баримт болон бусад нотлох баримт хэргийн бодит байдалтай нийцээгүй, ямар гэмт хэргийн субъект болоод тогтоогдоод байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлт тодорхой байхгүй байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад нотлох баримтгүйгээр шийдсэн гэж үзэж байгаа. Албан тушаалын гэмт хэргийн гол нөхцөл хэзээ, хаана, хэнтэй яаж ямар нөхцөл байдлаар бий болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа юм уу, үгүй эсэхэд дүгнэлт гаргаж ялладаг. Хэргийн бодит байдалтай энэ хүний ял нийцэж, давхар нотлогдох ёстой. Албан тушаалынхаа үүргийг гүйцэтгэж байх явцдаа энэ хүнээс хахууль авсан гэдэг, Нын хувьд миний үйлчлүүлэгчтэй санаа зорилго нэгдмэл энэ гэмт хэргийн гол шинж нь нэгдмэл санаа зорилготой байж энэ гэмт хэргийн субъект болно. Гэтэл хоёулаа өөр, өөр санаа зорилготой энэ гэмт хэрэг Б.Эийг шалгаж эхэлсэн. 2018 онд шалгаж эхлээд Н өөрөө ял сонсчихоод энэ бүхэнд буруутай гэдгээ мэдээд ингэх явцдаа миний үйлчлүүлэгчийн албан тушаал ахиж ирсэн.

2021 онд миний үйлчлүүлэгчийн асуудал гарч ирж байгаа. Баасанжав өмгөөлөгч, шүүгдэгч ярилаа урьд нь албан үүргийнхээ чиг шугамаар Нын үйл ажиллагааг явуулж байгаа бараа материалаар шинжилгээ авахад олон алдаатай зүйл гарч байсан. Үүнийг би дандаа хуулийн дагуу шалгаад алдааг нь гаргаад яваад байдаг байсан. Энд өш хонзон нэгдүгээрт санасан байна гэдгээ 10 гаруй удаа өмгөөлөгч нь гомдол гаргаад өөрийнх нь эсрэг гэрч буруу мэдүүлэг өгөөд байна гэдгээр шалгахад дутуу шалгасан.

Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч хахууль авсан нь ямар дансаар авсан. Энэ гол баримт данс шалгаж байгаа гэх дансны хуулганууд, мэдүүлгүүд энэ гэмт хэргийн субъект болох нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 27 жил улсын байгууллагад нэр хүндтэй ажилласан миний үйлчлүүлэгч ял халдаана гэж байгаа нь хуульд заасан үндэслэл журам байхгүй байна. Хавтаст хэрэгт нэмэлт ажиллагаа хийхдээ яллах дүгнэлтэд оногдуулаад байгаа ял тохирч байгаа юу, үгүй юу, бусад баримтаар тогтоогдсон уу гэж шалгах ёстой. Иймд миний зүгээс гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна.

 Шийтгэх тогтоолын бүхий л хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн анхан шатны шүүх болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Харин ажиллагаа дутуу хийгдсэн ба нөхөж гүйцэтгээгүй байж ял шийтгэл оногдуулсан нь буруу. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөөч ийм хууль зүйн үндэслэл байна гэдэг саналыг дэмжиж байгаа. Гэмт хэргийн шинжгүй. Нын хувийн байдалд залилангийн гэмт хэрэг үйлдсэн. Дээрээс нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа орж байсан. Энэ хоёрын хоорондын харилцаа муу байдлаас болж миний үйлчлүүлэгчийг гүтгэсэн байна гэж үзэх үндэслэл байна. Энэ талаараа ч гэсэн хоёр гурван удаа гомдол гаргаж өгсөн. Гомдол, хүсэлт гаргаж өгсөн боловч үүнийг сайн шалгаагүй байна. Хоёр, гурван жил шалгасан хэрэг буцаах нөхцөл байдал байхгүй нөхцөлд эрх зүйн байдлыг нь дээрдүүлээд ял шийтгэлийг оногдуулахгүй цагаатгаж өгөөч” гэв.

  10.Шүүгдэгч Д.С, О.Бнарын өмгөөлөгч Э.Тулгаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт торгох ялын хэмжээг 5400 нэгжээс 27000 нэгж хүртэлх хэмжээгээр шүүх нь өөрийн эрх хэмжээний дагуу сонгож хэрэглэхээр хууль тогтоогч нар нь хуульчилсан байна. Д.С нь 1966  онд төрсөн, 59 настай, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй ам бүл 6, өндөр насны тэтгэвэрт, түүний үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж арилсан, учруулсан хор уршиг байхгүй, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан торгох ялыг торгох ялын доод хэмжээнд хүртэл багасгаж өгнө үү.

...Миний үйлчлүүлэгч О.Бийг үйлдэл хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно..”гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байсан бөгөөд анхан шатны шүүх ...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 11 дугаартай тогтоолыг баримтлан О.Бнь үргэлжилсэн үйлдлээр хахууль гэж тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа нь сүүлд үйлдэгдсэн хэргээс яллагдагчаар татах хүртэл тоологдох ёстой.

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаанд хуулийн дагуу хүчин төгөлдөр болоогүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг тайлбарласан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 11 дугаартай тогтоолыг хэрэглэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Д.Сийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11.Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд төрийн албанд 30 гаруй жил ажиллахдаа химийн хортой, аюултай тэсэрч дэлбэрэх бодисын байцаагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Анх удаа энэ хэрэгт холбогдож хэрэгт холбогдсоноор надад 3 удаа арга хэмжээ авагдсан. Хяналт шалгалт хийсэн ахуйн бараа, барилгын материал нь мэргэжлийн хяналтаас хасагдчихсан бараа бүтээгдэхүүн дээр би ял аваад зогсож байгаа. Намайг 5 жил шүүх, прокуророор явж байх хугацаанд гэр бүлийн хүн маань нурууны хүнд хагалгаанд орж гэрийн асаргаанд байсан. Миний насны хүн цаашдаа ингээд үргэлжлүүлээд шүүх, прокуророор явах санал, хүсэлгүй байна. Иймд надад оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг доод хэмжээгээр нь торгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Б.Б.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Д.С, О.Бнарын өмгөөлөгч Э.Тулгаа нарын гаргасан  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоогдсон эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тэдгээрийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

2.Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцүүлэн хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал шүүгдэгч Б.Б.Эийн шүүгдэгч Б.Бээс 2018.11.07-ны өдөр 100,000 төгрөг /2хх-ийн 177х/, 2018.12.12-ны өдөр 100,000 төгрөг /22хх179/, 209.01.27-ны өдөр 100,000 төгрөг /2хх182/, 2019.05.12-нд 200,000 төгрөг /2хх-ийн 186/, 2019.08.06-ны өдөр 100,000 төгрөг /2хх-ийн 185/, 2019.08.17-ны өдөр 100,000 төгрөг нийт 700,000 төгрөг авсан үйлдлийг /2хх-ийн 193х/,

мөн шүүгдэгч С.Оюунсүрэнгээс 2018.07.02-150,000 төгрөг, 2018.11.05-200,000 төгрөг нийт 350,000 төгрөг авсан үйлдлийг /3хх-181х/, /3хх-199х/,

мөн шүүгдэгч Г.Баас 2019.10.08-ны өдөр 40,000 төгрөг, 2019.11.12-ны 100,000 төгрөг, 2020.05.03-ны 50,000 төгрөг, нийт 190,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг /2хх-ийн 196х,199х, 212х/,

мөн шүүгдэгч Г.Згээс 2019.10.07-ны өдөр 100,000 төгрөг, 2019.11.09-ны өдөр 50,000 төгрөг, 2019.11.09-ны өдөр 100,000 төгрөг буюу нийт 250,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг /2хх-ийн 196х, 199х/,

шүүгдэгч Д.Сийн шүүгдэгч Згээс 2019.09.03-ны 100,000 төгрөг, 2020.044.25-ны 200,000 төгрөг, 2020.05.11-ний 200,000 төгрөг нийт 500,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг /15хх-ийн 175х, 25хх-ийн 80х, 85х, 91х/,

мөн Б.Бээс 2020.03.12-ны өдөр 100,000 төгрөг, 2020.07.03-ны 100,000 төгрөг нийт 200,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг/25хх-ийн 109х/,

мөн Г.Баас 2020.03.13-ны өдөр 200,000 төгрөгийг нийт хахуульд 900,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг /25хх-ийн 111х/,

шүүгдэгч О.Бийн 2019.11.27-ны өдөр шүүгдэгч Б.Бээс 50,000 төгрөг хахуульд авсан үйлдлийг /3хх-ийн 96х/,

тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх ба  холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн ба энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Эдгээр дурдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоогүй гэж үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дүгнээгүй байна.  

Өөрөөр хэлбэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон банкны дансны хуулга баримтуудын талаар үнэлж, дүгнэлгүйгээр  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3.Шүүгдэгч Б.Б.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн шүүгдэгч Д.С, шүүгдэгч О.Бнарын өмгөөлөгч Э.Тулгын “... Д.Ст оногдуулсан торгох ялыг багасгаж, шүүгдэгч нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг дээр дурдсан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

Мөн өмгөөлөгч Э.Тулгийн давж заалдах гомдолд дурдсан “...О.Бийн үйлдэл, хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд үндэслэлтэй зөв тайлбарлаж, дүгнэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаар тогтоол нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхтэй холбоотой албан ёсны тайлбар бөгөөд мөн хуульд өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ гэж хоёрдмол утгагүйгээр тодорхой, ойлгомжтой тайлбарласан ба Анхан шатны шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглээгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б.Ээ, Д.С, Н.Т, О.Б, Г.З, Б.Б, Г.Б, Б.Н, С.Онарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцааж, гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ЦШТ/58  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай,

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Ээ, Д.С, Н.Т, О.Б, Г.З, Б.Б, Г.Б, Б.Н, С.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

                          ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН

                        ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА