| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0108/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/125 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох эрүүгийн 1814002080105 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, Боржигон овогт Н.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд Р.Пийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 04 сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд найзын хамт Оргил бааранд ороод 2 пиво авч уугаад бүжиглээд бүжгийн талбай дээр байхдаа нэг залуугийн хөлөн дээр нь санаандгүй гишгэхэд тэр залуугийн найз нь миний араас намайг боож унагахаар нь би тэр залуугийн нүд рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /
Хохирогч Р.Пийн мөрдөн байцаалтад өгсөн
.. найз Ж.Цэрэндуламын хамт Оргил бааранд орж 4 шил пиво уусан. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байхад Б.Батгэрэлтэй нэг залуу муудалцаж түүнийг түлхэж ширээн дээр унагахад нь би очоод салгахад Б.Батгэрэлийг түлхсэн залуу миний зүүн талын хөмсөг рүү цохисон. Тэгээд би баарнаас гарсан зүүн талын хөмсөгнөөс цус гоожсон ..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /
Гэрч Ж.Цэрэндуламын мөрдөн байцаалтанд өгсөн
...Р.П бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал Б.Батгэрэл гэх залууг түлхээд ширээн дээр дарчихсан байсан. Хүмүүс бужигнаад байсан ба би яваад очиход Р.П оччихсон нөгөө Б.Батгэрэлийг дарсан залуу Р.Пийн зүүн талын хөмсөгийг цохичихсон гэж байсан, би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би баарны гадаа Р.П намайг нэг залуу түлхээд ширээн дээр унагахаар нь би араас нь бариад авсан чинь намайг эргээд цохичихлоо гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн № 257 дугаар
1. Р.Пийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салтын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-40/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-9/ шүүгдэгч Н.Бийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн 3/873 тоот тодорхойлолт / хх-ийн 48/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа4 /хх-ийн 49/, шүүгдэгч Н.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 50/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 51-56,77-79/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Оргил бааранд Р.Пийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Н.Бийн... би тэр залуугийн зүүн талын нүд рүү нь 1 удаа гараа атгаж байгаад цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /
хохирогч Р.Пийн... салгахад Батгэрэлийг түлхсэн залуу миний зүүн талын хөмсөг рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /
гэрч Ж.Цэрэндуламын ... Р.Пийн зүүн талын хөмсөгийг цохичихсон байсаан,би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
гэрч Б.Батгэрэлийн... баарны гадаа Р.П нүүр нь цус болчихсон зогсож байсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн № 257 дугаартай “...Р.Пийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салтын цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Баямөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан,
мөн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Н.Бийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Б ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн харицлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авах боломжгүй, харин шүүхээс шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.Баямөнхийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал, шүүхээс оногдуулах торгуулын ял биелэгдэх боломжгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Р.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б нь нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Н.Б эзэмшлийн “... самсунг эс-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.Бөд буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Бийн эзэмшлийн “... самсунг эс-5 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Н.Бөд буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА