| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01095/И |
| Дугаар | 302/ШШ2025/01080 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/01080
| 20251128 | 302/ШШ2025/01080 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, К овогт Х.Х
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Х
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Хүсэлт гаргагчХ.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр монтёроор ажилд томилогдон 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал ажилласан юм. Энэхүү ажилд томилогдсон чөлөөлсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч энэхүү тушаалууд нь архиваас гарахгүй байгаа болно. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалд хандсан боловч ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн юм. Иймд миний Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүсэлт гаргагч Х.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. Улсын архиваас 1990,1991 онуудад тушаал болон цалин хөлсний баримт гараагүй. ХААТР маягтад 4-р трэстэд ажилладаг хэмээн бичсэн байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээхөдөлмөрийн дэвтэр, мэргэжлийн үнэмлэх, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаартай лавлагаа, Эрчим хүч, Уул Уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаартай тушаал, Х.Т, А.О, Б.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Онцгой байдлын газар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Ж д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 412 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1196 дугаартай лавлагаа, Х.Т, А.О, Б.А нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Минийажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримтууд олдохгүй байна. Иймд миний Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Х.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.Х гийн Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдал нь дараах үйл баримтуудаар тогтоогдохгүй байна. Үүнд:
9.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 412 дугаартай “Хүсэлт гаргагч Х.Х д холбогдох Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторын баримтыг архивт шилжүүлээгүй тул холбогдох баримт гараагүй болно” гэжээ.
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1196 албан бичгээр хүсэлт гаргагч Х.Х болон түүний эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг авхуулсан боловч хүсэлт гаргагч Х.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт монтёроор ажиллаж байсан талаар бичилт хийгдээгүй болно.
9.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 050219 дугаартай урагдсан хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэх боломжгүй, хөдөлмөрийн дэвтэр нь усанд ноорсон байх бөгөөд тамга нь хаанахын тамга гэдэг нь мэдэгдэхгүй, бичилтүүдийг нь унших боломжгүйбайх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Хэдийгээр хүсэлт гаргагч хавтаст хэрэгт Б аймгийн Онцгой байдлын газар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 04/259 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн талаарх дүгнэлт гаргах тухай” дүгнэлт гаргаж өгсөн боловч энэхүү дүгнэлтийг үндэслэн хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 050219 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед ноорсон гэж үзэж болох боловч дотор талын бичилтийг үзэх боломжгүй, бусад хөдлөнгийн нотлох баримт байхгүй тул түүнийг Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт монтёроор ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
9.4. Мөн хүсэлт гаргагчийн 270477 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд түүний 1984 оны 04 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд татвар төлсөн бичилт хийгдсэн байх ба энэхүү бичилтүүдээр хүсэлт гаргагчийг Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна. Мөн энэхүү Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд түүний хүсэлтийн шаардлага болох 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал хугацаанд татвар төлсөн талаарх бичилт авагдаагүй байна.
9.5. Б аймгийн Ө сумын иргэн Х.Т, А.О, Б.А нар нь хүсэлт гаргагч Х.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оноос 1991 оны хооронд монтёроор ажилласан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгч, шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Х.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагчийнхавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Эрчим хүч, Уул Уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Б Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 170 дугаартай тушаалнь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
11.1. Хавтаст хэрэгт хүсэлт гаргагч Х.Х нь Б аймаг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харья Ногооннуурын ДЦС-д цахилгаанчин байсан талаарх үнэмлэх авагдсан байна.
12. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, хүсэлт гаргагч Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажилласан гэх боловч хэрэгт авагдсан хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтаар тухайн хугацаандаа ажилласан нь нотлогдон тогтоогдохгүй байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар К овогт Х.Х нь Б аймгийн Эрчим хүч барилга угсралтын 4 дүгээр конторт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ний өдрийг дуустал монтёроор ажиллажбайсан байдлыг тогтоолгох тухайхүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Х гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б