Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 398

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч /хохирогч/ М.Г-, түүний өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч /хохирогч/ Ж.Н-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-овогт М-гийн Г-, Б-овогт Ж-ын Н-нарт холбогдох эрүүгийн 1810002610447 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 18 дугаар хороо 42 дугаар байрны ….. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б-овогт М-гийн Г- /РД: ……/

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 120 мянгатын 6 дугаар байрны …. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б-овогт Ж-ын Н-/РД: ……/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ………. тоотод Ж.Н-тай маргалдан улмаар биед нь “зүүн 3 дугаар хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …….. тоотод М.Г-тэй маргалдан улмаар биед нь “тархи доргилт, сарвуунд цус хуралт “бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810002610447 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарыг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч /хохирогч/ М.Г-, Ж.Н- нар нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …….. тоотод харилцан зодолдож, шүүгдэгч М.Г- нь хохирогч Ж.Н-ын бие махбодид “зүүн 3 дугаар хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Ж.Н- нь хохирогч М.Г-гийн бие махбодид “тархи доргилт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.Н-ын “…2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байхад гаднаас хүн ороод ирсэн юм шиг санагдахаар нь үүд рүү очтол М.Г- хаалганы гадаа зогсож байсан. Би Г-гээс яах гэж ирсэн талаар асуухад үг дуугүй, зөвшөөрөлгүй маш ууртай гэрт орж ирсэн. Яах гэж байгаа талаар асуухад “танайхан хүүхдийн мөнгө идсэн” гэж надад ямар ч хамааралгүй зүйл ярьж уурлаж эхэлсэн. Би ямар ч хамааралгүй талаар өөрт нь хэлсэн боловч бүр их уурлаад миний зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа алгадсан, дахиад алгадах гэхэд нь би өөрийн биеэ хамгаалж хувцаснаас нь татаж гэрээс гаргах гэж оролдсон. Тэр үед миний зүүн гарын дунд хурууг хойш нь нугалж дарахад би гарыг нь тавиулахын тулд хазсан. Г- хазуулсан уурандаа өсгийтэй гутлаараа миний хоёр хөл рүү ээлжпэн өшиглөж зүүн гуя руу хөлөөрөө жийсэн. Миний бэртэл 2 хоногийн дараа мэдэгдэж хөхөрч эхэлсэн. Эмээ Болхоо өрөөнөөс гарч ирээд салгах гэж оролдоход Г- хөгшин настай хүн рүү гар далайхаар нь дундуур нь орж  Г-г салгах гэтэл миний толгой руу 2 удаа гараараа цохиж, хоёр хөл рүү өшиглөсөн. Тэгээд би Г-г хувцаснаас нь татаж гэрээсээ гаргаад хаалгаа хаасан. Миний зүүн гарын дунд хуруу хавдаж, зөөлөн эд нь гэмтсэн байсан. Зүүн хөлний гуя хэсгийн дунд хөхөрч хавдсан, зүүн хөлний шилбэний урд хэсэгт хөхөрсөн, баруун мөрний зөөлөн эд няцарч хавдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч Ж.Н- шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа гэв.

 

Хохирогч М.Г-гийн “… 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед 120 мянгатын Төрийн банкны салбарт 2 хүүхдийнхээ хадгаламжинд мөнгө нэмж хийгээд дэвтэрт нь бичилт хийлгэх гэж ороод банкны ажилтантай уулзахад манай хүүхдүүдийн эцэг Ж- хүүхдүүдийн данснаас 590.000 төгрөг татаж аваад байрныхаа мөнгийг интернэт банк ашиглан төлсөн байсан. Ж- руу залгатал утсаа авахгүй байхаар гэрт нь уулзахаар очиход охин Н-нь хаалгаа онгойлсноо намайг “яах гэж ирсэн юм, гичий, янхан минь” гэхээр нь “Н-аа би чамтай уулзах гэж ирээгүй, аав чинь гэртээ байна уу” гэхэд “яах гэж ирсэн юм” гээд 2 гараараа түлхээд байхаар нь хоёр гарын шуун дээрээс нь бариад “би чамтай ярихгүй, том хүн байна уу” гэхэд миний баруун гарын эрхий хурууны уг хэсэгт хазсан. Гэтэл цаад талын өрөөнөөс хадам ээж Болхов гарч ирээд “чи хэнтэй уулзах гэж байгаа юм” гэхээр нь “манай хүүхдүүдийн мөнгийг танай нөхөр, хүү хоёр чинь аваад байна” гэхэд “та нарын юмыг авч яадаг юм, та нарт авахаар нь юм байгаа биш” гэсэн. Тэр үед Н-миний үснээс зулгаагаад байхаар нь тавиулах гэж ноцолдож байгаад гэрээс нь хөөгдөөд гарсан. … Н-нь миний баруун гарын алганы ар хэсгийг хазаж, үснээс зулгааж, ахар сүүл рүү өшиглөсөн. Үүний улмаас тархинд хаван үүссэн, баруун алганы ар хэсэг хөхөрсөн, ахар сүүл бага зэрэг өвдөж байсан. Н-ыг хэл амаар дайрч доромжилсонд нь гомдсон…гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

Хохирогч М.Г- шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжилсэн зүйл байхгүй. Одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа гэв.

 

Гэрч Д.Ж-ын “…2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 40 минутын үед гадуур явж байхад охин Н-утсаар яриад “сая Г- гэрт ирээд намайг зодчихлоо” гэхээр нь гэртээ иртэл охин баруун мөрөө даахгүй, зүүн  гарын дунд хуруу нь хавдсан хөдлөхгүй байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад “Г- гэрт орж ирээд аав чинь хүүхдийн мөнгө авчихсан байна” гээд намайг зодсон гэж хэлсэн. Би Г- руу залгаад яагаад хүүхэд зодож байгааг асуухад “өөртөө чинь уулзмаар байна, танай гэрийн гадаа байна” гэхээр нь гэрээсээ гартал байрны хажууд Г- ээжийнхээ хамт байсан. Г- намайг харангуутаа над дээр ирээд хүүхдийн мөнгө нэхэж намайг хэл амаар доромжилж эхлэхээр нь би зугтаасан…гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Гэрч Б.Б-гийн “… 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ач охин Н-“өрөөндөө ороод байж бай, гэрээ цэвэрлэе” гэхээр нь би өрөөндөө ороод амарч байтал коридорт хүн орилох шиг болсон. Би өрөөнөөсөө гараад юу болсон талаар асуухад Г- “та нар хүүхдийн мөнгөөр байрны мөнгөө төлсөн байна” гэхээр нь “гар” гэж хэлсэн. Г- ач охин Н-ыг ариун цэвэрийн өрөө рүү түлхээд баруун гарыг нь мушгиад дарахаар нь “чи архи уудаг мөрөөрөө архиа уу, битгий гэрт орж ирээд хүүхэд дарамтлаад бай” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Ач охин Н-“эмээ Г- эгч миний гарын хурууг эсрэг тал руу нь дараад байсан” гэж хэлэхээр нь хартал гарын тэр хэсэгт хөхөрсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1621 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Н-ын биед зүүн гарын 3-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28-р хуудас/,

Шинжээч А.А-ын “… Ж.Н-ын биед учирсан зүүн гарын 3-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь бугуйнаас атгахад хуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт үүсэх боломжгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1633 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  М.Г-гийн биед тархи доргилт, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 30-р хуудас/,

Шинжээч Н.Т-гийн “…М.Г-гийн биед учирсан тархи доргилт, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл нь цохих, цохигдох үед үүснэ. Үснээс зулгаахад үүсэхгүй. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин сарвуунд цус хуралт гэмтэл нь хазагдах үед үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Н-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч М.Г-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Би өөрийнхөө хуучин амьдарч байсан гэрийнхээ хаалгыг тогшиход Н-хаалга тайлсан. Би “гэрт чинь том хүн байна уу” гэхэд “байхгүй, зайлаач гичий минь, янхан минь” гэхээр нь унтлагын өрөө рүү нь шагайхад Н-намайг түлхэхээр нь би түүний 2 гарын бугуй хэсгээс нь барихад миний баруун гарын гадна хэсгээс хазсан. Тэр үед хадам ээж Болхоо өрөөнөөс гараад ирсэн. Би хадам ээжид “та нар хүүхдийн мөнгөнөөс байрны мөнгөө төлөөд ямар ичдэггүй юм бэ” гэхэд “та нарын юм гэж юу байдаг юм, зайлаач гар” гэж хэлсэн. Гэтэл Н-намайг үсдээд хойшоо хана мөргүүлсэн. Хадам ээж Болхоо намайг түлхээд гэрээс гаргахад Н-араас ахар сүүл орчим буюу бүсэлхий өгзөг орчим руу өшиглөсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Г- намайг “новш минь ална шүү, чи одоо хэн болчихоод ингээд байгаа юм” гээд хэл амаар доромжилсон. Г- намайг дагавар хүүхэд гэдгээр маш их гадуурхаж, миний эд зүйлийг хаяж, гадуурхаж харьцдаг байсан. Тэрээр гадуур их явдаг найз нөхдийн уулзалт гэх мэтээр гэртээ оройтож ирдэг. Тэр болгондоо архи уусан байдаг байсан. Тэр үед гэрт маргаан гардаг. Би Г- гэх хүний энэ занг мэдээд харьцахгүй хол байхыг боддог тэгээд ч бараг уулзаад байдаггүй гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч /хохирогч/ М.Г- нь “хамтран амьдарч байсан Д.Ж-ыг хүүхдүүдийн хадгаламжийн мөнгөнөөс байрны мөнгөө төлсөн” гэх шалтгаанаар хохирогчийн гэрт очиж маргаан үүссэн нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

 

         Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

         Хохирогч Ж.Н-ын биед учирсан “… зүүн гарын 3-р хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч М.Г-гийн биед учирсан “… доргилт, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлүүдийг шүүгдэгч М.Г-, Ж.Н- нар нь харилцан бие биедээ учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Г- нь эрхэлсэн тодорхой ажилгүй тогтмол орлогогүй боловч хувиараа худалдаа эрхэлдэг, шүүгдэгч Ж.Н- нь Соёл урлагын их сургуульд зураач мэргэжлээр суралцдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд торгох ял оногдуулж, торгох ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.Г-, Ж.Н- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч М.Г-, Ж.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б-овогт М-гийн Г-, Б-овогт Ж-ын Н-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-, Ж.Н- нар оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-, Ж.Н- нарт мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Г-, Ж.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч /хохирогч/ М.Г-, Ж.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

     

                                

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР