| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01056/И |
| Дугаар | 302/ШШ2025/01110 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 302/ШШ2025/01110
| 20251210 | 302/ШШ2025/01110 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, М овогт Р.А
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Р.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дшүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчР.А ньБ аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсанбайдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Р.А миний бие С сумын уугуул иргэн. Би 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд малчнаар томилогдож ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан. Улмаар 1987 оны 12 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус Енбекшиауыл нэгдэлд нормчноор томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан ба 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С сумын Енбекшиауыл нэгдэлд хувьчлагдах үед ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь би 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус сумын 10 жилийн сургуульд манаачаар ажилд томилогдож өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
1.2. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бүх баримтуудаа бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх хугацаанд ажилд орсон гарсан тушаалыг архиваас шүүлгэсэн боловч миний дээрх хугацаанд ажлаас чөлөөлсөн зарим жилүүдийн тушаал архиваас гараагүй. Гэхдээ миний 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаартай тушаал эх хувиараа надад өөрт маань хадгалагдаж байсан ба үүнийг заавал архиваас лавлагаагаар авсан байх гэсэн шаардлагыг тавьсан.
1.3. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаалууд миний тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэж баталгаажсан боловч дээрх хугацаанд ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудыг архиваас авсан байх ёстой гэж зөвлөсөн учир аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын зөвлөснөөр ажилласан байдлыг шүүхээр тогтоолгохоор хандаж байна.
1.4. Иймд миний Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ1975 оны, 1992 оны хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх, 940321, 000016344 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Баярын бичиг, С сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай тушаалын хуулбар, А.М, Х.А, Н.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаартай лавлагаа, С сумын 10 жилийн сургуулийн 1993, 1994 оны цалин хөлсний баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаарБ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1197 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ХААТР маягтууд, Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны дөрийн 414 дугаартай лавлагаа, А.Маягүл, Х.Аскер, Н.Аким нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох бүх баримтуудаа бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх хугацаанд миний ажилд орсон, гарсан тушаалууд миний тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдэж баталгаажсан боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудыг архиваас гарахгүй байгаа тул шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн. Иймд миний Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч Р.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч Р.А ньБ аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаартус тус ажилласан болохнь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “... Туслах үйлдвэрт ажиллахыг хүссэн зарим хүмүүсийг 1987 оны 12 дугаар сарын 01-ээс эхлэн нормчноор томилсугай. 2.Томилогдсон хүмүүсийн нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дүгээрт “1.Рыстаны Аскерхан” гэж бичигдсэн байдал,
8.2. Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдлийн их хувьчлалын материал 1992-1993 гэх баримтад “Рыстаны Аскерхан хувьцааны тоо:7000” гэж бичигдсэн байдал,
8.3. С сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаартай “Түр ажилд авах тухай” тушаалд “...1.Сургуулийн манаач О.А , Х.А нар Казакстан улсад ажиллах болсон тул оронд нь 1993 оны 07 дугаар сарын 01-ээс Р.А ыг, мөн 8 дугаар сарын 01-ээс Б.Р г тус тус түр ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
8.4. С сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай “Түр ажилтан авах тухай” тушаалд ... манаач Р.А нар ээлжийн амралт хувийн чөлөө авсны оронд 1994 оны 07 дугар сарын 01-нээс 13 хүртэл 10 хоног мөнгийг бодож олгохыг ахлах ня-бо У.Көкенд зөвшөөрсүгэй” гэж бичигдсэн байдал,
8.5. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 036501 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 8-9 дүгээр хуудаст 5.1987.12.01 нэгдэлд нормчноор авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1987.12.01-ний өдрийн 87 дугаартай тушаал, 10-11 дугаар хуудаст 1993.04.15 Компанийн мал хөрөнгө хувьчлагдсан тул ажлаас чөлөөлөв. ЕАКомпанийн захирлын 1993.04.15-ны өдрийн 36 дугаартай тушаал” гэж бичигдсэн байх ба энэхүү бичилт нь дээрх тушаалуудтай тохирч байгаа байдал,
8.6. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1197 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Р.А ы БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага:туслах үйлдвэрт, эрхэлдэг ажил: нормчин, бүртгэсэн он, сар, өдөр: 1988.06.20” гэж, хүсэлт гаргагчийн 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Ахылбекийн төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эхийн овог, нэр: Рыстаны Аскерхан, ажилладаг байгууллага: Енбекшиауыл нэгдэл, эрхэлдэг ажил:малчин” гэж, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Алмабекийн төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эхийн овог, нэр: Рыстаны Аскерхан, ажилладаг байгууллага: нэгдэлд, эрхэлдэг ажил: нормчин” гэж тус тус бүртгэгдсэн байдал,
8.7. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 414 дугаартай албан бичгээр “хүсэлт гаргагч Р.А д холбогдох С сумын Енбекшиауыл нэгдлийн 1989-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн С сумын Енбекшиауыл ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Р.А ы 1989, 1990 онуудад ажилласан цалин хөлсний баримтуудаар, мөн тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Б аймгийн С сумын 10 жилийн сургуулийн цалин хөлсний баримтуудаас хүсэлт гаргагч Р.А ы 1993, 1994 онуудад ажилласан цалин хөлсний баримтуудаар тус тус нотлогдож байна.
8.8. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг үзэхэд хүсэлт гаргагчийн С сумын 10 жилийн дунд сургуульд 1993, 1994 онуудад ажилласан цалин хөлсний талаарх бичилт хийгдсэн байна.
8.9. Хүсэлт гаргагч Р.А нь 1988 онд С сумын Енбекшиауыл нэгдэлд элссэн тул түүнд С сумын Енбекшиауыл нэгдлийн даргаас 717 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх олгож байсан байна.
8.10. Б аймгийн С сумын иргэн А.М, Х.А, Н.А нарын “Хүсэлт гаргагч Р.А нь Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
9. Хүсэлт гаргагч Р.А ыБ аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Р.А нь Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 036501 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 1.1983.01.01 Енбекшиауыл нэгдэлд малчнаар авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1983.01.12-ны өдрийн 02-р тушаалаар, 02. 1984.06.22 Хугацаат цэргийн алба хаах болсон учир ажлаас чөлөөлөв. Нэгдлийн даргын 1984.06.22-ны өдрийн 54 дугаар тушаалаар гэж бичигдсэн боловч Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 414 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдлийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай тушаал болон 1984 оны 54 дугаартай тушаал нь хүсэлт гаргагч Р.А д хамааралгүй, байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтийг харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул энэхүү хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
10. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр, баярын бичиг нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Р.А ы Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажилласанбайдлыг тогтоож, үлдсэн Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Р.А нь Б аймгийн С сумын Енбекшиауыл нэгдэлд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Б аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаачаар тус тус ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.А ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б