| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 2317000980020 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
Б.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр /цахимаар/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б холбогдох 2317000980020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т Т” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, - дугаар хороо, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Ч овогт Б Б.
Яллагдагч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан “- ” улсын дугаартай “-” улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 9.3 “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 6/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 24.1 “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас Ц.И жолоодож явсан “- ХЭА” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгсэл мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар Ц.И амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Б Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар оршуулгын зардалд 43,533,500 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1,584,600 төгрөгийг хасаж 41,948,900 төгрөгийг гаргуулж, автомашины эвдрэл гэмтлийн хохирол 55,148,000 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар сэтгэл санааны гэм хорын хохиролд 82,500,000 төгрөг, нийт 179,596,900 төгрөгийг Иргэний хариуцагч Я овогт Б Т болон шүүгдэгч Б.Б /үүнээс шүүгдэгч Б.Б шүүхийн шатанд 16,800,000 төгрөгний хохирол төлсөн/ нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын - дүгээр баг, - тоотод оршин суух Х овогт Г Г /-/ олгож, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Шүүгдэгч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх 12 дугаар заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нэг нь нэгнийгээ үгүйсгэж эргэлзээтэй байдал бий болгосон шинжээчийн дүгнэлтүүд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит байдалд нийцээгүй байхад шүүх ял халдаасан гомдолтой байна.
2. Тухайн ослыг харсан цорын ганц гэрч болох С.Г маш тодорхой ослын талаар үнэн зөв мэдүүлсэн байдаг.
3. Хохирогч тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөнгөн ч биш дунд зэргийн согтолттой явсан нь нотлогдон тогтоогдсон нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Хохирогч тал маргасан боловч шинжлэх ухааны арга хэрэгслээр хөдлөшгүй байдлаар тогтоосон.
4. Иргэний нэхэмжлэлтэй холбогдолтой баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлсэн. Осол гарахад хохирогчийн буруутай үйлдлээс болж хохирол хор уршиг ихэссэн байхад шүүх багасгаагүй.
5. Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гаргасан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ойлгомжтой байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлүүдийг яриад байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэсэн асуудал яриад байгаа юм. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг шүүх зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээчээс өгсөн хариулт зэрэг бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцэж гарсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Х.Д өмгөөлөгч 5 асуудлаа салгаж яриад байна. 1 дүгээрт нь бодит байдалд нийцээгүй гээд байгаа юм. Сая би тайлбарлалаа. 2 дугаарт нь Т.Түвшинбаатарын дүгнэлтийг үндэслэл болгоод шүүх шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй гэж байна. Зам тээврийн ослын гэмт хэрэгт техникийн тусгай мэдлэг шаардах шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр уг шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр удаа дараа Т.Түвшинбаатар шинжээчээс мэдүүлэг авах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр техникийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах зэрэг хүсэлтийг нь хангаад анхан шатны шүүх хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн. Хэнээс асуулт асуусан, яаж хариулсан гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэр дээр тодорхой байгаа учраас үүнийг нуршиж ярихгүй. Тийм учраас Т.Түвшинбаатар шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Энэ дүгнэлтийг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн, яллагдагчаар татсан, нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж шүүхээс шийдвэр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Хэм хэмжээний акт, хуулиас илүү хүчин чадалтай байх боломжгүй. Шүүгч Иргэний хуулийн зохих заалтыг баримтлаад нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг шүүгч шийдвэртээ маш тодорхой дурдаж өгсөн. Жишээ нь Х.Д өмгөөлөгчийн яриад байгаа зэрэглэлээ тогтоогоод зэрэглэлийн дагуу 30%, 40%-аар гэдэг нь үндэслэлгүй байна. Яагаад гэхээр 3 сайдын тушаалаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 хохирогч нас барсан тухай асуудал дээр яригдах нь зөв юм. Журмыг ашиглаж шийдвэрлэх асуудал болбол энэ журмын 3.6 дээр заасан гэдэг байдлаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаж шийдвэрлэсэн байгаа. Ийм учраас шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйл хууль зүйн үндэслэлгүй байна. Г гэрчийн мэдүүлгийг авч үзсэнгүй л гээд байх юм. Г гэдэг хүний мэдүүлэг дээр маш тодорхой дурдчихсан байгаа шүү дээ. Ямар нэгэн гурвалжин анхааруулах тэмдгийг 30 метрийн зайд тавих үүргээ биелүүлээгүй байсан гэдгийг гэрч тодорхой дурдчихсан байдаг. Мөн шинжээчийн дүгнэлт дээр машиныг тойрч гарах юм бол эсрэг урсгалд саад учруулах учраас хохирогчийг буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Тэр автомашин зам дээр замын хөдөлгөөний дүрмийн дагуу замаа бүрэн чөлөөлөөд зогсчихсон байсан бол хохирогч нь бусдад саад учруулахгүйгээр чигээрээ хөдөлгөөнд оролцоод явах боломжтой байсан гэдэг агуулгаар дүгнэлт гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй талаар тодорхой дурдчихсан байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тодорхой дурдагдчихсан зүйлд хэргийг удаашруулах гэдэг юм уу, эрдэнэт хүний амь нас хохирсон байхад хохирол төлбөрийг гаргуулахгүй байх байр сууриас хандаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан гэх юм. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа, энэ талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, оршуулгын зардал нэхэмжилж байгаа тэр 43 533 500 төгрөгөөс аль нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм, яагаад үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэдэг талаар ямар нэгэн мэтгэлцээн өрнүүлээгүй. Ийм байж давж заалдах шатны шүүхийн гомдолдоо үүнийг биччихсэн байх юм. Мэтгэлцэх боломжоо өөрөө ашиглаагүй, энэ асуудлыг хөндөж яриагүй. Өнөөдөр шүүх хуралдаанд тооцоолол гаргаад ирлээ гэдэг юм яриад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Бид нар хүний эрүүл мэндэд хохирол учирчихсан тухай асуудал яриагүй шүү дээ, эрдэнэт хүний амь нас хохирчихсон асуудал яригдаад байхад нотлох баримт хангахгүй байна, и-баримтаар баталгаажаагүй байна гэж байна. Өнөөдөр Монгол Улсад бүх худалдааны үйлчилгээ, салбар, хувь хүн, байгууллага бүгд и-баримт өгч байгаа юм уу, нийтэд илэрхий нөхцөл байдал шүү дээ. Тэгэхээр ийм хамааралгүй ч гэх юм уу, анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй байж өнөөдөр ингэж яриад байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Дараагийн асуудал иргэний хариуцагчтай холбоотой асуудал. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс миний хууль зүйн дүгнэлтийг харах юм бол “Т-Т” ХХК-иас болон шүүгдэгчээс үүнийг гаргуулж өгнө үү гэдэг байдлаар хууль зүйн дүгнэлтээ гаргасан. Яагаад гэвэл “Т-Т” ХХК нь иргэний хариуцагчаар тухайн ажиллагаанд оролцож явж байсан учраас өмгөөлөгчийн зүгээс “Т-Т” ХХК болон шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасан хууль зүйн үндэслэл байна гэдэг байдлаар дүгнэлтээ хийж оролцсон. Будилаан үүсгээд байгаа нэг асуудал нь Т “Т-Т” компанийн захирал, “Т-Т” компанийг иргэний хариуцагчаар татахаар мөрдөгчөөс компанийг төлөөлөх хүнээ томилж ирүүлээч гэхэд Т өөрөө ирдэг. Т мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод мэдүүлгээ өгөөд Б.Б буруутай нь тогтоогдох юм бол “Т-Т” компани төлбөрийг хариуцахад бэлэн байна гэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. “Т-Т” ХХК нь иргэний хариуцагч учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хариуцагчтай холбоотой асуудлаас бусад тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хувьд гомдолтой байгаа гэдгээ хэлэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч манай бүрлээчийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. Бид 25 жил ханилахад тийм зүйл ёс суртахуунд нь байгаагүй. Мөрдөн байцаалтын явцад экскумаци хийлгэе гэж удаа дараалан хүсэлтээ гаргаж байсан. Миний хань гэр бүлдээ болон өөртөө их анхаарал тавьдаг хүн байсан, олон төрлийн нэмэлт зүйлүүд хэрэглэдэг хүн байсан. Тэр нь бас нөлөөлсөн байж магадгүй гэдэг утгаар шинжилгээ хийлгэе гэдэг хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй. Жолооч болон компанийн хариуцлагагүй, ажилдаа хайхрамжгүй байдлаас болж гэр бүлийн маань хүний амь нас хохирсонд гомдолтой байна. Оршуулгын зардал гэж байна, тухайн үед ухаан санаа бүтэн байгаагүй шүү дээ. Бид нар өөрсдөө дэлгүүр явах ухаан байгаагүй, зохион байгуулж байсан хүмүүс л баримттай юм аваарай гэсэн. Түүнээс биш бид нар чинь 9000 хүнтэй Бор-Өндөрт 400 ажилчинтай үйлдвэрт 20 жил ажилласан инженер хүн. Орж гарсан хүмүүстээ зэд тарааж өгсөн. Яг и-баримттай баримтуудаа өгсөн болохоос биш боломжгүйгээр хохирсон зүйл зөндөө байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3.1, 39.4.4, 39.5 дахь хэсгийг удирдлага болгон өнөөдрийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдсан гомдлоор хэлэлцэгдэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гомдолдоо 2 зүйлийг яриад байна. Нэгдүгээрт шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй байна. Хоёрдугаарт хохирол, хор уршгийг бодитой тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна, иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэж байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтуудаар үгүйсгэчихсэн байдал хэрэгт тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр жолооч буюу шүүгдэгч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлтийн 1 дэх хэсэгт, 1.2 дахь хэсэгт амь хохирогч буюу RAW4 - ХЭА улсын дугаартай автомашины жолооч Ц.И Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн юм бэ гээд хэн алийнх нь зөрчсөн үйлдлийг тусгайлан шинжээчийн дүгнэлтэд тусгачихсан. 1.4-т зам тээврийн осол 2 жолоочийн аль алиных нь зөрчилд нөлөөлсөн юм бэ гэдэг дүгнэлт гаргахдаа шүүгдэгч буюу жолооч Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, няцаагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Ганбаатар гэдэг гэрчийн мэдүүлэг буюу тухайн ослыг харсан ганц гэрч байдаг. Энэ гэрчийн мэдүүлгээр хохирогч өөрөө тухайн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн үйлдэл нь хууль бус шүү дээ, энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Үүнийг шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэгт амь хохирогч ачааны тээврийн хэрэгслийг тойрч гарах тохиолдолд хөдөлгөөний урсгалыг сөрж, уг үйлдлийг гүйцэтгэн эсрэг урсгал руу орно. Ингэж гүйцэтгэх явцад нь эсрэг урсгалын хөдөлгөөнд бусад тээврийн хэрэгсэлд аюул осол учруулахаар байсан гэсэн дүгнэлт гарсан учраас амь хохирогчийн гэм буруутай үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон гэж үзэхгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна. Хоёрдугаарт нь хохирол, хор уршигтай холбоотой асуудал нь үндэслэл бүхий тогтоогдоогүй гэж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шатад сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4 дүгээр зэрэглэлийн хор уршгийн зэрэглэл тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь аргачлалын дагуу тогтоосон журмын дагуу хохирол, төлбөрийг тооцох байтал. Иргэний хуулийн 511.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж гаргасан нь бодитой биш, үндэслэлгүй байна гэж байна. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, түүнийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг зөвхөн шүүх тогтоодог, шүүхэд олгосон эрх хэмжээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын хавсралт, Иргэний хуулийн 511.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82 500 000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар энэ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шаардлага хангаагүй нотлох баримтын талаар ярьж байна. Тэгэхээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 5 дахь хэсэгт хохирол хор уршгийг хэрхэн гаргуулах талаар тодорхой үндэслэл бүхий зааж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 43 543 500 төгрөгөөс шаардлага хангаагүй үнийн дүн болох 1 584 600 төгрөгийг хасаад нийт үнийн дүнг 41 948 900 төгрөгөөр гаргуулаад үүн дээр автомашины хохирол 55 148 000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 82 500 000 төгрөг, нийт 179 596 900 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, гаргуулах болсон хууль зүйн хэм хэмжээг зөв баримталж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Хоёрдугаарт шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.
2. Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр замын цагдаагийн постноос ертөнцийн зүгээр хойд талд өөрийн жолоодож явсан - УАУ улсын дугаартай, - ТЧ улсын дугаартай чиргүүлтэй “Sinotrouk” загварын том оврын тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 9.3 “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 6/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд”, мөн дүрмийн 9.5 “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 14.10 “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 24.1 “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж байрлуулсны улмаас тухайн тээврийн хэрэгслийн араас Ц.И жолоодож явсан - ХЭА улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгсэл мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар Ц.И амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Т.Р “...машиныг Б жолоодож явсан. ...14 цагийн үед машины чиргүүлийн баруун талын дугуйны эстермин эвдрэхээр нь замын баруун талын хөвөө рүү машинаа гаргаж зогссон. ...20 цаг 40 минутын үед машин урагшаа ухасхийгээд хөдлөх шиг болсон. Буугаад хартал манай машины араас цагаан өнгийн - ХЭА улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөөд онхолдож ...зогссон байсан. ...Тухайн үед машинаа замаас бүрэн чөлөөлж зогсоогүй байсан, өөрөөр хэлбэл машины тодорхой хэсэг зам руу орчихсон зогсож байсан. ...машинд ослын гурвалжин байгаагүй учир машинаасаа хойш 13-14 метр зайд 1 ширхэг төмөр сав зам дээр тавьсан байсан. ...гэгээтэй байсан учраас аваарын гэрлийг асаагаагүй ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37/,
гэрч С.Г “...20 цаг 40 минутын орчим Шивээговь сумын пост өнгөрөөд явж байсан. Улаанбаатараас Сайншанд чиглэлтэй урсгалаар ирж байсан машин зогсож байсан том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх гэж хажуу тал руугаа дараад урдаас нь миний урд явж байсан 2 машин байхаар буцаад дарсан чинь машиныхаа зүүн хойд талын бөгсийг мөргөөд тэрэндээ шидэгдээд манай урсгалд явж байсан 3 машины урдуур гараад замынхаа эсрэг урсгалын жалга руу шидэгдчихсэн. ...Том оврын ачааны машин хойд талдаа ослын тэмдэг болон ямар нэгэн тээврийн хэрэгсэл зогсож байгаа гэдгээ мэдэгдэх зүйл гаргаж байрлуулаагүй зогссон байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 38-41/,
гэрч Х.С “...Б явсны дараа 20 цаг нилээн өнгөрч байхад машин түг гээд хүчтэй урагшаа хөдөлсөн. ...буугаад хартал бид нарын сууц байсан машины чиргүүлийн зүүн ирмэгийг цагаан өнгийн суудлын автомашин ирж мөргөөд замын ертөнцийн зүгээр зүүн тийш гарч баруун тийшээ хамраа харуулан зогссон байсан. ...Тухайн зам нарийхан шороон хөвөөтэй байсан бөгөөд Б.Б унаж байсан sinotruok маркийн машины баруун дугуй шороон хөвөөн дээр, зүүн дугуй зам дээр байсан. Бид нарыг анх ирэхэд машины хойно ослын гурвалжингийн оронд 1 ширхэг төмөр сав тавьсан байсан. ...Хэрэг болох үед гадаа нар жаргачихсан байсан. Гэхдээ холын юм чөлөөтэй харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-44/,
гэрч Б.Ж “...Бид нар ирээд чиргүүлийн дугуйг тайлж данхраадаад, хугарсан стерминийг авсан. Б.Б, Ц 2 стерминээ авахаар 18 цаг өнгөрч байхад явсан. ...түс тас хийх чимээнээр би сэрээд ...буугаад хартал ...цагаан өнгийн суудлын машин ирж мөргөөд ...зогссон байсан. ...Б.Б машинаа замаас бүрэн чөлөөлж зогсоогүй байсан. Тухайн зам нарийхан шороон хөвөөтэй байсан бөгөөд машины нэг тал нь зам дээр нэг тал нь хөвөөн дээр байсан. Осол болсны дараа машинууд зам дээр яваад байсан болохоор би дахин осол гарахаас сэргийлж нэг сав давхарлаж тавьсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-48/,
гэрч Г.А “...Ослын газар анх ирэхэд нэг том оврын ачаатай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш харж замын баруун тал шахаж зогссон байсан. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн 50 орчим хувь зам дээр байсан. Суудлын автомашины жолоочийн талын хаалганд зүүн гуя хэсгээрээ дагуулаад доош харж хэвтсэн байсан эмэгтэй дээр очоод гүрээний судасны лугшилтыг шалгаж үзэхэд лугшилт байхгүй байсан, мөн амьсгаагүй аль хэдийн нас барсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69/,
гэрч Г.Г “...Ослын газарт 22 цаг өнгөрч байхад ирсэн. ...талийгаач машиныхаа жолоочийн талын хаалганд даруулчихсан доош хараад хэвтэж байсан бөгөөд эмч нар түүнийг машины хаалганаас авч дээшээ харуулаад цагаан өнгийн даавуу дээгүүр нь хучсан. Хацар хэсэгт зүсэгдсэн, баруун гар нь хугарсан, яс нь ил гарсан, тархины ар талаас нилээн их цус гарсан байсан. ...талийгаачийг өргөж зөөвөрлөхөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт үнэр үнэртэхгүй байсан. Талийгаач ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хүн байсан. Яахав баяр ёслолын үед бага зэрэг хэрэглэдэг байсан байх. Мөн талийгаач хараа их муутай байсан бөгөөд харааны шил заримдаа зүүдэг, заримдаа зүүдэггүй хүн байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98/,
гэрч М.М “...том оврын тээврийн хэрэгслийн ард ослын гурвалжин байгаагүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл замаа бүрэн чөлөөлж зогсоогүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-100/,
шинжээч Т.Түвшинбаатарын “...Стермин тасарч ачаатай тэвш дугуйнд тулсанаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулна. Энэ ослын тухайд зөвхөн техникийн эвдрэлийг осол гарах шалтгаан нөхцөл гэж тусгайлан авч үзээгүй. Ачааны даац хэтэрсэн, ослын зогсолтын гэрэл асаагаагүй, ослын зогсолтын тэмдэг зохих журмын дагуу байрлуулаагүй зэрэг нөхцлүүдийг тусгасан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 103-104/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 7-20/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 21-27/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар дүгнэлт /1хх-ийн 115-124/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3204 дугаар дүгнэлт /1хх-ийн 169-201/, мөн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3511 дугаар дүгнэлт /1хх-ийн 214-228/, шинжээч Т.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 46/73, 24/355 дугаар дүгнэлт /3хх-ийн 91-94/ зэргээр тогтоогдож байна.
3. Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс “...шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэрч С.Ганбаатарын мэдүүлэгтэй үйл баримтаараа зөрүүтэй, хохирогчийн дунд зэргийн согтолттой байдал нь осол гарах шалтгаан болсон, хохирогчийн буруутай үйлдлээс хохирол хор уршиг ихэссэн байхад багасгаагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой шаардлага хангахгүй нотлох баримтуудыг үнэлсэн, сэтгэцэд учирсан хохирлыг үндэслэлгүй гаргасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан.
5. Давж заалдах шатны шүүх, өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
5.1. Шинжээчийн дүгнэлтээр осол гарсан шалтгаан нөхцөл, 2 тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл зэргээс гадна хохирогч Ц.И ачааны тээврийн хэрэгслийг тойрч гарах тохиолдолд хөдөлгөөний урсгалыг сөрж гүйцэтгэх ба энэ тохиолдолд өөдөөс ирж яваа болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул осолтой нөхцөл байдал бий болгож, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар байсан гэж дүгнэсэн нь гэрч С.Ганбаатарын “...Улаанбаатараас Сайншанд чиглэлтэй урсгалаар ирж байсан машин зогсож байсан том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх гэж хажуу тал руугаа дараад урдаас нь миний урд явж байсан 2 машин байхаар буцаад дарсан чинь машиныхаа зүүн хойд талын бөгсийг мөргөөд тэрэндээ шидэгдээд манай урсгалд явж байсан 3 машины урдуур гараад замынхаа эсрэг урсгалын жалга руу шидэгдчихсэн” гэсэн мэдүүлэгтэй ямар нэгэн зөрүүгүй, эргэлзээгүй байна.
5.2. Анхан шатны шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шинжээч Л.Жаргалтогтохын “Талийгаачийн цусанд 2,1 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна”, шинжээч Т.Түшинбаатарын “...Toyoto - маркийн - ХЭА улсын дугаартай автомашины жолооч Ц.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн зохицуулалтыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол шүүгдэгч Б.Б “зайлшгүй зогсолтын үед ослын дохионы гэрлийг хэрэглээгүй, ослын тэмдэг байрлуулаагүй, тухайн хэсгийг нэн даруй чөлөөлөөгүй” зэрэг анхаарал болгоомжгүй үйлдэлтэй холбоотой боловч хохирогч Ц.И Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дээрх нөхцөл байдлыг гэрч С.Ганбаатарын “...том оврын автомашиныг гүйцэж түрүүлэх гэж хажуу тал руугаа дараад урдаас нь миний урд явж байсан 2 машин байхаар буцаад дарсан” гэсэн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд хохирогч Ц.И нь том оврын тээврийн хэрэгслийг зогсож байгааг хараад, саадыг тойрон гарах үйлдлийг эхэлсэн боловч урдаас нь тээврийн хэрэгсэл ирж байсан учир буцаж эгнээндээ орох үед осол гарсан нөхцөл байдал нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас орон зайн баримжаа алдаж, анхаарал төвлөрөх чадвар буурсантай холбоотой гэж үзэхээр байна.
Иймд, дээрх хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Б анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж, түүнчлэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан автомашины эвдрэл гэмтлийн хохирол 55,148,000 төгрөгийг тавин хувиар багасгаж 27,574,000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ.
5.3. Шүүгдэгч талаас, хохирогч нас барсантай холбоотой зайлшгүй зардалтай холбоотой нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд үгүйсгэж мэтгэлцээгүй, анхан шатны шүүхээс нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангасан байдлыг дүгнэж зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймээс, шүүгдэгч Б.Б урьдчилж өгсөн 16,800,000 төгрөгийг нийт зардлаас хасаж /41,948,900-16,800,000/ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.4. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан 82,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Учир нь, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр хохирогч нас барсны улмаас гэр бүлийн гишүүнийх нь сэтгэцэд хор уршиг учирсан болохыг тогтоосон байх ба анхан шатны шүүх, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.5. Анхан шатны шүүх, хохирогчийн банкны зээлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул дээрх зардал нь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.
5.6. Хэрэгт иргэний хариуцагчаар “Т-т” ХХК-ийг татан оролцуулсан байх ба хуулийн этгээдийн төлөөлөгчөөр захирал Б.Т нь өөрөө оролцохоор албан бичиг /1хх-ийн 64-65/ гаргажээ. Гэтэл иргэн Б.Т “иргэний хариуцагчийг төлөөлнө” гэсэн агуулгатай итгэмжлэл /3хх-ийн 171/-ийг Д.Дэлгэрмаад олгож, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байна. Шийтгэх тогтоолд иргэн Б.Т иргэний хариуцагч гэж үзэж, хохирол гаргуулахаар заасан нь буруу байх тул иргэний хариуцагч “Т-т” ХХК гэж зөвтгөн өөрчилж байна.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шинжилгээ хийх эрхгүй этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан үндэслэлээр хэргийг буцаасны дагуу эрх бүхий шинжээчээр дахин дүгнэлт гаргуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх өмнөх яллах дүгнэлтэнд дурдагдсан эрхгүй шинжээчийн дүгнэлт болон сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хамтад нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2, 3 дахь заалтын “...02 /хоёр/” гэснийг “...01 /нэг/” гэж,
5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд 25,148,900 төгрөг, автомашины эвдрэл гэмтлийн хохирол 27,574,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 82,500,000 төгрөг нийт 135,222,900 төгрөгийг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч “Т-т” ХХК нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г олгож, иргэний нэхэмжлэлээс банкны зээл 11,865,859 төгрөг, автомашины эвдрэл гэмтлийн хохирол 27,574,000 төгрөг нийт 39,439,859 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ