| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 2517000660075 |
| Дугаар | 2025/ДШМ/09 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/09
Т.С холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Б.Ануужин,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/132 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Бүжинлхамын гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Т.С холбогдох 2517000660075 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, е настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Г аймгийн Ц хэлтэст Эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл -, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн С сум, -дугаар баг, - дугаар байрны - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Т С.
Яллагдагч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дугаар байрны - тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.М гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдаж, хоолойг нь боох, нүүр хэсэг рүү алгадах, цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь “...хамар ясны хоёр хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрөө багатай хугарал, муруйлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч Т.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т С холбогдох эрүүгийн 2517000660075 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Бүжинлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Хохирогч Т.М нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байсан байх Т.С нь гэр бүлийн хэрүүл маргаанаас болж миний хацар луу 1 удаа цохисон. Түүний өмнө 2025 оны 02 дугаар сард намайг хүнтэй хардсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар миний хоёр гарыг мушгиж хавдсан” гэж мэдүүлсэн, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “2025 оны 02 дугаар сард болсон маргааны улмаас бид хоёр цагдаагийн байгууллага дээр очиж байсан. Би тухайн үед гомдолгүй гэж мэдүүлээд 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авхуулсан. Хамар хугалсан гэх асуудлаас 3 хоногийн өмнө болсон асуудал” гэх тайлбарыг гаргасан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан үйлдлүүдийг бүрэн шалгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г бүрэн тогтоогоогүй, яллагдагч Т.С үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах,
Хохирогч Т.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “2025 оны 02 дугаар сард болсон маргааны улмаас бид хоёр цагдаагийн байгууллага дээр очиж байсан. Би тухайн үед гомдолгүй гэж мэдүүлээд 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авхуулсан” гэх тайлбарыг гаргасан ба тухайн цаг хугацаанд хохирогч Т.М нь цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл, дуудлагаар шалгагдаж байсан эсэх, шийтгэл хүлээж байсан эсэх талаар шалгаж нотлох баримтуудыг гаргуулах,
Хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “би босож том өрөө рүү орж хүү Б 7054102 луу залгаж цагдаа дууд гэж хэлсэн...” гэж мэдүүлдэг ба хүүхдийн сэтгэлзүйн байдлыг харгалзан боломжтой бол гэрчийн мэдүүлэг авч тухайн нөхцөл байдлын талаар тодруулах...” гэх 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.
Шүүгчийн захирамжид заасан дээрх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй“, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчилсан ба яллагдагч Т.С холбогдох хэрэгт нотлох баримт шинжлэн судлаагүй, гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй байхад шүүхээс урьдчилан дүгнэлт хийж “хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалга” гэж буцаасан нь үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн хохирогч Т.М нь “2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байсан байх Т.С нь гэр бүлийн хэрүүл маргаанаас болж миний хацар луу нэг удаа цохисон. Түүний өмнө 2025 оны 02 дугаар сард намайг хүнтэй хардсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар миний 2 гарыг мушгиж хавдсан” гэж мэдүүлсэн боловч энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байдаг бөгөөд яллагдагч Т.С нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Бага насны Б хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар мэдүүлэг авахаар дуудсан боловч хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүүхдийн сэтгэл санааны байдлыг харгалзан мэдүүлэг өгүүлээгүй боловч хэрэгт авагдсан гэрч Л.С “...С надад түлхчихсэн чинь хамрыг нь хугалчих шиг боллоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/, болон яллагдагч Т.С яллагдагчаар өгсөн мэдүүлэгт яллагдагч нь хохирогч Т.М эрүүл мэндэд халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан ба яллагдагч Т.С гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой буюу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалснаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэн болно.
Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/132 дугаар шүүгчийн захирамжтай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Т.С холбогдох хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 69 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Илтгэгч шүүгчийн уншиж танилцуулсан 3 үндэслэлээр ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж буцаасан. Уг шүүгчийн захирамжийг прокурор хүлээж аваад шүүгчийн захирамжид заасан дээрх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж тус тус хуульчилсан байхад яллагдагч Т.С холбогдох хэрэгт нотлох баримт шинжлэн судлаагүй, гэм буруугийн асуудал хэлэлцээгүй байхад урьдчилсан дүгнэлт хийж хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалга гэж прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Мөн түүнчлэн хохирогч Т.М нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг өгч, 2 сард болсон асуудалдаа Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээсэн болох нь шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Мөн Т.С хувьд 2 сард зодсон асуудалдаа Зөрчлийн тухай хуульд заасан ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй болох нь зөрчилд холбогдсон эсэхийг шалгах цагдаагийн лавлагаа, мэдээллээр нотлогдон тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн хязгаарыг хууль тогтоогчоос хуульчилж, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан учраас Т.С холбогдох гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хангалттай учраас прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргасан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцлийн агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Т.С холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болжээ.
Яллагдагч Т.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дугаар байрны - тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.М гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдаж, хоолойг нь боох, нүүр хэсэг рүү алгадах, цохих зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь “...хамар ясны хоёр хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрөө багатай хугарал, мурийлт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс:
- Хохирогч Т.М нь “... 2025 оны 02 дугаар сард намайг хүнтэй хардсаны улмаас маргалдаж, миний 2 гарыг мушгиж хавдсан, ... бид хоёр Цагдаагийн байгууллага дээр очиж байсан. Би тухайн үед гомдолгүй гэж мэдүүлээд 50 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан ... хамар хугалсан гэх асуудлаас 3 хоногийн өмнө болсон асуудал ...” гэх тайлбарыг гаргасан байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан үйлдлүүдийг бүрэн шалгаагүй, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоогоогүй, яллагдагч Т.С үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах,
- Хохирогч Т.М нь мөрдөн шалгах ажиллагаанд “... би босож том өрөө рүү орж хүү Б 7054102 луу залгаж цагдаа дууд гэж хэлсэн ... “ гэж мэдүүлдэг ба хүүхдийн сэтгэлзүйн байдлыг харгалзан боломжтой бол гэрчийн мэдүүлэг авч тухайн нөхцөл байдлын талаар тодруулах шаардлагатай байна гэж үзэж дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Тухайлбал: Хохирогч Т.М нь “ ... цагдаагийн байгууллага дээр очоод гомдолгүй гээд 50 000 төгрөгөөр торгуулсан” гэж мэдүүлсэн байх тул тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгсөн эсэх, гомдлын дагуу шалгасан эсэх, яллагдагч Т.С хэзээ, хэн 50 000 төгрөгөөр торгосон эсэх талаар шалгаж тогтоосон баримт хэрэгт огт байхгүй байна. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэл нь “байнга буюу ... 3 ба түүнээс дээш удаа” үйлдэх ойлголт боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, үйлдэл бүрийг нэг бүрчлэн шалгаж тогтоох нь зайлшгүй шаардлагатай бөгөөд яллагдагчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Прокурорын эсэргүүцэлд “... яллагдагч Т.С гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой ...” гэсэн үндэслэл дурдсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ ... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ...” гэсэн заалт нь хоёр үйлдлийн нэгийг нь шалгаад, нэг үйлдлийг нь орхиод нэг үйлдэлд нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, өөрөөр хэлбэл “дутуу шалгасан хэргийг прокурор шүүхэд шилжүүлж, шүүх түүнийг шийдэх ёстой” гэсэн ойлголт огт биш юм.
Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/132 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА