Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01741

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01741

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01069 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Түвшинбаярт холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 137 629 735 төгрөг тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганцэцэг, хариуцагч Д.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Д.Түвшинбаярт түүний барилгын үйл ажиллагаанд зориулж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн удаа дараа мөнгө зээлдүүлсэн бөгөөд бид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Иймээс Д.Түвшинбаярын зээл, түүний хүү, алдангид төлсөн мөнгийг хасаж тооцон, үлдэх үндсэн зээл 89 000 000 төгрөг, алданги 36 500 000 төгрөг, Д.Түвшинбаяр нь надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс Транскапитал ББСБ, Нэткапитал Авто ББСБ-аас зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 12 079 735 төгрөг, нийт 137 629 735 төгрөгийг Д.Түвшинбаяраас гаргуулж өгнө үү. Д.Түвшинбаяр нь гэрээ байгуулсны дараа 2014 оны 12 дугаар сард 30 000 000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар цувуулан 31 640 000 төгрөг төлсөн нь үнэн гэжээ.

 

Хариуцагч Д.Түвшинбаярын тайлбарт: Би Б.Ганцэцэгээс барилгын үйл ажиллагаанд удаа дараа мөнгө зээлсэн бөгөөд бид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлж, 89 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс 30 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард, 31 640 000 төгрөгийг цувуулсан төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Түвшинбаяраас гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 129 735 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 207 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 639 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 448 598 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр сарын 3 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 89 000 000 төгрөгийг зээлдүүлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Б.Ганцэцэг нь Д.Түвшинбаяртай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 12 сард 30 000 000 төгрөгийг төлж, уг гэрээний үүргээ биелүүлсэн.

Д.Түвшинбаярын зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас Б.Ганцэцэг нь Л.Энхбаясгалангаас зээлсэн мөнгөө төлөх зорилгоор Транскапитал ББСБ ХХК, "Нэткапитал авто" ХХК-д өөрийн болон хамтран өмчлөлийн БГД, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон 14 байрны 31 тоот орон сууц болон автомашинаа барьцаалж, зээл авсан. Д.Түвшинбаяр "мөнгө зээлэх хүн олоод өгөөч" гэсний дагуу Л.Энхбаясгалан руу утсаар ярьж мөнгө зээлэхээр тохирч, Д.Түвшинбаярт хэлэхэд тэрээр "авчих" гэсэн. Үүний дагуу Б.Ганцэцэг, Л.Энхбаясгалан нар зээлийн гэрээ байгуулсан. Д.Түвшинбаяр Б.Ганцэцэгийг Л.Энхбаясгалангийн өмнө зээлдэгчийн үүрэг хүлээлгэж, үүнийг мэдэж, зөвшөөрч зээл авсан бөгөөд Б.Ганцэцэг Л.Энхбаясгалангийн зээлийг хугацаандаа төлөөгүй нь Д.Түвшинбаярын гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

Д.Түвшинбаяр нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Б.Ганцэцэг нь "Транскапитал" ББСБ, "Нэткапитал авто" ХХК-аас зээл авч, Л.Энхбаясгалангийн өрийг төлөхгүй байсан тул уг гэрээний дагуу төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү нь Д.Түвшинбаярын зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан шууд хохирол юм. Б.Ганцэцэг уг зээлийг Л.Энхбаясгалангийн зээлийн өрийг төлөх зорилгоор ашигласан нь нотлогддог.

Талууд зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 дутаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ижил нөхцөлөөр сунгасан. Гэвч нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гэрээний хугацаанд л хүүг тооцсон бөгөөд гэрээний сунгалтын хугацаанд зээлийн хүү тооцоогүй юм. Зээлдэгч Д.Түвшинбаяр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс цувуулан төлсөн 31 640 000 төгрөгөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 хувийн хүү буюу нийт 18 690 000 төгрөгийг суутгасан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үндсэн буюу гүйцэтгээгүй үүрэг нийт 89 000 000 төгрөгт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл алданги тооцож, энэ нь нийт 80 100 000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй нийт үүрэг 89 000 000 төгрөгийн 50 хувь буюу 44 500 000 төгрөгийн алданги тооцсон. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага 132 719 735 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганцэцэг хариуцагч Д.Түвшинбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 137 629 735 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 89 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдэхээр тохиролцсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэд хэдэн удаа нийт 89 000 000 төгрөг зээлдэн авч, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэгтгэн бичгийн гэрээ байгуулсан, талууд уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүснэ.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 12 дугаар сард 30 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар цувуулан 31 640 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хэргийн 68 дугаар талд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ авагдсан байх боловч уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 30 000 000 төгрөгийг тооцоолон авсан баримтгүй байна.

 

Үндсэн зээлийн 89 000 000 төгрөгөөс хариуцагчийн 2014 оны 12 дугаар сард төлсөн 30 000 000 төгрөгийг хасч тооцоход үндсэн зээл 59 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлөх зээлийн хүү 12 390 000 төгрөг, нийт 71 390 000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба үүнээс 31 640 000 төгрөг төлөгдсөнийг хасч хариуцагчийн нийт гүйцэтгэх үүргийг 39 750 000 төгрөг гэж тооцоолох үндэслэлтэй.

 

Талууд гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүрэг 39 750 000 төгрөгөөс тооцоолон алдангид 19 875 000 төгрөг гаргуулна.

 

Хариуцагч Д.Түвшинбаяраас үндсэн зээл, зээлийн хүүд 39 750 000 төгрөг, алдангид 19 875 000 төгрөг, нийт 59 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78 004 735 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс зээлдүүлэгч нь Транскапитал ББСБ, Нэткапитал авто ББСБ-аас зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 12 079 735 төгрөгийг нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд тооцож шаардсаныг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 58 129 735 төгрөг гэснийг 59 625 000 төгрөг гэж, 79 500 000 төгрөг гэснийг 78 004 735 төгрөгт холбогдох хэсгийг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 448 598 төгрөг гэснийг 456 075 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ