Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2026/00059

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.Ү-н нэхэмжлэлтэй

хариуцагч: **** аймаг дахь МБС-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Ү нь 2024 оны 09-р сарын 11-ний өдрөөс эхлэн Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа **** аймаг дахь МБС-н Захирлын 2024 оны 09-р сарын 11-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар сэтгэл зүйчээр туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Гэтэл 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн сургуулийн Захирлын Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид ажиллуулах боломжгүй гэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш туршилтын хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр туршилтын хугацаа нь дуусч байгаа. Гэвч сунгалгүйгээр үргэлжлүүлэн 1 жил гаруй ажиллуулсан. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 буюу ажилтан мэргэжлийн түвшин ур чадвар, мэргэжлийн туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг үндэслэлүүдээр ажлаас халсан. Хоёрдугаарт: 80.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд заавал сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Цаашлаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа гэсэн боловч туршилтын хугацаа буюу 3 сарын хугацаа дууссан. Гэвч энэ нь аль аль талаасаа цуцлах талаар ямар нэгэн санал гаралгүйгээр 1 жил 1 сарын хугацаанд ажилласан байгаа учраас бүрэн жинхлэгдээд ажилласантай дүйцэхээр хугацаа өнгөрсөн байна. Мөн 80.1.2-т заасан ажлын гүйцэтгэл тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн магадлах комиссын шийдвэр гараагүй. Зөвлөлийн хурлын шийдвэр гэсэн нэртэй тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргаснаас өөр комиссын шийдвэр гараагүй болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Үүрэг даалгавар өгч байсан тодорхой үр дүнд хүрээгүй гэж байна. Ямар үр дүнд хүрэх ёстой байсан юм бэ, тэрийг хэрхэн үнэлсэн юм бэ, үүрэг даалгаврыг яаж өгсөн юм бэ гэдэг баримт байхгүй. Сэтгэл зүйчийн ажилдаа тэнцэж байна уу, тэнцэхгүй байна уу гэдэг нь яамнаас, бүр боловсролын газраас дүгнэгдэх ёстой асуудал байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Байхгүй орон тоон дээр ажиллуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт аваад ажиллуулсан орон тоо, хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд тухайн хуулиар зохицуулагдах харилцаа байгаа. Иймээс Б.Ү-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.2.2, 127-р зүйлийн 127.1, 43-р зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа **** аймаг дахь МБС-н Сэтгэл зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа **** аймаг дахь МБС-с гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг холбогдох хуулиудад заасан хэмжээний шимтгэл төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: Тус МБС нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг батлах тухай” тушаалаар батлагдсан орон тооны жишгийг баримтлан бүтэц орон тоог бүрдүүлэн ажилладаг. Энэ бүтэц орон тоонд сэтгэл зүйчийн гэсэн орон тоо байдаггүй болно. Манай сургууль нь дандаа өсвөр үеийн хүүхдүүд суралцдаг тул нийгмийн ажилтнаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг өгөх нарийн ур чадвар мэргэжилтэй хүн зайлшгүй хэрэгтэй болдог. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.24-д “Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд сургууль гэрээгээр түр хугацаагаар ажилтан авч ажиллуулж болно гэж заасны дагуу сэтгэл зүйчийг туршилтын хугацаагаар авч ажиллуулахаар захирлын зөвлөлөөр шийдвэрлэсэн. /Боловсролын ерөнхий газраас зөвшөөрсөн болно/ Үүний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.Ү-г туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилож туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн “64.2. Туршилтаар ажилллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс дахин анх байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгагдсанд тооцсон. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар нийгмийн ажилтан Б.Т нь жирэмсний болон амаржсаны амралт авсан. Тус сургууль өсвөр үеийн хүүхдүүд байдаг болохоор нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай болсон. Нийгмийн ажилтны түр орон тоонд ажилтан олдохгүй байсан мөн сэтгэл зүйч Б.Ү-н туршилтын хугацаа дуусах дөхөж байсан тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар нийгмийн ажилтан Б.Т-г ажилдаа орох хүртэлх хугацаагаар туршилтын хугацаагаар сэтгэл зүйч хийж байгаа Б.Ү-г нийгмийн ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Хүний нөөцийн ажилтан нь хууль эрх зүйн мэдлэг дутмагаас алдаа гаргаж сэтгэл зүйчээс чөлөөлөөгүй шууд нийгмийн ажилтны ажил үүргийг орох хүртэлх хугацаагаар нь хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан болно. Нийгмийн ажилтан Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Иймд сургалтын албаны сургалт арга зүйн зөвлөлд 2025 оны 09 дүгээр 11-ний өдөр туршилтаар ажиллаж байсан Б.Ү-н ажилласан хугацааныхаа ажлын тайланг тавиулж, цаашид гэрээг сунгаж ажиллах боломжтой эсэх талаар хуралдсан. Энэ хурлаар бичиг баримт боловсруулах нь хангалтгүй, тайланд тусгагдсан ажлууд хангалтгүй хийгдсэн цаашид ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Үүний дагуу өөрт нь тухай үед хурал дээр цаашид ажиллуулах боломжгүй болохыг мэдэгдэж захиралд танилцуулсан. Мөн захирлын зүгээс ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа талаар сонсох ажиллагааг хийж өөрт нь мэдэгдэж 1 сарын хугацааг өгсөн болно. 2025.10.8-ны өдөр хүний нөөцийн ажилтан Б.Ү-д ажлаас чөлөөлөх тушаалын төслийг танилцуулж сонсох ажиллагаа явуулсан. Сэтгэл зүйч Б.Ү нь ажиллах хугацаандаа төлөвлөгөөний дагуу ажлууд бүрэн хийгээгүй, шинээр ажил санаачилж зохион байгуулаагүй мөн багш, ажилтан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг тусгайлан өгөөгүй ажлын хариуцлагагүй байдал гаргасан. Б.Ү нь ажил хүлээлцэхдээ ажиллах хугацааныхаа бүх файлаа устгаж, цаасан баримтаа авч явсан байсан. Ажлын хэсэг шаардлага тавихад буцааж авчирч өгсөн цаасан бичиг баримт болон файл нь хийсэн ажил нь бус чанарын шаардлага хангахгүй бичиг баримтууд байсан. Энэ нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай 48 дугаар зүйлийн “48.2.6. архив, албан хэрэг хөтлөлтийн баримттай дүрэм, журам, стандартыг зөрчиж, баримтыг устгах, үрэгдүүлэх, гэмтээх" хууль дүрмийг зөрчсөн нь 50 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага “50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, “50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй учир манай байгууллагын зүгээс нэхэмжлэл үүсгэхээр бэлдэж байгаа болно. Үүнээс харахад Б.Ү нь баримт бичгээ устгаж байгаа нь ажилдаа хэрхэн ханддаг, төрийн албаны ёс зүйг зөрчиж, ажилдаа хайнга хандаж байсны илрэл юм. Б.Ү-г өөрийг нь бас оролцуулах боломж байдаггүй юу гэж шүүхээс асуумаар байна. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр энэ хүүхдэд би удаа дараа өөрийн биеэр дуудаж оруулж ирж анхааруулж хэлсэн. Яагаад хэлээд байна вэ гэхээр цааш нь тэр хүүхдийг халахаас илүүтэйгээр ур чадвартай болчихоосой, бас дөнгөж залуу боловсон хүчин байгаа учраас ажиллаад яваасай гэдэг сэтгэлээр хандсан. Гэвч тухайн хүүхэд маань хийсэн үйл ажиллагаагаа аваад ирээч гэхэд нэг ч зүйлийг авч ирдэггүй. Заавар зөвлөгөө өгөөд байхад байдаггүй. Гэх мэт удаа дараагийн ийм алдаанууд байгаа. Ганцаарчилсан байдлаар бүгдийг нь сануулсан. Сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн өөрт нь биеэр ч сануулсан. Ерөнхийдөө би өөрөө толгой мэдэн авсан. Хавтаст хэрэгт хавсаргагдсан манай бүтэц орон тооны сайдын тушаал байгаа. Тэр дээр сэтгэл зүйчийн орон тоо байхгүй. Гэхдээ манай сургуульд ирж байгаа хүүхдүүдийн нийт масс нь өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө авахаас зайлшгүй шаардлагатай массууд байдаг. Хүүхэд хамгааллын багаараа ажиллахад сэтгэл зүйч зайлшгүй хэрэгтэй гэдэг зүйлийн үндсэн дээр бид нар сэтгэл зүйчийг авах шийдвэрийг гаргаж, цалингийн санг нь зохицуулъя гэсээр байж зохицуулаад бусдын авч байгаа юмнаас хүртэл хасаж байж сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа. Яагаад энийг ажиллуулж байна вэ гэхээр ирээдүй болсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, эв түнжинтэй байх, цаашлаад энэ хорвоо дээр амьдрах эрхээ эдлэх эдгээр хүчин зүйлүүд дээр сэтгэл зүйч ажиллахаар зайлшгүй шаардлага байсан учраас авсан байгаа. Гэвч хүүхдүүд дээр ч өөрчлөлт гарсангүй, багш нар дээр ч өөрчлөлт гарсангүй. Сэтгэл зүйч гэдгийг түүний өмнө би 3 сар гэрээлж өөр сэтгэл зүйч ажиллуулж үзсэн. Би өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиж гарч чаддаггүй байсан. Яагаад гэвэл хүүхдүүд онгорхой орхих л юм бол ороод юм хум уудлаад сэндийчээд сандайлаад хаячихдаг. Тэдгээр хүүхдүүдээ камерын тусламжтайгаар тогтоогоод сэтгэл зүйч ажиллуулсан. Би өрөөгөө онгорхой хаяад явахад сэтгэл зүйч ямар хэрэгтэй юм бэ гэдгийг өөрөө мэдэрсэн учраас сэтгэл зүйчийг авъя гэсээр байж авсан юм. Гэвч нөгөө үр дүн гаргах ёстой хүн маань нэг ч үр дүн гаргаагүй. Энэ бол хүүхдүүдтэй холбоотой болохоос Б.Ү бид хоёрын хооронд юм бол яах вэ? Тухайн хүн маань ч өөрөө *** сумд ажилд орсон байгаа юм байна. Ажлаас гарсныхаа дараахан хүүхдийн байгууллагад нийгмийн ажилтнаар орсон байсан. Бас боломжийн өөрийнхөө хийж чадах ажил руугаа орсон. Сэтгэл зүйн ажлаа хийж чадахгүй гэдэг нь тогтоогдсон. Заавал тэр комисс ажиллуулаад юм уу, надад тэгж комисс ажиллуулах төсөв ч байхгүй. Манай сургууль тэр битгий хэл байхгүй орон тоог байлгаж ажиллуулж байгаа учраас толгой мэдэн авсан учраас чадах хүнийг нь авна гэж дараагийнхаа хүнийг туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа. Боловсролын салбарт 3 сараар туршилтын хугацаагаар ажиллуулаад болчихдоггүй. Манай дээр бүгд жилийн хугацаатайгаар ажилладаг. Багш нар маань ч гэсэн жилийн хугацаатай ажилладаг, жил ажиллаад үр дүн гарахгүй бол тухайн хүмүүсийг чөлөөлдөг. Хүүхдүүдтэй ажиллахад 3 сарын хугацаа уг нь нэлээдгүй хангалттай хугацаа сэтгэл зүйчийн хувьд бол байдаг юм байна лээ. Гэхдээ тухайн хүн маань бүтэн жил гаруй тэгээд өөрт нь би итгэл үзүүлээд нэмж нийгмийн ажилтан декреттэй хүний оронд хүн авах байсан бол авалгүйгээр би чамд ажил хавсарган гүйцэтгүүлээд явъя, цалин мөнгөнд чинь ч хэрэгтэй. Чи нялх бага хүүхэдтэй юм байна лээ гэж байгаад ажиллуулаад итгэл хүлээлгэж үзсэн. Даанч итгэл даагаагүй уг нь өөрийг нь байж байвал нүүр нүүрээ хараад би чамайг тийм тийм цаг хугацаанд өрөөндөө дуудаад миний дүү ингээд өгөөч, чи тэгээд өгөөч гэдгийг хэлсэн гэдгийг өөрөөр нь батлуулмаар байна. Би байхгүй хүнийг гүтгэж байгаа юм шиг юм яриад зогсож баймааргүй байна. Өмгөөлөгч хэргийн материалтай сайн танилцаагүй байна. Сургалт албаны зөвлөлийн хийсэн ажиллагаатай танилцаад үзээрэй. Хамт олны хурлаар ороогүй. Сургалт арга зүйн зөвлөлөөс өөр шийдвэрлэх арга зам байхгүй. Яамнаас боловсролын газраас ирэх хүмүүст өгөх мөнгө байхгүй. Харин ч тэр хүнд цалин өгөөд ажиллуулж байсан гэв.

 

4. Нэхэмжлэгч иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-**** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар “Б.Ү-г туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал /эх хувь/,

-мөн сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар “Б.Ү-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /эх хувь/,

-Б.Ү-н 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /эх хувь/,

-Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б.Ү-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”, 2, 3 дугаар хавсралт “Захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц,  /хуулбар/,

-**** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар “Хөдөлмөрийн дотоод журам баталгаажуулах тухай” тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам” / -**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/,

-**** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаар “Б.Т-д жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай” тушаал, /-**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/,

-**** аймаг дахь МБС-н захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Б.Ү-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, /-**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/,

--**** аймаг дахь МБС-н захирлын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/17 дугаар “Б.Тыг ажилд томилох тухай” тушаал, /-**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/,

-Мэргэжлийн боловсролын сургуулийн Сургалт арга зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл-2025.09.11 /-**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/,

-Сэтгэл зүйч Б.Ү-н ажлыг хүлээн авсан тэмдэглэл-2025.10.15 /-**** аймаг дахь МБС-н хуулбар үнэн/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч -**** аймаг дахь МБС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч талаас “...80.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд заавал сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Цаашлаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа гэсэн боловч туршилтын хугацаа буюу 3 сарын хугацаа дууссан. Гэвч энэ нь аль аль талаасаа цуцлах талаар ямар нэгэн санал гаралгүйгээр 1 жил 1 сарын хугацаанд ажилласан байгаа учраас бүрэн жинхлэгдээд ажилласантай дүйцэхээр хугацаа өнгөрсөн байна. Мөн 80.1.2-т заасан ажлын гүйцэтгэл тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн магадлах комиссын шийдвэр гараагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагч **** аймаг дахь МБС-н захирал Б.Б нь “...Тус МБС нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг батлах тухай” тушаалаар батлагдсан орон тооны жишгийг баримтлан бүтэц орон тоог бүрдүүлэн ажилладаг. Энэ бүтэц орон тоонд сэтгэл зүйчийн гэсэн орон тоо байдаггүй болно. Манай сургууль нь дандаа өсвөр үеийн хүүхдүүд суралцдаг тул нийгмийн ажилтнаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг өгөх нарийн ур чадвар мэргэжилтэй хүн зайлшгүй хэрэгтэй болдог. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.24-д “Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд сургууль гэрээгээр түр хугацаагаар ажилтан авч ажиллуулж болно гэж заасны дагуу сэтгэл зүйчийг туршилтын хугацаагаар авч ажиллуулахаар захирлын зөвлөлөөр шийдвэрлэсэн. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар нийгмийн ажилтан Б.Т нь жирэмсний болон амаржсаны амралт авсан. Тус сургууль өсвөр үеийн хүүхдүүд байдаг болохоор нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай болсон. Нийгмийн ажилтны түр орон тоонд ажилтан олдохгүй байсан мөн сэтгэл зүйч Б.Ү-н туршилтын хугацаа дуусах дөхөж байсан тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар нийгмийн ажилтан Б.Т-г ажилдаа орох хүртэлх хугацаагаар туршилтын хугацаагаар сэтгэл зүйч хийж байгаа Б.Ү-г нийгмийн ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Нийгмийн ажилтан Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Иймд сургалтын албаны сургалт арга зүйн зөвлөлд 2025 оны 09 дүгээр 11-ний өдөр туршилтаар ажиллаж байсан Б.Ү-н ажилласан хугацааныхаа ажлын тайланг тавиулж, цаашид гэрээг сунгаж ажиллах боломжтой эсэх талаар хуралдсан. Энэ хурлаар бичиг баримт боловсруулах нь хангалтгүй, тайланд тусгагдсан ажлууд хангалтгүй хийгдсэн цаашид ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Үүний дагуу өөрт нь тухай үед хурал дээр цаашид ажиллуулах боломжгүй болохыг мэдэгдэж захиралд танилцуулсан. Мөн захирлын зүгээс ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа талаар сонсох ажиллагааг хийж өөрт нь мэдэгдэж 1 сарын хугацааг өгсөн болно. 2025.10.8-ны өдөр хүний нөөцийн ажилтан Б.Ү-д ажлаас чөлөөлөх тушаалын төслийг танилцуулж сонсох ажиллагаа явуулсан. Сэтгэл зүйч Б.Ү нь ажиллах хугацаандаа төлөвлөгөөний дагуу ажлууд бүрэн хийгээгүй, шинээр ажил санаачилж зохион байгуулаагүй мөн багш, ажилтан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг тусгайлан өгөөгүй ажлын хариуцлагагүй байдал гаргасан...” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзжээ.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Ү нь **** аймаг дахь МБС-д 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс **** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар  тушаалаар сэтгэл зүйчээр туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн.

Сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.Ү-г нийгмийн ажилтан Б.Т-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн ажилтны албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар **** аймаг дахь МБС-н захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг, Сургалт арга зүйн зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.2, 7.22.2(6)-г тус тус үндэслэн Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.24-д “Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд сургууль гэрээгээр түр хугацаагаар ажилтан авч ажиллуулж болно” гэж заасны дагуу 2024-2025 оны хичээлийн жилд түр хугацаагаар ажилласан сэтгэл зүйч Б.Ү-н хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан мөн сургалт арга зүйн зөвлөлөөс цаашид ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэр гарсан гэх үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

6. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ү нь **** аймаг дахь МБС-д 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс сэтгэл зүйчээр ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ.

Иймд Б.Ү-н ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн **** аймаг дахь МБС-н захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг нэхэмжлэгч Б.Ү нь эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

9. Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

**** аймаг дахь МБС-н захирлын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.Ү-г туршилтын хугацаагаар сэтгэл зүйчээр томилжээ.

Уг тушаалд ямар хугацаагаар туршилтын хугацаа тогтоосныг тусгайлан заагаагүй боловч Б.Ү-тэй 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааг туршилтын 3 сарын хугацаагаар гэж заасан байна.

Үүнээс үзэхэд туршилтын хугацаа 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч гэрээг цуцлах болон үндсэн ажилтнаар ажиллуулах талаар ажил олгогч ямар нэгэн шийдвэр гаргаагүй, ажилтан үргэлжлүүлэн ажилласаар байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1 “Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:

50.1.2.туршилтын хугацаагаар ажиллуулах гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулж ажиллуулах тохиолдолд хугацаатай байгуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн  64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж заасан.

Хэдийгээр хуульд талууд харилцан тохиролцсоноор туршилтын хугацааг сунгахаар заасан байгаа ч үргэлжлүүлэн ажиллуулж байгаа үйл баримтын талаар хэн аль нь ямар нэг санал гаргаагүй байгааг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрсөн буюу тохиролцсон гэж үзнэ. Хуулийн дээрх зохицуулалт болон ажил олгогч ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нөхцөл байдлаас үзэхэд туршилтын хугацаа нэг удаа сунгагдсан буюу 2025 оны 03 сарын 14 өдөр хүртэл сунгагдсан гэж үзэхээр байна.

Туршилтаар ажиллуулна гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.” гэж зааснаас үзэхэд ажил олгогч ажилтныг сорих, турших, мэдлэг чадварыг таньж мэдэх агуулга зорилготой байна.

Тодруулбал, туршилтын хугацаа гэдэг нь ажилтан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажил олгогчид батлан харуулж шаардлага хангах эсэхийг шалгах зорилгоор, тодорхой хугацаагаар ажилтнаар ажил үүргийг гүйцэтгүүлэх тухай ойлголт юм.

10. Харин туршилтын хугацаа дуусаагүй байхад ажил олгогч **** аймаг дахь МБС-н захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.Ү-г нийгмийн ажилтан Б.Т-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн ажилтны албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “…Тус сургууль өсвөр үеийн хүүхдүүд байдаг болохоор нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай болсон. Нийгмийн ажилтны түр орон тоонд ажилтан олдохгүй байсан мөн сэтгэл зүйч Б.Ү-н туршилтын хугацаа дуусах дөхөж байсан тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар нийгмийн ажилтан Б.Т-г ажилдаа орох хүртэлх хугацаагаар туршилтын хугацаагаар сэтгэл зүйч хийж байгаа Б.Ү-г нийгмийн ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Хүний нөөцийн ажилтан нь хууль эрх зүйн мэдлэг дутмагаас алдаа гаргаж сэтгэл зүйчээс чөлөөлөөгүй шууд нийгмийн ажилтны ажил үүргийг орох хүртэлх хугацаагаар нь хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан болно...” гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ...ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно.” гэж,

56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно.” гэж заасан.

Тус сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар “Б.Ү-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалд “...1. Сэтгэл зүйч Б.Ү-д ажил үүргийнх нь зэрэгцээ Нийгмийн ажилтан Б.Т-н хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн ажилтны албан үүргийг хавсран гүйцэтгүүлсүгэй. 2. Б.Ү-д ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 40 хувийг тухайн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгохыг Ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсүгэй...” гэж зааснаас, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг олгож байсан зэргээс дүгнэхэд Б.Ү-г ажил хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасныг ажил олгогч буюу захирал мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй байна.

Ажилтанд ажлын байр нь хадгалагдаж байгаа буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлыг хавсран гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64.4.Улирлын шинжтэй ажлыг нэг удаа гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд, эсхүл түр ажлын байранд ажиллуулах тохиолдолд ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүй гэсэнтэй нийцээгүй байна.

Гэвч энэ байдал нь Б.Ү-г туршилтаар ажиллах харилцааг дуусгавар болгосон үйл баримт үндэслэлтэй хамааралгүй байна.

Нөгөө талаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь түүнийг туршилтаар ажиллуулах харилцааг зогсоож дуусгавар болгох, эсхүл уг албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон буюу хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар шийдвэрлэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

11. Нэхэмжлэгч талаас “...80.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд заавал сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Цаашлаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа гэсэн боловч туршилтын хугацаа буюу 3 сарын хугацаа дууссан. Гэвч энэ нь аль аль талаасаа цуцлах талаар ямар нэгэн санал гаралгүйгээр 1 жил 1 сарын хугацаанд ажилласан байгаа учраас бүрэн жинхлэгдээд ажилласантай дүйцэхээр хугацаа өнгөрсөн байна. Мөн 80.1.2-т заасан ажлын гүйцэтгэл тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн магадлах комиссын шийдвэр гараагүй. Зөвлөлийн хурлын шийдвэр гэсэн нэртэй тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргаснаас өөр комиссын шийдвэр гараагүй болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Үүрэг даалгавар өгч байсан тодорхой үр дүнд хүрээгүй гэж байна. Ямар үр дүнд хүрэх ёстой байсан юм бэ, тэрийг хэрхэн үнэлсэн юм бэ, үүрэг даалгаврыг яаж өгсөн юм бэ гэдэг баримт байхгүй. Сэтгэл зүйчийн ажилдаа тэнцэж байна уу, тэнцэхгүй байна уу гэдэг нь яамнаас, бүр боловсролын газраас дүгнэгдэх ёстой асуудал байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй...” гэж мэтгэлцдэг.

Нийгмийн ажилтан Б.Т нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа эргэн орсон байх бөгөөд түүнээс хойно буюу ажил хавсран гүйцэтгэхээ больсны дараа 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сургалт арга зүйн зөвлөл Сэтгэл зүйч Б.Ү-н ажлын тайлантай танилцаж хуралдан тус хурлын тэмдэглэлээр “...СААЗ-н зөвлөлийн гишүүдийн саналаар цаашид ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байна. Энэ талаар сургуулийн захирлын зөвлөлийн хуралд сэтгэл зүйчийн ажлын талаар танилцуулан түр тушаалаа жинхэнэ орон тооны тушаал болгон үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Сургуулийн захирал нь дээрх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Б.Ү-г 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Туршилтын хугацааг сунгаад дууссаны дараа ажил үүрэг гүйцэтгүүлснийг үндсэн ажилтанаар томилсон гэж үзэх, эсхүл дүйцүүлэн авч үзэхийг хуульд зохицуулан заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон…” гэх үндэслэл нь зөвхөн үндсэн ажилтныг ажлаас чөлөөлөхөд баримтлах зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд мэргэжлийн комиссын дүгнэлт гаргасан байхыг шаардана.

Харин туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтны хувьд ажил үүрэгтээ тэнцэж байгаа эсэхийг мэргэжлийн комисс тогтоосон байхыг хуулиар шаардаагүй бөгөөд туршилтын хугацаа дууссанаар ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд ажил олгогч туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй.

Энэ тохиолдолд мөн туршилтаар ажиллах харилцааг дуусгавар болгоход урьдчилан мэдэгдэх хууль зүйн зохицуулалт байхгүй буюу ажил олгогчид үүрэг болгоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Ү нь туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул ажил олгогч түүнтэй байгуулсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

12. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ү-н **** аймаг дахь МБС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ү-н **** аймаг дахь МБС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА