Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 414

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

           улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

           шүүгдэгч Г.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810016070478 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ах эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ……………тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ын Б- /РД:………. /

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч  Г.Б-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн … дугаар хороо … дүгээр хэсгийн тоглоомын талбай дээр хохирогч С.О-ын нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч С.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ….…… тоот гэртээ байж байхад Б-, Э-, Б- нар манайд ирээд “бөмбөгөө өгөөч” гэхээр нь бөмбөгөө өгөөд 20 орчим минутын дараа бөмбөгөө авах гээд очтол манай гурван найз маань тоглож байсан. Би “хамт тоглоё” гээд бөмбөг шидэж байтал Б-, У-, Б-ийн найз охин гэх гурван хүн машинтай согтуу ирсэн. Б- хоёр гартаа 2,5 литрийн том пиво барьчихсан бид нарын хажууд суугаад пивоо ууж байсан. Б- манай найз Б-ийг дуудаад хажуудаа байсан архины шилийг гартаа барьж далайгаад “чи хаанаас ирсэн, хаана байдаг, хэний хүүхэд юм” гээд том том дуугарч байгаад “энд хар авгайгийн Ж- байгаа юм уу” гээд орилсон. Намайг тэр хавийн хүмүүс Ж- гэж дууддаг. Би түүнийг тоогоогүй бөмбөгөө тоглож байхад Б- босч ирээд Б-ийн дугуйг унаж байгаад эвдэлчихээд “би энийг чинь төлөөд өгчихнө” гэж хэлээд сууж байсан газар руугаа явсан. Би бөмбөгөө аваад харих гээд явж байхад Б- “Ж- нааш ир” гээд дуудахаар нь согтуу хүн дээр очоод яах вэ гэж бодоод явсан. Дахиад дуудахаар нь очтол Б- “яасан олон дуудуулдаг юм, чи тийм том болчихсон юм уу” гээд намайг гараараа цохих гэхэд нь гараараа хаасан. Мөрөн дээр хоёр гараа тавиад “ахын дүү” гэж хэлээд нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг дахиад зодох гээд фудволкоо тайлахад нь У- Б-ийг аваад явсан. Намайг эмнэлэг явж байтал араас Б- хөөгөөд “Ж- хүрээд ир, би дөрвөн дугуйтай хүн шүү, гэртээ чинь дайрна шүү” гээд байхаар нь би гэр рүүгээ шууд явсан. … Миний толгой дүүрээд өвдөөд, юм сонсож чадахгүй байгаа, хамарнаас цус их гарсан. Мөн хамар битүүрээд амьсгалахад хэцүү байсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ …2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Б-, Э- бид гурав О-ынд очсон. О-аас “сагс тоглоё” гээд бөмбөгийг нь аваад бид дөрөв Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4-р хэсгийн тоглоомын талбай дээр очсон. Бид нарыг сагс тоглож байхад Ч- /Б-/, У-, бас нэг охин ирсэн. Ч- /Б-/ ах Б-гийн унадаг дугуйг унаж байгаад дугуйных нь үрүүлийг эвдчихсэн. Тэгснээ О-ыг дуудаад юм ярьж байгаад хүзүүн дээр нь хоёр гараа тавиад толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь У- ах Б- хоёр салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Б-, У- хоёртой хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4-р хэсгийн тоглоомын талбай дээр очиход 4 эрэгтэй хүүхэд сагс тоглож байсан. У- бид хоёр тэр хүүхдүүдтэй хамт сагс тоглож байхад Б- сагсны талбайн сандал дээр суучихсан пиво ууж байсан. Хэсэг хугацааны дараа Б- О-тай /Ж-/ юм яриад сууж байсан. Ж- уйлчихсан бид нар дээр ирэхэд У- “юу болсон юм бэ” гэхэд “Ч- /Б-/ ах мөргөчихлөө” гэж хэлсэн. У- О-ыг “эмнэлэг дээр яг одоо очиж үзүүл” гэхэд О- сагсны талбайгаас гарч явахдаа Б-эд хандаж “шийдэх газраар нь шийдүүлнэ” гэх мэтээр хэлэхэд Ч- /Б-/ араас нь хөөхөд Ж- /О-/ гэр рүүгээ явсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Н.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед дэлгүүр орж тамхи авах гэтэл дэлгүүр хаалттай байсан. Тоглоомын талбай дээр Б-тэй тааралдаж, мэнд мэдээд байж байхад Б- “гэрээс миний машиныг аваад ирээч” гээд түлхүүрээ надад өгсөн. Би машиныг нь авч ирээд тоглоомын талбай хажууд тавихад Б-ийн найз охин О- ирчихсэн сагс тоглож байсан. Тоглоомын талбай дээр Б-оо, Эрхэмээ, О- буюу Ж- бас нэг танихгүй хүүхэд сагс тоглож байсан. Намайг сагс тоглож байхад Б- Ж-гийн /О-/ хамар руу мөргөчихсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “… орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн …-р хороо …-р хэсгийн тоглоомын талбай дээр Б-, О-, Б- нарын хамт сагс тоглож байхад цагаан жижиг машин тоглоомын талбайн хажууд ирж зогсоод 1 шил архи, 2 том пиво барьсан гурван хүн бууж ирсэн. Тэр хүмүүс манай шувууны Ч- /Б-/, У-, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй бид нартай хамт сагс тоглосон. Ч- /Б-/ ах тоглоомын талбай дээр пивоо ууж байгаад бид нарыг нэг нэгээр нь дуудаж уулзаад байсан. Б-оо бид хоёр сагс тоглож байхад Ч- /Б-/ ах Б-ийн дугуйг унаж байгаад үрүүлийг нь эвдчихсэн. … Ч- /Б-/ ах О-тай уулзаж байгаад түүн рүү агсраад агсам тавьж, хүзүүний араас хоёр гараа барьж байгаад толгойгоороо нэг удаа мөргөхөд О-ын хамарнаас цус гарсан. Дахиад цохих гээд дайраад байхаар нь У- ах очоод болиулж, О-ыг “хамраа халуун дээр нь очиж үзүүл” гэж хэлэхэд О- шувуунд байдаг эмнэлэг рүү явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн … дугаар хороо …-р хэсгийн тоглоомын талбай дээр Э-, Б- бид гурав сагс тоглож байхад О- бөмбөгөө авах гээд ирсэн. Бид 4 хоёр хоёроороо хуваагдаад тоглож байхад цагаан жижиг машинтай хүмүүс ирээд танихгүй эрэгтэй /У-/, эмэгтэй хүн /О-/ буусан. Жолооч нь машинаасаа буухгүй тоглоомын талбай дээр машинаа дрифтлээд байснаа сагсны шийдний ард тавьсан. Жолооч нь /Б-/ гартаа нэг шил архи, 2 том пиво барьчихсан бууж ирсэн. У-, О- хоёр Б-, О- хоёртой сагс тоглож байхад Ч- /Б-/ над дээр ирээд “чи хаанаас ирсэн хэний хүүхэд юм” гээд барьж байсан архиныхаа шилээр намайг цохих гэж далайхад нь би хажуу тийшээгээ бултсан. Б- бид нарыг нэг нэгээр нь дуудаад “хаана байдаг юм, хэний хүүхэд юм” гээд асуугаад байсан. О-, Б- хоёрыг сагс тоглож байхад Б- “О-ын ээжийг нь доромжлоод” янз янзын юм яриад байсан. Намайг сагс тоглож байхад Б- миний унадаг дугуйг унаад сагсны талбай тойрч байгаад, нөгөө талын шийдний тэнд босгох гэж байгаад миний дугуйны үрүүлийг хугалчихаад дугуйг маань шидчихээд явсан. Би “өө яаж байгаа юм бэ, дугуй эвдчихлээ ш дээ” гэхэд намайг дуудаад “чи ийм хямдхан дугуй унаад байхдаа яадаг юм, ах нь янзлаад өгье, манай гэрт хоёр дугуй байгаа, тэр дугуйнуудаас сэлбээд янзлаад өгье” гэж хэлсэн. О-, Э-, Б- бид дөрөв тоглоомын талбай дээр сууж байхад Б- О-ыг дуудахаар нь тэрээр очиход Б- заамдаад “ахын дүү яагаад хэгжүүрхээд байгаа юм бэ” гээд цохих гэхэд нь О- бултчихсан. О- “та яагаад байгаа юм бэ” гэхэд “ахын дүү их том болжээ” гээд хүзүүн дээрээс нь хоёр гараараа бариад хамар руу нь толгойгоороо 1 удаа мөргөчихсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.О-ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

 

           Яллагдагчаар Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн … дугаар хороо …-р хэсгийн Туул тосгоны …. тоот гэрийнхээ гадаа 2,5 литрийн “Нийслэл” пиво ганцаараа ууж сууж байгаад тоглоомын талбай дээр очиход У-, О- /Ж-/, 3 хүүхдийн хамт сагсны талбай дээр сагс тоглож байсан. Би дэлгүүр орж 2,5 литрийн “Нийслэл” пиво аваад сагс тоглож байсан У- дээр ирж машиныхаа түлхүүрийг өгөөд “гэр рүү яваад машин аваад ир, замаараа О-ийг аваад ирээрэй” гэж хэлээд явуулсан. Тэнд сагс тоглож байсан хүүхдүүдийн хажууд унадаг дугуй байхаар нь “нэг уначих уу” гээд дугуйг нь унаж байхдаа урд дугуйг нь татахад  төмөр хугарчихсан. Дугуйг нь буцааж тавьчихаад дэлгүүрээс авсан пиво ганцаараа ууж байхад У-, О- хоёр ирсэн. Дэлгүүр хаах гэж байсан болохоор У-г дэлгүүр явуулж 2,5 литрийн “Нийслэл” пиво, 0.5 литрийн “Хараа” архи авахуулсан. … Хэсэг хугацааны дараа би У-, О-тэй хамт сагс тоглож байсан хүүхдүүдийг нэг нэгээр нь дуудсан. Ж-г /О-/ дуудахад ирээд хэгжүүрхээд байх шиг байхаар нь би мөргөсөн. У- намайг хүзүүгээр тэвэрч боогоод “чи согтуу байж айлын жаахан хүүхэд яах гэж мөргөж байгаа юм бэ” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 62-63-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.П-ын мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, Г.Б-урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

       

            Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч Г.Б-нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны орой Хан-Уул дүүргийн … дугаар хороо … дүгээр хэсгийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч С.О-ын нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч С.О-ын “... Б- “Ж- нааш ир” гээд дуудахаар нь согтуу хүн дээр очоод яах вэ гэж бодоод явсан. Дахиад дуудахаар нь очтол Б- “яасан олон дуудуулдаг юм, чи тийм том болчихсон юм уу” гээд намайг гараараа цохих гэхэд нь гараараа хаасан. Мөрөн дээр хоёр гараа тавиад “ахын дүү” гэж хэлээд нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан. Намайг дахиад зодох гээд фудволкоо тайлахад нь У- Б-ийг аваад явсан… Миний толгой дүүрээд өвдөөд, юм сонсож чадахгүй байгаа, хамарнаас цус их гарсан. Мөн хамар битүүрээд амьсгалахад хэцүү байсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

Гэрч О.Б-ын “ …Ч- /Б-/ ах О-ыг дуудаад юм ярьж байгаад хүзүүн дээр нь хоёр гараа тавиад толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь У- ах Б- хоёр салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Д.О-ийн “…Б- О-тай /Ж-/ юм яриад сууж байсан. Ж- уйлчихсан бид нар дээр ирэхэд У- “юу болсон юм бэ” гэхэд “Ч- /Б-/ ах мөргөчихлөө” гэж хэлсэн.. …гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч Н.У-гийн “…Б- Ж-гийн /О-/ хамар руу мөргөчихсөн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын “…Ч- /Б-/ ах О-тай уулзаж байгаад түүн рүү агсраад агсам тавьж, хүзүүний араас хоёр гараа барьж байгаад толгойгоороо нэг удаа мөргөхөд О-ын хамарнаас цус гарсан. Дахиад цохих гээд дайраад байхаар нь У- ах очоод болиулсан …гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Б-ийн “…Б- О-ыг дуудахаар нь очиход тэрээр заамдаад “ахын дүү яагаад хэгжүүрхээд байгаа юм бэ” гээд цохих гэхэд нь О- бултчихсан. О- “та яагаад байгаа юм бэ” гэхэд “ахын дүү их том болжээ” гээд хүзүүн дээрээс нь хоёр гараараа бариад хамар руу нь толгойгоороо нэг удаа мөргөчихсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: С.О-ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Б-нь насанд хүрээгүй хохирогч С.О-ын нүүрэн тус газар мөргөж хөнгөн хохирол учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Г.Б-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч Г.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Насанд хүрээгүй хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас толгойн компьютер томографи шинжилгээ хийлгэсэн, эмчилгээ болон эм тарианы зардалд /хх-ийн 62-63-р хуудас/ нийт 260.440 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргалаас гаргаж өгсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 260.440 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргалд олгохоор шийдвэрлэв.

    

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Г.Б-нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Г.Б-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-эд 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Г.Б-нь шүүх хуралдаанд “эхнэр маань төрөөд удаагүй нялх хүүхэдтэй байгаа тул надад торгуулийн ял оногдуулж, торгуулийн ялыг багаар тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт  гаргав.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Г-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-эд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 260.440 /хоёр зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргалд олгосугай.

 

5. Шүүгдэгч Г.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

     

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР